Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/01556

 

 

 

 

 

 

 

2023 03 28

101/ШШ2023/01556

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: НХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  О.О-д холбогдох

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 16,517,438 төгрөг, гэрээний хүрээнд авч ашигласан Ryobe маркийн хэвлэх төхөөрөмж, нэг өнгийн хэвлэх төхөөрөмжийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М,

Хариуцагч О.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.О нь хариуцагч О.Отэй 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ХАГ-01/18 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, өөрийн өмчлөлийн хэвлэлийн цогц тоног төхөөрөмжийг нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах, О.О үйлдвэрийн цогц тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, хэвлэлийн үйл ажиллагаа явуулах, гэрээний хугацаанд бидний зүгээс өгсөн захиалгыг ямар нэгэн нэмэлт хөлс төлбөргүйгээр түргэн шуурхай найдвартай хийж, гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Хариуцагч О.О нь гэрээний хугацаанд манай захиалгын дагуу 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг хэвлэх ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан ба манай талаас хариуцагч О.О-д 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар cap хүртэл хугацаанд ажлын хөлс төлбөрт 6,300,000 төгрөг, ном хийхэд шаардлагатай 10,217,438 төгрөг бүхий түүхий эд, бараа материалыг шилжүүлэн өгсөн. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч О.О нь 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл ном болон 4-2 номын хавтсыг алдаатай тус тус буруу хэвлэж, бидэнд 16,517,438 төгрөгийн хохирол учруулсан ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 350 дугаар зүйлийн 352.1 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Мөн Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хүлээн авч буй тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй байдаг. Гэрээний хугацаанд манай талаас хүлээлгэн өгсөн Ryobe 522PFH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж /55,000,000/, нэг өнгийн хэвлэлийн машин /4,500,000/-ыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч О.О нь буцаан өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байдаг.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу өөрт учирсан хохиролд 16,517,438 төгрөг, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340 дүгээр зүйлийн 340.1.4-тзаасны дагуу Ryobe 522PFH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж, нэг өнгийн хэвлэх төхөөрөмжийг хариуцагч О.О-гээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.О-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна.

1.Хэвлэлийн иж бүрэн тоног төхөөрөмж, нэг өнгийн хэвлэлийн машиныг гаргуулах шаардлагын үндэслэл: НХХК-ийн захирал Б.О нь 2017.08.20-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-ээр ryobe 522 pfh 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж бүхий хэвлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг иргэн Г.З-оос нийт 55 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг. 2018.03.19-ний өдөр НХХК-ийн захирал Б.О болон иргэн О.О нар Хамтран ажиллах гэрээ байгуулан, өөрийн өмчлөлийн хэвлэлийн цогц тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр нэг жилийн хугацаанд ашиглуулах, О.О нь тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж хэвлэлийн үйл ажиллагаа явуулах, захиалгыг нь нэмэлт төлбөргүйгээр түргэн шуурхай найдвартай хийж гүйцэтгэхээр харилцан тохирсон байдаг.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд, хэвлэлийн үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэлийн байрыг Н ХХК-ийн захирал Б.О Автогаражийн түрээсийн гэрээ байгуулан, түрээсийн төлбөрийг хариуцан төлж ирсэн.

Талууд 2021.10.31-ний өдөр хамтран ажиллах гэрээгээ дуусгавар болгосон. Гэвч, 2022.06.18-ны өдөр буюу Н ХХК-ийн захирал Б.О-ын эзгүй хойгуур хариуцагч О.О нь хэвлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ачиж явсан. Иймд, ryobe 522 pfh 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж, нэг өнгийн хэвлэх машиныг иргэн О.О-гээс гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчаас 16,517,438 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл: Н ХХК-ийн захирал Б.О нь 2021 оны 6 сард Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг 1500 ширхэг хэвлүүлэхээр О.О-д захиалга өгсөн. О.О нь номыг хэвлээд 9 сард борлуулалтад гаргахад номнууд худалдаанаас буцаагдаж эхэлсэн бөгөөд номын зарим хэсэг алдаатай хэвлэгдсэн байсан. Ингээд, уг номыг худалдаанд гаргах боломжгүй болж, номын санд үнэ төлбөргүй өгснөөр одоо оюутан сурагчид ашиглаж байна.

Хамтран ажиллах гэрээ-ний 4.3-д А тал нь энэхүү гэрээний хүчинтэй хугацаанд Б талаар хэдийд ч өөрийн хүссэн өнге, дизайн, хэлбэр, тоо, ширхгээр бүтээгдэхүүн үйлдлвэрлүүлэн авах эрхтэй, 4.4-т энэ зүйлийн 4.3-т заасны дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарсан түүхий эд, материал зардлыг Б талд төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн дээрх захиалгатай холбоотой дотор талын 80 гр-ын офсет цаас, гадна талын хавтас 250 гр-ын шохойтой цаасны төлбөр 9,195,938 төгрөг-ийн зардлыг О.О-д 2022.06.23-ны өдөр шилжүүлж байсан /хх19 тал/

Нэхэмжлэгчийн хувьд 1500 ширхэг номыг худалдан борлуулах боломжоо алдаж их хэмжээний хохирол хүлээж байгаа хэдий ч хариуцагчтай хамтран ажиллаж байсан нөхөрсөг харилцаагаа хүндэтгэж тухайн 1500 номыг хэвлүүлэхэд гарсан зардал буюу цаас, цавуу, рулон гм түүхий эдээ худалдан авахад зарцуулсан 9,195,938 төгрөгийн зардлаа Хамтран ажиллах гэрээ-ний 6.1-д энэхүү гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тал нь тэрхүү буруутай үйлдлийн улмаас нөгөө талдаа учирсан хохирол, зардлыг бүрэп хариуцан арилгана гэж заасны дагуу нэхэмжилж байна.

2021.10.31-ний өдөр талууд Хамтран ажиллах гэрээ-гээ дүгнэн дуусгавар болгосон /хх76 тал/.

Нэхэмжлэгч 2022 оны 4 сард Топик-ийн дунд шатны бичихд тэнцмээр байна уу 4-2 номыг хэвлүүлэх захиалгыг О.Од өгсөн. Уг захиалгатай холбоотойгоор рулан 2 ширхэгийн үнэ 1,030,000 төгрөгийг хариуцагчийн 5753437902 тоот дансанд 2022.04.05-ны өдөр шилжүүлсэн /хх-... /.

Гэвч, хариуцагч нь уг номын хавтасыг мөн л алдаатай хэвлэсэн бөгөөд уг алдаагаа засах шаардлагыг удаа дараа өгсөн боловч засаж өгөхгүй байсаар аргагүйн эрхэнд өөр компаниар дахин номын хавтасыг хэвлүүлсэн болно.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй байна. Иймд, хариуцагчаас Топик-ийн дунд шатны бичихэд тэнцмээр байна уу 4-2 номын хавтасны зардал 1,030,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Хариуцагч О.О нь 2021 оны 11 сараас хөлсөөр ажиллах хүсэлт гаргасны дагуу НХХК түүнд 2021.11-2021.4 сарын хооронд cap бүр 900,000 төгрөгийн хөлс төлж ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, нийт 6,300,000 төгрөгийн хөлс олгож байсан. Хариуцагчийн ажилласан байдал, ажлын гүйцэтгэл чанар хангалтгүй байсан тул дээрх хөлсийг гаргуулахаар шаардаж байна.гэжээ.

 

3. Хариуцагч О.О, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Оын тус шүүхэд гаргасан 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр О.О миний биед холбогдуулан гаргасан 16,517,438 төгрөг, Ryobe 522FH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж, нэг өнгийн хэвлэх төхөөрөмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад дараах нэмэлт тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна.

Б.Отай 2018 оны 03 сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 сарын 31-н дуустал 1 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд гэрээний үүргийг зөрчсөн зүйл байхгүй. 2022 оны 05 сард Дэнжийн 1000-ын шинэ үйлдвэрийн байранд нүүж орох үед Б.О нь 1 өнгийн хэвлэх машиныг тавих зай алга төмрийн хаягдалд өг гэж хэлээд явсан, хаяж байхаар гээд би хадгалсан байгаа. Тэр машиныг ирээд авахад болно. Уг машин нь анхнаасаа огт ажилладаггүй эдвэрхий машин байсан. 2021 оны 11 сард Б.О холбогдон ахин ном хэвлэх санал тавин сарын 1,800,000 төгрөгийн цалин өгөхөөр тохирсон. Үүнээс өмнө Оаас ямар нэгэн цалин хөлс авч байгаагүй болно. 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг хэвлэх явцад тоног төхөөрөмжинд асуудал гарснаас болж зарим нэг номонд бранк хуудас орсон байсныг хэлсэн. 4-2 номын хавтсыг тухайн үед хэвлэлийн машин эвдэрсэн байсан учраас Б.Оын өөрөө өгсөн эх файлаар нь өөр хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн. О.О миний бие уг номын хавтсыг хэвлээгүй болно. 2022 оны 02 сард хэвлэх машин эвдэрснээр үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болж 03 сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг Оын хүсэлтээр зогсоохоор болсон. Хэвлэлийн тоног төхөөрөмжийг зарж борлуулалтын нийт өртгийн 40%-ийг миний бие, 60%-ийг О тус тус хуваан авч, үлдэгдэл номыг хэвлэж дуусгах шийдвэр гаргасан. Гэвч хэвлэлийн тоног төхөөрөмж огт зарагдахгүй байсан тул Б О нь өөрийн 40%-даа хэвлэх машиныг ав, бусад тоног төхөөрөмжөө би өөртөө авч үлдэнэ гэсэн учраас 06 сарын 13, 14-ний өдрүүдэд хэвлэлийн машиныг нүүлгэн авч явсан. Тухайн үед Оын хадам аав байсан. Б.Оын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй учир нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 3-49, 69-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-5, 34, 46-49, 68-74 дугаар талд авагдсан баримтуудыг мөн Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл нэртэй ном 1ш, 4-2 Топикийн дунд шатны /бичих/-д тэнцмээр байна уу? нэртэй ном 2ш, 4-2 Топикийн дунд шатны /бичих/-д тэнцмээр байна уу? нэртэй хавтас 1ш шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2022 оны 06 сарын 18-ны өдрийн О.Огийн хэвлэх төхөөрөмжүүдийг авч явсан бичлэг бүхий сиди /CD/, алдаатай хэвлэгдсэн 1 ширхэг номонд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн /2-р хх-12-19/,

Хариуцагч О.Огийн гар утсанд НХХК-иас номын эх файлыг ирүүлсэн линк-д үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн /2-р хх-62-65/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн

.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч НХХК нь хариуцагч О.Од холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 16,517,438 төгрөг, гэрээний хүрээнд авч ашигласан Ryobe маркийн хэвлэх төхөөрөмж, нэг өнгийн хэвлэх төхөөрөмж гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл ном болон 4-2 Топик-ийн дунд шатны ...(бичих)-д тэнцмээр байна уу? номын хавтсыг алдаатай тус тус буруу хэвлэж, бидэнд 16,517,438 төгрөгийн хохирол учруулсан гэсэн ба шүүх хуралдаанд 16,517,438 төгрөгийн задаргааг,

-2021 оны 11 сараас 2022 оны 02 сар хүртэлх хугацаанд хөлсөөр ажиллахаар тохирч сард 1,800,000 төгрөгийн хөлстэйгээр ажилласан, номын доголдлыг арилгаагүй, гүйцэтгэл, чанар хангалтгүй тул 4 сарын хугацааны 6,300,000 төгрөгийн ажлын хөлс,

-1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг алдаатай хэвлэсэн тул нэхэмжлэгчээс хэвлэх үйл ажиллагааны зардалд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 9,195,938 төгрөгийг,

- 4-2 Топик-ийн дунд шатны ...(бичих)-д тэнцмээр байна уу? номын хавтсыг алдаатай хэвлэсэн тул уг зардалд 1,300,000 төгрөг шилжүүлсэн боловч бодит байдалд 1,021,500 төгрөгийн зардал гарсан тул уг дүнгээр, нийт 6,300,000+9,195,938+1,021,500=16,517,438 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, тоног төхөөрөмж гаргуулах шаардлагын тухайд хэвлэлийн үйлдвэрийг үйл ажиллагааг зогсоох хэлцэлийн дагуу Ryobe 522 PFH 2+1 маркийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас түүний зөвшөөрсөн этгээдээс авсан, хэлцэлд заасан хугацаанд авах боломжгүй байсан, мөнгө гаргуулах шаардлагын тухайд ном хэвлэх ажлаа хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлсийг буцаан төлөх үндэслэлгүй, 9,195,938 төгрөгийн ном хэвлүүлсэн зардлын тухайд номын хэвлэлтэй холбоотой алдааг засах боломжтой байхад засуулаагүй, номын хавтас хийх зардал гаргасан тул төлөх үндэслэлгүй, хөлсөөр ажилласан хугацааны хөлсийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

4. Нэхэмжлэгч Н ХХК, хариуцагч О.О нар нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, А тал болох Н ХХК-ийн өмчлөлийн хэвлэлийн үйлдвэрийн цогц тоног төхөөрөмжийг Б талд буюу хариуцагч О.Од үнэ төлбөргүйгээр нэг жилийн хугацаанд ашиглуулах, Б тал нь А талын хэвлэлийн үйлдвэрийн цогц тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж хэвлэлийн үйл ажиллагаа явуулах, тоног төхөөрөмжийг ашиглах явцад гарсан засвар үйлчилгээг өөрийн зардлаар тогтмол хийж хэвийн ажиллагааг хангах болон энэхүү тоног төхөөрөмжийг ашиглах явцад А талаас өгсөн захиалгыг ямар нэгэн нэмэлт хөлс төлбөргүйгээр түргэн шуурхай найдвартай хийж үйлчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, 62,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Б талд ашиглуулахаар шилжүүлэх, А, Б тал нь тус тусын хариуцах зардал, хамтын ажиллагааны удирдлага, хяналт, эд хөрөнгө, талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ цуцлах журам, бусад нөхцөлийг харилцан гэрээнд тусгасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэх агуулгаар тайлбар татгалзлаа гаргаж байна.

5. Шүүх талуудыг хамтын үйл ажиллагааны зорилгоо тодорхойлж дээр дурьдсан нөхцөлүүдийг гэрээнд тусгаснаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Уг гэрээгээр А тал буюу Н ХХК-ийн өмчлөлийн тоног төхөөрөмжийг Б тал ашиглаж, гэрээний 4.3-т зааснаар А тал нь энэхүү гэрээний хүчинтэй хугацаанд Б талаар хэдийд ч өөрийн хүссэн өнгө, дизайн, хэлбэр, тоо ширхэгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэн авах эрхтэй, гэрээний 5.9-д зааснаар А талаас хэвлүүлэхээр захиалсан бүтээгдэхүүнийг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хэвлэх бөгөөд бүтээгдэхүүний түүхий эдийн зардлыг үнэн зөв гаргаж хэвлэсэн бүтээгдэхүүн бүр дээр акт үйлдэн хүлээлгэн өгч төлбөрийг нэхэмжлэх үүрэгтэй байхаар тохиролцжээ.

Хэргийн үйл баримт, зохигчийн тайлбараас үзэхэд талуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 40 төрлийн 140,000 ширхэг ном хэвлэсэн талаар хариуцагч тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгчийн тал хэргийн үйл баримтын талаар шүүхээс тодруулсан асуудалд бүрэн хариулж чадаагүй.

6. Талуудын маргаж байгаа асуудал нь хариуцагч нь нэхэмжлэгчид 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл, Топик 4-2 Топик-ийн дунд шатны ...(бичих)-д тэнцмээр байна уу? номны хавтас хэвлэх ажлыг хийж гүйцэтгэсэн хэсэгт маргаж байна.

7. 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн номын тухайд алдаатай хэвлэгдсэн гэх номыг эх файл гэж нэхэмжлэгчийн тайлбарласан хэвлэсэн файлтай талуудын маргаж буй хэсгийг тулгахад тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлийн 1-5 хэсэгт заасан алдаа байсан боловч эдгээр алдаа нь хариуцагчийг гэрээний үүргээ бүхэлд нь зөрчсөн гэх үндэслэл болохгүйн зэрэгцээ, одоо нэхэмжлэгч байгууллага сургалтын төвийн үйл ажиллагаандаа уг номыг үнэ төлбөргүй ашигладаг гэж тайлбарлаж байгаа, 1500 ширхэг ном нь дээрх алдаанаас болж ашиглагдахгүй, худалдан борлогдоогүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, мөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах зохицуулалттай зэргийг харгалзан ном хэвлүүлсэн зардалд 9,195,938 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж үзлээ.

Хэвлэлийн үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор нэхэмжлэгчийн бэлдсэн файлд ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах боломжгүй, зөвхөн бэлтгэсэн эхийг хэвлэх /шарах/ үйл ажиллагаа явуулж байсан гэж хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэгчээс ирсэн номын эх файлд үзлэг хийхэд эх файл ирсэн линк нээгдэхгүй байгаа талаар үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн.

Уг шаардлагын хүрээнд алдаатай хэвлэгдсэн гэх хэсгүүдийг хариуцагч засварлах боломжтой байсан гэж тайлбарлаж байгаа ба талууд хийсэн ажлаа хүлээлцэх үед гэрээний 5.9-д зааснаар хэвлэсэн бүтээгдэхүүнийг хүлээлцсэн талаар акт баримт үйлдээгүй байна.

8. Харин алдаатай хэвлэсэн номын хавтасны тухайд хэмжээ алдсаны улмаас өөр байгууллагаар дахин хэвлүүлэхэд гарсан 673,380 төгрөгийг нэхэмжлээгүй гэх ба харин уг хавтасыг хийхэд гарсан зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтаар 4-2 Топик-ийн дунд шатны ...(бичих)-д тэнцмээр байна уу? номын хавтасыг хэмжээ алдаж хэвлэсний улмаас алдаатай болсон болох нь зохигчийн тайлбар, номны алдаатай хэвлэгдсэн хавтас, зөв хэвлэгдсэн хавтас зэргээр тогтоогдож байгаа ба хавтас хийх материалын зардалд рулон 2 ширхэг гэх утгаар 1,030,000 төгрөг шилжүүлсэн нь 2 хавтаст хэргийн 46 талд авагдсан Хаан банкин дахь Б.Оын дансны хуулгаар тогтоогдож байна. Иймээс 4-2 Топик-ийн дунд шатны ...(бичих)-д тэнцмээр байна уу? номын хавтас алдаатай хэвлэсний улмаас өөр этгээдээр хавтсыг дахин хийлгэсэн гэж байгаа тул алдаатай хэвлэсэн хэвлэлийн зардалд нэхэмжилж байгаа хэмжээгээр 1,021,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

9. Хөлсөөр ажиллуулсан хөлс болох 6,300,000 төгрөгийн тухайд;

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2018.03.12-ний өдрөөс 2019.03.12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба талууд гэрээний дагуу тодорхой үйл ажиллагаа явуулж дуусган, хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэвлэх үйлдвэрийг хүлээлгэн өгөх цаашид хэвлэх үйлдвэрт хэвлэгч мехникчаар ажиллах хүсэл зоригоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтээс үзэхэд хамтран ажиллах гэрээний үүргээ талууд дуусгавар болгож, цаашид хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсч, өмнөх хийж гүйцэтгэж байсан ажлаас дуусгаагүй үйлдсэн номыг хэвлэж дуусгахаар тохирсон байна гэж үзлээ.

Ийнхүү хөлсөөр ажилласан хугацааны хөлсийг талууд 1 сард 1,800,000 төгрөгөөр тохирч, нийт 6,300,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь тогтоогдож байгаа боловч маргаан бүхий 1 номыг талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа эхлэхээс өмнө буюу 2021 оны 6 сард, 1 номын хавтас хийх ажлыг хөлсөөр ажиллах гэрээний харилцаа эхэлснээс хойш буюу 2022 оны 2 сард хийж гүйцэтгэсэн гэж талууд тайлбарлаж байна.

Аль ч тохиолдолд ажлын хөлсийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн, номын хавтас алдаатай хэвлэхэд гарсан зардлыг хариуцагчаас гаргуулж байгаа тул 6,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Ryobe 522 PFH 2+1 маркийн тоног төхөөрөмж гаргуулах шаардлагын тухайд уг тоног төхөөрөмж нь хэвлэлийн цогц төхөөрөмж талууд энэ талаар;

-2022 оны 03 сарын 01-ний өдрийн Хэвлэлийн үйлдвэртэй холбоотой шийдвэр гэх баримт үйлдэж, хэвлэлийн тоног төхөөрөмж эвдэрсний улмаас хэвлэлийн үйл ажиллагааг зогсоож, хэвлэлийн тоног төхөөрөмжийг зарах үүргийг хариуцагчид даалгаж, борлуулалтын өртгийг 40%-ийг О, 60%-ийг О хувааж авахаар тохирч хэвлэж дуусаагүй номыг хариуцагч О.О өөр газраар хэвлүүлж дуусах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.

- Үүний дараа 2022 оны 5 сарын 24-ний өдөр Хэвлэлийн үйл ажиллагааг зогсоох тухай, Б.О, О.О нарын үйлдсэн баримтаас үзэхэд хэвлэлийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой тоног төхөөрөмжийг хариуцагч О.Од өмч болгон өгсөн агуулгатай байна.

Дээрх 2 баримтууд нь талууд хэвлэлийн үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмж болон хийгдээгүй үлдсэн ажлыг хуваарилсан зэрэг нь талууд хамтран ажиллах гэрээний харилцаагаа дуусгавар болгож, тодорхой баримт үйлдсэн нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т заасантай нийцэж байна гэж үзлээ.

Дээрх баримтад хариуцагч О.Од тоног төхөөрөмжийг тодорхой хугацааны дотор авч явахаар заасан ба хугацаа заасан зорилгыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тодруулж тайлбарлаж чадаагүй ба хариуцагч нь тодорхой шалтгааны улмаас заасан хугацаанд тоног төхөөрөмжийг аваагүй ба нэхэмжлэгчийн заасан газраас, тоног төхөөрөмжийг хадгалж хамгаалж байсан этгээдээс тэдний зөвшөөрснөөр авч явсан нөхцөл байдал зохигчийн тайлбар, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байгааг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй.

Иймд нэхэмжлэлээс 4-2 Топик-ийн дунд шатны ...(бичих)-д тэнцмээр байна уу? номын хавтас буруу хэвлэсэн зардалд 1,021,500 төгрөгийг хөлсөөр ажиллах гэрээний харилцааны хүрээнд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс ажлын хөлс 6,300,000 төгрөг, хамтран ажиллах гэрээний үүргийн хүрээнд Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг буруу хэвлэсэн тул гарсан зардал 9,195,938 төгрөг, нийт 15,495,938 төгрөг, Ryobe 522 PFH 2+1 маркийн хэвлэлийн тоног төхөөрөмж гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,021,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч О.О-гээс 1,021,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,495,938 төгрөг, Ryobe 522 PFH 2+1 маркийн хэвлэлийн тоног төхөөрөмж гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 29,066 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ