Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01208

 

 

 

 

 

 

 

 

2023 06 19 210/МА2023/01208

 

 

Н г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01556 дугаар шийдвэртэй,

Н г- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О.О-д холбогдох,

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 16,517,438 төгрөг, гэрээний хүрээнд авч ашигласан Ryobe маркийн хэвлэх төхөөрөмж, нэг өнгийн хэвлэх төхөөрөмжийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр, түүний өмгөөлөгч Г.Мөнхсайхан, хариуцагч О.О-, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.О- би О.О-тэй 2018 оны 03 сарын 19-ний өдөр ХАГ-01/18 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн хэвлэлийн цогц тоног төхөөрөмжийг нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах, О.О- нь үйлдвэрийн цогц тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, хэвлэлийн үйл ажиллагаа явуулах, гэрээний хугацаанд бидний зүгээс өгсөн захиалгыг ямар нэгэн нэмэлт хөлс төлбөргүйгээр түргэн шуурхай найдвартай хийж, гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. О.О- нь гэрээний хугацаанд манай захиалгын дагуу 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг хэвлэх ажлыг хийх байсан ба манай талаас О.О-д 2021 оны 11 сараас 2022 оны 02 сарыг хүртэл ажлын хөлсөнд 6,300,000 төгрөг, ном хийхэд шаардлагатай 10,217,438 төгрөгийн түүхий эд, бараа материалыг шилжүүлэн өгсөн.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэвч хариуцагч О.О- нь 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл ном болон 4-2 номын хавтсыг алдаатай буруу хэвлэж, бидэнд 16,517,438 төгрөгийн хохирол учруулсан ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хохирлыг нөхөн төлөх, мөн хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д зааснаар эд хөрөнгө хүлээн авч буй тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй байсан. Гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн Ryobe 522PFH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж /55,000,000/, нэг өнгийн хэвлэлийн машин /4,500,000/-ыг 2022 оны 06 сарын 15-ны өдөр хариуцагч буцаан өгөх байсан ч өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй.

Иймд учирсан хохирол 16,517,438 төгрөг, мөн Ryobe 522PFH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж, нэг өнгийн хэвлэх төхөөрөмжийг хариуцагч О.О-гээс гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Б.О-тай дээрх хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний үүргийг зөрчсөн зүйл байхгүй. 2020 оны 05 сард Дэнжийн 1000-н шинэ үйлдвэрийн байранд нүүж орох үед Б.О- нь нэг өнгийн хэвлэх машин тавих зай алга, төмрийн хаягдалд өг гэхэд нь хаяж байхаар гээд би хадгалсан, авч болно. Уг машин нь анхнаасаа огт ажилладаггүй эвдэрхий байсан.

2021 оны 11 сард Б.О- холбогдож дахин ном хэвлэх санал тавьж нэг сарын 1,800,000 төгрөгийн цалин өгөхөөр тохиролцсон ба үүнээс өмнө цалин авч байгаагүй. Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг 1500 ширхгийг хэвлэх явцад тоног төхөөрөмжид асуудал гарснаас болж зарим нэг номонд бранк хуудас орсон байсныг хэлсэн. Харин 4-2 номын хавтсыг хэвлэх үед хэвлэлийн машин эвдэрсэн байсан учраас Б.О-ын өөрөө өгсөн эх файлаар нь өөр хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн. Би уг номын хавтсыг хэвлээгүй.

Хэвлэх машин 2022 оны 02 сард эвдэрснээр үйлдвэрийг үргэлжлүүлэх боломжгүй болж үйл ажиллагааг зогсоосон. Хэвлэлийн тоног төхөөрөмжийг борлуулж өртгийн 40%-ийг би, 60%-ийг Очирбаяр авах, үлдэгдэл номыг хэвлэж дуусгах шийдвэр гаргасан. Гэвч хэвлэлийн тоног төхөөрөмж огт зарагдаагүй тул Б.О- нь өөрийн 40%-даа хэвлэх машиныг ав, бусад тоног төхөөрөмжөө би өөртөө авч үлдэнэ гэсэн учраас 06 сарын 13-14-ний өдрүүдэд хэвлэлийн машиныг авсан. Тухайн үед Очирбаярын хадам аав нь байсан. Нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч О.О-гээс 1,021,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н г- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,495,938 төгрөг, Ryobe 522 PFH 2+1 маркийн хэвлэлийн тоног төхөөрөмж гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,066 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Ryobe 522PFH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж, мөн нэг өнгийн хэвлэх төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Н г- ХХК-ийн захирал Б.О- бид 2018 оны 03 сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж Ryobe 522PFH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмжөө, мөн 4,500,000 төгрөгийн үнэ бүхий нэг өнгийн хэвлэх төхөөрөмжийг түр хугацаагаар ашиглуулах, О.О- нь тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж хэвлэлийн үйл ажиллагаа явуулах, захиалгыг нь нэмэлт төлбөргүйгээр түргэн шуурхай найдвартай хийж гүйцэтгэхээр тохирсон. Гэрээний 3.1.2-т энэхүү гэрээний дагуу Б талд ашиглуулахаар шилжүүлж буй тоног төхөөрөмж нь А талын өмч байна гэж тодорхой заасан ба нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Ryobe 522PFH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмжөө, мөн нэг өнгийн хэвлэх төхөөрөмжийг дундын өмчид шилжүүлээгүй. Талууд гэрээгээ 2021 оны 10 сарын 31-ний өдөр дуусгавар болгосон.

Үүнээс хойш хариуцагч нь хөлсөөр ажиллах хүсэлт тавьж, сар бүр 1,800,000 төгрөгийн цалин хөлс олгохоор гэрээний харилцаа үүсгэсэн. Ингээд нэхэмжлэгч Н г- ХХК нь нь 2021 оны 11 сараас 2022 оны 02 сарыг дуустал хариуцагчид 6,300,000 төгрөгийн цалин өгсөн. Гэтэл шүүх хэргийн баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн талууд хамтран ажиллах гэрээгээ дуусгавар болгосны дараа хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн болон хариуцагч О.О-г тухайн тоног төхөөрөмжийг өмчлөх эрхтэй эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Н г- ХХК-ийн захирал Б.О- нь 2022 оны 03 сарын 01-ний өдөр өөрийн тоног төхөөрөмжийг заруулахаар О.О-тэй ярилцаж, зарж чадвал худалдсан үнийн дүнгийн 40 хувийг авахыг санал тавьсан ч О.О- тоног төхөөрөмжийг зарж чадаагүй. Гэтэл энэ хэлцлийг үндэслэн О.О- нь уг хэвлэх үйлдвэрийн нийт 59,500,000 төгрөгийн үнэтэй иж бүрэн тоног төхөөрөмжийг шилжүүлэн авах эрхтэй мэтээр дүгнэж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн илт хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д өмчлөгч ямар нэгэн болзол хангасан эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор хэлцэл хийх боломжтой байдаг. Энэ хүрээнд 2022 оны 05 сарын 24-ний өдөр тодорхой болзол тавьж, түүнийг хангасан нөхцөлд уг тоног төхөөрөмжийг авч явах эрх олгосон ч хариуцагч нь болзлыг хангаагүй.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч О.О- нь 59,500,000 төгрөгийн үнэтэй хэвлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийн өмчлөх эрхийг хууль болон гэрээний үндсэн дээр шударгаар өмчлөх эрхийг олж аваагүй байхад бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн эд хөрөнгөө гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг 1500 ширхэг хэвлүүлэхэд гарсан зардал 9,195,938 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь 2021 оны 06 сард Н г- ХХК-ийн захиалгаар Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг хэвлэсэн. Тус номыг 2021 оны 09 сард борлуулалтад гаргахад худалдаж авсан уншигчдаас буцаагдсан ба шалгаж үзэхэд номын зарим хэсэг алдаатай хэвлэгдсэнийг олж мэдсэн. Ингээд номыг худалдаанд гаргах боломжгүй болж өөрийн сургалтын төвд үнэ төлбөргүй ашиглуулж байгаа.

Гэрээний 4.3-т А тал энэхүү гэрээний хүчинтэй хугацаанд Б талаар хэдийд ч өөрийн хүссэн өнгө, дизайн, хэлбэр, тоо ширхгээр бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэн авах эрхтэй, 4.4-т энэ зүйлийн 4.3-т заасны дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлүүлэхэд гарсан түүхий эд материалын зардлыг Б талд өгөх үүрэгтэй гэж зааснаар дээрх захиалгатай холбоотой Номын дотор талын 80 граммын офсет цаас, гадна талын хавтасны 250 граммын шохойтой цаасны төлбөрт 7,496,938 төгрөг, төмөр шаралт болон наалтын төлбөрт 749,000 төгрөг, дагалдах хэрэгсэл буюу спирт, цавуу, бүрэлт болон хэвлэлийн дараах үйлчилгээнд 950,000 төгрөг, нийт 9,195,938 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

Гэрээний 6.1-д энэхүү гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тал нь тэрхүү буруутай үйлдлийн улмаас нөгөө талдаа учирсан хохирол, зардлыг бүрэн хариуцан арилгана гэж заасан. Нэгэнт хэвлэгдсэн номын алдаатай хэсгийг засах боломжгүй тул бүхэлд нь дахин хэвлүүлэхээс өөр аргагүй болж хариуцагчид алдаагаа засахыг удаа дараа шаардсан ч хойшлуулсаар засаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь номыг борлуулах боломжоо алдаж хохирсон ч хариуцагчтай хамтран ажиллаж байсан харилцаагаа хүндэтгэж тухайн 1500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номын зардал 9,195,938 төгрөгийг шаардсан.

Хөлсөөр ажиллах гэрээний дагуу төлсөн цалин 6,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон ч хариуцагч нь тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, оногдсон хэвлэлийн захиалгыг гүйцэтгэн, цаашид цалин авч ажиллах хүсэлтээ илэрхийлж, өмнө нь хийж дуусгаагүй алдаатай хэвлэлүүдийг засахаар тохиролцон талууд хөлсөөр ажиллах гэрээг тохиролцсон. Энэ хугацаанд хариуцагч нь өмнөх алдаатай хэвлэсэн номыг засаж хэвлээгүй, мөн нэмэлтээр өгсөн захиалгуудыг чанар, гүйцэтгэлийн доголдолтой хийсэн зэрэг шалтгаанаар хариуцагчид 2021 оны 11 сараас 2022 оны 02 сар хүртэл олгосон цалин 6,300,000 төгрөгийг шаардсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүхээс нэхэмжлэлээс 1,120,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг манайх зөвшөөрөөгүй ч хариуцагчийн ар гэрийн байдлын учраас гомдол гаргаагүй. Ryobe 522PFH 2+1 маркийн хэвлэх төхөөрөмж нь 5 бүрдэл хэсгээс бүрддэг, түүнээс нэг хэвлэх төхөөрөмжийг О.О- авсан. Талууд хамтран ажиллах гэрээг 2018 оны 03 сарын 19-ний өдөр байгуулж 3 жил орчим хамтран ажилласан.

Тус хугацаанд талууд төхөөрөмжийг ээлжлэн ашиглаж захиалга авахаар тохиролцсон боловч Н г- ХХК дангаараа маш олон захиалга өгч бие дааж ажиллах боломжгүй болгосон. Энэ хугацаанд О.О- нь Н г- ХХК-д 10 тэрбум орчим төгрөгийн ном хэвлэж өгсөн ба цаашид хамтран ажиллах боломжгүй болсноор гэрээг дуусгавар болгож, төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотой хэвлэлийн үйл ажиллагааг зогсоохоор талууд акт үйлдэж гэрээг цуцлахад 5 иж бүрдэл бүхий төхөөрөмжийг худалдан борлуулж үнийн дүнгээс 40 хувийг О.О-, 60 хувийг Н г- ХХК авахаар тохиролцсон. Ryobe 522PFH 2+1 хэвлэх төхөөрөмжийг хариуцагч О.О- худалдан борлуулах гэсэн ч борлогдоогүй. Хэвлэх төхөөрөмж нь 1992 онд үйлдвэрлэгдсэн ба О.О- тус хэвлэх төхөөрөмж борлогдохгүй байгаа талаар нэхэмжлэгчтэй ярилцахад төхөөрөмжөөс хэвлэх хэсгийг нь О.О-д өгөөд үлдсэнийг нэхэмжлэгч өөрөө авахаар тохиролцсон.

Энэ талаарх чатад үзлэг хийснээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хэвлэлийн төхөөрөмжийг авсан ба хууль бусаар аваагүй, нэхэмжлэгч талаас бичлэг хийсэн сидийг хэрэгт хавсаргасан ба гомдол үндэслэлгүй.

Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл ном алдаатай хэвлэсэн тухайд номыг нэхэмжлэгч өөрөө эмхэтгэснийг О.О- нь зөвхөн хэвлэсэн бөгөөд солонгос хэлний үг үсгийн алдааг хянах боломжгүй, ирсэн файл нь задардаггүй учраас хариуцагчийг үг үсгийн алдаа гаргасан гэх боломжгүй, файлыг өөрчлөх боломжгүй. Мөн шүүхийн үзлэгээр ч тогтоогдсон. Мөн дунд шатны топикийн номын хавтасны ажлыг чанаргүй гүйцэтгэсэн гэж 6,300,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх баримтуудад үзлэг хийсэн. О.О- ажлаас гарсны дараа хэвлэлийн ажилтан нь ажлаа мэдэхгүй байсныг О.О- зааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н г- ХХК нь хариуцагч О.О-д холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой хохирол 16,517,438 төгрөг, Ryobe 522PFH 2+1 маркийн болон нэг өнгийн хэвлэх төхөөрөмжийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

4. Зохигч 2018 оны 03 сарын 19-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээгээр Н г- ХХК нь өөрийн өмчлөлийн Ryobe 522PFH 2+1 загварын хэвлэлийн тоног төхөөрөмжийг О.О-д нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах, О.О- нь уг тоног төхөөрөмжөөр хэвлэлийн үйл ажиллагаа явуулж, ашиглалтын засвар, үйлчилгээг нь хариуцах, Н г- ХХК-ийн өгсөн захиалгыг нэмэлт хөлсгүйгээр гүйцэтгэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжтэй, мөн 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч өмнө хийж гүйцэтгээгүй хэвлэлийн ажлаа дуусгах, нэхэмжлэгч хөлс төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

 

5. Хамтран ажиллах гэрээний хугацаанд буюу 2021 оны 06 сард нэхэмжлэгч нь 1,500 ширхэг Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг хэвлүүлэх захиалгыг хариуцагчид өгч, зардалд 9,195,938 төгрөг шилжүүлсэн, хариуцагч номыг алдаатай хэвлэсэн үндэслэлээр өөрт учирсан хохирол 9,195,938 төгрөгийг төлөхийг хариуцагчаас шаарджээ.

Шүүх нэхэмжлэгчээс Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номын цахим эх хувийг цаасан хэлбэрт буулгаж шүүхэд нотлох баримтаар гаргасныг тус номын хэвлэгдсэн хувьтай харьцуулан үзэж, зохигчийн маргаж буй үйл баримтад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 2023 оны 01 сарын 19-ний өдөр үзлэг хийжээ.

Үзлэгээр уг номын цахим эх хувь дахь өнгө нь хэвлэгдсэн номын өнгөнөөс өөр, номын цахим хувьд бичигдсэн солонгос үсгийн доор бичигдсэн монгол орчуулга хэвлэгдсэн номд бичигдээгүй, хуудас зөрүүтэй, давхардан хэвлэгдсэнийг тэмдэглэлээр бэхжүүлжээ. Мөн нэхэмжлэгчээс Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номыг хэвлүүлэхээр хариуцагчид ирүүлсэн уг номын цахим холбоос дахь мэдээллийг засварлах боломжгүй гэх хариуцагчийн татгалзлаар шүүх 2023 оны 03 сарын 28-ны өдөр хариуцагчид нэхэмжлэгчээс ирүүлсэн цахим холбоост үзлэг хийхэд уг холбоос нээгдэхгүй байгааг мөн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Солонгос хэлний дүрмийн эмхэтгэл номын алдаа нь хэвлэлтээс шалтгаалаагүй, харин агуулгын алдаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагч О.О-г хамтран ажиллах гэрээний 6.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэхгүй. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар уг номын хэвлэлийн зардал 9,195,938 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

6. Талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг 2021 оны 10 сарын 31-ний өдөр дуусгавар болгон 1/2 тоот акт үйлдэж, хэвлэлийн үйл ажиллагаа явуулж байсан байрыг хүлээлцжээ.

Улмаар хамтын үйл ажиллагааны явцад бий болсон, талуудын хоорондын биелэгдээгүй үүрэг болох нэхэмжлэгчийн захиалсан сурах бичгийн хэвлэлтийг хариуцагч гүйцээн хэвлэх, нэхэмжлэгч хөлс төлөх үүрэг хүлээж хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.

Тухайн хугацаанд хэвлэлийн тоног төхөөрөмж эвдэрснийг талууд дүгнэж Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны 03 сарын 01-ний өдөр дуусгавар болгожээ.

Ингэхдээ хэвлэлийн үйл ажиллагааг зогсоон, тоног төхөөрөмжийг хариуцагч худалдан борлуулж, уг үнийн 40 хувийг О.О-, 60 хувийг Н г- ХХК тус тус авах, гэрээний хугацаанд хэвлэж дуусгаагүй номын хавтаснуудыг хэвлэж дуусгах, Солонгос хэлийг зөв суурьтай сурмаар байна уу сурах бичиг 2, 3-ыг тус бүр 6,000 хувь хэвлүүлэх ажил, зардлыг хариуцагч тус тус хариуцахаар заажээ.

Гэвч 2022 оны 05 сарын 24-ний өдрийн байдлаар хэвлэлийн хоёр өнгийн тоног төхөөрөмж буюу Ryobe 522PFH 2+1 загварын хэвлэлийн тоног төхөөрөмж борлогдоогүй тул уг тоног төхөөрөмжийг талууд хариуцагчид шилжүүлэхээр хэлцэл хийж, хариуцагч 2022 оны 06 сарын 15-ны өдрийн дотор авсан нөхцөлд өмчлөх эрх үүсэхээр заасан нь Хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох тухай баримтаар тогтоогдсон байна.

Зохигч анх 2022 оны 03 сарын 01-ний өдөр тоног төхөөрөмжийг худалдан борлуулахаар тус хэлцлийн 2-т нэрлэн заасан нь нэхэмжлэгчийн 2017 оны 08 сарын 20-ны өдрийн ХХАГ-01/17 тоот гэрээгээр худалдан авсан Ryobe 522PFH 2+1 загварын хэвлэлийн тоног төхөөрөмжтэй тохирч байна.

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасны дагуу зохигч хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосонтой холбоотой хамтын үйл ажиллагаанд ашиглаж байсан хөрөнгийн өмчлөх эрхээсээ нэхэмжлэгч татгалзан уг Ryobe 522PFH 2+1 загварын хэвлэлийн тоног төхөөрөмжийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, хариуцагч тохиролцсон хугацаанд тоног төхөөрөмжийг авч явсан нь шүүхийн 2022 оны 01 сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон ба Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар Ryobe 522PFH 2+1 загварын хэвлэлийн тоног төхөөрөмжийг өмчлөх эрх хариуцагч О.Одонгоод хэлцлийн үндсэн дээр үүсжээ.

Иймд нэхэмжлэгч Н г- ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгч уг тоног төхөөрөмжийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

7. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд алдаатай хэвлэсэн номыг засаж хэвлээгүй, нэмэлт захиалгыг чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн үндэслэлээр 6,300,000 төгрөгийн хөлсийг буцаан гаргуулахаар шаарджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ямар тодорхой ажил, үүргийг нэхэмжлэгчийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй, тохиролцсон үүргээ хэрхэн зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүйг анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

8. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардсаныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрт баримтлаагүйг залруулах нь зүйтэй. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох хэсгийг зөв баримтлаагүйг залруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01556 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтад ... 476.1 ... гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж,

 

2 дахь заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ