Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/01311

 

 

 

 

 

2023 05 01

181/ШШ2023/01311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Н  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НШШГГ т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаартай шийдвэрээр Н ХХК-иас 24,280,000 төгрөгийг гаргуулан Ч.Г д олгож, Ч.Г г ОСИМ брендийн борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Шүүхийн шийдвэрт заасны дагуу 24,280,000 төгрөгөөс 13 сая орчим төгрөгийг төлж, Ч.Г г ажилд нь эгүүлэн томилсон байдаг.

Дараах үндэслэлээр үнэлгээг зөвшөөрөхгүй байна. а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үлдэгдэл төлбөрт Н ХХК-ийн эзэмшлийн 59-33 УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг хураан авсан. Ийнхүү хураан авсан тээврийн хэрэгслийн үнийн саналыг төлбөр төлөгч манай компаниас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу авалгүйгээр шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Улмаар 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлээр тухайн тээврийн хэрэгсэл 25,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг захирал Ж.М , төлөөлөгч Д.Ц бид 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гардан авч ийнхүү шүүхэд гомдлоо гаргаж байна.

б. Н ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг 2012 онд үйлдвэрлэгдсэн даруйд нь захиалгаар худалдан авсан. Ийнхүү авахдаа ачаа тээвэр хийх зориулалтын бүхээг, хөргүүр, тавиур зэрэг 40 гаруй сая төгрөгийн нэмэлт тоноглолууд хийлгэсэн ба эдэлгээ бага, нийт явсан км-ийн заалт бага байснаас худалдан авсан үеэсээ чанар байдлын хувьд муудаагүй. Одоо зах зээлийн үнээр 70 сая орчим төгрөг болно. Гэтэл шинжээч үнэлгээг хийхдээ шинж байдлын хувьд ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулаагүй, шууд unegui.mn сайтаас зах зээлийн үнийг судлах байдлаар гаргасан. Үнэлгээний тайланд бүхээгийг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй байдаг.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т хөрөнгийн үнэлгээ нь хууль тогтоомжид нийцсэн байх, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан зарчим журмуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийн эдэлгээ, элэгдэл бага байдлыг харгалзан үзэлгүйгээр хэт бага үнээр үнэлжээ.

Иймд Н ХХК-ийн эзэмшлийн 59-33 УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг үнэлсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32019/08252 дугаартай шийдвэрээр Н ХХК-иас 24,280,000 төгрөгийг гаргуулан Ч.Г д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н ХХК-ийн эзэмшлийн Хьюндэй Портер Эч-100 загварын, 59-33 УНЯ улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг битүүмжлэн хураан авч, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/26 дугаартай тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээг тогтоолгоход 14,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч Н ХХК нь үнэлгээг эс зөвшөөрч2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гомдол гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00010 дугаартай шийдвэрээр дээрх үнэлгээг хүчингүй болгосон.

Ийнхүү шийдвэрлэсэн тул 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 19280900/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/56 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19280900/08 дугаар тогтоолоор эд хөрөнгийг дахин хураан авч, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/25 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу 25,400,000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй бөгөөд хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан өмнө нь гомдол гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү. 

Төлбөр төлөгч Н ХХК нь одоо 12,1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ төлбөрийг төлчих бүрэн боломжтой компани. Зөвхөн хураагдсан Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаагаа явуулаагүй. Төлбөр авагчид төлбөр төлөхгүй, удаах, хохироох гэсэн санаа зорилгыг агуулж байна. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, НШШГГ т хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 07/2022 дугаар Үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, Файн-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хувилсан хувь/, төлбөр авагчид хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 4-239/13245 дугаар үнэлгээний мэдэгдэл, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19280900/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, [email protected] хаягаас [email protected] хаягт ирүүлсэн гэх Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийн үнийн санал, мэдээлэл /1хх 6-28, 131-133, 2хх 2-4/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалаас тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 181/ГХ2019/00585 дугаар гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 181/ШЗ2019/08252 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1687 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтны шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01906 дугаар болон 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШТ2019/00129 дүгээр тогтоолууд, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 19280900 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19286900/5 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 19280900/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/26 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг, хууль тайлбарласан тухай тэмдэглэл, баримт, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, талуудад хүргүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 4/20220, 4/20221 дүгээр үнэлгээний мэдэгдлүүд, төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШЗ2020/08909 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00010 дугаартай шийдвэр, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/56 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19280900/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/25 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг, хууль тайлбарласан тухай тэмдэглэл, баримт, Файн-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, түүнийг хүлээлцсэн акт, талуудад хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 4-239/13244, 4-239/13245 дугаар үнэлгээний мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 23, 2020 оны 5 дугаар сарын 5, 2020 оны 6 дугаар сарын 16, 30-ны өдрүүдийн тэмдэглэлүүд /1хх 41-113, 158-161, 175-183/ зэргийг хуулбарлан шүүхэд гаргаж өгсөн.

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7/10 дугаар Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/56 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолын хуулбар, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М ын [email protected] цахим шуудангийн хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 162-174, 2хх 13-20/ зэргийг,

- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: шинжээч Н.Ц ийг гэрчээр асуусан 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн тэмдэглэл /1хх 153-155/ зэргийг тус тус бүрдүүлсэн.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч НШШГГ т холбогдуулан тус компанийн эзэмшлийн 59-33 УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг шинжээч томилон 25,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1687 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01906 дугаартай тогтоолоор Ч.Г г Н ХХК-ийн ОСИМ брендийн борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,280,000 төгрөгийг Н ХХК-иас гаргуулан Ч.Г д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг "Н " ХХК-д даалгахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 181/ГХ2019/00585 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна. /1хх 41-64/,

 6.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н ХХК-ийн эзэмшлийн 59-33 УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 19280900/5 дугаар тогтоолоор битүүмжилж, ... улмаар 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 19280900/08 дугаар тогтоолоор хурааж, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/25 дугаар тогтоолоор Н.Ц ийг шинжээчээр томилсон байна. /1хх 65-67, 89-95/

6.3. Хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК нь дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 25,400,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд НШШГГ нь уг үнэлгээний тайланг төлбөр төлөгч хуулийн этгээдэд мөн өдрийн 4-239/13245 дугаар мэдэгдлээр хүргүүлж, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан байна. /1хх 96-110, 112-113/

6.4. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан гомдлоо 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

Иймээс нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй эсэхийг шүүх хянан шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

7. Нэхэмжлэгч дээрх гомдолдоо ...төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн үнийн санал аваагүй, үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ шинж байдлын хувьд ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулаагүй, бүхээгийг хэдээр үнэлсэн нь тодорхойгүйн гадна, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлсэн... гэх үндэслэлүүдийг заажээ.

7.1. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь эд хөрөнгийн үнийн саналыг тогтоосон хугацаанд өгөөгүй учир хариуцагч шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /1хх 92/

 

7.2. Томилогдсон шинжээч нь тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоохдоо шинж байдлын хувьд ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулаагүй ба захиалгаар хийлгэсэн гэх нэмэлт тоноглолууд тус бүрийн шинж байдал, онцлог, зориулалт, үнийг тодорхойлоогүй болох нь үнэлгээний тайлан, үнэлгээчин Н.Ц ийн гэрчээр өгсөн ...харьцуулж байгаа хөрөнгө нь ижил онд үйлдвэрлэгдсэн, орж ирсэн он зөрүүтэй байгаа. ... Тус бүрд нь гаргаагүй нэгдсэн үнэ цэнэ гаргасан. Харьцуулж буй машинууд хөлдөөгчтэй, бүхээгтэй. Тиймээс тухайлчилж гаргах шаардлага байхгүй. ... Ижил төстэй машин Монголд байхгүй. ... гэсэн мэдүүлэг /1хх 153-155/ зэргээр тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, үнэлгээчин үнэлгээ хийхдээ харьцуулсан болон харьцуулагдаж байгаа хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалтын талаар тайландаа бүрэн бөгөөд тодорхой тусгаагүйгээс үнэлгээний аргуудаас илүү ач холбогдол өгч, хөрөнгийн үнэлгээг тогтоосон жишиг үнийг хэрхэн, ямар үндэслэлээр тооцож гаргасан тооцооллоо тайландаа тодорхой тусгаагүй байх тул үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх;, 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх., 9.3.8-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах; гэсэн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

 

Тодруулбал, зах зээлийн буюу жиших үнийн хандлагын арга нь тухайн цаг хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй хүчин зүйл бүхий ойролцоо хөрөнгөнүүдийн арилжааны мэдээллийг ашиглаж хөрөнгийн үнэ, цэнийг тодорхойлдог байхад шинжээчийн харьцуулсан тээврийн хэрэгслүүдийн шинж онцлог, төлөв байдал, зориулалт, үнэлэгдэж буй тээврийн хэрэгсэлтэй ямар байдлаар ижил төстэй болоод харьцуулагдаж байгаа шинж байдал нь тодорхойгүй, эх сурвалжийг тодорхойлох баримт нотолгоо авагдаагүйн зэрэгцээ үнэлэгдэж буй тээврийн хэрэгслийн шинж онцлог, төлөв байдлыг биет байдлаар нь үзлэгээр тодруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндсийг бүрдүүлж байна.

 

8. Иймд 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Файн-Эстимэйт ХХК-ийн тайлангаар тогтоогдсон үнэлгээг хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийн гомдлоор уг үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Н ХХК-ийн эзэмшлийн 59-33 УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг 25,400,000 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Файн-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН