Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01384

 

 

 

 

 

 

 

 

2023 07 17 210/МА2023/01384

Н.... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/01311 дугаар шийдвэртэй,

Н... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н... ХХК-ийн эзэмшлийн .... УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг 25,400,000 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Ф... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү .

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаартай шийдвэрээр На... ХХК-аас 24,280,000 төгрөгийг гаргуулан Ч.Гүнжидмаад олгохоор заасан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэрт заасны дагуу 24,280,000 төгрөгөөс 13 сая орчим төгрөгийг төлж, Ч.Гүнжидмааг ажилд нь эгүүлэн томилсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үлдэгдэл төлбөрт Н... ХХК-ийн эзэмшлийн .... УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг хураан авч үнэлснийг дараах үндэслэлээр үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.2. Тээврийн хэрэгслийн үнийн саналыг төлбөр төлөгч компаниас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу авалгүйгээр шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Улмаар 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдлээр тухайн тээврийн хэрэгсэл 25,400,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг захирал Ж.М... төлөөлөгч Д.Ц... бид 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гардан авч ийнхүү шүүхэд гомдлоо гаргаж байна.

1.3. Н... ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг 2012 онд үйлдвэрлэгдсэн даруйд нь захиалгаар худалдан авсан. Ийнхүү авахдаа ачаа тээвэр хийх зориулалтын бүхээг, хөргүүр, тавиур зэрэг 40 гаруй сая төгрөгийн нэмэлт тоноглолууд хийлгэсэн ба эдэлгээ бага, нийт явсан км-ийн заалт бага байснаас худалдан авсан үеэсээ чанар байдлын хувьд муудаагүй. Одоо зах зээлийн үнээр 70 сая орчим төгрөг болно. Гэтэл шинжээч үнэлгээг хийхдээ шинж байдлын хувьд ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулаагүй, шууд unegui.mn сайтаас зах зээлийн үнийг судлах байдлаар гаргасан.

1.4. Үнэлгээний тайланд бүхээгийг хэдэн төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т хөрөнгийн үнэлгээ нь хууль тогтоомжид нийцсэн байх, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан зарчим журмуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийн эдэлгээ, элэгдэл бага байдлыг харгалзан үзэлгүйгээр хэт бага үнээр үнэлжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/Ш32019/08252 дугаартай шийдвэрээр Наран-Эло ХХК-аас 24,280,000 төгрөгийг гаргуулан Ч.Г...д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н... ХХК-ийн эзэмшлийн Хьюндэй Портер Эч-100 загварын, .... УНЯ улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг битүүмжлэн хураан авч, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/26 дугаартай тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээг тогтоолгоход 14,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч Н... ХХК нь үнэлгээг эс зөвшөөрч, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гомдол гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00010 дугаартай шийдвэрээр дээрх үнэлгээг хүчингүй болгосон.

Ийнхүү шийдвэрлэсэн тул 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 19280900/07 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/56 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19280900/08 дугаар тогтоолоор эд хөрөнгийг дахин хураан авч, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/25 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Ф... ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу 25,400,000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй бөгөөд хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан өмнө нь гомдол гаргаж, 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.

Төлбөр төлөгч Н... ХХК нь одоо 12,1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ төлбөрийг төлчих бүрэн боломжтой компани. Зөвхөн хураагдсан Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслээр үйл ажиллагаагаа явуулаагүй. Төлбөр авагчид төлбөр төлөхгүй, удаах, хохироох гэсэн санаа зорилгыг агуулж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Н... ХХК-ийн эзэмшлийн .... УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг 25,400,000 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Ф... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч гомдолдоо ... төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн үнийн санал аваагүй, үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ шинж байдлын хувьд ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулаагүй, бүхээгийг хэдээр үнэлсэн нь тодорхойгүйгээс гадна, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлсэн..." гэх үндэслэлүүдийг заажээ. Хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Б... нь төлбөр төлөгч "Н..." ХХК-ийн эзэмшлийн .... УНЯ улсын дугаартай, Хьюндэй портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19280900/08 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолыг үйлдэж, төлбөр төлөгч "Н..." ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц...аас тайлбар авахад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр үнийн саналаа захирал н.М...той ярилцаад бичгээр өгнө гэх талаар дурдсан буюу үнийн саналаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №07/2022 тоот албан бичгээр /80,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар/ ирүүлсэн байдаг.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр "Н..." ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх Наран бюлдингийн 4 давхарт биечлэн очиж, орон байранд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт үйлдэхдээ уг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал н.М...той уулзаж, үнэлгээний талаар дурдаж, хөндлөнгийн шинжээч томилуулах санал гаргасныг мэдэгдэн тэмдэглэлд тусгаж, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/25 дугаар "Шинжээч томилох тухай" ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т "Ф... ХХК-ний үнэлгээчин Н.Цолмонгэрэл нь үнэлгээний тайландаа ... Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, ҮОУС-н холбогдох стандартыг баримтлан үнэлгээний тооцоог хийсэн болно.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3.8-д заасан зохицуулалтад нийцээгүй гэж шүүгч дүгнэсэн боловч "Ф.... ХХК-ийн шинжээч Н.Ц.... нь үнэлгээг гаргахдаа зах зээлийн буюу жиших үнийн хандлагын арга нь тухайн цаг хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй хүчин зүйл бүхий ойролцоо хөрөнгүүдийн арилжааны мэдээллийг ашиглаж хөрөнгийн үнэ, цэнийг тодорхойлж, харьцуулсан тээврийн хэрэгслүүдийн шинж онцлог, төлөв байдал, зориулалт, үнэлэгдэж буй тээврийн хэрэгсэлтэй техникийн бүх үзүүлэлтээрээ ижил, ашиглалтын чанар байдал /гүйлт км болон өнгө үзэмж/, үйлдвэрлэсэн болон манай улсад орж ирсэн хугацаагаар ялгаатай хөрөнгүүдийн хувьд дотоодын зах зээлийн мэдээллийг ашигласан нь тайланд тусгагдсан.

Шинжээч нь тухайн тээврийн хэрэгслийг үнэлэхдээ цахим эх сурвалж бөгөөд тээврийн хэрэгсэл борлуулалтад идэвхтэй ашиглагддаг цахим хуудас болон борлуулагчийн үнийн мэдээллийг ашигласан ба жишиж харьцуулсан 3 тээврийн хэрэгсэл нь ижил төрлийн бүхээгтэй байх бөгөөд онцлог зориулалтыг тодорхойлон зах зээлийн хандлагаар үнэ цэнийг тогтоосон "Ф.... ХХКий үнэлгээчин Н.Ц... нь тухайн хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгавал зохих зүйлийн тусган үнэлгээ гаргахдаа зардлын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар үнэлж, олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэ цэнийг үндэслэлтэй, тодорхой тогтоосон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Н... ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус компанийн эзэмшлийн ... УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг шинжээч томилон 25,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/01192 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1687 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2018/01906 дугаартай тогтоолоор Ч.Г...г Н... ХХК-ийн ОСИМ брэндийн борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,280,000 төгрөгийг Н... ХХК-иас гаргуулан Ч.Гүнжидмаад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг "Н..." ХХК-д даалгахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрт 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 181/ГХ2019/00585 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна. /1хх 41-64/,

2.б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Н::: ХХК-ийн эзэмшлийн ... УНЯ улсын дугаартай, Хьюндэй Портер Эч-100 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19280900/5 дугаар тогтоолоор битүүмжилж, ... улмаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 19280900/08 дугаар тогтоолоор хурааж, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/25 дугаар тогтоолоор Н.Ц....ийг шинжээчээр томилсон байна. /1хх 65-67, 89-95/

Хөрөнгийн үнэлгээний Ф... ХХК нь дээрх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 25,400,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг үнэлгээний тайланг төлбөр төлөгч хуулийн этгээдэд мөн өдрийн 4-239/13245 дугаар мэдэгдлээр хүргүүлж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан байна. /1хх 96-110, 112-113/

2.в. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан гомдлоо 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч дээрх гомдолдоо ...төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн үнийн санал аваагүй, үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ шинж байдлын хувьд ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулаагүй, бүхээгийг хэдээр үнэлсэн нь тодорхойгүйн гадна, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлсэн... гэх үндэслэлүүдийг заажээ.

2.г. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь эд хөрөнгийн үнийн саналыг тогтоосон хугацаанд өгөөгүй учир хариуцагч шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн байна. /1хх 92/

 

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн газар нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгавал зохих зүйлийн тусган үнэлгээ гаргахдаа зардлын хандлагын арга, зах зээлийн хандлагын аргаар үнэлж, олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэ цэнийг үндэслэлтэй, тодорхой тогтоосон гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

3.а. Томилогдсон шинжээч нь тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоохдоо шинж байдлын хувьд ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулаагүй ба захиалгаар хийлгэсэн гэх нэмэлт тоноглолууд тус бүрийн шинж байдал, онцлог, зориулалт, үнийг тодорхойлоогүй болох нь үнэлгээний тайлан, үнэлгээчин Н.Ц....ийн гэрчээр өгсөн ...харьцуулж байгаа хөрөнгө нь ижил онд үйлдвэрлэгдсэн, орж ирсэн он зөрүүтэй байгаа. ... Тус бүрд нь гаргаагүй нэгдсэн үнэ цэнэ гаргасан. Харьцуулж буй машинууд хөлдөөгчтэй, бүхээгтэй. Тиймээс тухайлчилж гаргах шаардлага байхгүй. ... Ижил төстэй машин Монголд байхгүй. ... гэсэн мэдүүлэг /1хх 153-155/ зэргээр тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, үнэлгээчин үнэлгээ хийхдээ харьцуулсан болон харьцуулагдаж байгаа хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалтын талаар тайландаа бүрэн бөгөөд тодорхой тусгаагүй. Тухайн машинд шинээр нэмж тоноглож хийсэн гэх эд ангиуд, түүний шинж байдал үнэлгээг тусгаагүй, үнэлгээний аргуудаас илүү ач холбогдол өгч, хөрөнгийн үнэлгээг тогтоосон жишиг үнийг хэрхэн, ямар үндэслэлээр тооцож гаргасан тооцооллоо тайландаа тодорхой тусгаагүй байна. Үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх; 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх., 9.3.8-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой тусгах гэсэн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал, зах зээлийн буюу жиших үнийн хандлагын арга нь тухайн цаг хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй хүчин зүйл бүхий ойролцоо хөрөнгүүдийн арилжааны мэдээллийг ашиглаж хөрөнгийн үнэ, цэнийг тодорхойлдог байхад шинжээчийн харьцуулсан тээврийн хэрэгслүүдийн шинж онцлог, төлөв байдал, зориулалт, үнэлэгдэж буй тээврийн хэрэгсэлтэй ямар байдлаар ижил төстэй болоод ямар зүйлээрээ өөр байгаа зэрэг харьцуулагдаж байгаа шинж байдал нь тодорхойгүй, эх сурвалжийг тодорхойлох баримт нотолгоо авагдаагүйн зэрэгцээ үнэлэгдэж буй тээврийн хэрэгслийн нэг бүрийн шинж онцлог, төлөв байдлыг биет байдлаар нь үзлэгээр тодруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Файн-Эстимэйт ХХК-ийн тайлангаар тогтоогдсон үнэлгээг хуульд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/01311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД