Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 137/2023/00092/И |
Дугаар | 131 |
Огноо | 2023-05-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 131
2023 05 05 137/ШШ2023/00131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... онд төрсөн, ... настай, хувиараа мал малладаг, Д аймгийн ... тоотод оршин суух З овогт Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... онд төрсөн, ... настай, ... ажилтай, Д аймгийн ... тоотод оршин суух, Б овогт Г.Г-д холбогдох
Зээлийн 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч Б.Ч түүний өмгөөлөгч өмгөөлөгч Ж.Х, хариуцагч Г.Г түүний өмгөөлөгч өмгөөлөгч С.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Ч нь Г.Г 2021 оны 04 сарын 06-ны өдөр 10,500,000 төгрөгийг зээлүүлсэн. Гэтэл уг мөнгийг одоог хүртэл буцаан төлөхгүй байгаа тул миний зээлдүүлсэн 10,500,000 төгрөгийг Г.Г гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 сарын 06-ны өдөр Г 10,500,000 төгрөг 10 цагийн үед шилжүүлсэн. Энэ нь ажил хэргээр хамтарч болно гээд мөнгө авсан. Өмнө нь бид 2 бие биеэ таньдаг байсан. Би Г гэдэг хүнийг хэл амаар доромжилж байгаагүй, манай дүүтэй ажил хэргийн холбоотой байсан учир хоорондоо утсаар ярьж танилцсан. Мөнгө авах үедээ танихгүй байсан гэж байна. Энэ бол худлаа. Г бид хоёрын эртнээс танилууд гэдгийг гэрчлэх маш олон хүн байгаа. Г би доромжлоогүй. Мессеж бичсэн асуудал бол манай дүү манайд байхдаа миний утсаар ганц удаа бичсэн байдаг. Энэ хүнээс зээлээгүй, дүү нь ахаасаа мөнгө авна гээд данс ашиглаад авсан гэж байна тийм зүйл байхгүй. Миний дүүтэй нийлээд мөрийтэй тоглоод байсан юм байна лээ. Би хожим мэдсэн. Надад хэдэн төгрөг байсныг энэ хоёр мэдэж байсан. Надаас авахдаа зээлж авъя, хоёулаа нийлээд том тэрэг явуулсан ч болно ямар ч хамаагүй хувилбараар хамтарч ажиллаж болно гэж байсан. Ингэж худлаа ярьж болохгүй. Өмнө нь Г хятад хүний нэр дээр байдаг 7 том машин авч хариуцаж ачаанд оруулаад явж л байсан. Ингэж худлаа хэлж бас болохгүй. Дүүтэй асуудалтай болсноо миний мөнгийг өгөхгүй л гэж үзэж байгаа юм байна. Өгчих байх гэж ойлгоод өдийг хүргэсэн. Тэгээд огт өгөх шинжгүй болохоор нь шүүхийн эвлэрүүлэн зуучлахад өгөхөд эвлэрэхгүй гэсэн. Тэгэхээр нь би цагдаад өгсөн. Цагдаа шүүхэд өг гэхээр нь иргэний шүүхэд өгсөн. Миний хувьд 10,500,000 төгрөг маш их мөнгө” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 сарын 06-ны өдөр мөнгө орсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Мөнгө орсон дээр хэн аль нь маргадаггүй. Ч данснаас Г дансанд мөнгө оржээ гэдэг нь тогтоогдож байна. Хавтаст хэргийн 95 хувь нь дансны хуулга байгаа тэр бүгдийг нэг бүрчлэн үзсэн. Хавтаст хэргийн материалд авагдсан прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр зэргийг үзэхээр Н гэдэг хүнийг танихгүй, мөрийтэй тоглоом тоглодог байж магадгүй юм байна, тоглохдоо понги гэдэг гүйлгээ хийдэг юм байна гэж байна. Тухайн өдөр Н өөрийнх нь данснаас ч гэсэн тийм гүйлгээ орсон байдаг. Г үүнийг тайлбарлахдаа Н Ч мөнгө аваад миний данс руу мөнгө хийлгээд тоглосон гэж байна. 1-т Н Ч мөнгө авсан юм бол яагаад өөрийнхөө данс руу мөнгө аваагүй юм гэх асуудал үүсэж байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйл нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлаж хариуцагч татгалзлаа тайлбарладаг. Тэгэхээр Г данс руу орсон мөнгийг Н гэж аваад тоглочихсон юм гэдэг юугаар үгүйсгэгдэж байна гэхээр Н мэдүүлгээр үгүйсгэгддэг. Н тухайн үед өөрийнхөө дансыг ашиглаж байсан. Тэр үед ч гэсэн өөрийнхөө данснаас гүйлгээ гаргасан байдаг. Н Г дансыг ашиглах ямар шаардлага байсан юм бэ гээд үзэхээр Н мэдүүлгээр нотлогддог. Эсвэл Н гуйсан ч байж магадгүй. Прокурорын тогтоол шүүхийн шийдвэрийг харахаар тийм нөхцөл байдал харагддаг. Өөрийнхөө барьж байсан утасны дугаараа хүртэл барьцаанд тавьж байгаад тоглуулсан байдаг. Хариуцагч тал татгалзлаа тайлбарлахдаа Н аваад тоглочихсон би аваагүй гэдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Ч данснаас Г дансанд орсон нь үнэн. Ч энэ мөнгийг Н өгөөгүй гэдгээ тайлбарладаг. Н мөн энэ мөнгөтэй хамааралгүй гэдгээ хэлсэн. Зээлийн гэрээнд эрх үүрэг үүсээгүй байж болно. Гэхдээ л Ч данснаас Г дансанд орсон байдаг. Үүнийг буцааж авахгүй гэсэн байдлаар хандаагүй, тохиролцоогүй гэрээний эрх үүрэг үүсээгүй учир Ч энэ мөнгөө шаардах эрхтэй. Ийм учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа татгалзал нь тогтоогдохгүй байна. Прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр, шийтгэвэр нь Ч авсан мөнгөө буцааж төлөхгүй байх ёстой гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ нотлох баримтууд нь Г Ч буцааж төлөхгүй юм байна гэдэг зүйл хэрэгт нотлогдохгүй байна. Мөнгийг буцааж төлөх нь үндэслэлтэй байна, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Ч гэх хүнийг танихгүй бөгөөд бидний хооронд бичгээр болон амаар зээлийн гэрээ хийгдээгүй, энэ талаарх харилцаа огт үүсээгүй, би энэ хүнээ мөнгө зээлээгүй болно. Миний танил Б.Н нь 2021 оны 04 сарын 08-ны өдөр дансаа ашиглуулаач, данс руу чинь мөнгө хийгээд тогтох гэсэн юм, мөнгө хожиж хүний ачааны мөнгө олж өгье гэж гуйсан учир би дансаа ашиглуулахыг зөвшөөрсөн. Удалгүй Б.Н нь ах дүүгээр мөнгө орж ирнэ гэсэн бөгөөд миний ... банкны ... тоот данс руу 10,000,000 төгрөгөөр 2 удаа, ... тоот дансаар чинбат гэх утгатай 10,500,000 төгрөгийн орлого 10 цаг 22 минутанд орж ирсэн. Энэ мөнгөөр нэхэмжлэгч Б.Н нь өөрөө цахим мөрийтэй тоглоом тоглож, мөн өдрийнхөө 12 цаг 37 минутад п гэх утгатай ... тоот мөрийтэй тоглоомын данс руу 18,000,000 төгрөгийг шилжүүлж тоглосон. Мөн үлдэх мөнгөөр болон миний дансанд байсан 2,500,000 төгрөгөөр, мөн миний мобикомын 2 дугаарыг 10,000,000 төгрөгөөр барьцаанд тавиулж зээл авч тоглож алдсан байдаг. Б.Ч нь Б.Н төрсөн ах болохыг миний бие сүүлд мэдсэн бөгөөд миний бие дүү Б.Н нийт 42,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хангаж шийдвэрлэснээс хойш Н нь намайг удаа дараа дарамталж, ах гэх Ч нь мөн дарамталж мессеж бичих болсон. Б.Ч төрсөн дүү Б.Н нь тухайн үед миний дансыг ашиглаж Б.Ч орж ирсэн 10,500,000 төгрөгөөр мөрийтэй тоглосон бөгөөд надад огт хамаагүй, би зээлж аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэв.
Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч гэх хүнийг мэднэ. Бид 2-ын хооронд бичгээр болон амаар зээлийн гэрээ хийгдээгүй. Тийм харилцаа үүсээгүй. Миний таньдаг Н гэх хүн 2021 оны 04 сарын 06-ны өдөр дансаа ашиглуулаач данс руу чинь мөнгө хийгээд цахим мөрийтэй тоглоом тоглож ачааны эзний мөнгийг олж өгье гэсний дагуу би дансаа ашиглуулахаар болсон. Удалгүй ах болон дүүгээс мөнгө орж ирнэ гээд 04 сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг 2 удаа 10 цаг 22 минутад 5370021329 гэх тоот данснаас Ч гэх утгатай 10,500,000 төгрөг орж ирээд Н нь мөрийтэй тоглоом тоглосон. Тухайн өдрийн 12 цаг 37 минутад тоглоомын данс руу 18,000,000 төгрөгийг п гэх утгатай шилжүүлж мөрийтэй тоглоом тоглосон. Мөн миний дансанд байсан 2,500,000 төгрөг, миний мобикомын 2 дугаарыг зээлийн барьцаанд тавиулж энэ бүх мөнгөө алдсан байдаг. Би Ч Н төрсөн ах гэдгийг сүүлд мэдсэн. Би Н 42,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээс хойш Н нь удаа дараа намайг дарамталж дээрэлхсэн. Муу муухай үгээр байнга доромжилдог байсан. Ах болох Ч нь намайг мессежээр мөн дарамталдаг. Тухайн өдөр Ч миний данс руу шилжүүлсэн мөнгөөр Н нь миний дансыг ашиглаж мөрийтэй тоглоом тоглож алдсан байдаг. Н гэх хүн удаа дараа намайг үг хэлээр доромжилж тухайн үед цагдаагийн байгууллагад өгсөн байгаа. Мөн Н намайг удаа дараа үе шаттай байгууллагуудаар шалгуулж байгаа. Сүүлд гэхэд энэ оны 04 сарын 11-ний өдөр би авлигатай тэмцэх газар очиж уулзсан. Намайг өрх толгойлсон эмэгтэй гэдэг утгаар байнга доромжилж гүтгэж байна. Энэ байдал нь надад хэцүү байна. Энэ хүнээс би огт мөнгө зээлээгүй. Мөн энэ хүнтэй хамтран ажиллана гэж мөнгө зээлж аваагүй. Хамгийн анх эвлэрүүлэн зуучлагчид 10,500,000 төгрөг намайг зээлсэн гэж өгсөн байсан. Одоо болохоор том тэрэг авна хамтарч ажиллана гэж өгсөн гэж байна. Удаа дараа ах дүү хоёроос доромжлолын үг авч байна. Сүүлд авлигатай тэмцэх газар бас юу гэж гомдол өгсөн юм бүү мэд. Тухайн өдөр ахаас нь 10 цаг 22 минутад орж ирсэн мөнгийг 12 цаг 37 минутад тоглоомын данс руу понги гэх утгатай хийж мөрийтэй тоглоом тоглосон байгаа. Аман болон бичгэн гэрээ хийж зээл аваагүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрт нөлөөлж шийдвэр гаргуулсан байна гэж хэлдэг” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн өмгөөлөгч: Г Ч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 181-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Харин Н Г дансаар дамжуулан мөнгө авч тухайн өдөр мөрийтэй тоглоом тоглосон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа юм. Ямар баримтуудаар тогтоож байна гэхээр Г дансны хуулга, Н дансны хуулга, Э гэж хүний дансны хуулгаар тогтоогдож байгаа юм. Н тоглохдоо өөрийнхөө данснаас гадна бусад хүний дансыг ашиглаж тоглодог нь тогтоогдож байна. Э дансны хуулгаар энэ нь тогтоогдоно. П гэх утгаар бусад хүний данснаас мөнгө орсон нь харагддаг. Магадгүй өнөөдөр Н ахаасаа орж ирсэн мөнгөөр өөрөө тоглочхоод өнөөдөр гэрчийн мэдүүлэг өгөөд байж байгаа байдал нь Н, Ч нар нь төрсөн ах дүү, хамаатан садны хамааралтай. Тэгэхээр гэрчийн мэдүүлгийг үнэн зөв өгсөн эсэх дээр асуудалтай. Шүүхийн шийдвэр байгаа. Яагаад тэр шийдвэрийг хавсаргасан гэхээр тэр шийдвэрт анхнаасаа Г өнөөдрийн ярьсан зүйлсээ ярьсан байдаг. Гэтэл өнөөдөр Ч яагаад тухайн үйл явдал болоод байхад энэ надаас мөнгө зээлчихсэн юм гээд нэхэмжлэл гаргаагүй юм. Гаргахгүй явж байснаа шүүхийн шийдвэр гарснаас хойш удаж, удаж гаргаж байгаа юм. Энэ хоёрын хооронд ямар нэгэн үл ойлголцол, өс хонзонгийн зүйл байгаа нь харагдаад байгаа юм. Сая өмгөөлөгч ярьж байна иргэний эрх зүйл байдал үүсээгүй байж болно гэж байна. Үүсээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна. Хэрвээ өнөөдөр Г энэ хүнээс мөнгө зээлээд авчихсан бол төлөх ухамсрын чадвартай. Гэтэл аваагүй мөнгөө яагаад төлдөг юм. Өмнөх асуудлууд дээр энэ асуудлаа л ярьдаг шүү дээ. Ч үйл баримтаа бас тодорхой ярихгүй байна. Бүдэг бадаг 2 өгүүлбэр хэлж байна. 10,500,000 төгрөг чинь үнэхээр их мөнгө шүү дээ. Үнэхээр Г мөнгө зээлсэн бол энэ хоёрын хооронд ямар нэгэн яриа болно биз дээ. Хэзээ өгөх юм яах гэж зээлж байгаа юм гэх мэтээр хэн ч асууна биз дээ. Тэгээд л нэг бол зээлсэн гээд нэг бол хамтарч ажиллана, машин авна гэсэн гээд. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэлээ нотлох үүрэгтэй. Үйл баримтаа үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй. Тэгэхээр Г нь Ч 10,500,000 төгрөг зээлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Н нь Ч мөнгө авч Г дансанд хийлгээд тоглосон нөхцөл байдал тогтоогдож байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн саналыг гаргаж байна” гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-2022 оны 12 сарын 12-ны өдрийн 171 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол,
-... банкны Г.Г депозит дансны хуулга,
-2022 оны 06 сарын 15-ны өдрийн 256 дугаартай шүүхийн шийдвэр,
-2023 оны 03 сарын 22-ны өдрийн Х банкны 5374/127 дугаартай албан тоот,
-Х банкны Б.Н депозит дансны хуулга,
-Х банкны Б.Э депозит дансны хуулга,
-Төрөл садангийн лавлагаа,
-2022 оны 10 сарын 14-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
-Гэрч Б.Н мэдүүлэг,
-2023 оны 04 сарын 14-ны өдрийн 4/3168 дугаартай М Корпорацын албан тоот,
-2021 оны 12 сарын 20-ны өдрийн 5/58 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол,
-2021 оны 10 сарын 18-ны өдрийн 5/149 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол,
-Гэрч С.Э мэдүүлэг,
-2023 оны 03 сарын 01-ний өдрийн 33 дугаартай шийтгэвэр зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Г.Г холбогдуулан зээлийн 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Б.Ч нь өөрийн эзэмшлийн Х банкны ... тоот данснаас хариуцагч Г.Г Х банкны ... тоот дансанд 10,500,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй.
Маргаантай зүйл нь нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Г.Г 10,500,000 төгрөгийг зээлүүлсэн, хариуцагч Г.Г нь бидний хооронд бичгээр болон амаар зээлийн гэрээ хийгдээгүй, энэ талаарх харилцаа огт үүсээгүй, Н миний дансыг ашиглаж мөрийтэй тоглосон учир нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “...хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж заасан байдаг.
Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул зээлийн гэрээг бичгээр болон амаар байгуулж болохоор хуульд зохицуулсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ч эзэмшлийн Х банкны ... тоот данснаас хариуцагч Г.Г Х банкны ... тоот данс руу 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 10 цаг, 22 минутад 10,500,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж мөн өдрийнхөө 12 цаг, 37 минутад Х банкны .. тоот данс руу П гэх нэрээр 18,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь нэхэмжлэгч Б.Ч Х банкны ... тоот, хариуцагч Г.Г Х банкны ... тоот, Э Х банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Хариуцагч Г.Г Х банкны ... тоот дансны хуулга хх-ийн 24-25 хуудсанд, мөрийтэй тоглосон гэх хариуцагчийн дүү Б.Н Х банкны ... тоот дансны хуулга, мөрийтэй тоглоомын дансны эзэн гэх Э Х банкны ... тоот дансны хуулгууд хх-ийн 44-175 хуудсанд тус тус авагдсан болно.
Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Г.Г 10,500,000 төгрөгийг “зээлүүлсэн” юм гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан эсвэл зээл авч, өгөлцөх талаар амаар хэлцэл хийсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Г.Г 10,500,000 төгрөгийг зээлээр өгсөн гэдгээ нотолж чадаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлаж, түүнийгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Нотлох дарааллаар эхэлж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангалттай нотолсон байх ёстой. Үүний дараа хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй гэж үзэх тул нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадаагүй байхад хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа заавал нотлох үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Г.Г зээлээр 10,500,000 төгрөг өгсөн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч Г.Г холбогдох зээлийн 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэрч Б.Н, С.Э нарын мэдүүлгүүд нь Ч данснаас нэхэмжлэгч Г.Г дансанд мөнгө орж ирсэн гэдгийг нотолж байгаа болохоос,нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Г.Г нарын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг нотлоогүй болно.
Хариуцагч Б.Ч нь шүүх хуралдаанд “Г.Г надад зээлүүлэн мөнгөө өгөхгүй бол хоёулаа нийлээд том тэрэг явуулсан ч болно ямар ч хамаагүй хувилбараар хамтарч ажиллаж болно гэж байсан” гэж мэдүүлсэн боловч энэ нь мөн нотлох баримтаар нотлогдоогүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Ч нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г холбогдох зээлийн 10,500,000 /арван сая, таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц