Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/шш2023/01633

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 31 101/ШШ2023/01**3

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ядаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-А-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- А-т холбогдох,

******* сууцыг шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах, орон сууц захиалгаар бариулах гэрээний алданги 24,849,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Т.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь Т.А холбогдуулан ****** тоот 50.2 м.кв орон сууцыг шилжүүлэхийг даалгах, өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгах, орон сууц захиалгаар бариулах гэрээний алданги 24,849,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2019 оны 04 сарын 19-ний өдөр хариуцагч Т.Аэй орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, ******* тоот хаалганы дугаартай 50.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг захиалж, гэрээний нийт үнэ 49,698,000 төгрөгийг хариуцагчид бүрэн шилжүүлсэн.

Хариуцагч нь гэрээний 3.1, 5.2.1, 5.2.11-т заасны дагуу орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсон боловч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэж өгөөгүй учир эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Б.А нь 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдөр нас барснаар түүний ээж Галсандоржийн А нь уг хэрэгт эрх залгамжлагчаар оролцож байгаа.

Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 5.2.5-т байр ашиглалтад орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчид төлөхөөр тохирсон. Бид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар залгасан боловч утсаа авахгүй байсан. Ингээд нэг удаа холбоо барихад 2021 онд ашиглалтад орно, удахгүй гэж хэлсэн. Энэ үгэнд нь итгэж хүлээж байсан.

Бид 919 хоногийн алдангийг тооцоход 45.0000.000 төгрөг болсон тул Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүүлэн багасгаж 24.849.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа Атай 2019 оны 4-р сарын 19-ний өдөр орон захиалгын гэрээ байгуулсан, захиалагч захиалсан орон сууцны үнийг бүрэн төлсөн. Ажил гүйцэтгэх явцад миний барьж байгаа байшингийн чиглэлд улсаас дулааны шугам шинээр тавих тухай Засаг даргын **** дугаартай захирамж гарснаар манайх дулаанаа авах боломжгүй болсон. Энэ дулааны шугам барих ажил 2019 онд төсөвт мөнгө нь суутгагдаагүй гээд он дамжин хийгдэж, 2020-12-31-нд дулааны шугамыг нь улсын комисс хүлээн авч 2021 оны хавар бид шинэ баригдсан дулааны шугамнаас дулаанаа авахаар болсноор 2021 оны 3-р сард дулаан авах зөвшөөрөл төрийн байгууллага өгсөн.

Энэ үед ковидын нөхцөл байдал улс орон даяар үүссэн хөл хорио тогтоосон байсан тул бид боломжоороо ажиллаж барилга барьж дуусаад 2022 оны 11-р сард улсын комисс ажилуулах хүсэлт гаргаж комисс 2022 оны 01-р сарын 28-нд ажилласан ч айлууд орсон байна гээд ажиллаагүй. Тухайн үед захиалагч нарт орон сууц 2019 оны 4-р улиралд ашиглалтад орохгүй болсон талаар мэдэгдэж байсан, ковидын хөл хорионы үе байсан тул захиалагчтай уулзаж байгаагүй. Мөн хил гааль хаалттай байснаар бараа материалын хомсдол үүссэн байгаа.

Дулааны шугамын асуудлаас болж төрийн байгууллагад хандсан байгаа. Мөн гэрээний 2.4-т үнэ өөрчлөгдвөл захиалагчтай тохирч үнэнд өөрчлөлт оруулахаар тохирсон байгаа. Орон сууцыг барьж байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний хэд хэдэн зохицуулалт байгаа, хоёр тал гэрээнд өөрчлөлт оруулах, Иргэний хуулийн 220-р зүйлд зааснаар талууд хүсэлт гаргах эрхтэй.

Гэрээний 5.1.2-т үүрэг шаардах эрхтэй, захиалагч гэрээгээр хүлээж аваагүй байхад хохирол учирвал шаардах эрхтэй байгаа. Онцгой нөхцөл байдал тохиолдсон бол хариуцлага хүлээхгүй гэсэн байгаа тул ковидын үе таарсан, бараа материал хомсдол үүсэж, үнэ өссөн байгаа. Би дангаараа гэрээгээ цуцалсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Нотлох баримтын тухайд

 

Нэхэмжлэгч Б.А төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-8/, 2019 оны 4-р сарын 19-ний өдрийн орон сууц захиалагаар бариулах тухай гэрээ /хх-9-13, 15/, 2019-04-19-ний өдөр Агаас А 49,698,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг баримт /хх-14/, Б.А иргэний үнэмлэх хуулбар /хх-16/, Т.Аийг иргэний үнэмлэх хуулбар /хх-17/, Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-32/, Б.А 2023-02-09-ний өдөр нас барсан тухай гэрчилгээ /хх-172/, Б.Агийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-171/, Г.Агийн иргэний үнэмлэх хуулбар /хх-170/, Г.Агийн нийслэлийн тойргийн нотариатчид гаргасан өв хүлээн авах хүсэлт /хх-173/, Г.Агаас төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-***, 189/, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-179, 190/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагчаас хариу тайлбар /хх-31/, хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ /хх-41-50/, 207/2018 дугаартай техникийн нөхцөл /хх-51/, иргэн Ш.Одхүү, Бэсткап ХХК, иргэн Т.А нарын үйлчилгээ, орон сууцны барилгын гадна шугамын ажлын зураг /хх-52/, дулааны шугамын байгуулалтын зураг /хх-57/, халаалт хэрэглээний халуун усны цогц төхөөрөмжийн зарчмын тойм нэртэй зураг /хх-69/, 2021-10-29-ний өдрийн огноотой Б.А гэсэн албан мэдэгдэл /хх-79/, Т.А, Ч.О нарын хооронд 2022-11-01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ /хх-112-119/, У ТӨХКомпаний Т.А гэж хаягласан 2023-02-16-ны өдрийн албан бичиг /хх-182/, Н газрын Т.А гэж хаягласан 2023-03-06-ны өдрийн албан бичиг /хх-183/ зэргийг гаргасан.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Н 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай захирамж /хх-106/, зохигчийн хүсэлтээр Ф ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-136-137/, УУБЕ газраас ***** тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай 2023-01-30-ны өдрийн 6/971 дугаартай албан бичиг /хх-156/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

Хэргийн 53-56, 58, 59, 60-68, 70-78, 80-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь Т.А холбогдуулан ************ тоот 50.2 м.кв орон сууцыг шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах, орон сууц захиалгаар бариулах гэрээний алданги 24,849,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 08-р сарын 11-ний өдөр гаргасан /хх-1-2/.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.А нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нас барснаар /хх-172/ түүний эрх залгамжлагчаар ээж Г.А нь оролцохоор хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/***** дугаар захирамжаар хангаж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар Г.А оролцсон /хх-174-175/.

 

4. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2019 оны 04 сарын 19-ний өдөр хариуцагчтай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан, захиалсан ******* тоотод байрлах 50.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны нийт үнэ 49,698,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бүрэн төлж гэрээний үүргээ захиалагчийн зүгээс биелүүлсэн.

Хариуцагч нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсон боловч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 5.2.5-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг 919 хоногоор тооцож, Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүүлэн багасгаж 24.849.000 төгрөгөөр тооцсон гэж тодорхойлон тайлбарласан.

 

5. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Б.Атай 2019 оны 4-р сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан, захиалагч захиалсан орон сууцны үнийг бүрэн төлсөн боловч барилгын ажил гүйцэтгэх явцад Н **** дугаартай захирамж гарч дулааны шугам шинээр барих болсноор ажил зогссон, дулааны шугам барих ажлын мөнгө төсөвт суутгагдаагүй гээд он дамжин хийгдэж 2020-12-31-нд дулааны шугамыг улсын комисс хүлээн авснаар манайд 2021 оны 3-р сард дулаан авах зөвшөөрөл олгосон.

Энэ үед ковид цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоосон, хил гааль хаалттай байсан учир барилгын бараа материал хомсдож, хилээр орж ирсэн барааны үнэ огцом өссөн боловч боломжоороо ажиллаж барилгаа дуусгаад 2022 оны 11-р сард улсын комисс ажилуулах хүсэлт гаргаж, комисс 2022 оны 01-р сарын 28-нд ажилласан ч комисс ажиллахаас өмнө айлууд орсон байна гээд комисс ажиллаагүй.

Захиалагч нарт орон сууц 2019 оны 4-р улиралд ашиглалтад орохгүй болсон талаар мэдэгдэж байсан, ковидын хөл хорионы үе байсан тул захиалагчтай уулзаж байгаагүй, утсаар хэлж мэдэгдсэн.

Бараа материалын үнэ нэмэгдснээр гэрээний 2.4-т захиалагчтай тохирч үнэнд өөрчлөлт оруулахаар тохирсон байгаа. Онцгой нөхцөл байдал тохиолдсон бол хариуцлага хүлээхгүй гэж гэрээгээр тохирсон тул ковидын үе таарсан, бараа материал хомсдож, үнэ өссөн зэрэг шалтгааны улмаас анх гэрээ байгуулсан үнээр орон сууцыг худалдах боломжгүй болсон тул би дангаараа гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигч талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Т.А нь Б************ тоот, 50,2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2019 оны 4-р улиралд барьж ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Б.А нь нийт үнэ 49,698,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна /хх-10-13/.

 

Талууд тус гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох Б************ тоотын 50.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь баригдаагүй, хариуцагч Т.А нь уг орон сууцыг шинээр барьж, гүйцэтгэн захиалагч Б.Ад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад илүү нийцэж байна.

 

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Дээрх гэрээний дагуу захиалагч болох Б.А нь 49,698,000 төгрөгийг Т.Аийн Хаан банкны ********* тоот дансанд 2019 оны 4-р сарын 19-ний өдөр шилжүүлсэн байх /хх-14/ бөгөөд талууд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан болон захиалагчийн зүгээс төлбөрийг бүрэн төлж биелүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

 

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талууд энэ талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

8. Хариуцагч тал орон сууц барих чиглэлд төрөөс дулааны шугамын ажил хийх шийдвэр гарсан, төрөөс хийгдсэн дулааны шугамын ажлыг улсын комисс 2021 оны 1-р сард ашиглалтад хүлээн авснаар шинээр баригдсан барилгад 2021-03-15-ны өдөр дулаанаа авч дотор заслын ажлаа хийсэн. Энэ үед ковидын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон, бараа материалын үнэ өссөнөөр орон сууц захиалагын үнэ нэмэгдсэн тул энэ талаар захиалагч нарт хэлж мэдэгдсэнээр Б.А хүлээн зөвшөөрөөгүй тул би гэрээнээс татгалзсан гэж маргасан.

 

9. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, 355.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэжээ.

 

Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх хэлцлийн төрөлд хамаарахгүй бөгөөд тодорхой хугацааны дараа хэрэгжлээ олдог тул гэрээнд оролцогч талын аль нэг нь үүргээ зохих журмаар биелүүлэхгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж, улмаар гэрээг цуцлах асуудал тавигдана. Тиймээс үүргийн зөрчил бүр гэрээ цуцлах үндэслэл болохгүй. Гагцхүү ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээ цуцлах журамтай.

 

Талууд гэрээний 2.4-т орон сууцны барилгын барьж эхлэх үеийн эрчим хүч, түл шатахуун, барилгын материалын үнэ 10-аас дээш хувиар өөрчлөгдөхөөс бусад тохиолдолд орон сууцны үнэнд өөрчлөлт оруулахгүй. Хэрэв өөрчлөлт хийх шаардлагатай бол захиалагчтай тохиролцож нэмэлт гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэжээ. Ажил гүйцэтгэгч нь гэрээ байгуулах үед мэдэгдээгүй нөхцөл байдлын улмаас ажлыг хийж гүйцэтгэх төсвийн хэмжээ нэмэгдэхээр бол энэ талаар захиалагчдаа мэдэгдэх үүрэгтэй юм.

 

Гэтэл, хариуцагч Т.А нь төрөөс дулааны шугам барих тухай шийдвэр гарснаар ажил удааширсан, ковидын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоогдож, хил гааль хаагдаж, барилгын материалын хомсдол үүссэнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ огцом өссөн талаараа захиалагчдаа мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан хариуцагч Т.А нь Баянзүрх дүүрэг 10-р хороо, Улаанхуаран гудамж 2021 тоот хаягт, 20.0х12.0 метрийн хэмжээтэй 7 давхар орон сууцны дулааны техникийн нөхцлийг УБДС ТӨХК-ийн техникийн нөхцөл олгох комиссын 2018 оны 6-р сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцэж зөвшөөрсөн /хх-51/ байх боловч Т.А нь УУ ТӨХК-тай 2021 оны 9-р сарын 27-ны өдөр хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан /хх-42/.

 

Н 2019 оны 07-р сарын 26-ны өдрийн эрх шилжүүлэх тухай **** дугаартай захирамжаар ...Улаанбаатар хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, Амгалан дулааны станцын үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийгдэх Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, ********** мм-ийн голчтой дулааны шугамын эхний ээлжийн 858 хос метр шугамын угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг даалгасан /хх-106/,

хэргийн 57-р талд авагдсан дулааны шугамын байгуулалт нэртэй зургийн зүүн доод буланд УБДС ХК шинээр хийх 2ф400 голчтой шугамыг ашиглалтанд бүрэн хүлээн авсаны дараа холбоход урьдчилсан байдлаар зураг хянав гэж бичигдсэн, огноо бичигдээгүй /хх-57/,

Н газрын 2023 оны 03-р сарын 6-ны өдрийн 6/421 дугаартай албан бичигт Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт, Улаанхуаран гудамжны 2021, 2022 тоот хашаанд иргэн Т.А гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн гэрчилгээтэй **7.0 м2 газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2018 онд******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг баталсан. Мөн Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, ******* гудамж дагуу магистраль шугам татах, УБТЗ ХНН-ийн барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлын зургийн даалгавар 2019 онд хянан батлагдсан /хх-183/ гэх баримтуудаар ажил гүйцэтгэгчийг хугацаандаа ажлаа гүйцэтгэх боломжгүй гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

Талуудын байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.2.9-д гэрээний үнийг бүрэн төлж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ф ХХК байна гэж дурдсан байх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч Т.А нь Ф ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна /хх-136-137/.

 

УУБЕ газрын 2023 оны 01-р сарын 30-ны өдрийн 6/971 дугаартай албан бичигт ************ тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй болохыг тодорхойлсон байна /хх-156/.

 

Зохигчийн байгуулсан орон сууц захиалгын гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгэгчийн үүрэг нь орон сууцыг энэхүү гэрээнд заасан хугацаанд захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч тал гэрээний үнийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг гаргаж өгөх, талууд харилцан тооцоо нийлж акт үйлдэж орон сууцыг захиалагч талын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх, гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүргийг хүлээсэн байна /хх-11/.

 

Иймд хариуцагч Т.А нь захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардлагатай холбогдох баримт бичгийг захиалагч талд гаргаж өгөх, актаар орон сууцыг захиалагч талд шилжүүлэх, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн талаарх Хаан банкны орлогын мэдүүлэг баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зүгээс орон сууцны нийт үнэ 49,698,000 төгрөг төлсөн эсэхэд маргаагүй тул нэхэмжлэгч Б.А нь гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд гэрээний нөгөө тал болох хариуцагч Т.Аээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зохицуулсан.

 

Иймд хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ************ тоот 50.2 м.кв орон сууцыг шилжүүлэх, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан Н 2019 оны **** дугаартай Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, ********** мм-ийн голчтой дулааны шугамын эхний ээлжийн 858 хос метр шугамын угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг даалгасан захирамж,

Т.Аийн УУ ТӨХК-тай 2021 оны 9-р сарын 27-ны өдөр байгуулсан хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ,

УУ ТӨХК-ийн 2023 оны 01/283 дугаартай иргэн албан бичиг, Н газрын 2023 оны 03-р сарын 6-ны өдрийн 6/421 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтуудаар тухайн ажил хийгдсэн гэх үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч талыг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь татгалзсан тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Агийн эрх залгамжлагч Г.Ад ************ тоот 50.2 м.кв орон сууцыг шилжүүлэх, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Т.А даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Алдангийн тухайд

 

Нэхэмжлэгч нь алдангийн төлбөрт 24,849,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд талуудын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 5.2.5 дахь хэсэгт байр ашиглалтад орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчид төлөх үүргийг гүйцэтгэгч хүлээнэ гэж харилцан тохиролцжээ.  

 

Нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг хариуцагч нь 2019 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохирсон байх боловч улсын комисс хүлээж аваагүй болохыг хариуцагч тайлбарлаж байх тул гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан тул хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн хугацаа 2019 оны 4-р улиралд дуусгавар болж алданги тооцох үндэслэл болсон 60 хоногийн хугацаа 2020 оны 03-р сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон алданги шаардах эрхтэй байна.

 

Хэдийгээр зохигчийн байгуулсан гэрээний 8.1-д талууд энэ гэрээг байгуулснаас хойш гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал /үер, гал түймэр, газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан дайчилгаа болон бусад аюул, дайны болон онц байдал зарласан, улсын хилийг хааснаас гадаад материалын нийлүүлэлт тасарсан, цахилгаан дулааны холболт саатсан, төрийн байгууллагын шийдвэр гаргах удаашралтай үйл ажиллагаа, барилга улсын комиссод хүлээлгэж өгөх дараалал гэх мэт/-ын улмаас талуудын аль нэг нь гэрээний үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Хэрэв дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээний хугацаанд нөлөөлсөн бол тийнхүү нөлөөлсөн хугацаагаар гэрээ сунгагдана гэжээ.

 

Гэвч Н **** дугаартай захирамжаар ...Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ********** мм-ийн голчтой дулааны шугамын эхний ээлжийн 858 хос метр шугамын угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг даалгасан байх бөгөөд Т.А нь УУ ТӨХК-тай 2021 оны 9-р сарын 27-ны өдөр хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан байна.

 

Харин УУБЕ газар нь 2023 оны 01-р сарын 30-ны өдрийн байдлаар ************ тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй болохыг,

УУ ТӨХК нь иргэн Т.Аийн захиалгаар баригдсан 7 давхар орон сууцны барилга нь 2017 онд 14 дүгээр магистраль, Э ХХК-тай хамтарч нэгдсэн салаа шугамж татаж, төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох 125/2017/зуух/ дугаартай техникийн нөхцөл олгогдсон ч 2019 онд Амгалан дулааны станц орчмыг хангах нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 2ф400 мм хос шугамыг бүрэн ашиглалтад орсны дараа холбогдохоор зураг төсөл нь батлагдсан, батлагдсан зургийн дагуу 2021 оны 3-р сарын 15-ны өдрийн 01/11 тоот холболтын зөвшөөрлөөр төвлөрсөн дулааны хангамжинд холбогдсон болохыг,

Н газар нь иргэн Т.А гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн гэрчилгээтэй **7.0 м2 газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2018 онд******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зураг баталсан. Мөн Баянзүрх дүүргийн ***** дугаар хороо, ******* гудамж дагуу магистраль шугам татах, УБТЗ ХНН-ийн барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлын зургийн даалгавар 2019 онд хянан батлагдсан болохыг тус тус тодорхойлсон.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-02-13-ны өдрийн ** дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад ард улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020-02-15-ны өдрөөс зогсоосон, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11-р сарын 11-ны ***-р тогтоолоор коронавирс цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосноор иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон байх боловч хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийн хугацаа 2029 оны 4-р улирал байх тул гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд дээрх гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигч талууд гэрээндээ алданги тооцохоор харилцан тохиролцсон, хариуцагч нь үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 24,849,000 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ************ тоот 50.2 м.кв орон сууцыг шилжүүлэх, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Б.Агийн эрх залгамжлагч Г.Ад гаргаж өгөхийг хариуцагч Т.А даалгаж, хариуцагчаас 24,849,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Г.Ад олгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 758,835 төгрөг /282,195+140,400+336,240/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 758,835 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 345.2, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ************ тоотод байрлах, 50.2 м.кв орон сууцыг шилжүүлэх, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Б.Агийн эрх залгамжлагч Г.Ад гаргаж өгөхийг хариуцагч Т.А даалгаж, хариуцагч Т.Аээс гэрээгээр тохирсон алдангид 24,849,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Г.Ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 758,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Аээс 758,835 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Агийн эрх залгамжлагч Г.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ЯНЖИНДУЛАМ