Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01085

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 31 210/МА2023/01085

 

 

 

Б.А-гийн эрх залгамжлагч Г.А-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/01633 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-гийн эрх залгамжлагч Г.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.А-т холбогдох, Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхоны А блок, 3-р давхрын 000 тоот 50,2 м.кв орон сууцыг шилжүүлэхийг даалгах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, гэрээний дагуу алданги 24,849,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, хариуцагчийн өмгөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Б.А- нь иргэн Т.А-тэй 2019 оны 04 сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхоны А блокийн 3-р давхрын 000 тоот 50,2 м.кв талбайтай орон сууцыг нийт 49,698,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө 100 хувийн төлбөр болох 49,698,000 төгрөгийг хариуцагч Т.А-ийн Хаан банкны 5039144227 тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч Т.А- нь гэрээний 3.1-д зааснаар захиалсан орон сууцыг 2019 оны 4-р улиралд ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагчаас 2020 оны 01 сараас хойш орон сууцыг эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэн өгөхийг шаардсан боловч гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2022 оны 07 сарын 08-ны өдрийн байдлаар нийт 919 хоног хэтрүүлээд байна. Иймд гэрээний 5.2.5, 5.2.6-д заасны дагуу нийт 42,690,582 төгрөгийн алданги, үүнийг гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлбэл 24,849,000 төгрөг бодогдсон байна. Иймд Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхоны А блок, 3-р давхрын 000 тоот 50,2 м.кв орон сууцыг шилжүүлэхийг даалгаж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж, гэрээний дагуу алданги 24,489,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь байр захиалж, гэрээний үнийн дүнг бүрэн төлсөн. Тухайн үед бүх ажил хуваарийн дагуу явагдаж байсан. 2019 оны 07 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Оргил худалдааны төвөөс эхлэн төмөр зам хүртэл 577 метр зам дагасан дулааны шугам тавих ажил хийгдсэн. Улсын шугам нь манай ойролцоо ирэх учир түүний дараа дулаанаа татаж ав гэж төрийн байгууллагаас шаардсан. 2021 оны 03 дугаар сард дулаанаа авсан, 2022 оны өвөл улсын комисст орон сууцыг хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан. Гэтэл айл орсон байна гэсэн шалтгаанаар комисс орох хугацаа хойшилсон. Бараа материалын үнэ нэмэгдсэнээр гэрээний 2.4-т захиалагчтай тохирч үнэд өөрчлөлт оруулахаар заасан байгаа. Онцгой нөхцөл байдал тохиолдсон бол хариуцлага хүлээхгүй гэж гэрээгээр тохирсон тул ковидын үе таарсан, бараа материал хомсдож үнэ өссөн зэрэг шалтгааны улмаас анх гэрээ байгуулсан үнээр орон сууцыг худалдах боломжгүй болсон тул гэрээг дангаараа цуцалсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 345.2, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхоны А блокийн 3-р давхрын 000 тоот хаягт байрлах 50,2 м.кв орон сууцыг шилжүүлэх, уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч Б.А-гийн эрх залгамжлагч Г.А-д гаргаж өгөхийг хариуцагч Т.А-т даалгаж, хариуцагч Т.А-ээс гэрээгээр тохирсон алдангид 24,849,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Г.А-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а.Иргэний хуульд өв хүлээн авах ерөнхий болон тусгай хугацааг урьдчилан заадаг. Ямар нэг этгээд өөр этгээдийн эд хөрөнгийн өвлөгч болсон тухай мэдээллийг нийтэд хүртээх арга зам нь нотариатчаас олгодог өвлөх эрхийн гэрчилгээ бөгөөд энэ нь өвлөх журмаар эд хөрөнгийн эрх олж авахын баталгаа болдог. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн ээж Г.А- нь хэрэв цорын ганц хууль ёсны өвлөгч бол хуульд заасан хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээг авч болно. Гэтэл хавтаст хэрэгт зөвхөн өвлөх эрхийн хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгсөн нь нэхэмжлэгчийн эрх залгамжлах эрх бүхий этгээд мөн эсэхийг бүрэн тодорхойлоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхоны А блокийн 3-р давхрын 000 тоот хаягт байрлах 50,2 м.кв орон сууцыг шилжүүлэх, орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичиг, гэрээгээр тохирсон алдангид 24,849,000 төгрөгийг гаргуулж Г.А-д олгохоор шийдвэрлэсэн нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр эрх залгамжлагч Г.А-г шууд тогтоож байгаа хууль зүйн үр дагавар үүссэн нь хууль ёсны өвлөгч эсэх дээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу хууль ёсны эрх залгамжлагч шилжүүлэн авах боломж үүссэн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрх үүргийг шилжих хүртэл түдгэлзүүлж, хууль ёсны өвлөгчөөр тогтоосон өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эрх залгамжлагчаар солих ёстой гэж үзэж байна.

4.б.Маргаан бүхий орон сууцыг 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 2022/09 тоот Орон сууц захиалах гэрээ хавтаст хэрэгт авагдсан байх боловч гуравдагч этгээдээр тухайн орон сууцыг арилжааны гэрээгээр худалдан авах хэлцэл хийсэн тухай ямар нэг үйл баримтыг тодруулаагүй байна.

4.в.Нэхэмжлэгч Б.А-тай 2019 оны 04 сарын 19-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсны дараа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн А/730 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамжаар Улаанбаатар хотын зүүн хэсгийн дулааны хангамж сайжруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, Амгалан дулааны станцийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийгдэх Баянзүрх дүүргийн 10, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Гачууртын гудамж хүртэлх 2,5 к.м урт 2ф400 мм-ийн голчтой дулааны шугамын эхний ээлжийн 858 хос метр шугамын ажлын угсралтыг хийхээр болсон. Тус ажил нь маргаан бүхий орон сууцны нутаг дэвсгэр хамаарч байгаа бөгөөд тус ажлаас шууд хамаарч гүйцэтгэгч улсын нэгдсэн дулааны шугамд холбогдох ажил удааширсан. Үүнд гүйцэтгэгчийн шууд гэм буруу байхгүй болно.

4.г.Алданги 24,848,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд маргаан бүхий орон сууцны төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогдох ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалах обьектив нөхцөл байдал үүссэн. Дулаан хангамжийн ажил улсын хөрөнгө оруулалтаар сонгон шалгаруулалт зарласан гэрээлсэн компаниуд нь ажлаа гүйцэтгэж эхлэх үед дэлхий нийтийн цар тахал Ковид-19-ийн хөл хорио тавигдаж тухайн ажлууд нь тодорхойгүй хугацаагаар хойшилж, үүнээс шууд шалтгаалан манай барилгын ажил мөн хүлээгдсэн. Гэрээний 8.1-д гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас талуудын аль нэг нь гэрээний үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Хэрэв дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээний хугацаанд нөлөөлсөн бол тийнхүү нөлөөлсөн хугацаагаар гэрээг сунгагдана гэж заасан.

Иймд 24,848,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Б.А- 2023 оны 02 сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан. 2023 оны 02 сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд эрх залгамжлагчаар төрсөн ээж Г.А-г оролцуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч өв залгамжлагчийн асуудлаар ямар нэгэн шаардлага гаргаагүй бөгөөд Баянзүрх дүүрэг, 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхон, А блокийн 3 давхрын 000 тоот, 50.2 м.кв орон сууцыг шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах, гэрээний алданги 24,849,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар Б.А-гийн төрсөн эх Г.А- өв хүлээн авах хүсэлт гаргасан. Талууд хооронд 2019 оны 04 сарын 19-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, захиалагч төлбөрийг 100 хувь төлсөн. Т.А- тус орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Б.А-д гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдтэй арилжааны гэрээ байгуулсан. Тухайн орон сууцыг гүйцэтгэгч тал 2019 оны 4 дүгээр улиралд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Хариуцагч тал анхан шатны шүүхэд алдангийг эс зөвшөөрч нотлох баримтууд ирүүлсэн бөгөөд шаардлага хангаагүй нотлох баримт хавтаст хэрэгт бий. Барилгын материалын үнэ өссөн тул орон сууцны талбайн үнэ нэмэгдсэн нь Монгол Улсад цар тахал гарсантай холбоогүйг шүүх тогтоосон. 2020 оны 03 сараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 08 сар хүртэл 919 хоногийн хугацаа хэтэрсэн. Хариуцагчаас нийт алданги 24,849,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн Засгийн газрын тогтоолуудад хил, гааль хаасан, бараа материалын үнэ нэмэгдсэн талаар байдаггүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Т.А-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхоны А блок, 3-р давхрын 000 тоот 50,2 м.кв орон сууцыг шилжүүлэхийг даалгах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, гэрээний дагуу алданги 24,489,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 31, 139-146, 193-201/

 

3.   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.А- нас барсан шалтгаанаар түүний төрсөн эх Г.А-г нэхэмжлэгчийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. /хх 169-172, 174-175/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар эрх залгамжлагч Г.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

Зохигчдын хооронд үүссэн маргаан нь Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-тэй холбоотой маргаан буюу өвийн маргаан биш байх тул ...Г.А- нь хууль ёсны өвлөгч эсэхийг шүүх тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн... гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.   Талууд 2019 оны 04 сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Т.А- нь Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхоны А блок, 3-р давхрын 000 тоот 50,2 м.кв 3 өрөө орон сууцыг 2019 оны 4-р улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, ашиглалтад орох хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх, Б.А- нь гэрээний үнэ 49,698,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 10-13/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухай үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар захиалагч Б.А- нь гэрээний үнэ 49,698,000 төгрөгийг 2019 оны 04 сарын 19-ний өдөр бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, харин ажил гүйцэтгэгч Т.А- нь орон сууцыг 2019 оны 4-р улиралд барьж ашиглалтад оруулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний хугацааг хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 14/

 

6.   Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Маргаан бүхий орон сууц нь хэн нэгэн этгээдийн өмчлөлд бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 6/971 тоот албан бичгээр нотлогдож байх ба хариуцагч нь ...орон сууцны барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр Улсын комисст хандсан байгаа... гэсэн тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангах нь зүйтэй. /хх 156/

Хариуцагч нь ...гэрээний үнэд өөрчлөлт оруулсан, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан... гэж тайлбарлаж байх боловч гэрээний үнэд өөрчлөлт оруулах хэлцэл хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй, мөн ажил гүйцэтгэгч нь хуульд заасан зохих журмын дагуу гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдоогүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

7.   Хэргийн 112-119-р талд Т.А-, Ч.О- нарын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 2022/09 тоот Орон сууц захиалах гэрээ авагдсан байх боловч уг гэрээ нь шүүхэд маргаан үүссэний дараа байгуулагдсан, мөн уг гэрээний дагуу Т.А- мөнгөн хөрөнгө хүлээж авсан гэх баримтгүй байна.

Ч.О- гэх этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг зохигчдын хэн аль нь гаргаагүй.

Иймд ...гуравдагч этгээдээр тухайн орон сууцыг арилжааны гэрээгээр худалдан авах хэлцэл хийсэн тухай ямар нэг үйл баримтыг тодруулаагүй... гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.   Харин алдангийн талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Учир нь, хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн А/730 тоот Эрх шилжүүлэх тухай захирамж, УДС- ТӨХК-ийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 01/283 тоот албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 6/421 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй нь хариуцагчийн буруугаас шалтгаалаагүй буюу эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас орон сууцны барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй үйл баримт тогтоогдсон. /хх 106, 182, 183/

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмын дагуу дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй байна.

Тодруулбал, эдгээр захирамж, албан бичгүүд нь ...Улаанбаатар хотын зүүн хэсгийн дулаан хангамжийг сайжруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс Гачууртын гудамж хүртэлх 2,5 км урт 2ф400 мм-ийн голчтой дулааны шугамын ажлыг Нийслэлийн төсвөөр хийж гүйцэтгүүлэх, уг дулааны шугамын ажил хийгдэж, бүрэн ашиглалтад орсны дараа Т.А-ийн захиалгаар баригдсан 7 давхар орон сууцны барилгыг дулааны шугамд холбох... агуулгатай байхад анхан шатны шүүх ...ажил гүйцэтгэгчийг хугацаандаа ажлаа гүйцэтгэх боломжгүй гэж шууд дүгнэх боломжгүй... гэж дүгнэн, улмаар хариуцагчаас алданги 24,849,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан тул алданги 24,849,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

9.   Нэхэмжлэгч нь орон сууцыг шилжүүлэхийг даалгах гэж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүхээс тодруулсны үндсэн дээр зөвтгөн шийдвэрлэсэн болно. Тухайлбал:

9.а.Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-ний дагуу орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах хүсэл зоригоор шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан тул орон сууцыг нэхэмжлэгч Б.А-гийн эрх залгамжлагч Г.А-гийн өмчлөлд шилжүүлэх-ийг хариуцагчид даалгасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

9.б.Хариуцагч Т.А- нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах эрх бүхий этгээд биш тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг Б.А-гийн эрх залгамжлагч Г.А-д гаргаж өгөх-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

10.   Нэхэмжлэгч алданги шаардсан байтал анхан шатны шүүх алдангийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Мөн анхан шатны шүүх маргаанд шууд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсныг хасах нь зүйтэй.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/01633 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн эрх залгамжлагч Г.А-гийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгалан апартмент-12 хотхон, А блокийн 3-р давхрын 000 тоот хаягт байршилтай 50,2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхийг, мөн уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг тус тус хариуцагч Т.А-т даалгаж, хариуцагчаас алданги 24,849,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч Т.А-ээс 758,835 төгрөгийг... гэснийг ...хариуцагч Т.А-ээс 476,640 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 758,835 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР