Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/02080

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 25 101/ШШ2023/02080

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- К К ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- М-т холбогдох,

Баянзүрх дүүрэг, *******тоотод байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 16,995,825 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ц.М, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К К ХХК нь А.Мт холбогдуулан Баянзүрх дүүрэг, *******тоотод байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 16,995,825 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон /хх-1-2/.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А.Мтэй 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 1********** тоот 36.7 мкв талбайтай орон сууцыг захиалж, захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт 21.578.500 төгрөгийг төлсөн.

2019 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1.948.350 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Хариуцагч нь гэрээний дагуу нийт 60.555.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой байсан.

Гэвч хариуцагч нь урьдчилгаа төлбөртэйгөө нийлээд 26.563.350 төгрөгийг төлж, хариуцагч нь 2019 оны 11-р сарын 15-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаа өнгөрч байгаа тул 2022 оны 09 сарын 22-ны өдөр мэдэгдэл өгч, гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд хариуцагчаас 2022 оны 09 сарын 29-ний өдөр 45 хоногийн хугацаа олгох хүсэлт гаргасан боловч тухайн хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын байгуулагдсан гэрээний 7.2-т зааснаар мэдэгдэл өгч гэрээг цуцалсан. Биднийг гэрээ байгуулсан үеэс хойш барилгын материалын үнэ, орон сууцны үнэ өссөнтэй холбоотойгоор тухайн орон сууцыг бид 2019 оны үнэлгээгээр тооцох боломжгүй болсон байгаа тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх хүсэлттэй байна.

Мөн хариуцагч нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр орон сууц хүлээн авснаас хойш тухайн байрыг бусдад түрээслүүлж орлого олж байгаа хэдий ч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй тухайн орон сууцыг 4 жилийн турш үнэ төлбөргүй ашиглаж байгаа тул гэрээний 4.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 2021 оны 05 сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцоход 87.528.498 төгрөг болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 16.995.825 төгрөгийг алдангийн төлбөрт шаардаж байгаа гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа нэхэмжлэгчтэй 2019 оны 09 сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулах гэрээ байгуулснаар урьдчилгаа төлбөрөө төлсөн.

Манай гэр бүлийн хувьд гэрээний төлбөр төлөхөд нэлээд асуудалтай байсан буюу 2020 оны 07 сарын 09-нд эхнэр амаржсан тул ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байсан тул төлбөрөө төлж чадаагүй. Мөн Монгол улсад ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоосон учир ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй.

Бидний зүгээс төлбөр төлөх боломжгүй байгаа талаараа болон өөр байдлаар төлбөр төлөх санал гаргаад тохиролцоогүй, орон сууцыг бид хууль бусаар эзэмшээгүй, орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулах гэрээ байгуулснаар орон сууцыг шилжүүлэн авсан тул орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид барилгын ажил эхлээгүй байхад 21.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан, хуваарийн дагуу гэрээний төлбөрөө төлөөгүй нь бидний буруу боловч нийт төлбөрийн бараг 44 хувийг төлсөн. Төлсөн төлбөрийн дүн дээр маргахгүй, үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4. Нотлох баримтын тухайд

4а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, төлөөлөгч томилсон 2022-10-14-ний өдрийн итгэмжлэл /хх-6/, 2019-9-2-ны өдрийн орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ /хх-7-9/, А.Мийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-10/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019-10-7-ны өдрийн ***** дугаартай дүгнэлт /хх-11-14. 39-42/, төлөөлөгч томилсон 2023-01-30-ны өдрийн итгэмжлэл /хх-35/, К К ХХК-иас А.Мт хаягласан 2022+-9-22-ны өдрийн 22/48 дугаартай албан бичиг /хх-38/, А.Мийн 2022-9-29-ний өдөр гаргасан хүсэлт /хх-45/, К К ХХК-ний Баянзүрх дүүрэг, ***********гийн гудамжид байрлах 2795 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-65/, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2023-3-9-ний өдрийн гэрээ /хх-6669/, Баянзүрх дүүрэг, ***********гийн **** кадастрын зураг /хх-70-71/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын хягийн тодорхойлолт бүхий 2020-02-13-ны өдрийн ***** дугаартай албан бичиг /хх-82/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

4б. Хариуцагчаас хариу тайлбар /хх-21-22/, А.Мийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-23/, А.М нь 2020-7-9-ний өдөр төрүүлсэн хүүхдийн гэрчилгээ /хх-24/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-32/ зэрэг баримтыг гаргасан.

 

4в. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ...Баянзүрх дүүрэг, *********** гудамж **** байрны 809 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл бүртгэлгүй болохыг, **** байрыг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ***** дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн тухай **** дугаартай тодорхойлолт бүхий албан бичгийг /хх-74-78/ шүүх бүрдүүлсэн.

 

4г. Хэргийн 36, 37 талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

А.Мтэй 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 1********** тоот 36.7 мкв талбайтай орон сууцыг захиалж, захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт 21.578.500 төгрөгийг төлснөөр орон сууцыг хариуцагчид хүлээн өгсөн боловч 2019 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1.948.350 төгрөгийг төлөх гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.

Хариуцагч нь урьдчилгаа төлбөртэйгөө нийлээд 26.563.350 төгрөгийг төлж, 2019 оны 11-р сарын 15-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 09 сарын 22-ны өдөр мэдэгдэл өгч, гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд хариуцагчаас 2022 оны 09 сарын 29-ний өдөр 45 хоногийн хугацаа олгох хүсэлт гаргасан боловч тухайн хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний 7.2-т зааснаар мэдэгдэл өгч гэрээг цуцалсан.

Гэрээ байгуулсан үеэс хойш барилгын материалын үнэ, орон сууцны үнэ өссөнтэй холбоотойгоор тухайн орон сууцыг бид 2019 оны үнэлгээгээр тооцох боломжгүй болсон байгаа тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Хариуцагч нь 2019 оны 09 сарын 02-ны өдөр орон сууц хүлээн авснаас хойш үнэ төлбөргүй ашиглаж байгаа тул гэрээний 4.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиар алданги тооцсон гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулах гэрээний дагуу орон сууцыг хүлээн авсан тул орон сууцыг бид хууль бусаар эзэмшээгүй тул албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Манай гэр бүлийн хувьд гэрээний төлбөр төлөхөд асуудалтай байсан, 2020 оны 07 сарын 09-нд эхнэр амаржсан тул ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байсан, Монгол улсад ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоосон учир ажил хөдөлмөр эрхэлж чадаагүйгээс төлбөр төлөх боломжгүй байгаа талаараа болон өөр байдлаар төлбөр төлөх санал гаргаад тохиролцоонд хүрээгүй. Барилгын ажил эхлээгүй байхад 21.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. К К ХХК болон А.М нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч буюу К К ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж байгаа Офицер таун 2 байрны 8-р давхарын 809 тоотод 36,7м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2019 оны 8-р сард захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч А.М нь нийт үнэ 60,555,000 төгрөгнөөс гэрээ байгуулахад урьдчилгаа 10,000,000 төгрөг, 11,578,500 төгрөгөнд барилгын материал нийлүүлэлтээр тооцох бөгөөд үлдэгдэл 38,976,500 төгрөгийг хавсралт1-д заасан графикийн дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн байна /хх-7-9/.

 

4б. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ***** дугаартай дүгнэлтэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр зэргийн төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 46 /дөчин зургаа/ автомашины дулаан зогсоолтой үйлчилгээтэй, 161 /нэг зуун жаран нэг/ айлын хүчин чадал бүхий автомашины дулаан зогсоол, үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга байгууламжид 28 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажиллан үзлэг шалгалт хийсэн, захиалагч К К ХХК гэж, барилга байгуулламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага К К ХХК гэж дурдсан байна /хх-11-14/.

 

4в. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хаягласан 2020-02-13-ны өдрийн ***** дугаартай албан бичигт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга нь *** хороолол /13321/, Улаанхуарангийн гудамж **** гэсэн дугаартай болохыг дурдсан байна /хх-82-83/.

 

4г. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай албан бичгээр Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хороолол /13321/, Улаанхуаран гудамж **** байрны 809 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл бүртгэлгүй болохыг, **** байрыг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ***** дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн болохыг тодорхойлсон /хх-74-78/.

 

5. Зохигч талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалт нэртэй гэрээг байгуулах үед гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, *** хороо, *** хороолол /13321/, Улаанхуаран гудамж **** байр баригдсан, байнгын ашиглалтад оруулахаар улсын комисс ажилласан болох нь дээрх үйл баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр барьж буй орон сууцны сууц болон автомашины зогсоолыг захиалгаар барьж гүйцэтгэн 2019 оны 8-р сард захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь 60,555,000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Энэхүү гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга зэрэг нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Гэрээний дагуу хариуцагч нь Баянзүрх дүүрэг, *********** гудамж **** байрны 809 тоотод байрлах орон сууцыг хүлээн авсан, гэрээний үүрэгт 26,563,350 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрийг хариуцагч 2021 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлж дуусгах байсан боловч 26,563,350 төгрөг төлж, гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлээгүй тул гэрээг цуцалсан талаар хариуцагчид мэдэгдсэн боловч орон сууцыг үнэ төлбөргүй ашиглаж байгаа гэж тодорхойлсон.

 

Хариуцагч тал орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 809 тоотын орон сууцыг хүлээн авсан, гэрээний үүрэгт 26,563,350 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй боловч орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцыг эзэмшил ашиглалтад авсан тул хууль бусаар орон сууцыг эзэмшээгүй, хариуцагч 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүүхэд төрүүлсэнээр, Дэлхий нийтийг хамарсан коронавирус гарч хөл хорио тогтоосноор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

Худалдах, худалдах авах гэрээний гол нөхцөл нь хариу төлбөртэйгээр хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх явдал бөгөөд худалдсан барааг шилжүүлэх болон хариу төлбөр төлөх үүргийн талаар тохиролцсон байх нь энэхүү гэрээний гол нөхцөл байдаг.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.2-т гэрээ байгуулахад урьдчилгаа 10,000,000 төгрөг, 11,578,500 төгрөгт барилгын материал нийлүүлэлтээр тооцох бөгөөд үлдэгдэл 38,976,500 төгрөгийг хавсралт1-д заасан графикийн дагуу төлнө. /Хавсралт1 нь гэрээний салшгүй хэсэг байна/ гэж тохирсон байх бөгөөд хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,948,350 төгрөг буюу нийт 38,976,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр үүрэг хүлээж, гэрээний 4.4-т захиалагч нь төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлнө гэж, гэрээний 6.1-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйд захиалагч талын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэг хамаарахгүй гэжээ /хх-7-9/.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талууд гэрээгээр Баянзүрх дүүрэг, *********** гудамж **** байрны 809 тоотод байрлах орон сууцыг хүлээлгэн өгөх, үнэ болох 38,976,500 төгрөгийг графикийн дагуу төлөх энэ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиололд захиалагчийн төлбөр төлөх үүрэг хамаарахгүй болохыг, захиалагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т гүйцэтгэгч нь захиалагч нэг сараас дээш хугацаагаар төлбөрийг төлөөгүй бол гэрээлсэн орон сууцыг өөр байгууллага хүмүүст гүйцэтгэлээр нь худалдах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд сууцны санхүүжилтэнд төлбөрийн 20 хувь-г торгуульд суутган тооцож энэ гэрээг үл маргах журмаар шууд цуцална. Хэрэв захиалагч албан ёсоор хүсэлт гаргасан бол гэрээг цуцлах асуудлыг 7 хоногоор түр хойшлуулж болно гэж тохирсон байна.

 

Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар, 221.3-т гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар, 225 дугаар зүйлийн 225.3-т үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар, 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

К К нь 2022-9-22-ны өдөр хариуцагч А.Мт гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэнд /хх-38/, хариуцагч 2022-9-29-ний өдөр 45 хоногийн хугацаа олгох хүсэлтийг гаргаснаар /хх-45/, нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хандсан байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2019-9-2-нд 21,578,500 төгрөг, 2019-10-15-нд 1,984,850 төгрөг, 2019-11-15-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 26,563,350 төгрөгийг төлснөөр 2019 оны 12 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 4.4-т захиалагч төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөөгүй буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлнө, 7.3-т гүйцэтгэгч тал нь гэрээг цуцалсан тохиолдолд энэхүү гэрээнд заасан орон сууцыг захиалах эрхийг бусдад олгож, шинээр гэрээ байгуулсаны дараа захиалагч талын төлсөн төлбөрөөс энэхүү гэрээний дагуу тооцсон торгууль алдангийг суутган үлдсэн төлбөрийг захиалагч талд эргүүлэн олгоно. Хэрэв гэрээ цуцалсанаас хойш 60 хоногийн дотор энэхүү гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалаагүй тохиолдолд захиалагч талын төлсөн төлбөрийг түүнээс хойш 60 хоногийн дотор эргүүлэн олгоно гэж заасны дагуу 16,995,825 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

 

Талууд гэрээний хариуцлага болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийсэн байх бөгөөд гэрээний хавсарлт1-д заасан төлбөрийн графикаар хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,948,850 төгрөгийг нийт 20 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөхөөр гэрээгээр үүрэг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус зохицуулсан.

 

Гэрээний 4.4-т захиалагч нь төлөх ёстой төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлнө гэж зохицуулснаас үзэхэд төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн төлөх сарын тогтоосон үнийн дүнгийн төлбөрөөс алданги тооцохоор тохиролцсон, хариуцагч 2019 оны 12 дугаар сараас хойш төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болохыг зохигчид тайлбарлаж байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар анзын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь алдангийг зөвшөөрөхгүй гэх татгалзсан тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, *******тоотод байрлах орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж, алдангийн төлбөрт 16,995,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 313,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 204 дүгээр зүйлийн 204.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Хан бүргэд овогт А-н М /*****/-н эзэмшлээс Баянзүрх дүүрэг, *******тоотод байрлах орон сууцыг чөлөөлж, 16,995,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К К ХХК /////-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мээс 313,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К К ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я