Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01283

 

2023 06 26 210/МА2023/01283

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.М т холбогдох, *** тоот хаягт байршилтай орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 16,995,825 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: А.М тэй 2019 оны 09 сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, *** тоот 36,7 м.кв талбайтай орон сууцыг захиалж, урьдчилгаа төлбөрт 21,578,500 төгрөг төлсөн. 2019 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,948,350 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй. Хариуцагч нь гэрээний дагуу нийт 60,555,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой байсан. Гэвч нийт 26,563,350 төгрөгийг төлсөн байдаг. Хариуцагч 2019 оны 11 сарын 15-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаа өнгөрч байгаа тул 2022 оны 09 сарын 22-ны өдөр мэдэгдэл өгч, гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд хариуцагчаас 2022 оны 09 сарын 29-ний өдөр 45 хоногийн хугацаа олгох хүсэлт гаргасан. Тухайн хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын байгуулагдсан гэрээний 7.2-т зааснаар мэдэгдэл өгч гэрээг цуцалсан. Биднийг гэрээ байгуулсан үеэс хойш барилгын материалын үнэ, орон сууцны үнэ өссөнтэй холбоотойгоор тухайн орон сууцыг бид 2019 оны үнэлгээгээр тооцох боломжгүй болсон. Иймд орон сууцыг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Мөн хариуцагч 2019 оны 09 сарын 02-ны өдөр орон сууц хүлээн авснаас хойш тухайн байрыг бусдад түрээслүүлж орлого олж байгаа хэдий ч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй тухайн орон сууцыг 4 жилийн турш үнэ төлбөргүй ашиглаж байгаа тул гэрээний 4.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 2021 оны 05 сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд алданги тооцоход 87,528,498 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 16,995,825 төгрөгийг алдангийн төлбөрт шаардаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2019 оны 09 сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсөн. 2020 оны 07 сарын 09-ний өдөр эхнэр амаржсан, ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байсан тул төлбөрөө төлж чадаагүй. Монгол улсад Ковид-19 цар тахал гарч, хөл хорио тогтоосон учир ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй. Бидний зүгээс төлбөр төлөх боломжгүй байгаа талаараа болон өөр байдлаар төлбөр төлөх санал гаргахад тохиролцоогүй. Орон сууцыг бид хууль бусаар эзэмшээгүй, орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулах гэрээ байгуулснаар орон сууцыг шилжүүлэн авсан. Иймд орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид барилгын ажил эхлээгүй байхад 21,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, хуваарийн дагуу гэрээний төлбөрөө төлөөгүй нь бидний буруу боловч ойролцоогоор нийт төлбөрийн 44 хувийг төлсөн. Төлсөн төлбөрийн дүнд маргахгүй, үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 204 дүгээр зүйлийн 204.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.М ийн эзэмшлээс *** тоотод байрлах орон сууцыг чөлөөлж, 16,995,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М ээс 313,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

4.1. А.М 2019 оны 09 сарын 02-ны өдөр орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж " *** тоотод байрлах орон сууцыг худалдан авахаар болж, урьдчилгаа төлбөрт 21,578,500 төгрөг төлсөн. Цар тахлын улмаас болон өөрөө амаржсан зэрэг шалтгаанаар төлбөрийг хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлж чадаагүй. Гэрээний хугацааг сунгах талаар санал гаргахад нэхэмжлэгч талаас албан ёсоор хариу өгөөгүйгээс шалтгаалан тухайн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн гэрээний 6.1, 6.2, 6.3-т заасныг огт авч хэлэлцээгүй, нэг талыг баримталсан гэж манай зүгээс үзэж байна.

4.2. Бид орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад тодорхой хэмжээний хөрөнгөө ажил эхлээгүй байхад буюу 2017 оны 11 сарын 27-ны өдрийн гэрээгээр К ХХК-д хөрөнгө оруулсан. 2019 оны 09 сарын 02-ны өдрийн гэрээний 8.8-д хөрөнгө оруулсан гэдэг нь тодорхой байгаагаас гадна К ХХК тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нотлох баримт байхгүй.

4.3. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 03 сарын 27-ны хариу хүргүүлэх тухай лавлагаанд урьдчилсан тэмдэглэл байхгүй байгаа зэрэг нь эргэлзээтэй гэж үзэж байна.

4.4. Манай талаас албан ёсоор гэрээг цуцалсан зүйл байхгүй бөгөөд харин гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөөгүй бол алданги төлөх үүргийн хүрээнд алдангийг үндсэн үнийн хамт төлөх боломжтой байсан. Хэдийгээр нэхэмжлэгч тал гэрээг цуцалсан гэж байгаа боловч манай талаас цуцалсан талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, харин орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх алдангийг төлөх талаар арга хэмжээ авч байсан. Гэтэл шүүхээс орон сууцыг бариагүй байхад төлсөн урьдчилгаа төлбөр болох 21,578,500 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт гаргаагүй, мөн орон сууцыг чөлөөлсөн атлаа алданги 16,995,825 төгрөгийг нэмж гаргуулж хариуцагч талыг маш их хохироож байна. Манай нэгэнт шилжүүлж авсан орон сууцыг чөлөөлөлгүйгээр алдангийг гаргуулсан бол манайд хохиролгүй бөгөөд нэхэмжлэгчид ч хохиролгүй байх байсан ч энэ байдалд дүгнэлт хийгээгүй. Мөн урьдчилгаанд өгсөн мөнгийг хэрхэх талаар дүгнэлт хийгээгүй, гэрээ цуцлагдаагүй байхад орон сууцыг чөлөөлж, нэмэлтээр алданги гаргуулсан нь шударга биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж орон сууцыг чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд маргаан бүхий орон сууцтай холбоотой төлбөр тооцооны ямар нэгэн маргаан байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл заалт болон тус шийдвэрийн ямар үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг эс зөвшөөрч байна. Мөн манай байгууллагын зүгээс *** тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Алданги нь орон сууц байгуулах гэрээний 4.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 33,991,650 төгрөгийн 0,5 хувийн алданги 169,958 төгрөг байна. Мөн 2021 оны 05 сарын 15-ны өдрөөс хойш 2022 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл 515 хоногийн алдангийг тооцоход 87,528,498 төгрөг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч А.М т холбогдуулан *** тоот хаягт байршилтай 36,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх, алданги 16,995,825 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2, 84-88/

Хариуцагч нь ...Ковид-19 цар тахлын улмаас болон амаржсаны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй, одоо орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлөхийг зөвшөөрнө, харин орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна. /хх 21-22, 84-88/

 

3.   Талууд 2019 оны 09 сарын 02-ны өдөр 2/1-2 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр К ХХК нь *** тоот хаягт байршилтай 36,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөлд нь шилжүүлэн өгөх, А.М нь гэрээний үнэ болох 60,555,000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хариуцагч 2019 оны 09 сарын 02-ны өдөр 21,578,500 төгрөг, 2019 оны 10 сарын 15-ны өдөр 1,984,850 төгрөг, 2019 оны 11 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 26,563,350 төгрөгийг төлж, үлдэгдэл 33,991,650 төгрөгийг төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч талын гаргасан ...амаржсан..., ...Ковид-19 цар тахлын улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй... гэх тайлбар нь түүнийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу гэрээний үнийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нь захиалагч талын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгт хамаарахгүй талаар талууд гэрээний 6.1-т тусгасан байгааг дурдах нь зүйтэй.

 

5.   Иймд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2022 оны 09 сарын 22-ны өдөр өгч, уг хугацаанд хариуцагч төлбөрийг барагдуулаагүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ. /хх 38/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч нь нэхэмжлэгчид хандаж ...45 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах боломж олгож өгнө үү... гэсэн агуулгатай хүсэлтийг 2022 оны 09 сарын 29-ний өдөр гаргаж байсан талаарх гар бичмэл хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан байна гэж үзнэ. /хх 45/

 

6.   Хэрэгт авагдсан 2019 оны 09 сарын 02-ны өдрийн 2/1-2 тоот Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2019 оны 10 сарын 07-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2023 оны 03 сарын 09-ний өдрийн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2020 оны 02 сарын 17-ны өдрийн Кадастрын зураг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 5/2745 тоот албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 04/585 тоот Хаягийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч К ХХК нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргах эрхтэй этгээд болох нь хангалттай тогтоогдож байх тул ...нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нотлох баримт байхгүй... гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх 7-9, 39-42, 65, 66-69, 70-71, 74, 82/

Иймд нэхэмжлэгч орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргах эрхтэй, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

7.   Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд тусгагдсан тохиролцоог үнэлэлгүйгээр 16,995,825 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгч компанид төлсөн 26,563,350 төгрөгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцээгүй байна.

Дээрх алдааг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8.   Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас /...нийтийг хамарсан өвчлөлт.../ нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь гэрээний хариуцлагыг тооцохгүй байх талаар дурдсан байна.

Гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон төлбөр төлөх хуваарь нь Ковид-19 цар тахал гарсан цаг хугацаанд хамаарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувь буруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд хариуцагчаас 8,497,912 төгрөгийн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9.   Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт ...аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 26,563,350 төгрөгийг буцаан гаргуулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч талын гаргасан ...гэрээний 6 дугаар зүйлд заасан зохицуулалтыг огт авч хэлэлцээгүй, орон сууцыг чөлөөлсөн мөртлөө алданги нэмж гаргуулсан..., ...урьдчилгаанд өгсөн мөнгийг шийдвэрлээгүй орхигдуулсан... гэх гомдол үндэслэлтэй байна.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02080 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус зааснаар *** тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагч А.М ийн эзэмшлээс албадан чөлөөлж, хариуцагч А.М ээс 8,497,912 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэгч К ХХК-аас 26,563,350 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч А.М т олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.М ээс улсын тэмдэгтийн хураамжид 221,117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 313,130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.НЯМБАЗАР