Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1098

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01169 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Цын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Гт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 488 057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн О.Г-тэй зээлийн гэрээ байгуулж, 10 259 838 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хавсралтаар зээлийг эргүүлэн төлөх хуваарийг тохиролцсон ба зээлдэгч төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч үлдсэн зээлийг зээлдэгчээс бүхэлд нь шаардах эрхтэй байхаар зээлийн гэрээний 1.7-д заасан.

Зээлдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 909 838 төгрөг төлөхөөс 800 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн. Түүнээс хойш төлбөр төлөөгүй. 

Хариуцагчаас дээрх гэрээний дагуу мөнгийг аваагүй, гэрээг байгуулагдаагүй гэж маргаж байгаа хэдий ч гэрээний 1.2-т мөнгийг бэлнээр хүлээн авсан гэж гарын үсэг зурсан, зээлийн гэрээг нотариатаар батлуулсан байгаа нь гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгийг бэлнээр олгосон гэдэг нь нотлогдож байна.

Иймд үндсэн зээл 9 459 838 төгрөг, алданги 1 028 219 төгрөг, нийт 10 488 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие дээрх зээлийн гэрээний дагуу 10 259 838 төгрөг аваагүй.

О.Гийн нөхөр н.Тү “Э” ХХК-д 41 360 000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба үүнийг төлөхтэй холбоотой 10 259 838 төгрөгийн гэрээг хийсэн учраас зээлийн гэрээний үүрэг хүлээхгүй.

Гэрээний 2.1-д зээлдэгч мөнгийг хүлээн авснаар энэ гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байх бөгөөд дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Г-ээс 10 488 057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 340 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны төрөл болон зээлийн гэрээ байгуулагдсан эсэх байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийг  буруу тайлбарлан хэрэглэсэн.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.7 дахь заалт нь Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх хугацааг харилцан тохиролцож тогтоосон заалт юм. Зээлийн гэрээний хавсралтын дагуу хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 909 838 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан ба уг үүргээ гүйцэтгээгүй бол зээлсэн 10 259 838 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх хугацааг тогтоосон юм.

Хариуцагч төлбөрийн хуваарийг зөрчсөн бол талууд үүрэг гүйцэтгэх хугацаа өөрчлөхөөр тохиролцсон.

Гэтэл шүүхээс хэрэгт хамааралгүй заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, хэт нэг талыг барьж хариуцагч зээлийг бүхэлд нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлөх үүрэгтэй мэтээр зээлийн гэрээний хугацааг буруу тогтоосон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч О.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 488 057 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Л.Ц, О.Г нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэлцэл хийгдэж 10 259 838 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлэх, зэлдэгч зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон, талууд гарын үсэг зуран бичгийн баримт үйлджээ.

 

Уг гэрээний 1.2-т зааснаар 10 259 838 төгрөгийг О.Г хүлээн авснаа илэрхийлж гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч О.Г дээрх зээлийн гэрээг байгуулаагүй, нэхэмжлэгч Л.Цаас мөнгөн хөрөнгийг бэлнээр хүлээн аваагүй гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

О.Г нь Л.Ц-д 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу зээлийн гэрээний үүрэгт 909 838 төгрөг төлөхөөс 800 000 төгрөгийг төлсөн ба түүнээс хойш төлбөр төлөөгүй талаар талууд маргаагүй.  

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.7-д зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч зээлийг бүхэлд нь хугацаанаас өмнө зээлдэгчээс шаардах эрхтэйг гэж тохиролцсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй ба уг эрхээ хэрэгжүүлсэн тул хариуцагч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлсэн мөнгөн хөрөнгөнөөс төлөгдөөгүй үндсэн зээл 9 459 838 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн гэрээний үүргийг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагч нь алданги 1 028 219 төгрөг төлөх үүрэгтэй.

 

Иймд О.Г-ээс зээлийн гэрээний үүрэгт 10 488 057 төгрөг гаргуулж Л.Ц-д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар О.Гээс 10 488 057 төгрөгийг гаргуулж, Л.Ц-д олгосугай.” гэж өөрчлөн наруулж,

2 дахь заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлээж, хариуцагч О.Гээс 182 759 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-д олгосугай” гэж нэмж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

 

       ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА