Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/02252

 

 

 

 

 

 

 

 

2023 05 05 101/ШШ2023/02252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Т ХХК /регистрийн дугаар: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б.Н /регистрийн дугаар: 00000000000/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,330,205 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Н.Б, Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тны Говь-Алтай салбараас зээлдэгч зээлдэгч Б.Ө Б.Н нар нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 00000000000 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй байгуулан 15,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээл төлөгдөж байх явцад 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулж 2,550,000 төгрөгийн зээлийг, мөн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Зээлийн нэмэлт гэрээгээр 5,290,000 төгрөг, нийт 19,998,854 төгрөгийн зээлийг анхны Зээлийн гэрээний нөхцөлөөр авсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 00000000000 дугаар барьцаат зээлийн гэрээний хавсралтаар дараах хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд: Цалин 36 сартай тэнцэх, Зурагт 1 ширхэг 42 инч Samsung, Хөргөгч 1 ширхэг Samsung 2 хаалгатай, Плитка 1 ширхэг 4-ширэмтэй Samsung, Нөөтбүүк 1 ширхэг dell.

Барьцаат зээлийн гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 00000000000 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөг, нэмэлтээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,550,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5,290,000 төгрөг шилжүүлж нийт зээлийн хэмжээ 19,998,854 төгрөгийг бодьтойгоор бүрэн олгосон.

Зээл авах үед зээлдэгч Б.Ө нь Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажилладаг байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Зээлдэгч Б.Ө нь нас барснаас хойш зээлдэгч Б.Н нь зээлийн төлбөрийг сар бүр тогтмол төлж байсан боловч 2018 оны 11 дүгээр сараас төлбөрийн зөрчил үүсэж 2018 оны 12 дугаар сард 429,573 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 200,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 40,000 төгрөг тус төлөөд мөн хугацаанаас хойш төлөлт хийгдээгүй юм.

Зээлдэгч Б.Ө, хамтран зээлдэгч Б.Н нар нь эхнэр нөхөр байсан бөгөөд Зээлийн гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч нас барах тохиолдолд.... хамтран зээлдэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан гэж тохиролцсон.

Тнаас зээлийн төлбөрийн төлөх тэмдэглэл хөтлөн зээлдэгчидтэй байнга утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн бүрэн төлж дуусгах шаардлага тавьж байсан боловч тухайн хугацаанд гэрээнд заасан үүргээ үл биелүүлж ирсэн.

Зээлдэгч нь 00000000000 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 12,557,147 төгрөг, хүү 8,416,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,404 төгрөг нийт 20,990,235 төгрөг төлсөн.

Иймд талуудын хооронд байгуулсан 00000000000 дугаартай Барьцаат цалингийн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 10,282,853 төгрөг, үндсэн хүү 7,938,457 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,108,895 төгрөг, нийт 19,330,205 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тны Говь-Аптай салбараас 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Б.Ө Цалингийн барьцаат 00000000000 дугаар гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг зээлийг авахад Б.Н хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан.

Барьцаат цалингийн зээлийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,550,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5,290,000 төгрөгийн зээлийг нэмж авсан. Б.Ө нь тухайн цалингийн зээлийг авах үед Говь-Алтай аймгийн Прокурорын газар хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх 2017 оны 5 сарын 03-ны өдөр нас барсан.

Б.Н миний бие зээлдэгч нас барсан талаар банканд мэдэгдэж цалингийн зээлийн гэрээг зогсоож өгөхийг хүссэн боловч банкнаас Барьцаат цалингийн гэрээний дагуу гэрээг дуусгавар болгож, цуцлалгүй цалингийн зээл төлөлтийг цаашид үргэлжлүүлэн төлүүлж цалингийн зээлийг төлүүлсэн, миний банканд төлсөн зээл төлөлтийн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн алдангид тооцон, дахин үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс Н.Б, Н.Г нарт олгосон итгэмжлэл, 2016.03.21 өдөр 15,000,000 төгрөг, 2016.12.23 өдөр 2,550,000 төгрөг, 2017.02.24 өдөр 5,290,000 төгрөгийг Тнаас зээлдэгч Б.Өын дансанд шилжүүлсэн тухай Мемориалын баримт, зээл хүссэн өргөдөл, Т ХХК болон Б.Ө, Б.Н нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 00000000000 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 00000000000 дугаартай, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан 00000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээнүүд, гэрээ тус бүрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, банкнаас зээлдэгчтэй утсаар холбоо барьсан тэмдэглэл, 00000000000 дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга, 2022.11.16 өдөр хариуцагчаас Ө.Р олгосон итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Нт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 19,330,205 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигч талуудад мэдэгдсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.

4. Т ХХК болон Б.Ө, Б.Н нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 00000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар нь 15,000,000 төгрөгийн зээлийг жилд 20,40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлж, банк 15,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байна.

4.1. Дээрх зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн үлдэгдэл 12,443,629 төгрөг байх үед, талууд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2,550,000 төгрөгийн нэмэлт зээлийг дээр дурьдсан хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаагаар зээлдэгч нарт олгосон байх ба дахин 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 00000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл хэмжээ 14,708,854.25 төгрөг байх үед 5,290,000 төгрөгийн нэмэлт зээлийг мөн адил хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаатай нөхцөлөөр зээлдэгч нарт олгож, нийт зээлийн хэмжээг 19,998,854.25 төгрөг болгожээ.

5. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.

8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж,

9. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.

10.Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

11. Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 12,557,147.30 төгрөг, зээлийн хүүнд 8,416,683.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16,403.60 төгрөг, нийт 20,990,234.53 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,282,852.70 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7,938,456.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,108,895.21 төгрөг, нийт 19,330,204.89 төгрөгийн төлбөр хуримтлагдсан, зээлдэгч нар нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээлд 40,000 төгрөг төлснөөс хойш зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

12. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, зээлдэгч тал зээлийн гэрээний үүрэгт нийт 19,330,204.89 төгрөгийг зээлдүүлэгч талд төлөх үндэслэлтэй байна.

13. Нэхэмжлэгч нь Б.Ө, Б.Н нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг Б.Нээс дангаар нь шаардаж буй үндэслэлээ тайлбарлахдаа, зээлдэгч Б.Ө нас барсан гэх ба хариуцагч Б.Н нь зээлдэгч Б.Ө нас барсан тул зээлийн хүүг зогсоож өгөх хүсэлт гаргахад банк гэрээг цуцлалгүй, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

13.1. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрсдөө нотлох үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

13.2. Зохигч талууд хэн аль нь зээлдэгч Б.Ө нас барсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд дээр дурьдсанаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдсөн, нийт 19,330,204.89 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг зээлдэгч төлөх үндэслэл тогтоогдсон тул хариуцагч Б.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Б.Нээс зээлийн гэрээний үүрэгт 19,330,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамж 254,601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА