Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01416

 

 

Т-ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02252 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т-ХХК-ийн хариуцагч Б.Н-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 19,330,205 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Н.Г, хариуцагч Б.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Төрийн банк-ны Говь-Алтай салбараас зээлдэгч Б.Ө-, Б.Н- нар нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээг, 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй байгуулан 15,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээл төлөгдөж байх явцад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж 2,550,000 төгрөгийн зээлийг, мөн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн нэмэлт гэрээгээр 5,290,000 төгрөг, нийт 19,998,854 төгрөгийн зээлийг анхны зээлийн гэрээний нөхцөлөөр авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдөр барьцаат зээлийн гэрээний хавсралтаар хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Зээл авах үед зээлдэгч Б.Ө- нь Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажилладаг байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Зээлдэгч Б.Ө- нь нас барснаас хойш зээлдэгч Б.Н- нь зээлийн төлбөрийг сар бүр тогтмол төлж байсан боловч 2018 оны 11 дүгээр сараас төлбөрийн зөрчил үүсэж 2018 оны 12 дугаар сард 429,573 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 200,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сард 40,000 төгрөг тус төлөөд мөн хугацаанаас хойш төлөлт хийгдээгүй юм. Зээлдэгч Б.Ө-, хамтран зээлдэгч Б.Н- нар нь эхнэр нөхөр байсан бөгөөд зээлийн гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч нас барах тохиолдолд .... хамтран зээлдэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан гэж тохиролцсон. Төрийн банкнаас зээлийн төлбөр төлөх тэмдэглэл хөтлөн зээлдэгчидтэй байнга утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн бүрэн төлж дуусгах шаардлага тавьж байсан боловч тухайн хугацаанд гэрээнд заасан үүргээ үл биелүүлж ирсэн. Зээлдэгч нь

барьцаат зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 12,557,147 төгрөг, хүү 8,416,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,404 төгрөг нийт 20,990,235 төгрөг төлсөн. Иймд талуудын хооронд байгуулсан барьцаат цалингийн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 10,282,853 төгрөг, үндсэн хүү 7,938,457 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,108,895 төгрөг, нийт 19,330,205 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн банкны Говь-Аптай салбараас 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн нөхөр Б.Ө- цалингийн барьцаат гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 20,4 хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг зээлийг авахад Б.Н- хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Барьцаат цалингийн зээлийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,550,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 5,290,000 төгрөгийн зээлийг нэмж авсан. Б.Ө- нь тухайн цалингийн зээлийг авах үед Говь-Алтай аймгийн Прокурорын газар хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Б.Н- миний бие зээлдэгч нас барсан талаар банканд мэдэгдэж цалингийн зээлийн гэрээг зогсоож өгөхийг хүссэн боловч банкнаас барьцаат цалингийн гэрээний дагуу гэрээг дуусгавар болгож, цуцлалгүй цалингийн зээл төлөлтийг цаашид үргэлжлүүлэн төлүүлж цалингийн зээлийг төлүүлсэн, миний банканд төлсөн зээл төлөлтийн мөнгийг хүү, нэмэгдүүлсэн алдангид тооцон, дахин үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Б.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 19,330,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т-ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-ээс улсын тэмдэгтийн хураамж 254,601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т-ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Цалингийн зээлийг Т-гэрээний дагуу сар бүр цалингаас нь суутган авдаг байсан бөгөөд зээлдэгч Б.Ө- нь ажил үүргээ гүйцэтгэж яваад 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Энэ талаар Б.Н- миний бие Төрийн банк-д мэдэгдэж, цалингийн зээлийг зогсоон дуусгавар болгож, шинээр зээлийн гэрээ байгуулж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч Т-цалингийн зээлийн гэрээг цуцлалгүй чи хамтран зээлдэгч тул төлөх ёстой гээд цалин, орлогогүй надаар тус зээлийг үргэлжлүүлэн төлүүлж ирсэн. Б.Н- би нөхөр Б.Ө-ыг нас барснаас хойш цалингийн зээлийг авсан хэмжээнээс нь давуулж төлж 2019 оны 07 дугаар сард дуусгавар болгосон. Тус цалингийн зээлийн гэрэээний үндсэн хугацаа 36 сар буюу 3 жилийн хугацаатай, зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлээ төлж байгаад нас барж, цалингийн зээлийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж, зээлийн гэрээг дуусгавар болсон. Зээлдэгч нас барснаар түүний зээл хаагдаж авсан үлдэгдэл зээлийн төлбөрийн асуудлыг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс Т-шийдвэрлэсэн тухай Төрийн банкны эрх бүхий албан тушаалтны шийдвэр шүүхэд ирүүлээгүй байхад Д.Наранцэцэгийг хариуцагч нэхэмжлэл гаргасан. Цалингийн зээл нь ажил төрөлтэй хүнд олгогддог зээл учир тухайн цалингийн зээлийг Т-Говь-Алтай аймгийн Прокурорын газраас прокурор Б.Ө-ын цалин орлогыг тодорхойлж гаргасан баталгааны дагуу Цалингийн зээлийн гэрээг байгуулж, түүний сар бүрийн цалингаас нас барах хүртэл суутган авч байсан. Төрийн банкнаас авсан зээлийн төлөлтийн хуулгыг гаргаж өгөхийг удаа дараа хүссэн боловч Төрийн банкны аль салбар нэгж та цалингийн зээлийн зээлдэгч биш байна гээд гаргаж өгдөггүй. Т-шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгчтэй байгуулсан цалингийн зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн цалингаас сар бүр үндсэн зээлд болон зээлийн хүүд хичнээн төгрөгийг таталт хийж данснаас нь авч байсан талаархи хуулгыг гаргаж өгөөүйн зэрэгцээ зээлийн хувийн хэрэгт байгаа Прокурорын байгууллагаас гаргаж өгсөн баталгаа, Цалингийн зээлийг цуцалж, дуусгавар болгож, үлдэгдэл зээлийг төлөх талаар Б.Н- миний удаа дараа гаргаж өгсөн хүсэлтүүд, түүнийг зээлийн хорооны эрх бүаий албан тушаалтнаас шийдвэрлэсэн шийдвэрүүдийг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгөөгүй. Түүнчлэн энэ цалингийн зээлийг Б.Н- надаар төлүүлэх болсон үндэслэл шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй. Иргэн Б.Н- нь зээлдэгчийн өмнөөс зээл төлөх эрх залгамжлал үүссэн болохыг болон зээлдэгч Б.Ө-ыг нас барсан талаархи нотлох баримтуудыг Т-Говь-Алтай аймгийн Прокурорын байгууллага, эрх бүхий төрийн байгууллагууд /нас барсны гэрчилгээ, өв залгамжлалын гэрчилгээ, арилжааны банкнууд дахь дансыг хаасан талаархи/-аас гаргуулж өгөөгүй байхад тус хэрэгт хариуцагч болох нотлох баримтын хэрэгт ирүүлээгүй байхад хуульд заасан журмыг зөрчиж, илт нэг талыг барьж, шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон тус иргэний хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.4-т тухайн үүссэн нөхцөл байдлыг зохицуулсан заалт бий. Банк зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Банкны зүгээс Б.Н-тэй тухайн асуудлыг шийдвэрлэхээр олон удаа уулзсан боловч ярилцдаггүй ба шүүхээр асуудлыг шийдвэрлүүлье гэсэн саналын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар, татгалзлыг зөв дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Т-ХХК нь хариуцагч Б.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 19,330,205 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Нэхэмжлэгч Т-ХХК нь Б.Ө-, Б.Н- нартай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,550,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 5,290,000 төгрөгийг өмнөх зээлийн нөхцөлөөр тус тус дахин зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 13-20-р тал/

3.б.Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.в.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч Т-ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

3.г.Зээлдэгч нар нь гэрээний үүрэгт нийт 20,990,234.53 төгрөг төлж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,282,852.70 төгрөг, хүү 7,938,456.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,108,895.21 төгрөг, нийт 19,330,204.89 төгрөгийн үүрэг хариуцагч Б.Н-т үүссэн болох нь зээл, хүүний тооцооны хуудсаар тогтоогдсон байна. /хх-ийн 32-33-р тал/

 

3.д.Зээлдэгч Б.Ө- нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Т-ХХК нь хамтран зээлдэгч Б.Н-ээс гэрээний үүргийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

3.е.Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт ... үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй. Иймд дээрх хуульд зааснаар зээлийн төлбөрийг хариуцвал зохих этгээд нь хариуцагч Б.Н- байна.

 

4.Хариуцагч татгалзалдаа зээлдэгч Б.Ө- нас барсантай холбоотойгоор зээлийн гэрээг цуцлах талаар банкинд мэдэгдсэн байхад үргэлжлүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

4.а.Хэдийгээр талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Иймд зээлийн гэрээг цуцлалгүйгээр хүү тооцсон гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.б.Өөрөөр хэлбэл, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд зээлийн нөхцөл болох эргэн төлөх хугацаа, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг харилцан тохиролцсон, талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно. Түүнчлэн, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

4.в.Анхан шатны шүүх хариуцагч Б.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 19,330,205 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т-ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шүүх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хэргийн 52 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцоогүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,601 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Г.ДАВААДОРЖ