Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00191

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00191

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Дандарбаатарын гудамж, 101А байр 0 тоотод оршин байрлах, ГМК ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр хаягт оршин байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Д.М, гуравдагч этгээд Ц.Баярмаа, К.Т, Д.Д, З.А, Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ГМК ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоолын 11-р зүйлд зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, Баянзүрх дүүрэг, 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын  дугаарт бүртгэлтэй Амар амгалан 3 хотхоны 3298 м.кв талбай бүхий газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар тогтоож, даалгасан байдаг.

Дээрх газар нь ГМК ХХК-ийн эзэмшил газар бөгөөд энэхүү газар болон манай компанийн хувьцааг төлбөр төлөгч Д.Г, Д.О, Д.Б нарын хэн аль нь аливаа байдлаар эзэмшиж, өмчилдөггүй тул тэдгээрт ноогдох хувь, хэмжээ ноогдох хэсэг гэж байхгүй болно.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, ГМК ХХК-ийн эзэмшлийн газарт үнэлгээ хийлгэж, үнийг тогтоож өгсөн байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд шинжээч болох Хөрөнгө эстимэйт ХХК-иар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үнэлгээ хийлгүүлж, тус газрыг 2,265,330,800 төгрөгөөр үнэлж тогтоосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч нь үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх заалт болон Сангийн Сайдын баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний аргачлалд заасан үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэлэгдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тэдгээрийн ашиглалтын байдал, бизнесийн үйл ажиллагааны талаар өөрсдийнх нь бэлтгэсэн албан ёсны баримт бичигт тусгагдсан мэдээлэл, танилцуулга, удирдлагатай хийсэн уулзалт ярилцлагаар цуглуулсан байгууллагын дотоод мэдээллийг цуглуулан шинжлэх болон Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний дээрх аргуудад хийгдэх тохируулгын нийт хэмжээ нь хамгийн бага /20-40%/ байхаар жиших хөрөнгийг сонгон ашиглах нь тохиромжтой. Хэрэв тохируулгын хэмжээ хэт их /40%-аас дээш/ байвал жиших хөрөнгийг тохирох өөр хөрөнгөөр солих шаардлагатай гэсэн зүйл заалтуудыг зөрчсөний улмаас тодорхой бус, зохих үндэслэл бүхий үнэлгээг хийж чадаагүй.

ГМК ХХК нь өөрийн эзэмшлийн газарт зураг төсөл хийгдэж, архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдсэн, 900 гаруй сая төгрөгийн зардал гаргаж 16 давхар орон сууцны суурийн ажлыг бүрэн хийж дуусгасан байдаг. Гэтэл шинжээч нь энэхүү газрын зах зээлийн үнийг тогтоохдоо өмчлөгч эзэмшигчтэй нь уулзаж холбогдох мэдээ, мэдээлэл, баримтыг гаргуулан авч үнэлгээ хийгээгүйгээс болж зөвхөн газрын үнэлгээг тогтоож, газрын салшгүй бүрдэл хэсэг болох ихээхэн зардал гаргаж бий болгосон суурийг үнэлэлгүй орхигдуулсан байдаг.

Түүнчлэн газрын үнийг тогтоохдоо зориулалт, шинж байдлын хувьд өөр газрыг хооронд харьцуулахдаа ойролцоо мэтээр үзэж үнэлсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй байдаг. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээний зүйлтэй дүйцүүлж, харьцуулж буй газар нь зориулалтын хувьд хоосон болон хувийн сууцтай зориулалттай газар, суурийн ажил хийгдэж зардал гараагүй зэрэг газартай тус тус харьцуулж үнэлгээ хийсэн, ингэж хийхдээ гзарын хэмжээ болон тооцооллын алдаа гаргаж үнэлсэн байдаг.

Мөн харьцуулж буй 3 газрын үнэлгээ илэрхий зөрүүтэй байхад тэдгээр газрыг ойролцоо мэтээр үзэж, гурван газрын нийлбэрийн дунджаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнийг тогтоосон нь үнэлгээ нь үндэслэл бүхий зах зээлийн үнэ байж чадахгүй байна. Тухайлбал, харьцуулж буй Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Цагдаагийн академийн зүүн талд байрлах хувийн сууцны зориулалттай газрын 1 м.кв талбай нь 407 мянган төгрөг байхад Баянзүрх дүүрэг, 19-р хороо, Цайз 16-н хойд талд байрлах хоосон газрын 1.мкв талбай нь 950 мянган төгрөг гэх мэтчилэн тохируулга хийснээр 50,60 хувийн зөрүүтэй байхад жиших хөрөнгөө өөрчлөлгүй, үнийг хооронд нь нэмж дундажласнаас болж бага үнэлгээтэй газар нь бусад үнэлгээг доош татаж улмаар манай компанийн газрын үнийг хэт үнэгүйдүүлж үнэлсэн байдаг. Харьцуулж буй газрууд нь хэт зөрүүтэй үнэтэй байгаа тохиолдолд хөрөнгийн үнэлгээний зүйлтэй илүү ойролцоо шинжтэй газрын үнэлгээг баримтлах, тохиромжтой үнэлгээний хандлага болон аргуудыг сонгон үнэлгээний тооцооллыг хийгээгүй байхад энэхүү хууль зөрчсөн, хуульд нийцээгүй үнэлгээгээр үнэ тогтоосныг хүлээн зөвшөөрөх гэж үзэж байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

 

2.    Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч Д.Г, Д.Ол, Д.Б нараас 7,265,839,273 төгрөгийг гаргуулж 389 иргэнд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч Д.Г, Д.О Д.Б хохиролд тооцуулах ГМК ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүргийн 8 дугаар хорооны нута дэвсгэрт байрлах нэгж талбарын  дугаарт бүртгэлтэй 3298 м.кв талбай бүхий газрыг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/02, мөн оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/04 дүгээр тогтоолуудаар битүүмжилж хураасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар талуудад үнийн санал өгөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнийн санал ирээгүй тул 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 8/216 тоот тогтоолоор шинжээч томилсон. Дээрх хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 2,265,330,800 төгрөгөөр үнэлэгдсэн болно. Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч ГМК ХХК-д гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.02-ны өдрийн 4-97/16225 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, газар эзэмших гэрчилгээний хуулбар, 2022.09.16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2022/21398 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4-179/19494 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022.10.11-ний 11/12 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, дуусаагүй үйлдвэрлэлийн зардлын товчоо тайлан зэргийг гаргасан.

Хариуцагч тал шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг материалыг нотлох баримтаар гаргасан. Үүнд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.13-ны өдрийн 770 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5892 дугаартай Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2022.04.27-ны өдрийн 22410789 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолын хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.08.18-ны өдрийн 4-179/15168 дугаартай мэдэгдлийн хуулбар, Д.Г тайлбар бичгийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-179/15169, 4-179/15170, 4-179/15172, дугаартай мэдэгдлүүдийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, шинжээчид эрх үүрэг, хууль тайлбарласан баримтын хуулбар, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, 2022.09.02-ны өдрийн Үнэлгээний тайлан зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч ГМК ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2.            Нэхэмжлэгч ГМК ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээчийг үнэлгээ гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээний зүйлийн шинж байдлыг зөв тодорхойлоогүй, хөрөнгийг эзэмшигчээс ашиглалтын байдлын мэдээллийг цуглуулаагүй, жиших хөрөнгийг зөв сонгоогүйгээс үнэлгээ үндэслэл бүхий болж чадаагүй.

Газарт орон сууцны суурийн ажил хийгдсэнг үнэлэлгүй орхигдуулсан, газрын үнийг тогтоохдоо зориулалт, шинж байдлын хувьд хоосон болон сууцны зориулалттай газар, суурийн ажил хийгдээгүй газартай тус тус харьцуулж үнэлгээ хийсэн нь үнэлгээ үндэслэл бүхий зах зээлийн үнэ байж чадахгүй, тохиромжтой үнэлгээний хандлага болон аргуудыг сонгон үнэлгээний тооцооллыг хийгээгүй гэж тодорхойлсон.

3.            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч үгүйсгэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргаж байна.

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч Д.Г, Д.О, Д.Б нараас 7,265,839,273 төгрөгийг гаргуулж 389 иргэнд олгохоор шийдвэрлэжээ. /хх35-48/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, дээрх шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан ГМК ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын  дугаарт бүртгэлтэй 3298 м.кв талбай бүхий газрыг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 22410255/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22410255/04 дугаартай тогтоолоор хураасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх52-56/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талуудаас үнийн санал гаргаагүй тул 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 8/216 тоот тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. /хх57-63/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, мөн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заасан.

Хариуцагч нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 8/216 тоот тогтоолоор шинжээчээр шинжээч Б.Б томилж, шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай нийцжээ. /хх64-66/

Шинжээч Б.Б нь тогтоолд заасан барьцааны хөрөнгө болох ГМК ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын  дугаарт бүртгэлтэй 3298 м.кв талбай бүхий газрыг 2,265,330,800 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4-97/16225 дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байна. /хх7/

Төлбөр төлөгч ГМК ХХК нь үнэлгээний мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Хэдийгээр Баянзүрх дүүргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ч төлбөр төлөгч хугацаандаа шүүхэд хандсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээч Б.Батзаяа нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээд байх тул үнэлгээчнийг томилсон үйлдэл нь хуульд нийцжээ. /хх80-82/

Үнэлгээчин Б.Б нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, хөрөнгийн үнэлгээг 2,265,330,800 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх67-83/

Үнэлгээгээр орон сууцны суурийг газраас нь салгаж, тусдаа обьект байдлаар үнэлэх боломжгүй бөгөөд харин ийм шинж чанартай суурь бүхий газрыг үнэлэх ажиллагаа хийгджээ. Тухайн суурийг усаар дүүрсэн, ашиглагдах боломжгүй гэж үнэлгээчин болон хариуцагч тайлбарладаг бөгөөд шүүх хуралдааны үеэр газрын фото зургийг харахад усанд автсан, суурь байгаа эсэх нь үл мэдэгдэхээр тайлбай байв.

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн талбайн мэдэгдэлд Үнэлж буй газар нь Хэрлэн апартментийн зүүн талд байрлалтай. Засмал замаас 100 м зайд байрлалтай. Мод болон төмөр хашаатай, хашааныхаа хойд талаар орц гарцтай. Газар дээрээ орон сууцны барилгын суурь цутгасан. Газар доороос ус гарсан гэж үнэлж буй хөрөнгийн байдлыг тодорхойлсон тул хариуцагчийн газарт орон сууцны суурийн ажил хийгдсэнг үнэлээгүй орхигдуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, газрын үнэлгээг тогтоохдоо газрын суурь үнийн болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан зах зээлийн хандлагын үнэлгээнд 100%-ийн ач холбогдол өгч үнэлжээ.

Мөн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ харьцуулан зэрэгцүүлэх, жиших үнийн хандлагаар үнэлэгдэж буй газартай ижил төрлийн, байршлын хувьд ойролцоо худалдахаар зарлагдаж байгаа газрын үнийг харьцуулсан талаар дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн байна.  

Иймд нэхэмжлэгчийн үнэлгээ үндэслэл бүхий зах зээлийн үнэ байж чадахгүй, тохиромжтой үнэлгээний хандлага болон аргуудыг сонгон үнэлгээний тооцооллыг хийгээгүй гэсэн тайлбар мөн үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч ГМК ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Ир 115 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч ГМК ХХК-ийн гаргасан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ