Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00763

 

 

 

 

2023 03 13

181/ШШ2023/00763

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ББСБ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т.Б холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8,626,352 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ИББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Бнь ИББСБ ХК-тай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр В180020921 тоот Зээлийн гэрээ, Ф18020921 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулан 45,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар авсан.

Мөн иргэн Д.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ИББСБ ХК-тай В18010291 тоот Зээлийн гэрээ, ФВ18010291 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж 8,500,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар авсан.

Зээлдэгч Д.Бнь ИББСБ ХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 4130150077 тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээл хаах зорилгоор 8,620,352 төгрөгийн төлөлт хийсэн нь зээлдэгч Т.Б В180020921 тоот гэрээний дугаартай зээл төлөлтөд андуурагдаж бүртгэгдэж улмаар түүний зээл, хүүгийн төлбөрөөс хасагдсан.

Үүний дагуу Д.Бгүйлгээг залруулж зээлдэгчийн В18010291 тоот гэрээний дугаартай зээлийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хаасан.

Зээлдэгч Т.Б В180020921 тоот зээлийн гэрээний өр төлбөр нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 20,315,430.14 төгрөг байсан боловч зээлдэгч нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр андуурагдаж гүйлгээ хийгдсэн төлөлтөөр буюу 8,620,352 төгрөгөөр багассан дүн болох 11,801,737 төгрөийн үлдэгдэл төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлж зээлийг хаасан байна.

Энэ тухай В18020921 тоот зээлийн үүрэг гүйцэтгэгч болох Т.Бмэдсэн боловч зээлийг бүрэн дүнгээр хаагаагүй нь өөрийн зээлийн төлөлтөөс хасагдсан дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Иймд зээлдэгч Т.Б Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу 8,620,352 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 8,626,352 төгрөгийг гаргуулан ИББСБ ХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б болон өмгөөлөгч А.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Т.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийг бүрэн хаасан. Тухайн зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар 3 жил байна. Зээлийг хааснаас хойш нэхэмжлэгч эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тоологдоод дууссан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэсэн байна. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар Д.Бгэж хүн төлбөр төлсөн гэдэг. Үнэхээр тэр хүн зээлийг төлж хаасан бол Д.Бнэхэмжлэл гаргах эрхтэй этгээд. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.

 

Нотлох баримт:

3. Нэхэмжлэгч талаас: 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №В18020921 дугаартай Зээлийн гэрээ, тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №Ф18020921 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээлийн хүсэлт, зээлийн дансны хуулга, нотариатын мөнгөний тасалбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг гаргасан.

 

Хариуцагч талаас: нотлох баримт шүүхэд гаргаагүй.

 

Шүүхийн журмаар: Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас ИББСБ ХК-ийн 413015077 тоот дансны 2018 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн гүйлгээний хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ИББСБ ХК нь хариуцагч Т.Б 8,626,352 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.    Нэхэмжлэгч ИББСБ ХК нь хариуцагч Т.Б 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг /Фидуци/ тус тус байгуулж, 45 сая төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар олгосон. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 8,500,000 төгрөгийн хэрэглээний зээл авсан иргэн Д.Б2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зээлээ хааж, 8,620,352 төгрөгийг худалдаа хөгжлийн банкаар дамжуулан ИББСБ ХК-ийн дансанд тушаасныг тус байгууллагын ажилтан нь андуурч бүртгэн, Т.Б зээлээс хасалт хийгдсэн. Ингэснээр Т.Б зээлийн үлдэгдэл 11,801,737 төгрөг болсонг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төлж, зээлийг хаасан. Иймд хариуцагч Т.Б төлөөгүй зээлийн төлбөр болох 8,620,352 төгрөгийг нотариатын зардал 6 мянган төгрөгийн хамтаар гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.    Хариуцагч нь тухайн зээлийн төлөлтийг өөрийн компанийн ажилтнаар дамжуулан бэлнээр төлсөн, нийт зээлийг хааж барагдуулсан, тус гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгчийн шаардлага гаргаж буй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах эрх нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг тул н.Баярмөнх шаардлага гаргах эрхтэй этгээд нь болох бөгөөд нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхгүй этгээд болж байна. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг үгүйсгэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн.

4.   Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-       Нэхэмжлэгч ИББСБ ХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна. /хх19-22/

-       Зохигчийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр В18020921 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 45,000,000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, сарын 0,84 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 24 сарын хугацаагаар олгосон, хариуцагч талаас тухайн зээлийг авахаар зээл хүсэгчийн анкет, зээлийн хүсэлт зэргийг бөглөж өгсөн нь тогтоогдож байна. /Хх8-11,15/

-       Мөн тус өдөр талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдаж, 2977 УБЛ дугаартай автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас үүргээ зохих ёсоор биелүүлснээр үүрэг гүйцэтгүүлэгчээс буцаан эд хөрөнгийг шилжүүлэх гэрээг байгуулсан байна. /Хх12-13/

-       Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хариуцагч Т.Б зээлийн дансны хуулгаас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 11,695,078 төгрөгөөр зээлийн төлөлт хийж, 8,620,352 төгрөгийн үлдэгдэлтэй болсон нь тогтоогдож байна.

-       Фидуцийн гэрээний зүйл болох 2977 УБЛ дугаартай тоёото маркын авто машины тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Т.Б өмчлөлд тухайн авто машин шилжсэн нь тогтоогдож байна.

-       Худалдаа хөгжлийн банкны ИББСБ ХК-ийн эзэмшлийн 413015077 дугаартай дансны 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээний хуулгад нэхэмжлэлийн үнийн дүн болох 8,620,352 төгрөгөөр иргэн Д.Бгүйлгээ хийж, ИББСБ ХК-д орлого оруулсан болох нь, мөн хариуцагч Төмөрсүхийн Батжаргал нь тэр өдөр 4,500,000 төгрөгийн төлөлт хийсэн болох нь тогтоогдож байна. /Хх68-69/

5.    Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй.

6.    Дээрх гэрээний дагуу 2018 онд төлөлтийг хийж дуусган, нөгөө талаас авто машины өмчлөлийг хариуцагчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй боловч зээлдэгч Т.Б зээлийн үлдэгдлээс өөр зээлдэгч болох Д.Бтөлсөн 8,620,352 төгрөгийг андуурч хасч тооцсон гэх үйл баримтад талууд маргаж байна.

7.    Хариуцагч талаас 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийг бүрэн төлж, хааж барагдуулсан, нэхэмжилж буй 8,620,352 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Т.Бөөрийн ажилтнаараа бэлнээр банканд тушаалгасан гэдэг боловч тус өдрийн нэхэмжлэгч ИББСБ ХК-ийн зээлийн төлөлт хийгддэг данс болох 413015077 дугаартай дансны гүйлгээний хуулгад нэхэмжлэлийн үнийн дүн болох 8,620,352 төгрөгөөр иргэн Д.Бгүйлгээ хийсэн болох нь харагдаж байна. Харин хариуцагч энэ өдөр энэ дүнгээр зээлийн төлөлтийг хийгээгүй болох нь харагдах бөгөөд энэ талаар хариуцагч талаас татгалзлаа нотлох аливаа баримт гаргаж өгөөгүй, төлөлт хийсэн ажилтнаа гэрчээр оролцуулах зэргээр өөрийн татгалзлаа нотлоогүйгээс харахад Т.Батжаргалыг тухайн дүнгээр зээлийн төлөлт хийгээгүй, Д.Бтөлсөн дүнг нэхэмжлэгч нь андуурч хасч тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

8.    Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг зохицуулсан бөгөөд 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх хэдий ч Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Иргэний хуулийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу тухайн төлбөрийг андуурч бүртгэсэн, энэ төлөлтийг хариуцагч Т.Бнь төлөөгүйг мэдсэн үеэс эхлэн 3 жилийн хугацааг тоолох бөгөөд нэхэмжлэгч талаас энэ талаар мэдсэн даруйдаа шүүхэд хандсан талаар тайлбарладаг. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн тус гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

9.    Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492 дугаар зүйл гэж тодорхойлсон ч шүүх тухайн маргааны үйл баримтад хууль, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн учир энэ хүрээнд шүүх дүгнэлт хийв.

10. Иймд ИББСБ ХК-ийн Т.Б холбогдуулан нэхэмжилсэн 8,620,352 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул шаардлагыг хангах нь зүйтэй байна.

11. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 6.2 дугаар зүйлд зээлдэгчийн үүргийг заасан байх ба гэрээний 6.2.7-д Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг хангахтай холбогдон зээлдүүлэгчээс гарсан шүүхийн болон бусад зардлыг хариуцах гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нотариатын зардалд нэхэмжилсэн 6,000 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.

12. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хураамж 152,972 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Б 8,626,352 /Найман сая зургаан зуун хорин зургаан мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б улсын тэмдэгтийн хураамж 152,972 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ИББСБ ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ