Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01109

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 05 210/МА2023/01109

 

 

И ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00763 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-д холбогдох, 8,626,352 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Т.Б- нь И ХК-тай 2018 оны 02 сарын 09-ний өдөр В180020921 тоот Зээлийн гэрээ, Ф18020921 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулан 45,000,000 төгрөгийн зээлийг сарын 4,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлдэгч Т.Б-ын Зээлийн гэрээ-ний өр төлбөр 2018 оны 03 сарын 26-ны өдрийн байдлаар 20,315,430 төгрөг байсан боловч зээлдэгч нь 2018 оны 03 сарын 26-ны өдөр андуурагдаж гүйлгээ хийгдсэн төлөлтөөр 8,620,352 төгрөгөөр багассан дүн болох 11,801,737 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2018 оны 04 сарын 23-ны өдөр төлж зээлийг хаасан байна. Энэ тухай үүрэг гүйцэтгэгч Т.Б- мэдэж байсан боловч зээлийг бүрэн дүнгээр хаагаагүй нь өөрийн зээлийн төлөлтөөс хасагдсан дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Иймд Т.Б-аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 8,620,352 төгрөгийг, нотариатын зардал 6,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Т.Б- нь 2018 оны 04 сарын 23-ны өдөр зээлийг бүрэн хаасан. Тухайн зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. 2018 оны 04 сарын 23-ны өдөр зээл хааснаас хойш, нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар Д.Б- гэж хүн төлбөр төлсөн гэдэг. Үнэхээр Д.Б- зээлийг төлж хаасан бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардлагыг гаргах эрхтэй хүн нь Д.Б-. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Б-аас 8,626,352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 159,972 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а.Анхан шатны шүүх нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр шүүх хуралдааныг дуусгасан.

4.б.Мөн хариуцагч Т.Б- 2018 оны 03 сарын 26-ны өдөр 4,500,000 төгрөгийг И ХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны дансанд шилжүүлснийг шүүх тогтоосон боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

4.в.Шүүх 2022 оны 12 сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар гэрчийг оролцуулах, нэмэлт баримт гаргуулах шаардлагатай гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч 2023 оны 03 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг гэрчийг оролцуулалгүйгээр хийсэн. Шүүх захирамжийн биелэлтийг хангуулж гэрч асуулгүйгээр шүүх хуралдааныг хийсэн.

4.г.Хариуцагч Т.Б- 2018 оны 04 сарын 23-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн зээлийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэл 3 жилийн хугацаа дууссан. Нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

4.д. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг өөрчилж бичсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан хохирол шаардсан тул гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хамаарахгүй. Шүүхээс гэрч оролцуулах тухай захирамж гаргахдаа хариуцагч талд гэрчийг авч ирэхийг сануулсан. Мөн банкны гүйлгээний баримтаар 2018 оны 03 сарын 26-ны өдөр 8,626,352 төгрөгийн гүйлгээг Д.Б- хийсэн болох нь тогтоогддог. Анхан шатны шүүх процессын алдаа гаргаагүй нотлох баримтыг шинжлэн судалсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл илэрсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.   Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Т.Б-д холбогдуулан, үндэслэлгүй хөрөнгөжсөн 8,620,352 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 8,626,352 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...зээлийг төлж дуусгасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шаардах эрхгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй. Учир нь:

 

3.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дэг, дарааллыг хуульчилсан бөгөөд уг бүлгийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт нотлох баримтыг шинжлэн судлах дарааллыг тогтоож, явуулахаар журамласан байна.

Хэрэгт авагдсан 2023 оны 03 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүх нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг хэрэг хэлэлцэх дарааллын 5 дугаарт тогтоосон атлаа ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг явуулалгүйгээр шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.

3.б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.3-т хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэг авахуулах эрхтэй гэж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 19-ний өдөр 181/ШЗ2022/17918 дугаар захирамжаар гэрчээр хариуцагч Т.Б-ын ажилтанг асуухаар захирамжилсан байна.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг ажиллагааг өөрийн санаачилгаар хийсэн нь буруу байхаас гадна шүүх нэр, хаяг тодорхойгүй этгээдийг гэрчээр асуухаар захирамжилсан нь хэрэгжих боломжгүй болсон байна.

 

4.   Давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул зохигчдын маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 152,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Д.НЯМБАЗАР