Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00765

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00765

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГИ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.З-д холбогдох,

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, П.Б, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, аливаа хүсэлтгүй байсан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.З №2018/01/25-113-156 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээгээр талууд Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, UB Central Residence 27 дугаар байр  тоот байрлах 3 өрөө орон сууцыг захиалах, гүйцэтгэгч талын зүгээс орон сууцыг барьж ашиглалтанд оруулж захиалагч талд өгөх үүргийг хүлээсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-ний 1.7-д Талуудын орон сууцны төлбөрийг 399,620,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд энэхүү төлбөрт гүйцэтгэгчийн зүгээс 22,620,000 төгрөгний хөнгөлөлт үзүүлсний дагуу орон сууцны гэрээний нийт төлбөр 377,000,000 төгрөг болсон гэж заасан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 2018/01/025-113-156-НГ-01 дугаар Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-113-156 тоот гэрээний нэмэлт гэрээ-г байгуулж орон сууцны төлбөр болох 377,000,000 төгрөгийг төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон.

Дээр дурдсан нэмэлт гэрээний 2.1, 2.2-т Захиалагч тал нь төлбөрийн дүн болох 377,000,000 төгрөгнөөс тооцож сарын 1.2 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл төлбөрийг энэхүү нэмэлт гэрээнд заасан хугацааны дагуу сар бүр гүйцэтгэгч талд төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд 2.2-т заасны дагуу Захиалагч нь орон сууцны төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн.

Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн орон сууцыг барьж ашиглалтанд оруулан, захиалагчид хүлээлгэн өгөх үндсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Гэтэл захиалагч Б.З нь манай компанитай гэрээ байгуулж, худалдан авсан орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хэдий ч гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийг төлөх үндсэн үүргээ ноцтойгоор, зөрчиж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийсэнгүй.

Манай байгууллагын зүгээс Б.Зд орон сууцны төлбөрийг төлж барагдуулах хангалттай хугацаа, нөхцөл боломж олгосон төдийгүй, өнөөдрийг хүртэл орон сууцанд нь ямар нэгэн саадгүйгээр төлбөр авахгүйгээр амьдруулсан. Гэтэл захиалагчийн зүгээс орон сууцны төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргахгүй өнөөдрийг хүрснээс үзэхэд тэрээр төлбөрийг сайн дураар төлж барагдуулах хүсэл сонирхол байхгүй, цаашид ч төлөхгүй гэдэг нь тодорхой байна гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т Захиалагч тал Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2018/01/25-113-156 тоот гэрээ болон энэхүү нэмэлт гэрээнд заасан хуваарьт төлбөрүүдээ цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч тал нэг талын санаачилгаар, дангаар гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

Манай компанийн зүгээс Б.Зд удаа дараа гэрээний үүргэээ биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн төдийгүй хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиалгын гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүн гараагүй, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

Иймд бидний зүгээс хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Б.Згийн хууль бус эзэмшлээс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол UB Central Residence 27 дугаар байр 113 тоотод байрлах, 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2.            Хариуцагч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ГИ-т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие тус компанийн барьсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, UB Central residence 27-р байр,  тоотыг худалдаж авахаар гэрээ байгуулаад одоо тус орон сууцанд амьдарч байна.

Төлбөр тооцооны асуудлыг харилцан тохиролцсоны дагуу төлж барагдуулах боломжтой. Гэвч тус компани нь надаас бусад манай байрны түр оршин суугчдын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсан шалтгаанаар одоог хүртэл байрны гэрчилгээг гаргаж шилжүүлж өгөөгүй байгаа ба удахгүй энэ асуудлыг шийднэ гэсээр өнөөдрийг хүрээд байгаа юм. Манай байрны бүх оршин суугчид энэ асуудалд хамаарч байгаа болно. Хэрэв Гангар инвест ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд зээлээ төлж барагдуулахгүй бол оршин суугчид хохирч үлдэх эрсдэлтэй байгаа юм.

Гангар инвест ХХК болон миний бие Худалдаа хөгжлийн банктай гурвалсан гэрээ байгуулаад төлбөр мөнгийг төлснөөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шууд миний нэр дээр шилжүүлж гаргаж өгнө гэвэл миний хувьд төлбөрийг тохирсон ёсоор төлөхөд татгалзах зүйлгүй.

Нэхэмжлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлөх нөхцлийг бүрдүүлсэн тохиолдолд төлбөр тооцоо дуусгахгүй бол миний эрх ашигт хохирол үүсэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нотлох баримт:

3.            Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: 2018.01.02-ны өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ №2018/01/25-113-156 дугаартай гэрээ, 2018.01.02-ны өдрийн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ №2018/01/25-113-156 тоот гэрээний нэмэлт гэрээ, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2022.03.10-ны №01/117 дугаартай мэдэгдэл, 2022.01.04-ний №01/010 дугаартай мэдэгдэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.10.10-ны өдрийн шүүхэд хандсан албан тоот, гэрчилгээний хуулбар, шүүхийн нэхэмжлэл, шүүгчийн захирамжийн хамт, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн 6/10958 дугаартай албан бичиг, түлхүүр хүлээлгэн өгсөн баримт, 2017.04.24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч талаас нотлох баримт шүүхэд гаргаагүй.

 

Шүүхийн журмаар: хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГИт ХХК нь хариуцагч Б.Зд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1.            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.            Нэхэмжлэгч ГИ ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Б.З №2018/01/25-113-156 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Орон сууцны төлбөрийг 399,620,000 төгрөг байхаар тохиролцсон ч нэхэмжлэгчийн зүгээс 22,620,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсний дагуу орон сууцны гэрээний нийт төлбөр 377,000,000 төгрөг болсон бөгөөд төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн.

Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Манай компанийн зүгээс Б.Зд удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдлийг хүргүүлсэн төдийгүй хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиалгын гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гараагүй, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна.

Иймд Б.Згийн хууль бус эзэмшлээс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол UB Central Residence 27 дугаар байр  тоотод байрлах, 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

3.            Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөрийг төлөх боломжтой. Гэвч тус компани нь манай байрны оршин суугчдын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсан шалтгаанаар одоог хүртэл байрны гэрчилгээг гаргаж шилжүүлж өгөөгүй ба удахгүй энэ асуудлыг шийднэ гэсээр өнөөдрийг хүрээд байгаа юм. Хэрэв Гангар инвест ХХК нь Худалдаа хөгжлийн банкинд зээлээ төлж барагдуулахгүй бол оршин суугчид хохирч үлдэх эрсдэлтэй байгаа юм.

Гангар инвест ХХК болон миний бие Худалдаа хөгжлийн банктай гурвалсан гэрээ байгуулаад төлбөр мөнгийг төлснөөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шууд миний нэр дээр шилжүүлж, гаргаж өгнө гэвэл миний хувьд төлбөрийг тохирсон ёсоор төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэгчийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-               Талууд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2018/01/25-113-156 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, мөн тус өдрийн 2018/01/25-113-156-НГ-01 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай нэмэлт гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г ХХК нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол UB Central Residence 27 дугаар байр  тоотод байрлах, 85.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж, ашиглаланд оруулж, захиалагч талд хүлээлгэн өгөх, нөгөө талаас хариуцагч Б.З нь харилцан тохиролцсон орон сууцны төлбөр болох 377,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцжээ. /хх5-12/

-               Дээрх гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч Гангар инвест ХХК нь орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч Б.З нь одоог хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа боловч орон сууцны төлбөрөөс аливаа төлөлт хийгээгүй, нэхэмжлэгч нь удаа дараа мэдэгдэл хүргүүлж, үүргээ биелүүлэхийг шаардаж байсан зэрэг нь хэрэгт авагдсан хариуцагч Б.Згийн нэр дээрх өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэгч Гангар инвест ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/010 дугаартай хариуцагч Б.Зд Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/117 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, алданги торгуулийн тооцооллын хүснэгтийн хамт, түлхүүр хүлээлцсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргадаггүй. /хх13-16, 781-2, 25/

-               Харин хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгч байгууллага нь гаргаж өгдөггүй, бусад иргэдийг ч мөн адил хохироож байгаа тул төлбөрийг төлөхгүй, хэрвээ гэрчилгээг нэр дээр гаргаж өгвөл төлбөрийг төлнө гэж тайлбарладаг бөгөөд талууд нэг талаас үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөхийг шаарддаг, нөгөө талаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгдөггүй учир төлбөр төлөхөөс татгалзаж, маргаж байна.

-               Хэрэгт авагдсан худалдаа хөгжлийн банкны шүүхэд ирүүлсэн албан бичигт Худалдаа хөгжлийн банк нь хууль болон гэрээнд заасан барьцаалагчийн эрхийн хүрээнд тус байрнаас байр захиалсан иргэд төлбөр тооцоогоо Г ХХК-тай бүрэн хийж дуусгасан бөгөөд уг төлбөр тооцоо нь Г ХХК банкан дахь зээлд төлөгдөхөд зарцуулагдсан, эсхүл орон сууцны төлбөрөө Гангар-инвест ХХК-ийн зээлд бүрэн төлөх нөхцөлтэйгээр арилжааны банкны зээл олгох холбогдох шийдвэр гарсан зэрэг тохиолдолд худалдан авч буй хөрөнгийг зээлийн барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх тухай албан бичгийг Г ХХК-д өгөх байдлаар ажиллаж байгаа болно гэж ирүүлсэн нотлох баримт болон хавтаст 73-76 дахь талд авагдсан Г ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/273 дугаартай шүүхэд ирүүлсэн бичгийн хавсралтад байх төлбөрөө бүрэн төлсөн иргэний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ саадгүй гарч байгааг нотлохоор өгсөн баримт зэргээр дээрх тайлбар нь үндэслэлгүй болох нь тогдоогдож байна. Учир нь тухайн гэрчилгээ нь энэ хэргийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан нь гэрчилгээний он сараас харагдах бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд иргэний үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөх бүрэн боломжтойг харуулж байна. /хх-73-77/

-               Нэхэмжлэгч Гангар инвест ХХК нь үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх17/

-               Тухайн маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Г ХХК болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба нийт талбайгаараа бүртгэгдсэн өмчлөлийн хөрөнгөөс тоот тус бүрээрээ захиалагчдад салж бүртгэгдэж байгаа бөгөөд маргааны зүйл болсон орон сууцыг салж өмчлөлд бүртгэгдээгүй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. /хх45, 67/

5.            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тус гэрээгээр нэг талаас худалдагч тал нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч нь тохирсон үнэ хөлсийг төлөх үүргийг хүлээдэг. Талуудын байгуулсан энэ гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

6.            Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/01/25-113-156 дугаартай гэрээний 3.5-д Хэрэв захиалагч нь гэрээний 1.9-д заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө төлөөгүй, хуваарьт заасан хугацааг 20 хоногоос дээш хугацаагаар хоцроосон болон төлбөрөө хугацаанд нь хийх талаар тавьсан гүйцэтгэгчийн шаардлагыг хэрэгжүүлээгүй, гэрээний 4.6, 4.10, 4.14 заалтуудыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд гүйцэтгэгч тал нь нэг талын санаачилгаар дангаар гэрээг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагч талаас тусгайлан зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд зайлшгүй тохиолдолд энэхүү гэрээ нь зөвшөөрлийг илэрхийлнэ гэж талууд тохиролцсон болно гэж, 2018/01/25-113-156-НГ-01 дугаартай нэмэлт гэрээний 2.5-д Захиалагч тал нь Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ болон энэхүү нэмэлт гэрээнд заасан үүргээ зөрчсөн, биелүүлээгүй, өөрөө цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд үл маргах журмаар орон сууцыг 15 хоногийн дотор суллаж гүйцэтгэгч талд буцаан өгөх үүрэгтэй гэж заажээ.

7.            Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах талаар зохицуулсан бөгөөд 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

8.            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсанг үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосонд тооцох бөгөөд тодорхой үр дүн гараагүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй байна.

9.            Хариуцагч Б.З нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор гэрээний үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр 377,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд тус өдрөөс эхлэн гэрээ цуцлагдсан тул Б.Згийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хууль бус болох юм.

10.         Иймд тус орон сууцны өмчлөгч Гангар инвест ХХК-ийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрхийн дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, UB Central Residence 27 дугаар байр 113 тоот байрлах 3 өрөө орон сууцыг Б.Згийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

11.         Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Гангар инвест ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, UB Central Residence 27 дугаар байр  тоот байрлах 3 өрөө орон сууцыг хариуцагч Б.Згийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Гангар инвест ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Згаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гангар инвест ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.ЦЭЛМЭГ