Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/01093

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/01093

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар


Нэхэмжлэгч: Д.Н

Нэхэмжлэгч: П.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МД ХХК холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 50,376,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Д.Нг болон П.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.П, Д.Н бид нар 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ205105107 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 43а байрны  тоот хаягт байрлах Ү-22 улсын дугаартай 2 өрөө 43,2 мкв орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан. Голомт банкнаас МД ХХК-тай зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ хий гэсний дагуу Голомт банкин дээр 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг Н.П байгуулсан. Миний нөхөр Н.П нь Замын цагдаагийн газарт 23 дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зүрх судасны дутагдлын улмаас гэнэт нас барсан юм. Бид 2001 оноос хойш хамтран амьдарч, 2007 онд гэрлэлтээ батлуулсан, бид 2 хүүхэдтэй, охин П.Э 19 настай, хүү П.Т 14 настай.

Д.Н би гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийн материал өгөхөд хүчин төгөлдөр даатгалын гэрээ байхгүй учраас нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу МД ХК өгсөн. Улмаар би Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Тус хорооны 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 9/1365 тоот албан бичигт ... гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу тухай иргэнд зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдлээс сонголт хийх эрх олгоогүй, шинэчлэн байгуулсан ипотекийн даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжийг бүтэн дүнгээр төлсөн байх ба гэрээнд дараагийн жилүүдийн даатгалын хураамжийг өмнөх 12 жилийн туршид 12 хувааж, сар тутам Банкинд урьдчилан төлөх нөхцөлийг тусгаж, гэрээний дуусах хугацааг зааж өгөөгүй нь даатгуулагчтай даатгалын гэрээний хугацааг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, ... Даатгагч Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн болно.

МД ХХК-тай 2016 онд байгуулсан орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601006421 дугаартай гэрээнд даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах эрсдлийг оруулсан байсан боловч гэрээг 2018 онд шинэчлэн байгуулахдаа уг заалтыг хасч даатгуулагчид даатгалын тохиолдлын жагсаалтыг нэг бүрчлэн танилцуулаагүй, даатгалын гэрээний нөхцөл, шаардлагатай танилцах боломж олгоогүй, гэрээний дуусах хугацааг заагаагүй, Мэдүүлгийн маягт бөглүүлээгүй нь даатгагч нь хууль тогтоомж, гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй, даатгуулагчид даатгалын талаар үнэн зөв бүрэн мэдээлэл авч, гэрээний нөхцөл шаардлага, хугацааг бүрэн ойлгож, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулах боломж олгоогүй юм. Өөрөөр хэлбэл ипотекийн даатгалын гэрээ байгуулахдаа даатгуулагч нь даатгалын эрсдэл, тохиолдлын талаар нэг бүрчлэн мэдээлэл авч сонголт хийж, даатгуулах ёстой ба 2019 онд байгуулсан гэрээнд дараа жилийн даатгалын хураамжийг өмнөх жилийн туршид 12 хувааж сар тутам банкинд урьдчилан төлөх нөхцөлийг тусгаагүй, даатгалын гэрээний хугацаа хэзээ дуусах тухай гэрээнээс тодорхой мэдэх боломжгүй байна.

Сүүлийн үед даатгалын компанийн харилцан хамаарал бүхий банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлж, даатгалын үйлчилгээг зохих стандартын дагуу, зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмаар явуулахгүйгээр нэр төдий мөнгө авах хэлбэрт оруулж, нөхөн төлбөр олгохоос зайлсхийх, даатгалын гэрээний нөхцөл, шаардлагыг өөрийн дураар тайлбарлах зорилгоор дутуу дулимаг гэрээг хангалттай үнэн зөв мэдээлэл өгөлгүй гэрээ байгуулж иргэдийн эрх ашгийг хохироох нь нийтлэг болсон.

2016 онд байгуулсан гэрээг шинэчлэн байгуулахдаа болон 2019 оны гэрээг байгуулахдаа тус тус Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгаа тул эдгээр хоёр гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж үзэж байна. Даатгуулагч хууль тогтоомж, хуулинд заасан үүргээ зөрчиж гэрээ байгуулсан, мөн ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчсөн атал гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэл гаргаж байна.

Анх 2016 онд миний нөхөр даатгалын хураамж төлөх үед даатгалын компани амь насыг нь 50,376,000 төгрөгөөр үнэлж, гэрээ байгуулж хураамж төлсөн, амь насны үнэлгээ нь цаг хугацаа өнгөрөх тусам буурах, эсвэл хувиар тооцох үндэслэлгүй гэж үзэж байна.

Д.Н би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно гэсэн заалт, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх гэсэн заалтыг үндэслэж ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй гэж үзэж байна.

МД ХХК нь Монгол улсын Иргэний хууль, Даатгалын тухай хуулинд заасан үүргийг зөрчиж даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагчид хууль тогтоомж, гэрээний нөхцөл, шаардлагын талаар бодитой, бүрэн, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, гэрээний хугацаа, нөхцөл шаардлагын талаар сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцоогүй, гэрээнд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т заасан даатгалын гэрээний нөхцөлийг бүрэн тусгаагүй, бусдад хохиролтой өөрт ашигтай гэрээ байгуулсны улмаас бид хохирч байх тул дээрх хуулиуд болон Ипотекийн даатгалын журам-ын 5.4.2-т заасныг үндэслэн ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн даатгалд 2016 онд анх даатгуулсан үнэлгээ болох 50,376,000 төгрөгийг МД ХХК-иас эхнэр Д.Н, төрсөн охин П.Э нарт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч МД ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Н болон П.Э нараас МД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 50,376,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

МД ХК нь Н.Птэй 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн №11205105107 тоот даатгалын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон.

Даатгуулагч Н.П нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсанд Голомт банкин дахь зээлийн үлдэгдэлд нөхөн төлбөр олгох хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр даатгуулагчийн төлөөлөгч Д.Нээс ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу холбогдох материалуудыг судалж үзэхэд талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний хугацаа дуусч, гэрээ дуусгавар болсон байсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй тухай Д.Нт мэдэгдсэн.

Учир нь Иргэний хуулийн 434.1 дүгээр зүйлд Даатгалын гэрээний хугацааг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтооно гэж заасны дагуу талууд даатгалын гэрээний хугацааг тохирч, түүнд тохирсон даатгалын хураамжийг даатгуулагч төлснөөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл даатгуулагчтай байгуулсан №11205105107 тоот даатгалын гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байх тул Даатгалын гэрээний 3.2 Гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно, 3.2.1 Гэрээгээр тохиролцсон хүчинтэй хугацаа дууссан гэх заалт мөн Иргэний хуулийн 434.2 Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно, 434.2.1 хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болно гэж тус тус заасны дагуу талуудын даатгалын гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул даатгагчаас нөхөн төлбөрийг олгох боломжгүй юм.

Даатгуулагч нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр анх амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ хийгээд гэрээний хугацаа дууссан. 2017-2018 оны хугацаанд даатгалын гэрээ байгуулагдсан. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээ байгуулагдахаас өмнө 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 210 дугаар тогтоолоор журам батлагдсан. Тус журамд ердийн даатгагч болон урт хугацааны даатгагч гэж байгаад, ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг компани бол үндсэн 5 осолтой холбоотой эрсдлийг авна. Урт хугацааны даатгалд бүх төрлийн амь насны эрсдэл авахаар журам батлагдсан. Тус журамд нийцүүлэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан гэрээнд шинэчлэлт хийгдсэн. Журмын дагуу байгалийн эрсдлээс үүсэх осол, зам тээврийн осол, ахуйн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй эрсдлийг хамгаалахаар зааж өгсөн. Манайх амь нас, эрүүл мэндийн даатгал дээр 50,000 төгрөг авдаг. Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бүх өвчний түүхийг нь авч байгаад 400,000-500,000 төгрөгийн хураамж авдаг. Даатгуулагч нар нь шинэчилсэн гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан.

Иймд нэхэмжлэгч Д.Н болон П.Э нараас гаргасан даатгалын нөхөн төлбөрт 50,376,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт

2.    Нэхэмжлэгч талаас: Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.04.09-ний өдрийн 9/1365 болон 2021.08.11-ний өдрийн 9/2715 дугаартай албан бичгүүд, МД ХК-ийн 2021.03.10-ны өдрийн 21/239 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч Д.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Н.Пгийн нас барсны гэрчилгээний хуулбар, 2022.02.23-ны өдрийн 0009 бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч П.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь Цагдаагийн газрын тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/272 дугаартай тушаал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.18-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01999 дугаар шүүгчийн захирамж, Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхийн журмаар: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архиваас тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12614 дугаартай захирамжийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01999 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай иргэний хэргээс тус хэрэгт хамааралтай баримтыг хуулбарлан гаргуулсан, Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн байгууллагын тогтоолоор баталсан ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам, хавсралтын хамт, нэхэмжлэгчээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н, П.Э нар нь хариуцагч МД ХК-нд холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 50,376,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Нэхэмжлэгч нар нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 9/1365 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна. /хх16-17/

2. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч, даатгуулагч Н.Птэй Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан учир нөхөн төлбөр олгох боломжгүй гэж, мөн Н.П нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол биш тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1.            Зээлдэгч Д.Н, Н.П нар нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 57,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлжээ. /Хх9-15/

 

2.            Зээлдэгч Д.Н, Н.П нар нь МД ХК-тай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар, гэрээт баталгааны 11205105107 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар тус тус байгуулжээ. /Хх 6, 8, 108/

 

3.            2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээгээр зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалд гэрээний 1-т Орон сууцны даатгал, 2-т Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын талаар тусгаж, 2.1-т Даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах нь даатгалын зүйл байхаар, даатгалын хураамжид 169,837 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ. /Хх 6/

 

4.            2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-ээр даатгалын хамгаалалтаар үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдлийг даатгахаар тохирч, хураамж 50,376 төгрөгийг гэрээний эхний жилд төлөхөөр тохиролцжээ. /Хх 8, 108/

 

5.            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ МД ХК-тай 2016 онд байгуулсан орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээнд даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах эрсдлийг оруулсан байсан боловч гэрээг 2018 онд шинэчлэн байгуулахдаа уг заалтыг хасч, даатгуулагчид даатгалын тохиолдлын жагсаалтыг нэг бүрчлэн танилцуулаагүй гэж дурдсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх талаар зохицуулсан бөгөөд 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заажээ. Хэдийгээр нэхэмжлэгчийн тайлбарласнаар эхний гэрээнд өвчний улмаас амь насаа алдсан тохиолдлыг даатгалын тохиолдол байхаар тусгаад, энэ зохицуулалтыг сүүлд байгуулсан гэрээнээс хассан байх боловч талуудын хооронд сүүлд байгуулсан гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг бичгээр үйлдэж, гарын үсгээ зурцгаасан, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т заасан шаардлагыг хангасан, хэлцэлд тавигдах бүх шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийг хоёр дахь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч тус гэрээг байгуулсан гэж үзнэ.

 

6.            Хариуцагч тал тайлбартаа 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэж тайлбарладаг. Тус гэрээний 3-т даатгалын хугацааг зохицуулсан бөгөөд 3.1-т ...зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл хүчинтэй хэвээр байна гэж заажээ. Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 240 сар буюу 20 жилийн хугацаатай, 2035 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болох байсан нь гэрээний хавсралт эргэн төлөлтийн график болон гэрээнээс харагддаг бөгөөд гэрээний хугацааны талаар хоёрдмол утга агуулгатай зохицуулалт байгаа тул үгийн шууд утгаас харахад хариуцагчийн даатгалын гэрээний хугацаа дууссан байсан гэх тайлбар үндэслэлгүй байна. /Хх8, 9-15, 108/

 

7.            Зээлдэгч буюу даатгуулагч Н.П нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 01 сарын 16-ны өдөр зүрхний архаг цус хомсрох өвчнөөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /Хх22, 97-99, 1-4/

 

8.            Нэхэмжлэгч Д.Н даатгалын гэрээний тал бөгөөд нас барагч Н.Пгийн эхнэр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар, нэхэмжлэгч П.Э нь түүний охин нь болох нь төрсний гэрчилгээний лавлагаагаар тус тус тогтоогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. /Хх20, 21/

 

9.            Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, хуулийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор хуульд тодорхойлсон.

 

10.         Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд даатгалын ангилал, төрөл, хэлбэрийг заасан ба 6.1-т Даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна гэжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдлийг даатгана: 2.2.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол /цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж, 2.2.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж тус тус журамлажээ. Үүнээс харахад үндсэн хоёр төрлийн даатгалын үйл ажиллагаа байх бөгөөд тус бүртээ ямар нөхцөл хамаарахыг журмаар нарийвчлан зохицуулж өгсөн байна.

 

11.         Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч МД ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нь ердийн даатгалын үйл ажиллагаа гэж тодорхойлж бичсэн байна. Иймээс тус компани нь даатгалын үйл ажиллагаагаа явуулахдаа үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол /цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгох, эдгээр тохиолдлыг даатгах, даатгуулах ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна. /Хх34/

 

12.         Нэхэмжлэгч Н.П, Д.Н нартай байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний даатгалын хамгаалалт гэсэн хэсэгт Даатгуулагч дараах эрсдлийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдлийг даатгана. Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэсэн 5 төрлийн гэнэтийн ослыг заажээ. МД ХК-ийн зүгээс өөрт хууль болон журмаар олгогдсон эрх хэмжээ, чиглэлийнхээ хүрээнд даатгалын үйл ажиллагаагаа явуулж, нэхэмжлэгчидтэй гэрээний харилцаанд орсон байх бөгөөд нөгөө талаас нэхэмжлэгч Н.П, Д.Н нар нь дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, гэрээг байгуулжээ.

 

13.         Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэнд Н.П нь зүрхний архаг цус хомсрох өвчин, элэгний өөхлөлт, ерөнхий судас хатуурах өвчин тогтоогдлоо. Талийгаач нь дээрх зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ гэж дүгнэлт гаргасан байна. Эдгээрээс үзэхэд даатгалын гэрээний даатгуулагч Н.П, Д.Н нар нь амь нас, эрүүл мэндийн ердийн даатгалд даатгуулсан байх бөгөөд Н.П нь цус хомсрох өвчний улмаас нас барсан нь энэ гэрээний даатгалын тохиолдол болохгүй бөгөөд гэрээгээр тохиролцсон болзол бүрдээгүй гэж дүгнэхээр байна.

 

14.         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн гэрээг байгуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулаагүй, даатгалын эрсдлийг сонгох боломжоор хангаагүй гэх байдал нь даатгалын гэрээний нөхөн төлбөр төлөх үүргийг үүсгэх үндэслэл болохгүй юм.

 

15.         Дээрх үндэслэлүүдээр даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч МД ХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнээс бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч МД ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 50,376,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Н, П.Э нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

16.         угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 409,830 төгрөг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Н, П.Э нарын МД ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 50,376,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ