Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01334

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 03 210/МА2023/01334

 

 

*.* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01093 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.* , П.Э

Хариуцагч: *** ХК

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 50,376,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *.* ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Н.П , *.* нар нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ205105107 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2206039066 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 43а дугаар байр, 84 тоот хаягт байрлах 2 өрөө, 43,2 м.кв талбайтай орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан.

1.2 Н.П нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус *** ХК -тай ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан. Н.П 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зүрх судасны дутагдлын улмаас гэнэт нас барсан.

1.3 *.* нь гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийн материал өгөхөд хүчин төгөлдөр даатгалын гэрээ байхгүй тул нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг *** ХК -иас өгсөн. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, тус хорооноос нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

1.4 *** ХК -тай 2016 онд байгуулсан орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601006421 дугаартай гэрээнд даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах эрсдлийг оруулсан байсан боловч гэрээг 2018 онд шинэчлэн байгуулахдаа уг заалтыг хасч, даатгуулагчид даатгалын тохиолдлын жагсаалтыг нэг бүрчлэн танилцуулаагүй, даатгалын гэрээний нөхцөл, шаардлагатай танилцах боломж олгоогүй, гэрээний дуусах хугацааг заагаагүй, мэдүүлгийн маягт бөглүүлээгүй нь даатгагч хууль тогтоомж, гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй, даатгуулагчид даатгалын талаар үнэн зөв бүрэн мэдээлэл авч, гэрээний нөхцөл шаардлага, хугацааг бүрэн ойлгож, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулах боломж олгоогүй.

Өөрөөр хэлбэл, ипотекийн даатгалын гэрээ байгуулахдаа даатгуулагч нь даатгалын эрсдэл, тохиолдлын талаар нэг бүрчлэн мэдээлэл авч сонголт хийж, даатгуулах ёстой ба 2019 онд байгуулсан гэрээнд дараа жилийн даатгалын хураамжийг өмнөх жилийн туршид 12 хувааж сар тутам банкинд урьдчилан төлөх нөхцөлийг тусгаагүй, даатгалын гэрээний хугацаа хэзээ дуусах тухай гэрээнээс тодорхой мэдэх боломжгүй байна.

1.5 2016 онд байгуулсан гэрээг шинэчлэн байгуулахдаа болон 2019 оны гэрээг байгуулахдаа тус тус Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгаа тул эдгээр хоёр гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж үзэж байна. Даатгуулагч хууль тогтоомж, хуульд заасан үүргээ зөрчиж гэрээ байгуулсан, мөн ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг зөрчсөн атал гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэсэн тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй.

1.6 *.* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус орон сууцыг өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Ипотекийн даатгалын журам-ын 5.4.2-т заасныг үндэслэн ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн даатгалд 2016 онд анх даатгуулсан үнэлгээ болох 50,376,000 төгрөгийг *** ХК -аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *** ХК нь Н.П тэй 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн ***** дугаартай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон.

2.2 Даатгуулагч Н.П нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан. Голомт банкин дахь зээлийн үлдэгдэлд нөхөн төлбөр олгох хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр даатгуулагчийн төлөөлөгч *.* ээс ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу холбогдох материалуудыг судалж үзэхэд талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний хугацаа дуусч, гэрээ дуусгавар болсон байсан тул нөхөн төлбөр олгох боломжгүй тухай *.* т мэдэгдсэн.

Учир нь, Иргэний хуулийн 434 дугаар зүйлийн 434.1 дэх хэсэгт заасны дагуу талууд даатгалын гэрээний хугацааг тохирч, түүнд тохирсон даатгалын хураамжийг даатгуулагч төлснөөр гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл даатгуулагчтай байгуулсан ***** дугаартай даатгалын гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байх тул Даатгалын гэрээний 3.2.1, Иргэний хуулийн 434 дугаар зүйлийн 434.2, 434.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын даатгалын гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул даатгагчаас нөхөн төлбөрийг олгох боломжгүй.

2.3 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 210 дугаар тогтоолоор журам батлагдсан. Тус журамд ердийн даатгагч болон урт хугацааны даатгагч гэж байгаад, ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг компани бол үндсэн 5 осолтой холбоотой эрсдлийг авна. Урт хугацааны даатгалд бүх төрлийн амь насны эрсдэл авахаар журам батлагдсан.

Тус журамд нийцүүлэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан гэрээнд шинэчлэлт хийгдсэн. Журмын дагуу байгалийн эрсдлээс үүсэх осол, зам тээврийн осол, ахуйн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй эрсдлийг хамгаалахаар зааж өгсөн.

Хариуцагчийн зүгээс амь нас, эрүүл мэндийн даатгалд 50,000 төгрөг авдаг. Урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бүх өвчний түүхийг нь авч байгаад 400,000-500,000 төгрөгийн хураамж авдаг. Даатгуулагч нар нь шинэчилсэн гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар нэхэмжлэгч *.* , П.Э нарын *** ХК -д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 50,376,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч *.* ийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Миний нөхөр Н.П нь Замын цагдаагийн газар хошууч цолтой, 23 дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ сайн биелүүлж Төрийн тусгай хамгаалалтын хэлтсийн даргын тушаалд дэвшин ажиллаад ганц хоноод нас барсан. Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлсэн нөхцөлд ажиллаж, өглөөний 06 цагаас шөнө 24 цаг өнгөртөл ажиллаж байгаад зүрх нь гэнэт зогсч, 42 настайдаа нас барсан.

Миний бие ипотекийн зээлдэгчийн ам нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар *** ХК-д хандахад хүчин төгөлдөр даатгалын гэрээ байхгүй гээд нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан. Санхүүгийн зохицуулах хороонд хандахад *** ХК нь мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй, даатгалын эрсдлээс сонгох эрх олгоогүй, ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам зөрчиж, ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн бөгөөд *** ХК үүнийг зөвшөөрөөгүй.

Гэтэл шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, 2016 оны гэрээнээс өвчний заалтыг хассан гэх боловч 2018 онд Ипотекийн зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалын журмын дагуу 2018 онд гэрээг шинэчлэн байгуулахдаа мэдүүлгийн маягт бөглүүлж, үндсэн эрсдэлээс сонголт хийлгээгүй.

Өөрөөр хэлбэл, уг журмын 4.4.2, Даатгалын тухай хуулийн 9.1.6-д заасан даатгагчийн үүргийг тус тус зөрчсөн. Мэдүүлгийн маягт бөглүүлээгүй гэдэг нь даатгуулагчийг амь нас, эрүүл мэндээ ямар үндсэн болон нэмэлт эрсдлээс даатгуулж болох талаар мэдээлэл өгөөгүй, сонгох боломж олгоогүй. Зөвхөн гэрээнд гарын үсэг зурснаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэх нь хангалттай бус, тусгай журмаар зохицуулж байгаа учраас даатгагч мэдүүлгийн маягт бөглүүлэх үүрэгтэй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн даатгалын гэрээний 2.2-т заасан мэдүүлгийн маягтыг гаргуулахаар *** ХК болон Голомт банкинд хандахад байхгүй гэсэн хариу өгсөн. Ингэж ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам зөрчин гэрээнд шууд гарын үсэг зуруулсан байхад шүүхээс талийгаачийг шинэчилсэн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

4.2 Ипотекийн даатгалын гэрээ нь урт хугацааны даатгал байхад ердийн даатгал гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 240 сар буюу 20 жилийн хугацаатай. Даатгалын компани нь өөр, өөрөөр ойлгогдох хэд хэдэн гэрээний заалт байсныг шүүх хуралдаан дээр хэлэлцсэн байхад шүүгч орхигдуулсан байна. Урт хугацааны даатгалын ердийн даатгалтай адилд үзэж гэрээг нэг нэг жилээр сунгадаг мөртлөө гэрээний заалт нь урт хугацааны даатгалд хамаарах зохицуулалттай байна. Мөн даатгуулагч хоёр дахь жилийн даатгалын хураамжийг эхний жилийн туршид 12 хувааж сар тутам банкинд урьдчилан төлөх ба дараа дараагийн жилүүдийн даатгалын хураамжийг үүний адил өмнөх жилийн туршид 12 хувааж сар тутам төлнө гэсний дагуу график шинэчлэн даатгуулагчид танилцуулаагүй. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5, 5.4.2-т заасан тодорхой заалт байхад шүүх энэ байдлыг даатгалын гэрээний нөхөн төлбөр төлөх үүрэг үүсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Даатгалын гэрээнээс бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг зөвшөөрөхгүй. Талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан ба энэ нь гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарахгүй.

4.3 *** ХК нь ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан, мэдүүлгийн маягт бөглүүлээгүй байхад шүүх талийгаачийг өөрөө гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан, даатгалын тохиолдол болоогүй байна гэж дүгнэж байгаа нь хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, үндэслэл муутай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Даатгуулагч Н.П тэй 2016 оноос хойш 2020 он хүртэл жил бүр ипотекийн гэнэтийн ослын даатгалыг хийж ирсэн. Уг асуудалтай холбоотойгоор 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр санхүүгийн зохицуулах хорооны 210 тоот ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам батлагдсан. 2018 оноос 2019 онд байгуулагдсан Н.П тэй байгуулагдсан гэрээнд тухайн журмын 2.2, 2.2.1-т заасан журмын дагуу ердийн даатгуулагчийн хувьд үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн осол зэргийг хамааруулна. Уг журам батлагдсаны дагуу 2018 оны шинэчлэгдсэн гэрээний дагуу ердийн даатгуулагч нь гэрээний эрсдэлээ оруулсан. 2018 онд тухайн журамтай холбогдуулан өөрчлөлт орж, 2019 онд уг нөхцөлөөр даатгуулагч Н.П тэй ижил төрлийн гэрээ байгуулагдсан. Мөн тухайн жилийн хураамжийг даатгуулагч нь төлсөн талаарх баримтыг хэргийн 74, 75, 76 дугаар хуудсанд хавсаргасан. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна.

5.2 Мөн мэдүүлгийн маягт нь Монгол Улсын хэмжээнд 16 компани ердийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Тухайн 16 компани нь уг журамд нийцүүлэн 5 төрлийн ослыг хамааруулна. Мөн аливаа шалтгааны улмаас нас барах эрсдэлийг урт хугацааны даатгалын компани хариуцна. Манай улсад урт хугацааны даатгалын 1 компани үйл ажиллагаа явуулж байна. Гэвч ипотекийн үйл ажиллагааны журмын дагуу аливаа шалтгааны улмаас нас барсан эрсдэлийн гэрээ байгуулагдаагүй. Мэдүүлгийн маягт бөглүүлсэн тохиолдолд даатгуулагч эрсдэлээ сунгах эрхтэй байсан гэж тайлбарласан. Манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 16 компани нь уг журмын дагуу 5 осолтой холбоотой эрсдэлийг авахаар тусгасан. Уг журмын дагуу даатгалын компаниуд эрсдэлээ даатгуулагчид сонгуулсан байдаг. Даатгуулагч нь даатгалын гэрээний эрсдэлийг сонгох эрхээ эдэлж, гэрээний нөхцөлтэй танилцаагүй гэх тайлбарыг гаргасан. Тухайн даатгуулагч нь 2016 оноос хойш жил бүр гэрээний нөхцөлтэй танилцаж, гарын үсэг зурсан. Тухайн гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, даатгалын гэрээнд гарын үсэг зурсан. Талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас амьсгал хурааж, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Н.П нь эмнэлэгт үзүүлж байгаагүй бөгөөд ямар нэгэн өвчингүй байсан гэж хэлсэн. Гэтэл Н.П нь шинжээчийн дүгнэлтээр зүрхний архаг цус хомсрох элэгний өөхлөлт зэрэг хэд хэдэн өвчин тогтоогдсон. Даатгалын гэрээний дагуу 5 осолтой холбоотой эрсдэлийг авч өвчний улмаас нас барж буй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэх зохицуулалттай байна.

Мөн даатгалын гэрээний хугацаа нь 2019 оны гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн жилд хураамж төлсөн баримтууд хэрэгт авагдсан. Даатгуулагчийн тухайн тохиолдол нь гэрээний хүчинтэй хугацаанд учраагүй байсан. Мөн даатгалын компани нь 2021 онд 8,100,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон. Даатгалын тухай хуульд заасны дагуу тухайн гэрээний эрсдэлд заасан нөхцөл учирсан тохиолдолд нөхөн төлбөрийг олгоно. Харин гэрээнд заагдаагүй үндэслэлд нөхөн төлбөр олгох боломжгүй гэдгийг ойлгох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* , П.Э нар нь хариуцагч *** ХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 50,376,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ...нас барсан шалтгаан нь даатгалын тохиолдолд хамаарахгүй, ... даатгалын гэрээний хугацаа дууссан байсан... гэж үгүйсгэн маргажээ. /хх1-4, 41/

3. *.* , Н.П нар нь * банк ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ***** дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр *.* , Н.П нар нь орон сууц худалдан авах зорилгоор 57,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. /хх 9-15/

4. Н.П болон *** ХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ***** дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. /хх 8, 108/ Гэрээний 1.3-т амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээг 50,376 төгрөг, барьцаа хөрөнгийн хураамжийн хэмжээг 103,728 төгрөг, нийт 154,104 төгрөгийн даатгалын хураамжийг даатгуулагч төлөхөөр заасан.

4.1 Гэрээний 1.1-т даатгуулагч үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгалын хамгаалалт хамруулсан байна.

5. Даатгуулагч Н.П нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан, түүний өмчлөлд бүртгэлтэй, зээлийн гэрээний дагуу худалдан авсан орон сууцыг нэхэмжлэгч *.* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0009 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөсөн үйл баримт тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь даатгалын гэрээний үүргийн шаардлагыг холбогдох этгээдэд холбогдуулан гаргах эрхтэй. /хх 22-23, 99/

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

6.1 *.* , Н.П болон * банк ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 240 сарын хугацаатай ЗГ***** дугаартай орон сууцны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч энэ нь хариуцагчид даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх үүргийг шууд үүсгэхгүй.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулга нь даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр даатгалын тохиолдлыг харилцан тохиролцож, гэрээнд заасан хугацаанд даатгуулагч хураамж төлснөөр даатгагчид нөхөн төлбөр төлөх үүрэг үүснэ.

Хэрэгт авагдсан баримтаар Н.П болон *** ХК -ийн хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ***** дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болж, талууд дахин гэрээ байгуулаагүй хугацаанд даатгуулагч Н.П нас барсан үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Түүнчлэн, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш даатгуулагчийн зүгээс хураамж төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй.

7. Даатгалын гэрээг 2018 онд шинэчлэн байгуулахдаа мэдүүлгийн маягт бөглүүлж, үндсэн эрсдэлээс сонголт хийлгээгүй зэрэг нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *.* ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01093 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *.* ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 409,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН