Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/01767

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 07 101/ШШ2023/01767

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн БЗ********  регистрийн дугаартай, Увс аймагт оршин суух Ногай овогт М.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн МЮ********* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн ***** тоотод оршин суух Б.Я-д холбогдох,

17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, хариуцагч Б.Я, гэрч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Ж би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Да хүрээ авто худалдааны төвийн Дизель хүрээ хашаанаас Б.Я гэх хүнээс саарал өнгийн toyota prius XW30 маркийн машиныг худалдаж авахаар болоод нэр дээрээ шилжүүлэх гэтэл тухайн өдөр амралтын өдөр болж таарад би өөрөө маргааш нь Өлгий явах ажилтай байсан тул худалдагч Б.Я нэхэмжлэл хийж өгье гэсэн. Тэгээд бид 2 техникийн зах дотор байдаг байрлалтай нотариатчид итгэмжлэл хийлгээд машины үнэ 17,000,000 төгрөгийг Б.Я-ын дансанд шилжүүлсэн. Өлгийгээс буцаж ирээд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр машинаа нэр дээрээ шилжүүлэх гэж Авто тээврийн газарт очоод үзлэг оношилгоонд оруулсан чинь нүүрсэн яндан байхгүй учир оношилгоонд тэнцэхгүй гэсэн хариу гарсан. Тиймээс машин худалдаж авсан 17,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчин гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие өөрийн өмчлөлийн ****** toyota prius 30 маркийн автомашиныг Да хүрээ худалдааны төв дээр иргэн М.Ж-д худалдсан. Миний бие түүнд эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй эвдрэл гэмтэлгүй өмчлөх эрхийн доголдолгүй суудлын автомашин худалдсан биет байдлаар хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нь амралтын өдөр байсан тул автомашины өмчлөл шилжих боломжгүй байсан тул автомашиныг захиран зарцуулах итгэмжлэл хийж авсан, өөрийн нэр дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэсэн чинь эд хөрөнгийн доголдол буюу нүүрсэн яндан байхгүй тул өмчлөх эрх шилжих боломжгүй гэж худал дурдсан байна. Өөрөөр хэлбэл иргэн М.Ж бид нар Да хүрээ худалдааны төв дээр 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ****** toyota prius 30 маркийн автомашиныг М.Ж-ын нэр дээр шилжүүлэх боломжтой байсан бөгөөд шилжүүлж өгөх гэсэн чинь итгэмжлэл хийж авна гэсэн. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүтэн сайн өдөр байсан бөгөөд Да хүрээ худалдааны төв дээрх авто тээврийн үндэсний төв амралтын өдрөөр ажилладаг болно. Мөн тус өдөр иргэн М.Ж нь нэг хүний хамтаар автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж биет байдлаар хүлээн авсан бөгөөд нүүрсэн яндан байгаа эсэхийг шалгаж авсан болно. Нүүрсэн яндан байхгүй сольсон зэргийг шууд хараад мэдэх боломжтой байдаг. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүрэн шалгаад авч явсан бөгөөд өөрөө энэ хугацаанд алдсан эсвэл өөрөө авчихаад намайг хохироох зорилготой шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Хаан банкны дансны хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлийг,

Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлийг,

Шүүхийн журмаар гэрч Д.М-г асуусан тэмдэглэл хэрэгт авагдсан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Б.Я-д холбогдуулан 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ***** улсын дугаартай toyota prius маркийн автомашиныг худалдан аваад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчаас олгосон итгэмжлэлийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх гэтэл оношилгоонд орох хугацаа нь болсон байсан учир тухайн автомашиныг оношилгоонд оруулахад нүүрсэн яндан байхгүй улмаас оношилгоонд тэнцээгүй учир гэрээнээс татгалзаж өгсөн мөнгөө буцааж авна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй буюу нүүрсэн яндантай автомашиныг шилжүүлэн хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэг талаас хариуцагч Б.Я нь ***** улсын дугаартай toyota prius маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас нэхэмжлэгч М.Ж нь автомашины үнэ 17,000,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээж амаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 7 дахь талд/

Тус хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Уг гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг-ийг харилцан хүлээх юм.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч М.Ж нь гэрээнд заасан үнэ төлөх үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг үйл баримтад маргахгүй байна. /х.х-ийн 5-6 дахь талд/

Хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Итгэмжлэл-ээр төлөөлүүлэгч Б.Я нь төлөөлөгч М.Ж-д ***** улсын дугаартай toyota prius маркийн автомашиныг худалдах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шижлүүлэх үйлдэлд төлөөлөх ... зэрэг үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон байна. /х.х-ийн 7 дахь талд/

Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгсэл нь нүүрсэн яндан байхгүйн улмаас тээврийн хэрэгслийн техникийн хяналт үзлэгт тэнцээгүй улмаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрх бусдад шилжих боломжгүй байгаа гэж тайлбарласан бөгөөд Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn***** улсын дугаартай toyota prius маркийн тээврийн хэрэгслийн мэдээллийг шүүж үзэхэд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үзлэгт орсон боловч техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй болох нь тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дээрх үйл баримтыг нийтэд илэрхий үйл баримт гэж үзнэ.

Тодруулбал, хариуцагч нь автомашиныг анх хүлээлгэн өгөхдөө эд хөрөнгийн доголдолгүй, эрхийн доголдолгүй шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн доголдолын улмаас гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн ийн 25.2.2-т хэргийн оролцогч нь .шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа эд хөрөнгийн доголдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд шүүх дан ганц гэрчийн мэдүүлгээр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед ***** улсын дугаартай toyota prius маркийн автомашин нь доголдолгүй байсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

Иймд эд хөрөнгийн доголдолын улмаас гэрээнээс татгалзаж, автомашины үнэнд төлсөн 17,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Ийнхүү нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан татгалзлыг хангаж шийдвэрлэсэн тул ***** улсын дугаартай toyota prius маркийн автомашиныг нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч Б.Я-с 17,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Я-аас 242,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж-д олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Я-аас 17,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Я-аас 242,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ