Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2023/01161

 

 

 

 

 

 

 

 

2023 06 12 210/МА2023/01161

 

 

М.Ж ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01767 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ж ын хариуцагч Б.Я д холбогдуулан гаргасан 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ж.У /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Да хүрээ авто худалдааны төвийн Дизель хүрээ хашаанаас Б.Я гэх хүнээс саарал өнгийн УБХ-* * маркийн автомашиныг худалдаж авахад амралтын өдөр байсан ба маргааш нь Баян-Өлгий явах ажилтай байсан учраас худалдагч Б.Я д итгэмжлэл олгож, түүний дансанд 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх зорилгоор автомашиныг үзлэг оношилгоонд оруулахад нүүрсэн яндан байхгүйн улмаас автомашины оношилгоонд тэнцээгүй. Иймд автомашин худалдаж авсан 17,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие өөрийн өмчлөлийн УБХ-* * маркийн автомашиныг М.Ж ад худалдсан. Тухайн үед биет байдлын болон эрхийн доголдолгүй, эвдрэл гэмтэлгүй автомашиныг хүлээлгэж өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр УБХ-* * маркийн автомашиныг М.Ж ын нэр дээр шилжүүлэх боломжтой байсан бөгөөд шилжүүлж өгөх гэсэн чинь итгэмжлэл хийж авна гэсэн. Учир нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүтэн сайн өдөр байсан бөгөөд Да хүрээ худалдааны төв дээрх Авто тээврийн үндэсний төв амралтын өдрөөр ажилладаг болно. Мөн тус өдөр иргэн М.Ж нь нэг хүний хамтаар автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж биет байдлаар хүлээн авсан бөгөөд нүүрсэн яндан байгаа эсэхийг шалгаж авсан болно. Нүүрсэн яндан байхгүй сольсон зэргийг шууд хараад мэдэх боломжтой байдаг. Нэхэмжлэгч нь бүрэн шалгаад авч явсан бөгөөд өөрөө энэ хугацаанд алдсан эсхүл өөрөө авчихаад намайг хохироох зорилготой шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Я аас 17,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Я аас 242,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Ж ад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний худалдсан автомашин нүүрсэн яндангүйн улмаас хяналтын үзлэгт тэнцээгүй гэх баримт хэрэгт байхгүй байхад шүүх хөтөлбөргүй нотлогдоогүй зүйлд тулгуурлаж шүүхийн шийдвэр гарсан. Анх тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийг авахад нүүрсэн яндан нь байсан ба тэр чигээр нь нэхэмжлэгчид худалдсан. Нэхэмжлэгч худалдан авсан хөрөнгөө өөрөө шалган хүлээн авч Баян-Өлгий аймаг руу явж * км замыг туулж, 35 хоног эд хөрөнгийг ашиглачихаад нүүрсэн яндан худалдан авахад байгаагүй гэж буй нь худлаа. Учир нь нэхэмжлэгч нүүрсэн янданыг бусдад өөрөө худалдах эсхүл автомашин бусдын эзэмшилд байхад авсан байхаас гарцаагүй. Нүүрсэн яндан байх эсэхээс үл хамаараад гэрээ тогтвортой байх зарчмыг удирдлага болгон шүүх шийдвэр гаргах учиртай. Тухайлбал, техникийг хөдөлгөгч гол хүчин зүйлсийн эвдрэл, гэмтэл байхгүй тээврийн хэрэгсэл хэвийн замын хөдөлгөөн оролцоод явж байхад зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэж гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Анх худалдахад нэхэмжлэгч нь нэг иргэний хамт ирж автомашиныг үзэж шалгаад, авто засварын төвөөр орж шалгуулж үзээд худалдан авах шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах талаар зохицуулсан. Эд хөрөнгийг өөрөө бүрэн шалгаад хүлээн авсан байтал энэ үйл явдалд шүүхийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтээр батлагдсан нотлох баримтыг үндэслэлгүйгээр үл зөвшөөрсөн. Би маргааш хөдөө явна гэж хэлснийг сонсоод өнөөдөр амралтын өдөр учир нэр шилжүүлэх боломжгүй гэж хэлээд санаатайгаар нэр шилжүүлэхгүй итгэмжлэл хийлгэж өгсөн гэж хардаж байна. Нүүрсэн яндан нь оригоороо байгаа биз дээ гэж асуухад тиймээ, байгаа асуудалгүй гэж худал хэлж зөрчилтэй авто тээврээ худалдаад зогсохгүй, 5 сарын турш 17,000,000 төгрөг бэлэн мөнгийг минь ашиглаж, одоог хүртэл ямар ч нотлох баримтгүй хэрэг шийдвэрлэх явцыг удаашруулж, би мөнгөө ч ашиглаж чадахгүй, машиныг ч унаж чадахгүй ажил амьдарлаа зохицуулж чадахгүй хохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт өгч чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Б.Я д холбогдуулан 17,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...автомашиныг нэхэмжлэгчид биет байдлаар хүлээлгэн өгсөн бөгөөд нүүрсэн яндан байгаа эсэхийг шалгаж авсан, эд хөрөнгийн болон биет байдлын доголдолгүй автомашин худалдсан... гэж маргажээ.

4. Б.Я нь * УБХ улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн автомашиныг 17,000,000 төгрөгөөр худалдах, М.Ж нь хөрөнгийг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь мөн өдөр 17,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, автомашиныг хүлээн авсан болох нь талуудын тайлбар, итгэмжлэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх5-7/

5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн боловч уг автомашиныг техникийн хяналтын үзлэг оношилгоонд тэнцээгүйн улмаас биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байх тул гэрээнээс татгалзаж, автомашины үнэд төлсөн 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь автомашины нүүрсэн яндан байхгүйгээс үзлэг оношилгоонд тэнцээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

6. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заажээ. Нэхэмжлэгч М.Ж ын хувьд дээрх хуульд зааснаар автомашины доголдлын талаар мэдэх боломжтой байхдаа эд хөрөнгийг хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, автомашиныг худалдан авах үедээ нэхэмжлэгч нь автомашины чанарыг шалгаж үзэх, тухайн доголдол байгаа эсэхийг мэдэх боломжтой байжээ. Иймд үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч М.Ж нь * УБХ улсын дугаартай Тоёота приус /Toyota prius/ маркийн автомашиныг худалдан авах үед уг автомашин нь нүүрсэн яндангүйгээс техникийн үзлэг оношилгоонд тэнцээгүй гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн уг автомашиныг чанарын доголдолтой байсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нөгөөтэйгүүр гэрч Д.М мэдүүлэхдээ ...компьютер оношилгоогоор шалгуулаад өөрсдөө шалгаж авахад нүүрсэн яндан байсан..., бүх юм нь ориг, 2018 оноос хойш нэг гараар унаж байгаа, нэхэмжлэгч дүүтэйгээ очиж авсан /хх24-26/ гэж мэдүүлсэн бөгөөд шүүх нотолгооны хэрэгсэл болох уг мэдүүлгийг хуульд зааснаар үнэлэх боломжтой байжээ.

8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Я д холбогдох 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01767 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Я аас 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Ж ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН