Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2023/00397

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Б овогт К.П нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Е овогт Ж.Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан борлуулж өгөхөөр тохиролцсон модон материал, банзны үнэ болох 10309000 /арван сая гурван зуун есөн мянган/ төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т,

Хариуцагчийн өмгөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

Нэхэмжлэгч П, хариуцагч Б нарт шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч нэхэмжлэгч П, хариуцагч Б нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр зохигчдын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П нь хариуцагч Б-д холбогдуулан худалдан борлуулж өгөхөөр тохиролцсон модон материал, банзны үнэ болох 10309000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие хувираа тээврийн үйлчилгээ эрхэлж модон материал болох банзыг Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сумдын нутаг дэвсгэрээс иргэдээс худалдан авч, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн аймаг болон сумдын иргэдэд худалдан борлуулдаг бизнес хийдэг юм.

1.2 Энэ хугацаанд иргэн Б-тэй амаар харилцан тохиролцож 2015 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 3 удаа тээвэрлэлт хийж, балк 5 метрийн 150 ширхэг, балк 4.5 метрийн 25 ширхэг, балк 4 метрийн 217 ширхэг, 0.5 см-ийн банз 753 ширхэг, 2.2 см-ийн банз 1218 ширхэг нийт үнэ болох 30.076.000 төгрөгийн үнэтэй модон материалыг Б сумд хүргэж Бд хүлээлгэн өгсөн.

1.3 Б нь 2015-2018 оны хооронд ХААН, ХАС, ТӨРИЙН банканд байгаа миний дансанд 18.260.000  төгрөгийг банкны шилжүүлгээр шилжүүлсэн, мөн 1 адууг 800.000 төгрөгөөр, 2 тооны ухныг 200.000 төгрөгөөр, 6 тооны хонийг 480.000 төгрөгөөр, 4 шуудай төмсийг 27.000 төгрөгөөр нийт 1.507.000 төгрөгийг бэлэн бусаар тооцож, бүгд нийлээд 19.767.000 төгрөгийг надад өгсөн.

1.4 Үлдсэн 10.309.000 төгрөгийг Б нь янз бүрийн шалтаг зааж худлаа ярьж байхаар нь Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаартай шийдвэрээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл гарсан. Энэ ажиллагаа болсны дараа 2 удаа уулзаж ярилцахад төлж өгнө гэж хэлсэн мөртлөө одоо хүртэл өгөхгүй болохоор нь аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

1.5 Иймд Б-ээс худалдан борлуулж өгөхөөр авсан модон материалын үнээс үлдсэн балк, банзны үнэ болох 10.309.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б хариу тайлбартаа: Миний бие П-ээс нэхэмжилж буй “10,309,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч П нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... Б-тэй амаар харилцан тохиролцож 2015 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 3 удаа тээвэрлэлт хийж, балк 5 метрийн 150 ширхэг, балк 4.5 метрийн 25 ширхэг, балк 4 метрийн 217 ширхэг, 0.5 см-ийн банз 753 ширхэг, 2.2 см-ийн банз 1218 ширхэг нийт үнэ болох 30.076.000 төгрөгийн үнэтэй модон материалыг Б сумд хүргэж Б-д хүлээлгэн өгсөн” гэж худал тайлбар гаргасан байна.

2.2 Бодит байдал дээр П надад модон материал хүлээлгэж өгч байсан удаа огт байхгүй, миний бие зөвхөн модон материал буулгах, зөөх, ачих, заримдаа түүний эзгүйд зарж борлуулж мөнгийг нь П-ийн хэлсэн дансанд нь тушаалгах зэрэг байдлаар тусалж, үүний хариуд зохих хэмжээний цалин хөлс авдаг байсан юм.

Өөрөөр хэлбэл П нь Норд Бенз загварын том ачааны тээврийн хэрэгслээр /чиргүүлтэй/ модон материалыг Б сумд өөрөө авчирч, өөрөө зарж борлуулдаг байсан.

2.3 Тухайн үед зарагдсан барааны төлбөр бэлэн мөнгө байсан тохиолдолд П-ийн данс руу тэр дор нь хийдэг, харин бэлэн бусаар тооцоо хийгдэх тохиолдолд төлбөрийг худалдан авагчийн данснаас П-ийн данс руу шууд шилжүүлэг хийдэг байсан. Заримдаа П нь модон материалыг иргэдэд зээлээр өгдөг тохиолдол байсан ба худалдан авагч төлбөрөө эд зүйлээр /мал оролцуулах г.м/ бодож тооцоо хийдэг байсан. Энэхүү байдлыг Б сумын иргэд гэрчлэхээс гадна П-ийн өөрийнх нь дансны хуулгаар нотлогдоно. П олон жил өнгөрсний дараа надаас мөнгө төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, П-ийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, П-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П-ийн Хас банкны дансны хуулга, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, тооцооны дэвтэр зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч П-аас 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч П-ийн хувийн тооцооны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, тооцооны дэвтрийн холбогдох хуудас зэргийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч П-ийн  хариуцагч Б-ээс 10309000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: Миний бие  хувиараа тээврийн үйлчилгээ эрхэлж модон материал болох банзыг Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс иргэдээс худалдан авч өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж аймаг болон сумдын иргэдэд худалдан борлуулдаг бизнес эрхэлдэг юм. Би Б-тэй харилцан тохиролцож 2015 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 3 удаагийн тээвэрлэлт хийж, нийт 30076000 төгрөгийн үнэтэй модон материалыг хүлээлгэж өгсөн бөгөөд Б нь 2015-2018 оны хооронд ХААН, ХАС, Төрийн банканд байгаа миний дансанд нийт 18260000 төгрөгийг шилжүүлсэн, мөн нэг тооны адууг 800000 төгрөгөөр,  хоёр тооны ухныг 200000 төгрөгөөр, 6 тооны хонийг 480000 төгрөгөөр, 4 шуудай төмсийг 27000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 19767000 төгрөгийг надад өгсөн. Үлдсэн 10309000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: П надад модон материал хүлээлгэж өгч байсан удаа байхгүй, миний бие зөвхөн модон материал буулгах, зөөх, ачих, заримдаа түүний эзгүйд зарж борлуулж мөнгийг нь П-ийн хэлсэн дансанд нь тушаалгах зэрэг байдлаар тусалж, үүний хариуд зохих хэмжээний хөлс авдаг байсан юм. П нь олон жил өнгөрсний дараа надаас мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Төрийн банкны харилцагч П-ийн харилцах дансны харилцагчийн 2015 оны 01 дүгэр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулгаар нэхэмжлэгчийн дансанд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 851000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1190000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 280000 төгрөг тус тус “Б-ээс” гэдэг гүйлгээний утгаар орлого орсон болох нь, ХААН банкны харилцагч П-ийн депозит дансны 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар Б-ээс гэдэг агуулгаар 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2000000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 200000 төгрөгийн орлого тус тус орсон болох нь, Хас банкны харилцагч П-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгаар Б-ийн хүсэлтээр гэх утгаар 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1037000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1400000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2000000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1500000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10000000 төгрөгийн орлого тус тус орсон болох нь тогтоогджээ.

7.2 Нэхэмжлэгч талаас Б-д модон материал өгч байсан талаарх тэмдэглэлийн дэвтрийг гаргаж өгсөн ба уг тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хэсэгт шүүхийн зүгээс үзлэг хийсэн бөгөөд уг тэмдэглэлийн дэвтэр нь нэхэмжлэгчийн өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэр болох нь тогтоогджээ.

 

8. Нэхэмжлэгч П-ээс хариуцагч Б нь модон материалын  үнээс  10309000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан байх ба хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч маргажээ. 

9.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Худалдан борлуулж өгөхөөр тохиролцсон модон материал, банзны үнийг гаргуулах” гэж тодорхойлсон байдал болон хариуцагчийн “Миний бие модон материал буулгах, зөөх, ачих, заримдаа түүний эзгүйд зарж борлуулж мөнгийг нь П-ийн хэлсэн дансанд нь тушаах зэрэг байдлаар тусалж, үүний хариуд зохих хэмжээний хөлс авдаг байсан” гэх тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний  харилцаа үүссэн байна.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болохоор хуульчилжээ. Нэхэмжлэгч П-ээс хариуцагч Б нь борлуулж өгөхөөр авсан модон материалын үнээс 10309000 төгрөг үлдсэн гэж нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох ХААН, Хас, Төрийн банканд байгаа харилцагчийн дансны хуулга нь Б-ээс нэхэмжлэгч П-д мөнгө шилжүүлсэн байдлыг нотлохоос хариуцагчаас модон материалын үнээс үлдсэн 10309000 төгрөгийн авлагатай болохыг нотлохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хэсэг болох 63 дугаар хуудас буюу “Б Бакен” гэж бичигдсэн хэсэг нь нэхэмжлэгч П-ийн өөрийнх нь бичиж тэмдэглэсэн зүйл байх бөгөөд хариуцагчаас уг баримтыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10.Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой болон тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нийтлэг журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолдог. Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлээгүй тухай эрхийн зөрчлийг мэдэх ёстой байсан бөгөөд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой байх үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тодорхойлогдоно гэж үзлээ. Нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх нь эрх зүйн харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхээ алдаж байгаа явдал бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч П-ийн хариуцагч Б-ээс 10309000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4,  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П-ийн хариуцагч  Б-ээс 10309000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179894 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК