Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00083

 

 

 

 

К.П-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00397 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******* оршин суух Ы овогт К-ийн П-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух Е овогт Ж-ийн Б-д холбогдох,

 

“Худалдан борлуулж өгөхөөр тохиролцсон модон материал, банзны үнээс үлдсэн 10.309.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч К.П-, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие хувираа тээврийн үйлчилгээ эрхэлж модон материал болох банзыг Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сумдын нутаг дэвсгэрээс иргэдээс худалдан авч, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн аймаг болон сумдын иргэдэд худалдан борлуулдаг бизнес хийдэг юм.

1.2. Энэ хугацаанд иргэн Ж.Б-тэй амаар харилцан тохиролцож, 2015 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 3 удаа тээвэрлэлт хийж, палк 5 метрийн 150 ширхэг, палк 4.5 метрийн 25 ширхэг, палк 4 метрийн 217 ширхэг, 0.5 см-ийн банз 753 ширхэг, 2.2 см-ийн банз 1218 ширхэг нийт үнэ болох 30.076.000 төгрөгийн үнэтэй модон материалыг Баяннуур сумд хүргэж Ж.Б-д хүлээлгэн өгсөн.

1.3. Ж.Б- нь 2015-2018 оны хооронд хаан, хас, төрийн банканд байгаа миний дансанд 18.260.000 төгрөгийг банкны шилжүүлгээр шилжүүлсэн, мөн 1 адууг 800.000 төгрөгөөр, 2 тооны ухныг 200.000 төгрөгөөр, 6 тооны хонийг 480.000 төгрөгөөр, 4 шуудай төмсийг 27.000 төгрөгөөр нийт 1.507.000 төгрөгийг бэлэн бусаар тооцож, бүгд нийлээд 19.767.000 төгрөгийг надад өгсөн.

1.4. Үлдсэн 10.309.000 төгрөгийг Ж.Б- нь янз бүрийн шалтаг зааж худлаа ярьж байхаар нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаартай шийдвэрээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл гарсан. Энэ ажиллагаа болсны дараа 2 удаа уулзаж ярилцахад төлж өгнө гэж хэлсэн атлаа одоо хүртэл өгөхгүй болохоор нь аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна.

1.5 Иймд Ж.Б-аас худалдан борлуулж өгөхөөр авсан модон материалын үнээс үлдсэн палк, банзны үнэ болох 10.309.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч К.П- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... Ж.Б-тэй амаар харилцан тохиролцож, 2015 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 3 удаа тээвэрлэлт хийж, палк 5 метрийн 150 ширхэг, палк 4.5 метрийн 25 ширхэг, палк 4 метрийн 217 ширхэг, 0.5 см-ийн банз 753 ширхэг, 2.2 см-ийн банз 1218 ширхэг нийт үнэ болох 30.076.000 төгрөгийн үнэтэй модон материалыг Баяннуур суманд хүргэж Ж.Б-д хүлээлгэн өгсөн” гэж худал тайлбар гаргасан байна.

2.2. Бодит байдал дээр К.П- надад модон материал хүлээлгэж өгч байсан удаа огт байхгүй, миний бие зөвхөн модон материал буулгах, зөөх, ачих, заримдаа түүний эзгүйд зарж борлуулж мөнгийг нь К.П-ын хэлсэн дансанд нь тушаалгах зэрэг байдлаар тусалж, үүний хариуд зохих хэмжээний цалин хөлс авдаг байсан. Өөрөөр хэлбэл К.П- нь Норд Бенз загварын том ачааны тээврийн хэрэгслээр /чиргүүлтэй/ модон материалыг Баяннуур суманд өөрөө авчирч, өөрөө зарж борлуулдаг байсан.

2.3.Тухайн үед зарагдсан барааны төлбөр бэлэн мөнгө байсан тохиолдолд К.П-ын данс руу тэр дор нь хийдэг, харин бэлэн бусаар тооцоо хийгдэх тохиолдолд төлбөрийг худалдан авагчийн данснаас К.П-ын данс руу шууд шилжүүлэг хийдэг байсан. Заримдаа К.П- нь модон материалыг иргэдэд зээлээр өгдөг тохиолдол байсан ба худалдан авагч төлбөрөө эд зүйлээр /мал оролцуулах г.м/ бодож тооцоо хийдэг байсан. Энэхүү байдлыг Баяннуур сумын иргэд гэрчлэхээс гадна К.П-ын өөрийнх нь дансны хуулгаар нотлогдоно. К.П- олон жил өнгөрсний дараа надаас мөнгө төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00397 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.П-ийн хариуцагч Ж.Б-ээс 10309000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179894 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “...Худалдан борлуулж өгөхөөр тохиролцсон модон материал, банзны үнийг гаргуулах” гэж тодорхойлсон байдал болон хариуцагчийн “Миний бие модон материал буулгах, зөөх, ачих, заримдаа түүний эзгүйд зарж борлуулж мөнгийг нь К.П-ын хэлсэн дансанд нь тушаах зэрэг байдлаар тусалж, үүний хариуд зохих хэмжээний хөлс авдаг байсан” гэх тайлбараас үзэхэд зохиогчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн байна” гэж тодорхойлсон нь нэг талыг барьж хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгосон байна.

4.2. Нэхэмжлэгч миний бие Ж.Б-тай төрөл садан хамаатан хүний хувьд түүнд итгэж, эд хөрөнгөө үлдээгээд явсан ба худалдан борлуулагдсаны үнийг Ж.Б- надад 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл шилжүүлж ирсэн ба миний итгэлийг эвдсэн явдалд гомдолтой байна.

4.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “...Нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй нэг талыг баримталж шийдвэр гаргасан нь хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Бусад асуудлыг нэхэмжлэгч миний бие давж заалдах шүүх хуралдааны үед тайлбарлах болно.

 

4.4. Иймд гомдлыг давж заалдах журмаар хянаж, Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130\ШШ2023\00397 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

            5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

            5.1. Нэхэмжлэгч нь 2022 онд шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж өргөдөл гаргасан. Уг өргөдөлд нэхэмжлэгч 2015 оны 1-3 дугаар сарын хооронд нийт гурван удаа мод буулгасан. Мөн хариуцагчтай хамтран ажилладаг байсан гэж дурдаж байсан. Үүнээс харвал нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оны 1-3 дугаар сарын хооронд хамтран модон материалыг Баяннуур суманд худалдан борлуулж байсан үйл баримт харагддаг. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч бас тийм байдлаар тайлбарладаг. Үүнээс харвал шаардах эрхийн хугацаа үүсэж 7 жил болсон харагддаг.

5.2. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. 2015 оны 1-3 дугаар сарын хооронд нийт гурван удаа модон материал буулгасан гэж байгаа боловч хэдэн төгрөгийн бараа нийлүүлсэн, үүнээс хариуцагч хэдэн төгрөгийг нь шилжүүлсэн талаар холбогдох нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй.

5.3. Ганц байгаа нотлох баримт нь дэвтэр байдаг юм байна. Тухайн дэвтэрт үзлэг хийсэн. Уг үзлэгээр нэхэмжлэгч нь хариуцагчид хэдэн төгрөгийн модон материалыг хүлээлгэж өгсөн талаар тогтоогдоогүй.

5.4. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадаагүй, хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн. Шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрлийг оновчтой тодорхойлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            7. Нэхэмжлэгч К.П- нь хариуцагч Ж.Б-д холбогдуулж модон материалын үнээс үлдсэн 10.309.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “Ж.Б-тэй амаар харилцан тохиролцож 2015 оны 1-3 дугаар сарын хооронд 3 удаагийн тээвэрлэлтээр 5м-ийн 150 ширхэг /палк/ мод, 4,5м-ийн 25 ширхэг /палк/ мод, 4м-ийн 217 /палк/ мод, 0,5 см-ийн банз мод 753 ширхэг, 2,2 см-ийн банз мод 1218 ширхэг, нийт 30.076.000 төгрөгийн үнэтэй модон материалыг Баяннуур суманд хүргэж, Ж.Б-д хүлээлгэж өгсөн. Үүнээс 19.767.000 төгрөгийн модон материалын үнийг надад буцааж өгсөн, үлдсэн 10.309.000 төгрөгийг өгөөгүй” гэж тайлбарласан бол хариуцагчаас “П- нь надад модон материал хүлээлгэн өгч байгаагүй, би зөвхөн модон материал буулгах, зөөх, ачих, заримдаа түүний эзгүйд зарж борлуулж, мөнгийг нь түүний хэлсэн дансанд тушаалгах зэрэг байдлаар тусалж, түүний хариуд зохих хэмжээний цалин хөлс авдаг байсан. К.П- олон жил өнгөрсний дараа надаас мөнгө төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар ирүүлжээ.

 

            8. Хэрэгт нэхэмжлэгч К.П-ын гаргаж өгсөн тооцооны дэвтэр болон тус дэвтэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс өөр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт авагдаагүй бөгөөд уг баримтыг нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, К.П- болон Ж.Б- нар тэмдэглэлд дурдсанчлан 2014 оноос хойш барилгын модон материал худалдах-худалдан авах зэргээр хамтран ажилласан, К.П- нь өөрийн тээврийн хэрэгслээр Завхан аймгаас Баян-Өлгий аймагт барилгын модон материал тээвэрлэн борлуулж, энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд оршин суух хариуцагч Ж.Б-д 2015 оны 1-3 дугаар сард 3 удаагийн тээвэрлэлтээр 5м-ийн 150 ширхэг /палк/ мод, 4,5м-ийн 25 ширхэг /палк/ мод, 4м-ийн 217 /палк/ мод, 0,5 см-ийн банз мод 753 ширхэг, 2,2 см-ийн банз мод 1218 ширхэг, нийт 30.076.000 үнэтэй модон материалыг худалдан борлуулж Ж.Б-д хүлээлгэж өгсөн, үүнээс 19.767.000 төгрөгийн модон материалын үнийг худалдан авагч төлсөн боловч үлдсэн 10.309.000 төгрөгийг төлөөгүй нь нотлогджээ. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс өөрийн тухай бүр хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрийг гаргаж өгсөн, харин хариуцагчаас татгалзлаа нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

            9. Хариуцагч Ж.Б-ээс “П- нь надад модон материал хүлээлгэн өгч байгаагүй” гэж тайлбарлах боловч К.П-аас тухай бүрд нь модон материалыг худалдан борлуулахаар Ж.Б-д хүлээлгэн өгч байсан нь нэхэмжлэгчийн тэмдэглэлийн дэвтэр болон түүнд үзлэг хийсэн шүүхийн тэмдэглэлээр нотлогдсон, түүнчлэн хариуцагчаас “би зөвхөн модон материал буулгах, зөөх, ачих, заримдаа түүний эзгүйд зарж борлуулж, мөнгийг нь түүний хэлсэн дансанд тушаалгах зэргээр тусалж, түүний хариуд зохих хэмжээний цалин хөлс авдаг байсан” гэж тайлбарлах боловч тэрээр К.П-тай тохиролцож хөлсөөр ажиллан, тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэж, хариуд нь хөлс авч байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу хариу тайлбарынхаа үндэслэлийг нотлоогүй.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй, тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар болон түүний гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрийг үндэслэвэл талуудын хооронд модон материал худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, харин хариуцагч буюу худалдан авагч Ж.Б- нь 2014 оноос хойш худалдагч буюу нэхэмжлэгч К.П-аас хүлээж авсан 30.076.000 төгрөгийн үнэтэй барилгын модон материалын үнээс 19.767.000 төгрөгийн үнийг буцаан төлсөн, 10.309.000 төгрөгийг төлөөгүй буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчсөн нь нотлогджээ.

 

10. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж хуульчилсан. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

 

11. Хариуцагч Ж.Б-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт “К.П- олон жил өнгөрсний дараа надаас мөнгө төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна” гэж, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, үүнийг бас анхаарах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн шаардах эрх аль хэдийн 2015 онд дууссан” гэж тус тус тайлбарлаж, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс эхэлж тоолсон нь тодорхойгүй, ойлгомжгүй, энэ талаар нотлох баримтад тулгуурлаж үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ.

 

12. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооны дэвтрийн 64 дэх хуудас, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргийг үндэслэж нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн цаг хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж тоолох үндэслэлтэй байх бөгөөд чухам энэ үеэс худалдагч К.П- нь худалдан авагч Ж.Б-ий худалдаж авсан барилгын модон материалын үнийг дутуу өгсөн, 10.309.000 төгрөгийг өгөхгүй гэрээнийхээ үүргээ зөрчсөн талаар лавтай сайн мэдсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэг нь энэ талаар хувийн тэмдэглэлдээ тооцоог нарийвчилж гарган тусгаж, он, сар, өдрийг тэмдэглэжээ.

Тиймээс нэхэмжлэгчийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хуульд заасан гурван жилийн хугацаагаар тоолоход, 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон байх тул К.П-ын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байдлыг хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн, хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгч Ж.Б- нь худалдагч К.П-ын өмнө хүлээсэн худалдах-худалдан авах гэрээний үнээс үлдсэн 10.309.000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул К.П-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.894 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00397 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийнх 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.894 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК