Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2022/01776

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 135/ШШ2022/01776

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/01391/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Т.Жавхлантөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, **дугаар хороолол, **дүгээр байр, *** тоотод оршин суугаа, О** овогт Э*** Б** /утас **/

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг, ** дугаар хороолол, **-р байр, *** тоотод оршин суугаа, Е**у овогт С** Б** /утас***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 13,051,172 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч Д.Н***г,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С**,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нь С.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 7,996,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын ** дүгээр сургуульд эмчээр ажилладаг ба 2018 оны 02 сарын 09-ний өдөр тус сургуулийн захирал С.Б-ын өрөөнд үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд ирсэнгүй гэх шалтгаанаар С.Б- нь архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ намайг хана руу хүчтэй түлхэж унагаасны улмаас толгойгоороо хана мөргөж улмаар миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.

Уг гэмт хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн *** дугаартай тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 28 дугаартай магадлал зэргээр С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Э.Б-миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 210 дугаартай тогтоолоор С.Б-ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Гэмт хэргийн улмаас тархи доргиж улмаар чихний сонсгол тэр үеэс илт муудаж Улаанбаатарын ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэн улмаар чихний хагалгаанд орж мэс ажилбар хийлгэсэн дуу авиа чимээ, хүний яриа муу сонсдог болж бие организмын болон сэтгэл санааны хохирол амсаж явна. Энэ гэмтлээс болж Улаанбаатар хот руу байнгын ирж очин эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэж эмчийн хяналтанд УБ - Дархан хоёрын хооронд явж унааны зардлаар хохирохоос гадна ажлаа тасралтгүй хийж чадахгүй, чөлөө, акт авснаас болж цалин хөлс ч үгүй санхүүгийн хувьд маш ихээр хохирч байна.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар Э.Б-намайг дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн хоёр талын холимог ердийн өвчин гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60%-иар 12 сараар тогтоож, 2019 оны 12 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд С.Б- нь хүний урамд нэг ч төгрөг эмчилгээний зардал өгч байгаагүй ба УДШ-ээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хохирол гэсэн тайлбар тавьсаар ирсэн.

Иймд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд. эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж тус тус заасныг үндэслэн тус эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол 13,051,172 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүнд: Эм тариа, эмчилгээний зардал, замын зардал, хоол ундны зардал, өмгөөллийн хөлс, нотариатын зардал, дутуу олгогдсон цалин буюу 3,597,672 төгрөг тус бүр багтсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Б- нь хариу тайлбартаа:

Бидний хооронд үүссэн асуудал нь 2018 оны 02 сарын 09-ний өдөр намайг тус сургуулийн захирлын ажлыг хийж байх үед ажлын маргаанаас болсон ба тухайн үед 3 шатны шүүхээр явж шийдэгдсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн Тогтоол 2019 оны 05 сарын 17-нд гарахдаа С.Б-д холбогдох, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр нь үлдээсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн *** дугаартай тогтоолын 5-р хэсэгт зааснаар хохирогчийн эмчилгээний зардал болох 8.305.417 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй" гэж заасны дагуу надаас зардал гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж байхад намайг Э.Б-ийн биед тархи доргилт гэсэн хөнгөн гэмтэл учруулсан, энэ нь чихний үрэвсэл болон бусад эмчилгээ хагалгаанд хамааралгүй гэдгийг тогтоосон. Ингээд зөвхөн тархи доргилттой хамааралтай эмчилгээний зайлшгүй зардлыг эмчлэгдэж болох цаг хугацаатай нь тооцож, хохирлыг төлүүлэх гэсэн шийдвэр гаргах гэж хэлэлцсэн боловч тархи доргилттой хамааралгүй, зайлшгүй бус зардлууд их холилдсон байсан.

Э.Б-нь тухайн үед 8,305,417 төгрөгийг тархи доргилт төдийгүй чих, хэнгэрэгний хагалгаа, дотор эрхтэн, нуруу, зүрх судасны эмчилгээ, эхо аппарат, дох тэмбүүгийн шинжилгээ, эм тариа зэрэг эмчилгээнүүд, мөн гэр ахуй, хүнсний бараа бүтээгдэхүүн, бензин, хоол, ус ундаа зэргээр 2018 оны 02 сараас 2018 оны 11 сар хүртэл хугацаанд хамаарах мөнгийг шаардлага хангах, хангахгүй баримтуудаар нэхэмжилсэн байдаг. Иймээс ялгаж салгах боломжгүй байсан тул энэ эмчилгээний зардлуудаа гэмтэл цаг хугацаагаар нь зөвөөр ялгаж салгаад, дараа нь иргэний шүүхээр нэхэмжилж болно гэсэн агуулгатайгаар шүүхээс шийдэж байсан.

Нэхэмжлэгч нь тэрхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу одоо нэхэмжлэл гаргахдаа бас л тархи доргилттой холбоогүй зардлуудыг салгаж ялгалгүй, нийлүүлээд нэхэмжилсэн байх юм. Миний бие өмнө гарсан шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэж байгаа боловч, хууль шүүхийн байгууллагаар далайлган одоог хүртэл үндэслэлгүй их хэмжээний мөнгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүхээр тогтоосон гэм буруутай холбоотой зардлыг өдий хүртэл хугацаанд үнэн зөвөөр нь тодорхойлоогүй байна гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Э.Б-ийн хохирлыг 100 хувь төлж барагдуулах ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл Э.Б-эрүүл мэндээрээ хохирч ажил хийх боломжгүй болсон байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 сарын 20-ны өдрийн 28 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 210 дугаар тогтоолын хуулбар, 02***, 0** хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актын хуулбар, Долмалин эмнэлгийн тодорхойлолт, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Саран-Элит клиникийн эмнэлгийн шинжилгээний баримтууд, төлбөрийн баримтууд, итгэмжлэл, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зарлагын баримт 5 хуудас, 1125, 987 тоот орлогын ордер 2 хуудас, төлбөрийн баримтууд, 0466795 тоот хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Дархан сумын Өргөө багийн Засаг даргын тодорхойлолт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 166/2019/0014/Э индекс бүхий хэргийн материалаас үзлэг хийлгэсэн эмчийн бичиг, Шинжилгээний албаны дүгнэлт, шинжээч эмч Х.Туяагийн өгсөн мэдүүлэг, хохиролтой холбоотой баримтууд, шинжээчийг дүгнэлт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

1. Хариуцагч С.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дугаар багийн нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн албаны өрөөнд сургуулийн эмч Э.Б-ай үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд ирсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол /хх-4-5/, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар магадлал /хх-7-9/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаар тогтоол /хх-10-12/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч Э.Б-нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ... Гэмт хэргийн улмаас тархи доргиж улмаар чихний сонсгол тэр үеэс илт муудаж Улаанбаатарын ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэн чихний хагалгаанд орж мэс ажилбар хийлгэсэн. Дуу авиа чимээ, хүний яриа муу сонсдог болж бие организмын болон сэтгэл санааны хохирол амсаж явна... гэж тайлбарлаж, хариуцагч С.Б-ас гэм хорын хохирол 13,051,172 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...эм, эмчилгээний төлбөр 8,359,100 төгрөг, замын зардал 278,800 төгрөг, хоолны зардал 332,500 төгрөг, нотариатын зардал 90,200 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалингийн зөрүү 3,597,672 төгрөг /зөрүү 299806 төгрөг х 12 сар/, нийт 13,158,272 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэж өмнө гаргасан нэхэмжлэлийн дүнг 107,100 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилсэн болно.

 

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолд ...Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шинжээчийн Э.Б-ийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, бугалган дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Б-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б-ийн биед тархи доргилт, зүүн гарын шуу, бугалган дахь цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь тархи доргилтод хийлгэсэн эмчилгээний зардал, мөн тархи доргилтоос шалтгаалж баруун чих үрэвсэж ЭМЖЖ эмнэлэгт хагалгаа хийлгэж эмчлүүлсэн зардал болох нийт 8,305,417 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Гэвч хохирогчийн чихний үрэвсэл нь шүүгдэгчийн түүнд учруулсан тархи доргилтоос шалтгаалаагүй болох нь шинжээч эмч Д.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Тархи доргилтоос болж чихэнд ямар нэгэн эмгэг үүснэ гэж байхгүй... гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч Э.Б-ийн шүүхэд гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтуудаас тархи доргилт бүхий хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ ... гэжээ.

 

4. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар магадлалд ...Хохирогч Э.Б-энэ хэргийн улмаас баруун чих өрөвсөж мэс ажилбар хийлгэсэн тул хоол, унд, унааны зардал 8,305,417 төгрөг нэхэмжилсэн боловч дээрх үйлдлийн буюу энэ хэргийн улмаас хохирогчийн ... чихэнд гэмтэл учирсан...гэдэг нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн, энэ талаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 693 дугаартай ... Э.Б-ийн биед баруун талын дунд чихний наалдац архаг үрэвсэл тогтоогдсон бөгөөд энэ өвчний улмаас хамар хоолойн эмнэлэгт хэвтэж наалдцыг цэвэрлэх, хэнгэргэн хальсны зузаарсан хэсгийг цэвэрлэх хагалгаа хийлгэсэн ... гэсэн дүгнэлт гарснаас гадна шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт оролцож ... Э.Б-ийн чихний үрэвсэл нь шүүгдэгчийн учруулсан хохирол болох тархи доргилтоос үүсээгүй ..., тархи доргилтоос чихэнд ямар нэг үрэвсэл үүсдэггүй ... гэсэн мэдүүлэг өгчээ.

Үүнээс үзвэл хохирогч Э.Б-гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 8,305,417 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэлгүй орхисон нь үндэслэлтэй байх бөгөөд харин хохирогч нь тархи доргилт бүхий хөнгөн хохирлын улмаас учирсан хохирлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй... гэж дүгнэжээ.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

 

6. Дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар хариуцагч С.Б- нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.Б-ийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсантай холбоотой хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

7. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор ...нэхэмжлэгч Э.Б-ийн гаргаж өгсөн, хэрэгт хавсаргасан эм тариа эмчилгээний баримтууд нь ямар эмчилгээнд зориулагдаж хийгддэг болохыг тогтоолгож дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийг томилж... шийдвэрлэсэн.

 

8. Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/696 тоот албан бичгээр ирүүлсэн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч С.М-гийн гаргасан дүгнэлтийг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй болно.

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... шинжээчийн дүгнэлтийн ЭМЖЖ эмнэлгийн баримт /хх-197/ гэсэн хүснэгтийн 7 дугаарт бичигдсэн 2018.04.04-ний өдрийн үйлчилгээний хөлс 500,000 төгрөг гэж үнийн дүн зөрүүтэй ба үнийн дүн нь 408,650 төгрөг, эмч зөвлөөгүй, юунд зориулсан нь тодорхойгүй, он сар болон хаяг тодорхойгүй баримтууд гэсэн хүснэгтийн 13 дугаарт бичигдсэн 2019.05.30-ны өдрийн Монос /эутирокс эм эмч зөвлөөгүй/ 6900 төгрөг гэж үнийн дүн зөрүүтэй үнийн дүн нь 3800 төгрөг, Мэдрэлийн эмчийн зөвлөсөн эм эмчилгээ гэсэн хүснэгтийн 5 дугаарт 2018.04.04-ний өдрийн 144,000 төгрөгийн үнийн дүнтэй Эм тэс эмийн сангийн баримт, эмч зөвлөөгүй, юунд зориулсан нь тодорхойгүй, он сар болон хаяг тодорхойгүй баримтууд гэсэн хүснэгтийн 2, 13 дугаарт бичигдсэн баримт тус тус огт байхгүй баримтыг дурдаж бичсэн байна... гэх тайлбарыг гаргасан болно.

 

9. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас Саран-Элит эмнэлэгт компьютер томографи авахуулсан /хх-36/ үйлчилгээний төлбөр 145,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул энэхүү хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.

 

10. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан Мэдрэлийн эмчийн зөвлөсөн эмчилгээ:

1. Тархины цахилгаан бичлэг /2018.02.10/ 30,000 төгрөг,

2. Эм тэс эмийн сан /2018.02.19/ 489,210 төгрөг,

3. Эм долмалин ХХК /2018.04.07/ 193,800 төгрөг,

4. Эм тэс эмийн сан /2018.06.29/ 300,200 төгрөг,

5. Мандал эмнэлгийн төлбөр /2018.07.09/ 220,000 төгрөг,

6. Эм долмалин /2018.11.03/ 372,400 төгрөг, нийт 1,605,610 төгрөгийг хариуцагч С.Б-ас гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

11. Хавтаст хэргийн 116-118 дугаар талд нотариатын үйлчилгээ авсан нийт 90,200 төгрөгийн төлбөрийн баримт авагдсан боловч энэхүү баримт нь Хуулийн бичиг баримт, гэрчилгээ олгох үйлчилгээ /патент, зохиогчийн эрх, оюуны 1 өмчийн эрх, гэрлэлтийн баталгаа зэрэг нотариатын үйлчилгээ/-нд төлсөн төлбөрийн баримт байх тул хариуцагч С.Б-гын учруулсан гэм хорын хохирлын төлбөрт хамааралгүй баримт байна.

 

12. Нэхэмжлэгч Э.Б-нь замын зардал 278,800 төгрөг, хоолны зардал 332,500 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэхүү зардал нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт холбогдуулан тооцох зардалд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасан ...нэмэгдэл хоол өгөх... гэдгийг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахад зайлшгүй шаардлагатай тусгай хоол хүнсийг ойлгохоор зохицуулсан ба энэхүү зохицуулалтад хүний ердийн хооллох хэрэгцээ хамаарахгүй болно.

13. Нэхэмжлэгч Э.Б-г Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх дэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Н90.6 Дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн хоёр талын холимог гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон байна.

Нэхэмжлэгч Э.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдсан эрүүл мэнд, өвчний онош нь С.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй байх тул түүний 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалингийн зөрүү 3,597,672 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

14. Хавтаст хэргийн 56 дугаар талд өмгөөлөгч Ж.Т-д өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг төлсөн 2018.04.04-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтыг үндэслэн нэхэмжлэгч Э.Б-нь өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаа дугаар зүйлийн 14-т ...хууль зүйн туслалцаа авах эрхтэй... гэж заасан хэдий ч эрүүгийн эрх зүйн маргаанд заавал өмгөөлөгчтэй оролцох хэрэг, маргааны төрлийг тусгайлан заасан байдаг.

Нэхэмжлэгч Ж.Байгалмаагийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор оролцсон, энэхүү гэмт хэрэгт заавал өмгөөлөгчтэй оролцох ёстой гэмт хэрэг биш бөгөөд өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх нь нээлттэй байдаг. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

15. Иймд хариуцагч С.Б-ас эм эмчилгээний зардал 1,605,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгож, үлдэх эм эмчилгээний зардал 6,608,490 төгрөг, замын зардал 278,800 төгрөг, хоолны зардал 332,500 төгрөг, нотариатын зардал 90,200 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 500,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалингийн зөрүү 3,597,672 төгрөг, нийт 11,407,662 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон, томилогдсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг хариуцагч төлөх ёстой гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн маргааныг шийдвэрлэсэн болно.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 42,240 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч С.Б-ас 1,605,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгож, үлдэх 11,407,662 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч талын компьютер томографи авахуулсан /хх-36/ үйлчилгээний төлбөр 145,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 42,240 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА

 

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

 

Т.ЖАВХЛАНТӨГС