Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00017

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2022/01776 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

     

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохирол 13,051,172 төгрөг гаргуулах” тухай,

 

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

 

Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд эмчээр ажилладаг ба 2018 оны 02 сарын 09-ний өдөр тус сургуулийн захирал С.Баттулгын өрөөнд үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд ирсэнгүй гэх шалтгаанаар ******* нь архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ намайг хана руу хүчтэй түлхэж унагаасны улмаас толгойгоороо хана мөргөж улмаар миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.

 

Уг гэмт хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 31 дугаартай тогтоол, Дархан-Уул аймгийн

 

 

D:\Magadlal 2023\E.baigalmaa-S.Battulga.doc

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 28 дугаартай магадлал зэргээр С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ******* миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 210 дугаартай тогтоолоор С.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

 

Гэмт хэргийн улмаас тархи доргиж улмаар чихний сонсгол тэр үеэс илт муудаж Улаанбаатарын ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэн улмаар чихний хагалгаанд орж мэс ажилбар хийлгэсэн дуу авиа чимээ, хүний яриа муу сонсдог болж бие организмын болон сэтгэл санааны хохирол амсаж явна. Энэ гэмтлээс болж Улаанбаатар хот руу байнгын ирж очин эмнэлэгт үзүүлэн эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад УБ - Дархан хоёрын хооронд явж унааны зардлаар хохирохоос гадна ажлаа тасралтгүй хийж чадахгүй, чөлөө, акт авснаас болж цалин хөлс ч үгүй санхүүгийн хувьд маш ихээр хохирч байна.

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар ******* намайг дуу дамжуулах ба хүлээн авах хэлбэрийн хоёр талын холимог ердийн өвчин гэх оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хуваарь 12 сараар тогтоож, 2019 оны 12 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд ******* нь хүний урамд нэг ч төгрөг эмчилгээний зардал өгч байгаагүй ба УДШ-ээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хохирол гэсэн тайлбар тавьсаар ирсэн.

 

Иймд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд. эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй", тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж тус тус заасныг үндэслэн тус эрүүгийн хэргийн улмаас учирсан “Эм тариа, эмчилгээний зардал, замын зардал, хоол ундны зардал, өмгөөллийн хөлс, нотариатын зардал, дутуу олгогдсон цалин буюу 3,597,672 төгрөг”-ийн хохирол нийт 13,051,172 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2018 оны 02 сарын 09-ний өдөр намайг тус сургуулийн захирлын ажлыг хийж байх үед ажлын маргаанаас болсон ба тухайн үед 3 шатны шүүхээр явж шийдэгдсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн Тогтоол 2019 оны 05 сарын 17-нд гарахдаа *******д холбогдох, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр нь үлдээсэн байдаг.

 

Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 31 дугаартай тогтоолын 5-р хэсэгт зааснаар хохирогчийн эмчилгээний зардал болох 8.305.417 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй" гэж заасны дагуу надаас зардал гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж байхад намайг *******гийн биед тархи доргилт гэсэн хөнгөн гэмтэл учруулсан, энэ нь чихний үрэвсэл болон бусад эмчилгээ хагалгаанд хамааралгүй гэдгийг тогтоосон. Ингээд зөвхөн тархи доргилттой хамааралтай эмчилгээний зайлшгүй зардлыг эмчлэгдэж болох цаг хугацаатай нь тооцож, хохирлыг төлүүлэх гэсэн шийдвэр гаргах гэж хэлэлцсэн боловч тархи доргилттой хамааралгүй, зайлшгүй бус зардлууд их холилдсон байсан.

 

******* нь тухайн үед 8,305,417 төгрөгийг тархи доргилт төдийгүй чих, хэнгэргийн хагалгаа, дотор эрхтэн, нуруу, зүрх судасны эмчилгээ, эхо аппарат, дох тэмбүүгийн шинжилгээ, эм тариа зэрэг эмчилгээнүүд, мөн гэр ахуй, хүнсний бараа бүтээгдэхүүн, бензин, хоол, ус ундаа зэргээр 2018 оны 02 сараас 2018 оны 11 сар хүртэл хугацаанд хамаарах мөнгийг шаардлага хангах, хангахгүй баримтуудаар нэхэмжилсэн байдаг. Иймээс ялгаж салгах боломжгүй байсан тул энэ эмчилгээний зардлуудаа гэмтэл цаг хугацаагаар нь зөвөөр ялгаж салгаад, дараа нь иргэний шүүхээр нэхэмжилж болно гэсэн агуулгатайгаар шүүхээс шийдэж байсан.

 

Нэхэмжлэгч нь тэрхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу одоо нэхэмжлэл гаргахдаа бас л тархи доргилттой холбоогүй зардлуудыг салгаж ялгалгүй, нийлүүлээд нэхэмжилсэн байх юм. Миний бие өмнө гарсан шүүхийн шийдвэрүүдийг хүндэтгэж байгаа боловч, хууль шүүхийн байгууллагаар далайлган одоог хүртэл үндэслэлгүй их хэмжээний мөнгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Иймд шүүхээр тогтоосон гэм буруутай холбоотой зардлыг өдий хүртэл хугацаанд үнэн зөвөөр нь тодорхойлоогүй байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан дүгнэлтдээ: нэхэмжлэгч *******гийн хохирлыг 100 хувь төлж барагдуулах ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл ******* нь эрүүл мэндээрээ хохирч , ажил хийх боломжгүй болсон байна гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

 

Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч *******ас 1,605,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 11,407,662 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч талын компьютер томографи авахуулсан /хх-36/ үйлчилгээний төлбөр 145,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчаас 42,240 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын  давж заалдах гомдлын агуулга :

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

С.Баттулгын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд цаг хугацаагаараа хохирсон. Иргэний хуульд заасны дагуу нотлох баримтаа гарган өгч өөрт учирсан хохирлоо хариуцагчаас нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг үл баримтлан хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэр гаргана гэсэн заалтыг зөрчин шийдвэр гаргасан тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэлд  өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах нь хариуцагч *******д холбогдуулан гэм хор учруулсны улмаас эрүүл мэндэд учирсан хохирол нийт 13,051,172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. /1 хх 1-2/

 

Дээрх шаардлагыг хариуцагч ******* ...тархи доргилттой холбоогүй зардлуудыг салгаж ялгалгүй нийлүүлээд нэхэмжилсэн байх ба шүүхээр тогтоосон гэм буруутай холбоотой зардлыг өдий хүртэл хугацаанд үнэн зөвөөр нь тодорхойлоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар/ 1 хх-131/-ыг,

 

Харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзиймаа нь шүүх хуралдаанд ... шүүх эмнэлгийн дүгнэлтээр тархи доргисон талаар, анхан шатны шүүх чихний үрэвсэл гэмтэл тогтоогдохгүй байгаа талаар тус тус дурдсан байдаг. Тархи  доргисны улмаас чихний үрэвсэл өвчтэй болсны улмаас хохирлоо нэхэмжилж байгаа  гэх нэхэмжлэгч талын шаардлагыг зөвшөөрөхгүй, толгойн томографикт харуулсан 145,000 төгрөгийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргажээ. /2 хх-64,67/

 

3. Хариуцагч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн албаны өрөөнд сургуулийн эмч *******тай “үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлыг төлөвлөх хуралд ирсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж,   эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэрэг нь хянагдсан байна.

 

            4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаар тогтоол/1 хх-10-12/-оор давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэх үед шүүгдэгч С.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг энэхүү үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж  магадлалын тогтоох хэсэгт нэмэлт оруулж шийдвэрлэжээ. 

 

5. Анхан шатны шүүх  хариуцагч ******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулсантай холбоотой хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй. Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/696 тоот албан бичгээр ирүүлсэн нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч С.Мээлэйгийн гаргасан дүгнэлтийг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй болно гэж  энэхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэжээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.

 

7. Хариуцагч С.Баттулгын үйлдлээс нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсантай холбоотой гэм хор учирсанд *******  гэм буруутай болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. 

 

8. Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас толгойн томограф-т харуулсан 145,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг чихний үрэвсэл өвчтэй болсны улмаас нэхэмжилсэн, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан нь гэм хорын хариуцлагаас түүнийг бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй байна. 

 

 9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан  этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

            10.Нэхэмжлэгч ******* нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирснаас хойш буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн нэгдсэн  болон Саран-элит клиникийн эмнэлэгт тус тус үзүүлсэн, Мандал  эмнэлэгт эмчлүүлсэн, тархины судасны бичлэг болон томографи авхуулсан, Долмалин, Тэс , Энхийн тун, Гишүүт зэрэг нэр бүхий эмийн сангуудаас эм, тариа авсан, шүүх эмнэлэгт үзүүлсэн зэргээр зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эмчлүүлэгчийн картын хуулбар, зарлагын баримтууд зэргээр тогтоогдож байна.  /хэргийн 35-40,41,56,57,76,78,89/

 

           Энэхүү эм, тариа,эмчилгээний зардал нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд  гэм хор учруулсантай холбогдон гарсан  зардал гэж үзэх үндэслэлтэй  байх тул дээр дурдсан хугацаанд нэхэмжлэгчийн хэрэглэсэн эм, тариа, эмчилгээний төлбөр, зардлыг гэм хор учруулсан этгээд буюу хариуцагч ******* нь төлөх үүрэгтэй.  

 

11. Хэрэгт авагдсан  эмчлүүлэгчийн картын хуулбар, зарлагын баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь хөнгөн хохирол учирснаас хойш, тархи, толгойны зарим эм, тариануудыг  тодорхой хугацааны турш үргэлжлэн хэрэглэх үүднээс авч хэрэглэсэн гэж үзэхээр байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй  байна. 

 

12. Харин нэхэмжлэгчийн Саран-элит эмнэлэгт 2018 оны 02 дугаар сарын 10-ний өдөр компьютер томографи авхуулсан төлбөр 145,000 төгрөг нь түүний эм тариа,эмчилгээний зардал нэхэмжилсэн шаардлагад орж тооцогдсон, энэ нь өөр шаардлага биш, мөн хариуцагч ******* өөрөө бус түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлнө хэмээн зөвшөөрсөн байтал хариуцагч ******* төлөхийг зөвшөөрсөн гэж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль буруу хэрэглэсэн байна.

 

13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим болох нотариатын үйлчилгээний зардал, замын болон хоолны зардал, өмгөөллийн хөлс, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалингийн зөрүү зэргийг хангах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч ******* нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтад үндэслэн нийт 13,051,172 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 3,194,370 төгрөгийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,856,802 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дархан-Уул  аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 135/ШШ2022/01776 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1  дэх заалтын  “ ...  хариуцагч *******ас  1,605,610 төгрөгийг ...” гэснийг  “...3,194,370 төгрөгийг ...” гэж, үлдэх “11,407,662 төгрөгийн ...” гэснийг “ 9,856,802 төгрөгийн ...” гэж,

 

2 дахь заалтыг хасаж, хүчингүй болгосугай.

 

3 дахь заалтын “... мөн хуулийн ...” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...” гэж,  “ 42.420 төгрөгийг ... ”  гэснийг “ 66,060 төгрөгийг...” гэж  тус тус өөрчлөлт оруулж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан,   уг заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ     

 

                                           ШҮҮГЧИД                                      Л.АМАРСАНАА

 

                                                                                                    Х.БАЙГАЛМАА