Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2023/00487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2021/01377/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***-р хороо, *** хотхон, *** байр, *** тоотод оршин суух С*** овогтой Б*** /регистрийн дугаар:****,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***-р хороо, *** хотхон, *** байр, *** тоотод оршин суух Б*** овогтой Т*** /регистрийн дугаар:****/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ***-р баг, Төвийн хэсэгт оршин суух М***овогтой Б*** /регистрийн дугаар:***/-д холбогдох,

 

С.Б*** болон *******нарын хооронд байгуулагдсан ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-200*** дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б***, Б.Т*** нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т***, хариуцагчийн өмгөөлөгч ******* /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Б***, Б.Т*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...С.Б***д бидний нэрийн өмнөөс тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг олгож итгэмжлэл олгосон. Гэтэл С.Б*** нь М.Б-эй дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 23,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. ямар учраас ийм гэрээ хийсэн талаар лавлахад үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулсаны татварыг багаар төлөхийн тулд ийм гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Эндээс харахад тухайн гэрээн нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. *******нь манай ах С.Б***тай зээлийн гэрээний баталгаа гэх зүйлийг үйлдсэн байх бөгөөд тухайн баталгаагаар 2020 оны 06 дугаар сард 23,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 77,000,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны дотор төлж барагдуулна гэж тохиролцсон байдаг. Гэтэл одоо *******нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс дахиж мөнгө өгөх боломжгүй гэсэн. Энэ бүхнээс харахад *******нь бидний хэдэн зуун сая төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Иймд С.Б*** болон *******нарын хооронд байгуулагдсан ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-200*** дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б***, Б.Т*** нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

... хуурамч дүр үзүүлэн итгүүлэх замаар хууран мэхэлж ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл болохыг тогтоолгох. Гэрчилгээ шилжүүлэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүнд өвчтэй байсан тул эмчилгээний мөнгө шаардлагатай болж, хариуцагч ХААЯ-ны Дарханы арьс шир боловсруулах шинэ үйлдвэрийн цонх хаалгыг хийх 300 сая төгрөгийн зээл авсан байгаа, үйлдвэрийн байр хэрэгтэй мөнгө нь бэлэн байгаа гэж хууран төөрөгдөлд оруулан хуурсан байдаг. Хариуцагч Төрмаа нь ХААЯ-ны сайдын хэвлэлийн албаны дарга байсан гэх албан тушаалаа ашиглан ЖДҮСангаас зээлнээс хамаарал бүхий этгээд болох /нөхөр/ нэрээр зээл авсан гэдгээ УДШ-ийн хурал дээр хүлээсэн байдаг. Хариуцагч 21 сая төгрөг дансаар өгсөн гэж дахин хууран мэхэлсэн байдаг. Бодит байдал дээр хариуцагч 11-13 сая төгрөг өгсөн байдаг. Шүүхийг давхар мэхэлсэн байдаг. Өвчний байдлыг далимдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ноцтой төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан болохыг УДШ хянаад тогтоосон гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*** шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

1. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл зэрэгт тооцуулж,

2. Хариуцагч *******нь гэрээ байгуулах үедээ С.Б***д мөнгө өгнө, мөнгөтэй гэж хуурч мэхэлж, төөрөгдүүлж гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан Хуурч мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох,

3. Хариуцагч *******нь гэрээний үүрэг буюу гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна... гэсэн үндэслэлүүдийг тайлбарлаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр багт байрлах *** мкв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг нэхэмжлэгч нарын өмчлөл, эзэмшилд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч *******нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... 20 саяар гэрээ байгуулсан. Татварын асуудал нь бидэнд хамаагүй бөгөөд худалдагч тал татвараа хариуцах ёстой байсан ч тухайн үед С.Б*** ахын биеийн байдал тааруу эмчилгээний төлбөр хэрэгтэй байгаа гэсэн учраас бид татвар болох 400,000 төгрөгийг тушаасан. Үүний дараа бид Дархан хотод байрлах С.Б*** ахын Д*** сувилалд очиж төлбөр тооцооны талаар харилцан ярилцаж бичсэн хэлцэл үйлдсэн. Хэлцлийн дагуу бид сар сардаа төлж ирсэн бөгөөд нийт 23 сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 77 сая төгрөгийг анх ярихдаа 5 жилийн хугацаанд, хэрэв зээл авах тохиолдолд богино хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож хамгийн бага хугацаагаа хэлцэлдээ бичсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр анх энэ хариуцагч С.Б*** өөрөө бид нарт санал тавиад, өөрийнх нь эзэмшлийн гэж хэлээд, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдах саналыг удаа дараа тавьсны эцэст бид нар хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг дүр үзүүлэх гэсэн бол бид нар бүх тогтсон амьдралаа, бизнесийн харилцаагаа, хүүхдийн сургууль соёлоо хүртэл солиод орон нутаг руу шилжиж ирээд, нэг ч хүн танихгүй газар, энэ хүнд хэцүү цагт ингэж үйл ажиллагаа явуулахаар зүтгэхгүй байсан. Тэгээд хариуцагч С.Б*** анх хэлэхдээ тухайн үед болохгүй байсан учраас дүүгийнхээ нэр төлбөрийн уян хатан нөхцлөөр, унаад балгас болох гэж байгаа юм, би шийдвэр гүйцэтгэлийн албаар авсан, ахад нь хэд хэдэн ү хөдлөх хөрөнгө бий, гол нь ахыгаа эм, тарианы мөнгөөр таслахгүй байгаарай гэсэн. Тэгээд төлбөрийн уян хатан нөхцөл буюу 3-5 жилийн хугацаанд төлөхөөр авсан гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа:

... хуурамч дүр үзүүлэн итгүүлэх замаар ноцтой төөрөгдөлд оруулан хийсэн хэлцэл болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлд өөрчлөлт оруулж өгөх ... тухайд,

Бид, шүүхийн бүх үе шатанд хэлцлийг хэрхэн яагаад хийх болсон талаараа тухай бүрт тайлбар гарган өгч байсан, бидний тайлбар гуйвшгүй үнэн бөгөөд ахин тайлбарлахад, Анх энэ обьектийг авах саналыг С.Б*** өөрөө бидэнд удаа дараа тавьсан. Төлбөрийн нөхцөлөө ч өөрөө хэлж, өөрөө биеэрээ Дархан-Уул аймгийн Иргэний бүртгэлийн газарт очиж худалдах, худалдан авах гэрээгээ тус газарт хийсэн. Анхны яриа хэлцлээс эхлээд гэрээ хийх хүртэл бүх үйл явцыг нотлох гэрчүүд хангалттай бий. Өнөөдрийн байдлаас харин эргээд харахад хуурамч дүр үзүүлсэн хүн нь С.Б*** өөрөө, ноцтой төөрөгдөлд орсон нь бид болж таарч байна.

...Гэрчилгээ шилжүүлэх үед хариуцагч С.Б*** хүнд өвчтэй байсан тул эмчилгээний мөнгө шаардлагатай болж хариуцагч ХААЯ-ны Дарханы арьс шир боловсруулах шинэ үйлдвэрийн цонх хаалгыг хийх 300 сая төгрөгний зээл авсан байгаа, үйлдвэрийн байр хэрэгтэй, мөнгө нь бэлэн байгаа гэж төөрөгдөлд оруулан хуурсан байдаг... тухайд,

Бид ийм зүйл огт яриагүй энд дурьдсан зүйл ор үндэслэлгүй худлаа болохыг юуны өмнө хэлье. ХХААХҮЯ-наас зээл авсан зүйл байхгүй бөгөөд хэрвээ зээл авсан бол тодорхой хугацаа заасан, сард төлөх төлбөрийн хуваарь гаргасан хэлцлийг бид ч хийхгүй, С.Б*** ч зөвшөөрөхгүй байсан нь тодорхой зүйл. 2020 оны 7 сараас 2020 оны 12 сар хүртэл сард 1 сая төгрөг, 2021 оны 01 сараас 2021 оны 6-р сар хүртэл сард 2 сая төгрөг нийт 23 сая төгрөгийг төлж, үлдсэн хугацаанд 77 сая төгрөгийг хувааж төлөхөөр 2022 оны 01 сар хүртэл төлөх нөхцөлтэй/ гар бичмэлээр үйлдэж аль аль тал нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр сар сард төлөөд явж байтал хэлцлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2021оны 8 сард шүүхэд хандсан байдаг. Бид эхний заасан хугацаандаа 23 сая төгрөгөө өгөөд энэ хугацаандаа хийх ажлын гэрээгээ яриад энэ тухайгаа байнга С.Б***д тайлагнаж байсныг ийнхүү огт өөр санаа зорилго бүхий худал яриа болгож шүүхийг хуурч байгаад харамсаж байна. Тухайн үед бид Дарханы арьс ширний цогцолбортой гэрээний түвшинд очсон ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалж бүх ажил зогссон. Мөн үл хөдлөх болох обьектийг барьцаанд тавьж эргэлтийн хөрөнгө босгох боломжгүй, банк балгас байна гэж үзээд үнэлэхгүй байсан. Энэ нөхцөл байдлыг бид *******тай байнга утсаар ярьж хэлж байсан төдийгүй ковидын хүнд үед өөрсдийн хөдөлмөрөөр обьектийг засварлахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ үед хашааны гаднаас хүмүүс ирж зураг авах, дрон нисгэх зэрэг үйлдлүүд гарч эхлэх болсон. Тухайн үед бид үүнийг тоогоогүй ч одоо бодоход хийж байгаа бүтээн байгуулалтыг тагнасан наймаалцсан байж болохыг үгүйсгэхээргүй хардлага төрж байна. Хэрвээ бид байгаачлан мөнгө нь бэлэн байгаа гэж хуурсан бол 2 талаасаа хуваарь гаргаж хэлцэл хийхгүй байсан нь ойлгомжтой бөгөөд түүний бичсэн энэ зүйл ямар ч логикгүй худлаа гэдэг нь харагдаж байна.

... Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*** нь Хөдөө аж ахуйн яам, сайдын хэвлэлийн албаны дарга байсан гэх албан тушаалаа ашиглан ЖДҮ сангийн зээлнээс хамаарал бүхий этгээд болох нөхрийн нэрээр зээл авсан гэдгээ Улсын дээд шүүхийн хурал дээр хүлээсэн байдаг... тухайд,

Хариуцагч С.Б*** нь хариуцагч М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Т.Т*** миний биеийг удаа дараа ийнхүү гүтгэж, доромжлон нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа бөгөөд УДШ-ээс С.Б***гийн дээрх гүтгэлэгт надаас асуулт асуухад тийм зүйл огт байхгүй талаар хариулсныг ийнхүү мушгин гуйвуулж шүүхийг хуурч байна. Шаардпагатай гэж үзвэл УДШ-ийн хурлын бичлэгийг татан авч үзэж болно ...Хариуцагч 21 сая төгрөг дансаар өгсөн гэж дахин хууран мэхэлсэн байдаг. Бодит байдал дээр хариуцагч 11-13 сая төгрөгийг өгсөн байдаг... тухайд,

Хавтаст хэргийн материалд Хаан банкны 502*** тоот ******* ******* дансаар 14 сая төгрөг, бэлнээр 2020 оны 07 сарын 02-нд Да Оюут сувилалд 5 сая , мөн сувилалд 2020 оны 9-р сарын 10- ны өдөр 4 сая төгрөгийг нийтдээ дансаар 14 сая, бэлнээр 9 сая төгрөгийг өгсөн болохоо нотлох баримт дансны хуулгаар баталгаажуулан өгсөн байгаа. Бид бүх тайлбартаа энэ талаараа байнга бичиж тайлбарласан байхад С.Б*** мөнгөн дүнг байнга өөр өөрөөр хэлж шүүхийг төөрөгдөлд оруулах гэж оролддог.

"...Өвчний байдлыг далимдуулан хариуцагч С.Б***г ноцтой төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан болохыг УДШ хянан тогтоосон...

УДШ-ийн 2022 оны 07-р сарын 01 -ний өдрийн 001 /ХТ2022/00817 дугаар тогтоолд дурьдахдаа, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02-р дугаар сарын 18-ны өдрийн 252-р шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05-р сарын 02-ны өдрийн 209/МА2022/00039 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******гийн Б***, Б.Т*** Хариуцагч *******гийн ******* нарын гомдлыг хангасугай гэсэн шийдвэр гарсан байдаг.

Энэхүү шийдвэрт өвчний байдлыг нь далимдуулан хариуцагч С.Б***г ноцтой төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан болохыг хянан тогтоосон тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд С.Б*** нь ийнхүү бичсэн үйлдлээрээ шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулж, өөрсдийн дур зоргоор тайлбарлан, шүүхийн бүрэн эрхэд халдаж байна.

Яг үнэндээ хамгийн их хохирол амаж байгаа нь бид бөгөөд оруулсан хөрөнгө оруулалт, алдагдсан боломж, цаг хугацаа, эрүүл мэнд, бизнесийн өсөж дэвжих бүх боломжоо их хэмжээний обьектийг албан тушаал танил талаа ашиглан үнэгүйдүүлэн авч цуглуулсан, түүнийгээ зарчихаад үнэ цэн ороод эхлэхээр шүүхээр далайлган дээрэмдэн авдаг зуршил бүхий хүний золиос болж байна гэж хардаж байна.

Энэ хугацаанд бид обьектод барилгын материалаар хөрөнгө оруулсан хүний итгэлийг алдаж оруулсан хөрөнгө оруулалтдаа хүү тооцож эхэлсэн, байнга цагдаад хандаж худал зүйлээр шалгуулдаг зэрэг олон дарамтыг туулж байна. Түүгээр зогсохгүй цонх хаалганы үйлдвэртэй хийгдсэн бартерын гэрээнүүд, гэрээлсэн байсан ажлуудаа хийж өрөө дараад оруулж ирэхээр төлөвлөж байсан тэжээлийн үйлдвэрийн контракт гээд бизнесийн бүх төлөвлөгөө маань обьект шүүхэд хандсанаар царцаагдсанаас үүссэн маш их хохирол амсаж байна. Өнөөг хүртэл бид тохиролцох гэж удаа дараа хичээсэн боловч тэр болгонд доромжлолоор хариу авч байна. Тиймээс бүх хохирлоо нэхэмжилж шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд ороод байгаа билээ.

Иймд хэргийг дахин хянаж Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг буцаан сэргээж өгнө үү гэв.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан нөхцөл байна уу гэвэл байхгүй байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 56,57,58,59 гээд байгаа нь үндэслэлгүй шаардлага байна. Татвар нотариатаар орсон гэдэг нь өнөөдөр хэлэлцэгдэх асуудал биш, хариуцагч нар төлбөр тооцоогоо хийгээд явж байсан. Хариуцагч төлбөрөө төлж яваад шүүхэд өгснөөс нь болж энэ нь зогссон байгаа. Мөн ******* дүү нарынхаа өмнөөс өөрөө бичээд яваад байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.Б***, Б.Т*** нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн гэрээний баталгаа, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2021.09.20-ны өдрийн захирамж, Монгол хьюндай эмнэлгийн баримт, 3 ширхэг сидиг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

 

Хариуцагчаас гэрэл зураг, М.Б-ийн эзэмшлийн 500**** тоот дансны хуулга, гар утасны захидал харилцааны зурвас, хөрөнгө оруулалтын жагсаалт, захиалгын гэрээ, захиалагчтай хийх тооцоо, итгэмжлэл, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол, мөрдөгчийн даалгавар, хавсралт, М.Б-ээс гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, С.Б***гийн өргөдөл, хохирогч С.Б***гаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, гэрч М.Б-д эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баримт, гэрч С.Б-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 248 дугаартай прокурорын тогтоол, Прокурорын шийдвэрийг мэдэгдсэн тухай тэмдэглэл, 57 дугаартай прокурорын тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар М.Б-ийн эзэмшлийн 500**** тоот дансны хуулга, Жижиг дунд үйлдвэрийн газрын тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч С.Б***, Б.Т*** нар нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С.Б***д итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр багт байрлах *** мкв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Бусдад худалдах, бэлэглэх, арилжих, түрээслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоог авах, Зээлийн барьцаанд тавих, зээл барьцааны гэрээг байгуулах, зээл барьцааны гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, мэдүүлэг бөглөх, буцааж хүлээн авах, барьцаанаас чөлөөлөх, лавлагаа авах холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг С.Б***д олгожээ. /хх-49/

 

Уг итгэмжлэлийг үндэслэн С.Б*** нь нэхэмжлэгч С.Б***, Б.Т*** нарыг төлөөлөн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр М.Б-эй хоёр өөр үнийн дүнтэй дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах 2 гэрээ хийсэн байна. Үүнд:

а. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***, *******нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн бүртгэлийн 2336 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдан авагч *******нь үнийг бүрэн төлж дуусгасан болохыг гэрээнд тусгажээ.

 

Энэхүү 2336 дугаартай худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн М.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд түүнд Иргэний газар эзэмших эрхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 000094491 тоот гэрчилгээ /хх-44/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 000783739 тоот гэрчилгээ тус тус эрх бүхий байгууллагаас олгогдсон байна.

 

б. Харин талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бичгээр хийгдсэн Зээлийн гэрээний баталгаа гэх нэртэй худалдах, худалдан авах тухай гэрээ хэлцэлд ...Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах ******* дугаар тоот гэрчилгээ бүхий Э-200*** улсын бүртгэл бүхий газар /13778,0/, *** мкв талбай бүхий үл хөдлөх /******* тоот улсын бүртгэлийн дугаартай/ хөрөнгийг 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөр худалдан авсан болно.

Худалдах, худалдан авах талууд дараах нөхцлийг харилцан тохиролцов. Үүнд :

1. Урьдчилгаа болгож 5,000,000 төгрөг төлсөн бөгөөд ямар ч нөхцөлд хэлцлийг буцаахгүй, урьдчилгааг эргүүлж төлөхгүй болно.

2. Нийт 100,000,000 төгрөгийг 1,5 жилийн дотор дараах хуваариар Худалдан авагч тал төлнө. Урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2020.07.02-нд 1,000,000 төгрөг, 2020.08.02-нд 1,000,000 төгрөг, 2020.09.02-нд 1,000,000 төгрөг, 2020.10.02-нд 1,000,000 төгрөг, 2020.11.02-нд 1,000,000 төгрөг, 2020.12.02-нд 1,000,000 төгрөг, 2021.01.02-нд 2,000,000 төгрөг, 2021.02.02-нд 2,000,000 төгрөг, 2021.03.02-нд 2,000,000 төгрөг, 2021.04.02-нд 2,000,000 төгрөг, 2021.05.02-нд 2,000,000 төгрөг, 2021.06.02-нд 2,000,000 төгрөг, үлдэгдэл 6 сард үлдсэн 77,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэж тохиролцжээ. /хх-7/

 

2. Нэхэмжлэгч С.Б***, Б.Т*** нар нь анх шүүхэд М.Баатарсүх, С.Б*** нарт холбогдуулан С.Б*** болон *******нарын хооронд байгуулагдсан Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах *** мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч С.Б***гаас татгалзаж, зөвхөн хариуцагч М.Б-д холбогдуулан шаардлага гаргасан ба С.Б*** нь нэхэмжлэгч нараас олгосон 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр олгосон итгэмжлэл /хх-236/-ийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ 1. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл зэрэгт тооцуулж,

2. Хариуцагч *******нь гэрээ байгуулах үедээ С.Б***д мөнгө өгнө, мөнгөтэй гэж хуурч мэхэлж, төөрөгдүүлж гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан Хуурч мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох,

3. Хариуцагч *******нь гэрээний үүрэг буюу гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж байна... гэсэн үндэслэлүүдийг тайлбарлаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын *** дүгээр багт байрлах *** мкв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг нэхэмжлэгч нарын өмчлөл, эзэмшилд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй, худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргасан. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

3. Талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн эсэх тухайд:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж тус тус заажээ.

 

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг,

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог бол хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгохоор дээрх хуульд зохицуулсан байна.

Зохигч талууд анхнаасаа худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан ба уг хүсэл зоригийн дагуу хийгдсэн хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч С.Б***, Б.Т*** нараас хариуцагч М.Б-д шилжсэн байна.

Өөрөөр хэлбэл талууд худалдах худалдан авах хэлцлээс өөр хэлцэл хийгээгүй, уг гэрээ хэлцлийн дагуу дээрх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн тул гэрээний үнийн дүн зөрүүтэй улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй болно.

 

4. Иргэний хуулийн 58, 59 заасан хэлцэл мөн эсэх тухайд:

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 59 дүгээр зүйлийн 59.1-т .Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.... гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*** нь худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж буй үндэслэлээ ...*******нь надад өөрийгөө мөнгөтэй гэж итгүүлсэн, миний эрүүл мэндийн байдлыг далимдуулан... гэж тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй ба дээрх худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Талууд хооронд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 100,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бичгээр хийгдсэн зээлийн гэрээний баталгаа гэх нэртэй хэлцэлд заасан графикийн дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны орлогод ногдох албан татварыг бага төлөх зорилгоор нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2336 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулсан болох нь мөн талуудын тайлбараар тогтоогдсон.

Дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй болно.

Өөрөөр хэлбэл зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба хариуцагч тал гэрээний зүйлийн үнийг тохиролцсон графикийн дагуу төлөх үүргийг хүлээж, нэхэмжлэгч тал тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******нь 100,000,000 төгрөгөөс 14,000,000 төгрөг төлсөн. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан авахаар шаардсан.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б***д дансаар 14,000,000 төгрөг, бэлнээр 9 ,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг өгсөн. Төлбөр төлөх гэрээнд заасан хугацаа дуусаагүй байгаа. Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

Хэрэгт авагдсан М.Б-ийн ХААН банк дахь эзэмшлийн 500**** тоот диспозит дансны хуулгаар 2020.06.22-нд 5,000,000 төгрөг, 2020.07.02-нд 1,000,000 төгрөг, 2020.08.02-нд 1,000,000 төгрөг, 2020.09.03-нд 1,000,000 төгрөг, 2020.10.06-нд 1,000,000 төгрөг, 2021.04.03-нд 5,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг С.Б***гийн эзэмшлийн 502*** тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа ба харин хариуцагчийн бэлнээр 9,000,000 төгрөг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Дээрх хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч *******нь гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хуулийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заажээ.

Хариуцагч *******нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу мөнгө төлөх үүргээ зохих ёсоор биелээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа нь дээрх хуульд нийцэж байна.

Иймд 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу уг худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч М.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан нэхэмжлэгч нарын өмчлөл, эзэмшилд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан талуудын хооронд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч М.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг Буурал 2 дугаар гудамж 207 тоот *** мкв талбайтай засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байрлалтай нэгж талбарын ******* дугаар бүхий 13778 мкв газрыг буцаан нэхэмжлэгч С.Б***, Б.Т*** нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 343,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ТУНГАЛАГМАА