Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1215

 

 

 

 

 

 

 

 

 

 “Н И” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01171 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Н И” ХХК, Ш дунд сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 56 817 118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Үүрийнтуяа,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Гантөмөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Пүрэвхүү

Хариуцагчийн өмгөөлөгч:Ч.Цолмонбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Н И” ХХК болон Ш дунд сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш дунд сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны хичээлийн жил эхлэх үед сургалтын үйл ажиллагаа явуулах хичээлийн байрыг түрээслэх шаардлагатай болсон. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Х” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээг “Н И” ХХК нь байгуулсан.

Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч “Х” ХХК, түрээслэгч “Н И” ХХК бөгөөд түрээсийн байранд Ш дунд сургууль өөрийн үндсэн үйл ажиллагаа болох боловсролын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Талууд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээг дуусгавар болгосон бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээг  хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

  Ш дунд сургууль нь түрээсийн гэрээний 1.3-т заасны дагуу түрээсийн зүйлийг сургалтын зориулалтаар ашиглаж, төлбөрийг төлж ирсэн. “Н И” ХХК нь гэрээний төлбөрийг түрээсийн гэрээнд заасан дүнгээр Ш дунд сургуулиас гаргуулан түрээслүүлэгчийн дансанд шилжүүлдэг байсан. 

Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ тул хариуцагчийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхийг бидний зүгээс удаа дараа шаардсан боловч гэрээг хуулийн дагуу бүртгүүлээгүй тул  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцно уу. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алдангид 15 680 696 төгрөгийг гаргуулна.

Анх түрээсийн гэрээг байгуулах үед үл хөдлөх хөрөнгийн татварыг төл гэсэн шаардлага тавьсны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Н И” ХХК-ийн захирал М.Т, “Х” ХХК-ийн захирал Ч.М нар иргэний хувиар зээлийн гэрээ байгуулж,  6 932 000 төгрөгийг зээлж авсан.

Энэхүү  зээлийн  гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус юм.

Гэрээний дагуу Ш дунд сургууль нь сургалтын үйл ажиллагаа эрхэлж байсан учраас баримтаар нотлогдох ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй. Гэвч ашигласан эсэхээс үл шалтгаалан ашиглалтын зардал болон тодорхойгүй зардлуудыг зохиомлоор бичин нэхэмжилж байсан.

Талуудын байгуулсан  түрээсийн гэрээ-г үндэслэн Ш дунд сургууль түрээсийн зүйлийг засан сайжруулалтад 16 192 700 төгрөг зарцуулсан бөгөөд зураг төслийг түрээслүүлэгчийн заавраар хийж, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ба засварыг хийлгэхэд 6 192 700 төгрөгийн материалын зардал болон засварын ажлын хөлс 10 000 000 төгрөг төлсөн.

Иймд  2016 оны 08 сарын 22-ны өдрийн 01/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ, 2016 оны 09 сарын 01-ний 16/01 дугаартай Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн төлбөрийн алдангид төлсөн 15 680 696 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн гэрээ нэрээр төлсөн 13 864 000 төгрөг, түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалтад зарцуулсан 16 192 700 төгрөг, түрээсийн байрны ашиглалттай холбоотой үндэслэлгүйгээр нэхэмжилж авсан 11 079 722 төгрөг бүгд 56 817 118 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч компани болон сургуульд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч “”Н И ХХК, Ш дунд сургуулийн хувьцаа эзэмшигч М.Т, Б.Б нар анх 2015 оны 12 сард манай компани дээр ирж уулзах үед үд хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй талаар хэлсэн.

Ш дунд сургуулийн нөхцөл байдал холбогдох зардлуудыг тэд төлнө, мөн тогтвортой үйл ажиллагаа явуулна гэснийг харгалзан үзэж онцгой хөнгөлөлт үзүүлж 1 м.кв талбайн хөлсийг 11 000 төгрөгөөр тохирсон.

Түрээсийн гэрээ хэрэгжих явцад тулгамдсан асуудал үүсвэл албан бичгээр харилцаж байсан бөгөөд түрээсийн гэрээ 2018 онд 09 дүгээр сард дуусах байсныг Ш дунд сургуулийн хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 15-нд гэрээний хэрэгжилт дууссан.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг дүгнэж түрээсийн төлбөрт 282 655 065 төгрөг, түрээсийн төлбөрийн алдангид 15 680 696 төгрөг, түрээсийн зүйлийн ашиглалтын зардалд 21 861 101 төгрөг төлж гэрээний төлбөрийн үүрэг бүрэн биелсэн, түрээсийн төлбөрийн эрх зүйн харилцаа дууссан гэж гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулсан.

Иргэний хуульд заасны дагуу талууд түрээсийн гэрээг байгуулагдсанаас хойш түрээсийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гарсны дараа холбогдох улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр харилцан тохиролцсон.

Түрээслүүлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээг холбогдох бүртгэлийн байгууллагаас хүлээж аваад түрээслэгч талд бүртгүүлэх талаар хандсан боловч гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нь түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хувь тус бүрээр бүртгүүлэх юм байна, үүнтэй холбоотой зардал өсөхөөр байна гээд түрээсийн гэрээг бүртгүүлэх шаардлагагүй талаар тохиролцоод гэрээг бүртгүүлээгүй.

Харин талууд түрээсийн гэрээний 6.4 дэх хэсэгт түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги ногдуулахаар харилцан тохиролцсон. Түрээслэгч нь 2018 оны 11 сарын 01-ний өдөр алдангид төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч акт үйлдэж баталгаажуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3.2, З.З.-т түрээсийн төлбөрт ашиглалтын зардал багтаагүй, түрээслэгч нь ашиглалтын зардлыг cap бүр түрээслүүлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээр төлнө гэж харилцан тохиролцсон.

Нэгэнт хэрэгжиж дууссан гэрээнээс яаж хохирсон, ямар хохирол учирсан тодорхойгүй байна. Мөн анх гэрээ байгуулахдаа зайлшгүй засан сайжруулалтыг түрээслэгч тал хариуцахаар заасан.

Талууд  гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар “Н И” ХХК нь түрээсийн зүйлд 2018 оны 06 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд засварын ажил хийж гүйцэтгэн түрээсийн зүйлийг анхны байдалд нь засаж “Х” ХХК-д хүлээлгэн өгч түрээсийн зүйлийг хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулсан.

2016 онд 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн талбайг м.кв-ыг 11 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнийн дүнгээс харьцангуй багаар түрээслэхээр тохиролцож, тус гэрээний 5.2.8-д түрээслэгч нь түрээсийн байрны үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нотариатын зардал зэргийг хариуцахаар харилцан тусгасан ба нэгэнт зах зээлийн үнээс бага хэмжээгээр түрээслүүлж байгаа учир татвартай холбоотой хэсгийг түрээслэгч тал хариуцна гэж тохирсон.

 Мөн энэ хэрэг нь хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй, хуулийн этгээдэд холбогдох хэрэг байтал маргаан бүхий зээлийн гэрээг хоёр иргэн байгуулсан байгааг анхаарах ёстой.

Талууд нэгэнт харилцан тохиролцсоны дагуу түрээслэгч нь өөрийн түрээсийн талбайн хэмжээгээр тооцуулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа төлсөн.

Иймд түрээсийн гэрээ, түүний нэмэлт гэрээ дээрх засварын ажлыг харилцан тохирч, түрээсийн зүйлийг хүлээлцсэн актаар баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан үндэслэл тогтоогдсон тул 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №01/02 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 16/01 тоот Зээлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч “Х” ХХК-аас /15 680 696+13 864 000/ 29 544 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н И” ХХК, Ш дунд сургуулиудад олгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Н И” ХХК, Ш дунд сургуулийн нэхэмжлэлээс 27 272 422 /11 079 722+16 192 700/ төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Н И” ХХК, Ш дунд сургуулиас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 706 662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н И” ХХК, Ш дунд сургуулиас 1 532 468 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч "Х" ХХК-аас 2 043 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н И” ХХК, Ш дунд сургуулиудад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Маргаан бүхий 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 01/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон атлаа хүчин төгөлдөр бусд тооцсон үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний заалт болох 5.2.9-г хэрэглэсэн нь алдаатай. Иймд салгаж үл болох засан сайжруулалтад оруулсан 16 192 700 төгрөгийн шаардлагыг хангах ёстой.

Нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2 асуудлаар нэмэгдүүлсэн бөгөөд түрээсийн төлбөрт үндэслэлгүйгээр 1 585 237,5 төгрөг илүү төлснийг буцаан шаардсан. Гэвч энэхүү шаардлагыг хасаж шийдвэрлэсэн нь хэрэгт байгаа нотлох баримтыг бүрэн дүгнээгүй гэж үзэж байна.

Хэрэгт хариуцагчаас 17 ширхэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгч энэхүү хөрөнгийг түрээслэгчид түрээслүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Хариуцагч тал нь түрээсийн гэрээнд заасан талбайг 5.49 м.кв-аар нэмэгдүүлэн түрээсэлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа.

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг гэрээний дагуу төлсөн төлбөрийн дүнгээр тооцон нэмэгдүүлж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас давсан, нэхэмжлэгчид хүндрэл учруулсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан түрээсийн гэрээ, нэмэлт гэрээг хууль буруу хэрэглэн тайлбарлаж дүгнэлт гаргасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...дээрхээс үзэхэд, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйд түрээслүүлэгчийн гэм буруутай байдал байна гэж үзэв” гэж түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг зөвхөн түрээслүүлэгч хүлээх ёстой гэж үзэн зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар дүгнэлт гаргасан.

“Н И” ХХК, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 5 сард барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан талаар хэлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй талаар ярилцаж 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 01/02 үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээг байгуулсан.

Түрээслүүлэгч байгууллагын барилгын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гарсан.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг дүгнэж түрээсийн төлбөрт 282 655 065 төгрөг, алдангид 15 680 696 төгрөг, түрээсийн зүйлийн ашиглалтын зардалд 21 861 101 төгрөг төлж гэрээний төлбөрийн үүрэг бүрэн биелсэн.

Улсын бүртгэлд бүртгүүлэх талаар хүсэлтгүй байгааг баримтаар болон гэрч нотлоод байхад шүүхээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсонд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хувийн эрх зүй, захиргааны эрх зүйн харилцааг хольж буруу тайлбарласан.

Албан татварыг төлөх зардал нь хэнээс, хаанаас гарах нь хувийн буюу иргэний эрх зүйн харилцааны үүднээс харилцан тохиролцож болох зардал юм. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу нөхцөл тохирч харилцан тохиролцсоны дагуу түрээслэгч нь өөрийн түрээсийн талбайн хэмжээгээр тооцуулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа төлсөн.

Түрээсийн гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгийн татвар нэршлээр авсан 13 864 000 төгрөг нь түрээсийн төлбөрийн бүрдэл хэсэг байсан.

Мөн зээлийн гэрээний талуудын нэхэмжлэгч хариуцагчийн аль нь ч гэрээний тал биш байхад хэлэлцэж шийдвэрлэсэн. Иргэн Ч.Мболон М.Т нарын хооронд байгуулсан гэрээ нь 13 864 000 төгрөгөөр биш, 6 932 000 төгрөгөөр байгуулагдсан, хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг хариуцагчийн санаачлагаар байгуулаагүй, мөн дээрх гэрээ нь манай байгууллагад байхгүй талаар тайлбарыг үнэлж үзээгүй.

Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Н И” ХХК, Ш дунд сургуулиуд нь “Х” ХХК-д холбогдуулан түрээсийн болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар 56 817 118 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.“Н И” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч “Н И” ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах барилгын 1 117.45 м.кв талбайг ашиглах, үүнээс 962.78 м.кв талбайд түрээсийн үнэ тооцож төлбөр төлөх, гэрээний хугацааг  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 2 жил, түрээсийн зүйлийг сургалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмшиж, ашиглах үүргийг, түрээслүүлэгч “Х” ХХК-д гэрээний дагуу 2016 онд 127 086 960 төгрөг, 2017 онд 190 630 440 төгрөгийг төлөх үүргийг, түрээслүүлэгч нь түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. / 1хх, 20-26 дах тал/

 

Талууд дээрх гэрээнд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2 дахь жилийн төлбөрийг 155 568 105 төгрөг болгож, түрээслэгч түрээсийн зүйлийг засвар хийж хүлээлгэж өгөх үүргийг хүлээхээр тохиролцжээ./ 1хх, 27 дах тал/

 

Түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ч.Мөнхзул, О.Сарандэлгэр нарт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол Намъянжуу гудамж 14 а байр, 1 давхар 101-103, 2 давхар 201-206, 3 давхар 301-304, 4 давхар 401-404 тоот хаягт байршилтайгаар өмчлөх эрхийг бүртгэж олгосон 17 ширхэг гэрчилгээгээр тогтоогдож байна. / 1хх 115-131 дэх тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч, түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул 318.5 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хуулиар тавигдсан хэлбэрийн шаардлага хангаагүйгээс гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлд гэрээний талууд хэлцлээр авсан зүйлээ буцаан өгөх үр дагавар үүсэх бөгөөд гэрээнээс учирсан хохирол арилгахтай холбоотой үүрэг үүсэхгүй тул гэрээний талуудын гэм буруугийн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болохгүй тул талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ дүгнэсэн актыг хүчинтэй гэж дүгнэхгүй юм. / 1хх, 41 дэх тал/

 

Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээгээр тохиролцсон алдангийн тохиролцоо нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан  үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой эрх юм. Иймд үндсэн үүргийн хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор үндсэн үүрэг дуусгавар болсон тул буюу салшгүй эрхийн талаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргах эрхгүй болно, Салшгүй эрх болох алдангийн тохиролцоог анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэсэн нь  алдаатай болжээ.

 

Иймд нэхэмжлэгч талаас 15 680 696 төгрөгийг алдангид тооцож хариуцагч “Х” ХХК авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж анхан шатны шүүх дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буцаан гаргуулж нэхэмжлэгч талд олгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

2. Түрээсийн зүйлийн ашиглалтын зардалд 11 079 722 төгрөгийг илүү төлсөн гэх үндэслэлээр буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний тохиролцоо болон хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаанд үйлчлэх зохицуулалт талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй юм.

 

Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжнөөс буцаан шаардах эрхэд хамаарах боловч нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

 Өөрөөр хэлбэл, ашиглалтын зардал гэж төлбөрт төлсөн эрчим хүч, цэвэр болон бохир ус, дулаан, цэвэрлэгээ гэх зардалд хэдийг, ямар тарифаар тооцож төлөхөөс ямар хэмжээгээр хариуцагч илүү авсан талаар баримт үгүй байна.

 

3. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны байдалд оруулан өгөх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалтыг маргаанд хамааруулж тайлбарласан нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмчлөлийн зүйлд зардал гаргасан нэхэмжлэгч уг зардлаа нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй боловч түүний хийсэн засварын зардлаар хариуцагч хөрөнгөжсөн гэх байдлаа нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн үнэ цэнэ нэхэмжлэгч талын ашиглалтад шилжүүлснээс хойш хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх хүртэл хугацаанд хэрхэн нэмэгдсэн талаар баримтгүй байна. Иймд холбогдох нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон нь зөв юм.

 

4. Зээлийн гэрээг Ч.Мөнхзул, М.Т нар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулжээ. Гэрээний зүйл болох 6 932 000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой талаар талууд маргаагүй хэдий ч иргэд хооронд байгуулагдсан хэлцэл тул компаниудын хооронд үүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос хууль хэрэглээтэй холбоотой хэсгийг, хариуцагчийн давж заалдах гомдлоос зээлийн гэрээтэй холбоотой хэсгийг тус тус хангаж, зохигчийн гаргасан бусад гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэж, шийдвэрийн дүгнэлт болон тогтоох хэсэгт дээр дурдсан үндэслэлээр холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01171 дүгээр шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлаж “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг зааснаар  “Х” ХХК-аас 15 680 696 төгрөг гаргуулж  “Н И” ХХК, Ш дунд сургуульд олгож, нэхэмжлэлээс 41 136 422 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлаж, “2 043 380” гэснийг “236 353” гэж өөрчилж,

4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж, 7 дахь заалтыг 6 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 840 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ш.ОЮУНХАНД

                                                         

                              ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА