Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00779

 

“Н” ХХК болон Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01171 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1215 дугаар магадлалтай,

“Н” ХХК болон Ш-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

Түрээсийн болон Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу алдангид төлсөн 15 680 696 төгрөг, зээлийн гэрээ нэрээр төлсөн 13 864 000 төгрөг, түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалтад зарцуулсан зардал 16 192 700 төгрөг, түрээсийн байрны ашиглалттай холбоотой үндэслэлгүйгээр нэхэмжлэн авсан 11 079 722 төгрөг, нийт 56 817 118 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Цын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин  нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шь нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны хичээлийн жил эхлэх үед сургалтын үйл ажиллагаа явуулах хичээлийн байрыг түрээслэх шаардлагатай болсон. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Х” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээг “Н” ХХК нь байгуулсан.

Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч “Х” ХХК, түрээслэгч “Н” ХХК бөгөөд түрээсийн байранд Шь өөрийн үндсэн үйл ажиллагаа болох боловсролын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Талууд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээг дуусгавар болгосон бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Шь нь түрээсийн гэрээний 1.3-т заасны дагуу түрээсийн зүйлийг сургалтын зориулалтаар ашиглаж, төлбөрийг төлж ирсэн. “Н” ХХК нь гэрээний төлбөрийг түрээсийн гэрээнд заасан дүнгээр Шиас гаргуулан түрээслүүлэгчийн дансанд шилжүүлдэг байсан.

Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ тул хариуцагчийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхийг бидний зүгээс удаа дараа шаардсан боловч гэрээг хуулийн дагуу бүртгүүлээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцно уу. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу түрээсийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алдангид 15 680 696 төгрөгийг гаргуулна.

Анх түрээсийн гэрээг байгуулах үед үл хөдлөх хөрөнгийн татварыг төл гэсэн шаардлага тавьсны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Н” ХХК-ийн захирал М.Туяа, “Х” ХХК-ийн захирал Ч.Мөнхзул нар иргэний хувиар зээлийн гэрээ байгуулж, 6 932 000 төгрөгийг зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус юм.

Гэрээний дагуу Шь нь сургалтын үйл ажиллагаа эрхэлж байсан учраас баримтаар нотлогдох ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй. Гэвч ашигласан эсэхээс үл шалтгаалан ашиглалтын зардал болон тодорхойгүй зардлуудыг зохиомлоор бичин нэхэмжилж байсан.

Талуудын байгуулсан түрээсийн гэрээг үндэслэн Шь түрээсийн зүйлийг засан сайжруулалтад 16 192 700 төгрөг зарцуулсан бөгөөд зураг төслийг түрээслүүлэгчийн заавраар хийж, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ба засварыг хийлгэхэд 6 192 700 төгрөгийн материалын зардал болон засварын ажлын хөлс 10 000 000 төгрөг төлсөн.

Иймд 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 01/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгө түрээсийн гэрээ, 2016 оны 09 сарын 01-ний 16/01 дугаартай Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн төлбөрийн алдангид төлсөн 15 680 696 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн гэрээ нэрээр төлсөн 13 864 000 төгрөг, түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалтад зарцуулсан 16 192 700 төгрөг, түрээсийн байрны ашиглалттай холбоотой үндэслэлгүйгээр нэхэмжилж авсан 11 079 722 төгрөг, нийт 56 817 118 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч компани болон сургуульд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК, Шийн хувьцаа эзэмшигч М.Туяа, Б.Баттүвшин нар анх 2015 оны 12 сард манай компани дээр ирж уулзах үед үд хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй талаар хэлсэн.

Шийн нөхцөл байдал холбогдох зардлуудыг тэд төлнө, мөн тогтвортой үйл ажиллагаа явуулна гэснийг харгалзан үзэж онцгой хөнгөлөлт үзүүлж 1 м.кв талбайн хөлсийг 11 000 төгрөгөөр тохирсон.

Түрээсийн гэрээ хэрэгжих явцад тулгамдсан асуудал үүсвэл албан бичгээр харилцаж байсан бөгөөд түрээсийн гэрээ 2018 онд 09 дүгээр сард дуусах байсныг Шийн хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 15-нд гэрээний хэрэгжилт дууссан.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг дүгнэж, түрээсийн төлбөрт 282 655 065 төгрөг, түрээсийн төлбөрийн алдангид 15 680 696 төгрөг, түрээсийн зүйлийн ашиглалтын зардалд 21 861 101 төгрөг төлж гэрээний төлбөрийн үүрэг бүрэн биелсэн, түрээсийн төлбөрийн эрх зүйн харилцаа дууссан гэж гэрээ дүгнэсэн акт үйлдэж баталгаажуулсан.

Иргэний хуульд заасны дагуу талууд түрээсийн гэрээг байгуулагдсанаас хойш түрээсийн байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гарсны дараа холбогдох улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр харилцан тохиролцсон.

Түрээслүүлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээг холбогдох бүртгэлийн байгууллагаас хүлээж аваад түрээслэгч талд бүртгүүлэх талаар хандсан боловч гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нь түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хувь тус бүрээр бүртгүүлэх юм байна, үүнтэй холбоотой зардал өсөхөөр байна гээд түрээсийн гэрээг бүртгүүлэх шаардлагагүй талаар тохиролцоод гэрээг бүртгүүлээгүй.

Харин талууд түрээсийн гэрээний 6.4 дэх хэсэгт түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги ногдуулахаар харилцан тохиролцсон. Түрээслэгч нь 2018 оны 11 сарын 01-ний өдөр алдангид төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч акт үйлдэж баталгаажуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3.2, З.З.-т түрээсийн төлбөрт ашиглалтын зардал багтаагүй, түрээслэгч нь ашиглалтын зардлыг cap бүр түрээслүүлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээр төлнө гэж харилцан тохиролцсон.

Нэгэнт хэрэгжиж дууссан гэрээнээс яаж хохирсон, ямар хохирол учирсан тодорхойгүй байна. Мөн анх гэрээ байгуулахдаа зайлшгүй засан сайжруулалтыг түрээслэгч тал хариуцахаар заасан.

Талууд гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар “Н” ХХК нь түрээсийн зүйлд 2018 оны 06 дугаар сарын 19-27-ны өдрүүдэд засварын ажил хийж гүйцэтгэн түрээсийн зүйлийг анхны байдалд нь засаж “Х” ХХК-д хүлээлгэн өгч түрээсийн зүйлийг хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулсан.

2016 онд 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн талбайг м.кв-ыг 11 000 төгрөгөөр буюу зах зээлийн үнийн дүнгээс харьцангуй багаар түрээслэхээр тохиролцож, тус гэрээний 5.2.8-д түрээслэгч нь түрээсийн байрны үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нотариатын зардал зэргийг хариуцахаар харилцан тусгасан ба нэгэнт зах зээлийн үнээс бага хэмжээгээр түрээслүүлж байгаа учир татвартай холбоотой хэсгийг түрээслэгч тал хариуцна гэж тохирсон.

Мөн энэ хэрэг нь хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй, хуулийн этгээдэд холбогдох хэрэг байтал маргаан бүхий зээлийн гэрээг хоёр иргэн байгуулсан байгааг анхаарах ёстой.

Талууд нэгэнт харилцан тохиролцсоны дагуу түрээслэгч нь өөрийн түрээсийн талбайн хэмжээгээр тооцуулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа төлсөн.

Иймд түрээсийн гэрээ, түүний нэмэлт гэрээ дээрх засварын ажлыг харилцан тохирч, түрээсийн зүйлийг хүлээлцсэн актаар баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01171 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан үндэслэл тогтоогдсон тул 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №01/02 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 16/01 тоот Зээлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч “Х” ХХК-аас /15 680 696+13 864 000/ 29 544 696 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК, Шиудад олгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Н” ХХК, Шийн нэхэмжлэлээс 27 272 422 /11 079 722+16 192 700/ төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Н” ХХК, Шиас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 706 662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н” ХХК, Шиас 1 532 468 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч “Х” ХХК-аас 2 043 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК, Шиудад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1215 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/01171 дүгээр шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлаж “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг зааснаар “Х” ХХК-аас 15 680 696 төгрөг гаргуулж “Н” ХХК, Шьд олгож, нэхэмжлэлээс 41 136 422 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлаж, “2 043 380” гэснийг “236 353” гэж өөрчилж,

4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж, 7 дахь заалтыг 6 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 840 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Харицагчийн өмгөөлөгч Ч.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.26-ны өдрийн 1215 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс: “Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн харилцаа үүссэн боловч, түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул 318.5 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлд зааснаар хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болохгүй тул талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ дүгнэсэн актыг хүчинтэй гэж дүгнэхгүй юм.” гэж хууль буруу хэрэглэж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож алдангид төлсөн 15 680 696 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна юм.

Гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаж, хэрэгжиж дуусгавар болсон талаар.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол ...хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж заасан ба энэ заалтад “гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх” шаардлага нь хэлцлийн хэлбэрийн хувьд тавигдах шаардлагад хамаарна. (УДШ-ийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаар тогтоол)

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан өдрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг Иргэний хуулийн 318.3-т заасан хэлбэрийн шаардлагыг баримтлахыг шаардахгүй. Учир нь:

Нэхэмжлэгч тал анх 2016 оны 05 дугаар сард манай оффис дээр ирж уулзахад тухайн үед барилгыг улсын комисс хүлээж аваагүй байсан тул түрээслэх боломжгүй талаар хэлсэн, үүний дараа 2016 оны 07 дугаар сард барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн хойно дахин ирж уулзахад нь комисст хүлээлгэж өгсөн, бүртгэлийн гэрчилгээ гараагүй байгаа мэдэгдэж 2016.08.22-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний хугацаанд түрээслэгч нь түрээсийн төлбөр, ашиглалтын зардал зэргээ гэрээнд заасан хэмжээгээр төлж ирсэн, гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч биелүүлж байсан. Ингээд 2018.07.03-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээлцэж акт үйлдсэн, 2018.11.01-ний өдөр талууд гэрээг дүгнэж дуусгавар болгож, мөн акт үйлдэж гэрээний төлбөр тооцоог хүлээн зөвшөөрч 2 жил шахуу биелүүлж ирснийг үүгээр нотлогдоно. (х/х 42,43 тал). Мөн хэргийн 159, 165 талуудад авагдсан нэхэмжлэгчийн талаас бичгээр ирсэн мэдэгдлүүдээр алданги 15 680 696 төгрөг төлөхийг болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхээ хүлээн зөвшөөрч байсан нь тодорхой нотлогдоно.

Барилгын улсын бүртгэлийн гэрчилгээ 2017.01.17-ны өдөр гарсан бөгөөд үүнээс хариуцагч талаас нэхэмжлэгч талд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн улсын бүртгэлийн тавьсан шаардлагын дагуу гэрээг гэрчилгээ бүхий талбай бүрээр байгуулах шаардлагыг тавьж ирсэн ч биелүүлээгүй. Энэ нь гэрч Ж.Галнямын “Түрээсийн гэрээ хийгдээд он гараад гэрчилгээ гарсан. Үүнийг бүртгүүлье гээд тухайн үеийн нягтлан Сараа, аж ахуйн дарга хоёрт хэлсэн. Бүртгүүлэх зардал өндөр байсан учир тухайн үед ашиглалтын зардал дээр нэмж зардал гармааргүй байгаа тул бүртгүүлэхгүй байя гэдэг асуудал яригдсан.” хэмээн мэдүүлсэн бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч талаас гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх талаар ярилцаж 2018.09.01-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага”-ыг хассан.

Иймд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан хэлбэрийн шаардлагыг баримтлахгүй гэрээг хүчин төгөлдөрт тооцох заалтыг буруу тайлбарлаж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хариуцагчаас 15 860 696 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Н” ХХК болон “Ш” бүрэн бус дунд сургууль нь “Х” ХХК-д  холбогдуулан Түрээсийн болон Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу алдангид төлсөн 15 680 696 төгрөг, зээлийн гэрээ нэрээр төлсөн 13 864 000 төгрөг, түрээсийн зүйлээс салгаж үл болох засан сайжруулалтад зарцуулсан зардал 16 192 700 төгрөг, түрээсийн байрны ашиглалттай холбоотой үндэслэлгүйгээр нэхэмжлэн авсан 11 079 722 төгрөг, нийт 56 817 118 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр үйлчлээд дуусгавар болсон, талууд гэрээний үүргийг дүгнээд баталгаажуулсан тул дуусгавар болсон гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Түрээсийн болон Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, түрээсийн төлбөрт тооцсон алданги, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн нийт 29 544 696 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний алдангид төлсөн 15 680 696 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

“Х” ХХК, “Н” ХХК-иуд нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулж, тус гэрээгээр түрээслүүлэгч “Х” ХХК өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъянжугийн гудамж, 14А барилгын нийт 1 117 м.кв талбайг ашиглаж, үүнээс ашигтай талбай болох 962.78 м.кв талбайг 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 11 000 төгрөгөөр, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 16 500 тус тус тооцохоор, түрээслэгч “Н” ХХК түрээсийн объектыг сургалтын байгууллагын зориулалтаар ашиглаж, тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, гэрээг 2 жилийн хугацаатай байгуулжээ.

Гэрээ хэрэгжиж, түрээсийн байранд Шь сургалтын үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрийг төлж ирсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр талууд харилцан тохиролцож, гэрээг дуусгавар болгосон, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг дүгнэж, энэ хугацаанд түрээслэгч түрээсийн төлбөрт 282 655 065 төгрөг, алдангид 15 680 696 төгрөг, ашиглалтын зардалд 21 861 101 төгрөгийг тус тус төлсөн талаар акт үйлджээ.

Зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д нийцсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3., 318.4.-т зохицуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргажээ.

Талууд гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн гэрчилгээ гараагүй байсан тул гэрээний 1.5.-д түрээслүүлэгч түрээсийн гэрээ байгуулагдснаас хойш ...улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах бөгөөд гэрчилгээ гаргуулсны дараагаар гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцжээ.

Түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байхад түрээслүүлэгч Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд  хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зохицуулжээ.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж түрээсийн төлбөрийн алдангид төлсөн 15 680 696 төгрөгөөр түрээслүүлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн дээрх төлбөрийг түрээслүүлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч,  нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, бусдыг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, энэ талаар магадлалд тодорхой зааж, маргаантай харилцаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1215 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Ч.Цын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД