Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2017/0240

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр              Дугаар 221/МА2017/0240               Улаанбаатар хот

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинтөгс, С.Ялалт, Г.Чинбат, Б.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Р.Даваа, О.Эрдэнэ-Халиун, Б.Наранбат нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч нарын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210218 дугаар актын ТОГТООХ хэсгийн 1-ын “өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан 2011 онд 34.000.0 мянган төгрөгийн, 2012 онд 80.260.0 мянган төгрөгийн, нийт 114.260.0 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд 11.426.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 34.3 мянган төгрөгийн хүү, 5.713.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан”-ыг, мөн ТОГТООХ хэсгийн 2.2-ын “...хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс 3 дахинаас илүү гарсан зээлийн дүнд ногдох 2010 онд 250.614.0 мянган төгрөг, 2011 онд 228.312.0 мянган төгрөг, 2012 онд 226.800.0 мянган төгрөг, нийт 705.726.0 мянган төгрөгийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцон, албан татвар ногдуулах орлогоо бууруулж, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 22.680.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 6.804.0 мянган төгрөгийн торгууль, 501.0 мянган төгрөгийн алданги ногдуулсан”-ыг тус тус хүчингүй болгож, нийт 47.158.3 мянган төгрөгөөр татварын улсын байцаагчдын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Татварын ерөнхий газраас 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж, “Бостон Стар консалтинг” ХХК-д олгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанхүү давж заалдах гомдолдоо: "Капитрон банк" ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Р.Даваа, О.Эрдэнэ-Халиун нарт холбогдох Захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. 1. Анхан шатны шүүх нь Зээл төлүүлэх харилцаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.6.5-т заасан "зээл олгох үйлчилгээ"-нд хамаарна гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсэн зохицуулалтаас үзвэл зээл олгох үйлчилгээ нь зээлийн дансанд гүйлгээ орсноор дуусгавар болсон байна гэж хуульчилсэн байна. Зээл төлүүлэх үйл ажиллагаа нь уг "зээл"-тэй холбогдон үүсч буй хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д зээл олгох үйл ажиллагааг тухайлан заасан татвараас чөлөөлөхөөр, харин зээл төлүүлэхтэй холбогдож үүсэх аливаа харилцааг уг татвараас чөлөөлөх талаар зохицуулаагүй байна. Банкны "зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор өмчлөх, улмаар худалдах үйл ажиллагаа нь ашиг олох зорилгоор эрхлэх хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй байх бөгөөд төлбөр ногдуулсан буюу 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №210218 тоот акт нь хуулиар хориглоогүй дээрх үйл ажиллагаанд НӨАТтХ-ийн 7.1.1 -д зааснаар татвар ногдох ёстой гэж үзсэн бөгөөд уг хуулийн заалтанд борлуулалтын зорилго, агуулгаас үл хамааран "Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа"-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан байна. 2. “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь “Капитрон банк”ны дүрмийн сангийн 4,62 хувь буюу 3,700,000.0 мянган төгрөгийг эзэмшдэг. “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь Капитрон банктай хоёрдогч өглөгийн гэрээ байгуулан 2010 онд 250,614.0 мянган төгрөг, 2011 онд 228,312.0 мянган төгрөг, 2012 онд 226,800.0 мянган төгрөгийн зээлийн хүүг олгосон бөгөөд дээрх зээлийн хүү нь анх оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс 3 дахинаас илүүгээр давсан тул Монгол улсын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө
оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна” гэж заасны дагуу орлогын албан татварын ногдуулсан тиймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан  шатны  шүүхийн  шийдвэр  хууль  ёсны  бөгөөд  үндэслэл  бүхий байна.

            Нэг. Нэхэмжлэлийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч нарын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210218 тоот актын өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө борлуулсан гэж үзэн 11,426.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 34.3 мянган төгрөгийн хүү, 5,713.0 мянган төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлэхээр акт тавьсныг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            Шүүх “...зээлийн хөрөнгийг зээлдэгчид олгохоос эхлээд зээлийг төлүүлж дуусгах хүртэлх үйл ажиллагаа бүхэлдээ зээлийн үйл ажиллагаанд хамаарч ... ашиг олох зорилгоор буюу нэмүү өртөг бий болгон худалдан борлуулж байгаа бус, харин зээл төлүүлэхэд чиглэгдэж байна...” гэж зөв дүгнэсэн байна.

            Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Р.Даваа, О.Эрдэнэ-Халиун, Б.Наранбат нар 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210218 тоот акт[1]-аар өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 2011, 2012 онд өмчлөх бусад эд хөрөнгө худалдан борлуулсан 11,426.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 34.3 мянган төгрөгийн хүү, 5,713.0 мянган төгрөгийн торгуулийг “Капитрон банк” ХХК-аар төлүүлэхээр тогтоожээ.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Банк Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.2-д “зээл”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэж тус тус хуульчилжээ.

Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл, банк нь Монгол банкны зөвшөөрлөөр явуулах дээрх хуулиар тогтоосон ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хүрээнд зээлийн үйл ажиллагаа хамаарч байх бөгөөд зээл төлүүлэх зорилгоор барьцаалсэн эд хөрөнгийг түр эзэмших, худалдах үйл ажиллагаа нь хориглогдсон үйл ажиллагаа биш байна.

Хавтаст хэрэгт 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ[2], Зээлийн барьцааны гэрээ[3], Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “... “Мөнх Ундрах хүнс” ХХК нь зээл, зээлийн хүү нийт 32.000.000 төгрөгийг төлөх, ...барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийг гүйцэтгэлийг хангуулах...” гэж дүгнэгдсэн “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 24 дүгээр захирамж[4], тус шүүхийн шүүгчийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар шийдвэр гүйцэтгэх хуудас[5], албадан гүйцэтгүүлэх тухай захирамж[6], Капитрон банкны 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Зээлдэгч “Мөнх-Ундрах Хүнс” ХХК-ийн барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх тухай албан бичиг[7], Капитрон банкны 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгө худалдах тухай” Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол[8] зэрэг нотлох баримтууд авагджээ.

Дээр дурдсан хуулийн заалт, болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл “Капитрон банк” ХХК-ийн бусдад зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан бий болгохын тулд барьцаа хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг барагдуулсан үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, 13.6.5-д “урьдчилгаа, зээл олгох үйлчилгээ” гэж заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх зээлийн үйлчилгээнд хамаарч байна.

Иймд “Капитрон банк” ХХК-ийн үйл ажиллагааг түүний хуулиар эрхлэхийг зөвшөөрсөн “зээл”-ийн үйлчилгээнээс тусад нь салгаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “бараа борлуулсан” гэдэгт хамааруулж, татвар ногдуулсан хариуцагч татварын байцаагч нарын актын холбогдох хэсэг үндэслэлгүй байна. 

Хоёр. Нэхэмжлэлийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч нарын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210218 тоот актын хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын дүнгээс 3 дахинаас илүү хэмжээний зээлийн дүнд ногдох гэж үзэн 22,680.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 6,804.0 мянган төгрөгийн торгууль, 501.0 мянган төгрөгийн алданги нөхөн төлүүлэхээр акт тавьсныг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            Шүүх “... “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас зээлсэн 3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон арилжааны зээл бус, харин тодорхой хугацааны дараа банкны хувьцаанд хөрвүүлэх болзолтой гаргасан өрийн бичиг ...” гэж зөв дүгнэсэн байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.7-д “зээлийн хүү”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Хөрөнгө оруулагчаас албан татвар төлөгчид олгосон зээлийн дүн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс гурав дахинаас илүү гарсан бол ийнхүү илүү гарсан зээлд төлсөн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй бөгөөд түүнийг тухайн хөрөнгө оруулагчийн ногдол ашигт тооцож албан татвар ногдуулна” гэж хуульчилж, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7-р сарын 30-ны өдрийн 460 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох түүнд хяналт тавих журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5.4-т “Хоёрдогч өглөг гэж гэрээнд заасан хугацаа дууссаны эцэст хөрөнгө оруулагчийн хурлын шийдвэрийг үндэслэн хувьцаагаар солих бөгөөд энэ талаар холбогдох гэрээнд тодорхой заасан байх өрийн бичгийг хэлнэ” гэж журамлажээ.

“Капитрон банк” ХХК нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай  гурван тэрбум төгрөгийг “Хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгө” гэдгийг хүлээн зөвшөөрч холбогдох журмын дагуу тайлан балансдаа бүртгэн авах, улмаар гэрээний хугацаа дуусмагц мөнгийг хувьцаанд хөрвүүлж, банкны дүрмийн санд оруулах, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эзэмших хувь хэмжээг тухайн хэмжээгээр нэмэгдүүлэх агуулгатай “Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ”[9]-г 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан байна. 

“Капитрон банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК нарын хооронд байгуулагдсан “Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ”[10]-ний 2 дугаар зүйлийн 2.2.3-д “Зээлийн үндсэн өрийг Гэрээний 2.6-д заасан нөхцлийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр Гэрээний 2.5-д заасан хугацаа болмогц хувьцаанд хөрвүүлж, Монголбанкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр банкны дүрмийн санд оруулна”, 2.6-д  “зээлдэгч нь хоёрдогч өглөгийг шинээр хувьцаа гаргах замаар төлөхтэй холбогдуулан хувьцааны хэлбэр, хувьцааны үнэ, тоо ширхэг зэрэг зүйлийг хувь нийлүүлэгчдийн хурлаар гэрээний 2.5-д заасан хугацаанаас өмнө шийдвэрлүүлнэ. Зээлдэгч энэхүү нөхцөлүүдийг зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулах ба Монгол банкнаас зохих журмын дагуу зөвшөөрөл авсан байна” гэж талууд “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох түүнд хяналт тавих журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5.4-т заасны дагуу “Хоёрдогч өглөг”-ийн талаар тодорхой тусгаж гэрээ байгуулжээ. 

Түүнчлэн, хэрэгт авагдсан “Boston star consulting” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/17 дугаар “Шинжээчийн дүгнэлт”[11]-д “Худалдаа хөгжлийн банк” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд хийгдсэн “Хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ”-ний агуулга бүхэлдээ Компанийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, Монголбанкны ерөнхийлөгчийн 2004 оны 227 тоот, 2003 оны 549 тоот тушаалаар тус тус батлагдсан хэм хэмжээний актын холбогдох зүйл, заалтуудад нийцсэн болох нь “Капитрон банк” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгасан байдлаар нотлогдож байна. Иймээс гэрээний дагуу хүлээн авсан 3 тэрбум төгрөгийн дүн бүхий мөнгөн хөрөнгийг арилжааны зээл бус “хоёрдогч өглөг” гэж нэрлэсэн энгийн хувьцаанд хөрвүүлэх болзолтой гаргасан өрийн бичиг гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэгджээ.

Дээрх хууль, журмын зохицуулалтууд, хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл  “Капитрон банк” ХХК нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас зээл хэлбэрээр авсан 3 тэрбум төгрөгийг өөрийн банкны хувьцаа болгон хөрвүүлж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д өгөх, ингэснээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь тус мөнгөний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хувьцааг гэрээнд заасан хугацааны дараа эзэмшихийг баталсан өрийн бичиг гэдэг нь тогтоогдож байх тул  татварын улсын байцаагч нар “хөрөнгө оруулагчаас олгосон зээл” гэж үзэн  татвар ногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасантай нийцээгүй байна.

Мөн түүнчлэн, “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь “Капитрон банк” ХХК өгсөн 3 тэрбум төгрөгийн хүүг хоёрдогч өглөгийн “хүү” гэж орлогоор бүртгэн, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн байх тул “...“Капитрон банк” ХХК нь 3 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардал болох 705.726.0 мянган төгрөгийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулахгүйгээр татвар төлөх тохиолдолд ... татварыг давхардуулан ногдох нөхцөлийг бүрдүүлэхээр байна...” гэж анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                        ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                               ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ