Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 402

 

Э.М, Л.Ш нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор, Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 667 дугаар магадлалтай, Э.М, Л.Ш нарт холбогдох 1702001780083 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ын М,

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л-ийн Ш нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.М, Л.Ш нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран БНХАУ-ын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.М-ийг 2 жил 6 сар хорих ял, Л.Ш-ыг 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.М-ийг 2 жил 6 сар хорих ял, Л.Ш-ыг 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.М-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил хорих ялаар, Л.Ш-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М, Л.Ш нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Ш-ын өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Гэрч Ш.Б “хойд суудал дээр суусан залууг М гэж байсан, тэр залуу шоколадны цаас шажигнуулж дуусаад зогс гэсэн. М гэх залуу нь жин хэмжүүр шиг зүйл гаргаж ирээд өнгөгүй ууттай жамц давс шиг зүйл гаргаж ирээд намайг цаашаа хар гээд тэрийгээ савлаад байх шиг байсан” гэж, шүүгдэгч Э.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “Л.Ш намайг Бээжингээс мөс буюу хар тамхи авсан талаар мэдээгүй. Би Монгол Улсын хилээр өмднийхөө халаасанд авч гарч ирсэн. Замын-Үүдээс хөдлөөд явж байхад Л.Ш надад мөс байгааг мэдэж хамт хэрэглэсэн” гэж тус тус мэдүүлдэг. Мөн Л.Ш-ын биед үзлэг хийсэн тэмдэглэлээр түүний биеэс ямар нэгэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илэрч гарч ирээгүй байдаг. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Л.Ш-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор биедээ хадгалсан гэм буруутай гэж дүгнэн шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Тунгалагийн үйлдлийг шалгаагүй бөгөөд н.Т, Э.М нарын хооронд зээлийн гэрээ хийгдсэн ба н.Т нь Э.М-т дансаар 3 удаа мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар н.Т нь энэ гэмт хэргийн хамтран оролцогч гэж үзэж байгаа тул шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэ хэрэг нь Тээврийн прокурорын газраас шүүхийн харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд ирсэн байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар хуульчилсан бөгөөд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Э.М нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон тул хэргийг нэгтгэн нэг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэвэл түүнд ашигтай. Түүний хувьд анхан шатны шүүх хуралдааны үед өөрийн гэм бурууг ухамсарлаж, гэм буруугийн тал дээр маргаагүй байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар нь сэтгэцэд нөлөөлөх бодис, хар тамхийг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М, Л.Ш нар нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

уг бодисоо 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт биедээ хадгалж байсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх Э.М, Л.Ш нар нь дээрх үйлдлийг хийхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хамтарсан гэсэн дүгнэлт хийж, гадаад улсад гарсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Ш-ын өмгөөлөгч Б.Тэнгис нь “...Э.Мөнгөнхуягийн гэм буруутай үйлдэлд Л.Ш хамтран оролцсон үйл баримт тогтоогдоогүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Хоёр шатны шүүх Л.Ш нь Э.М-тай уг гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож үйлдээгүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүхийн дээрх дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байх тул өмгөөлөгч Б.Тэнгисийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор “Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Тунгалагийн үйлдлийг шалгаагүй, н.Т нь энэ гэмт хэргийн хамтран оролцогч гэж үзэж байгаа тул шалгуулах шаардлагатай, мөн Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул хэргүүдийг нэгтгэн нэг шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ” гэсэн гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ, хязгаарын дотор хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд Э.М нь өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаарх нотлох баримт энэ хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй байх тул Э.М-ийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 667 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ш-ын өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭH