Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 667

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.М- , Л.Ш  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Б.Батжаргал,

          нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М- , Л.Ш  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.М- , Л.Ш  нарт холбогдох эрүүгийн 1702 0017 80083 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х овгийн Э.М, 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны . дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,/РД:/,

 

2. Б овгийн Л.Ш, 1994 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД/,

Э.М- , Л.Ш той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор биедээ хадгалсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Л.Ш  нь Э.М- тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор биедээ хадгалсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Э.М- , Л.Ш  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.М- , Л.Ш  нарыг хамтран урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Ш ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Л.Ш ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.М- т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жилийн хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Ш од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М- , Л.Ш  нарын тус бүр цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Л.Ш од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е1954100 дугаартай Э.М- ийн гадаад паспорт, Е1057031 дугаартай Л.Ш ын гадаад паспортыг тус тус хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан 1 гэж дугаарласан гялгар уутны хамт 2.9 грамм, 2 гэж дугаарласан гялгар уутны хамт 5.0 грамм, 3 гэж дугаарласан гялгар уутны хамт 2.9 грамм, 4 гэж дугаарласан гялгар уутны хамт 5.2 грамм, 5 гэж дугаарласан гялгар уутны хамт 5 грамм, 6 гэж дугаарласан гялгар уутны хамт 3.4 грамм, 8 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.7 грамм бодисууд, шилэн гаанс 2 ширхэг, цагаан өнгийн гуурс 1 ширхэг, эрээн өнгийн хүдний шилний саванд хийсэн 3 ширхэг шилэн гаанс, 235 мл-ийн хэмжээтэй хажуу бөөрөн хэсэгтээ цоолсон “Роrоrо” гэсэн бичиглэлтэй усны сав, 5 см урттай пивор соруул, улаан өнгийн дугуй хэлбэртэй “Петровис” гэсэн бичиглэл бүхий цахилгаантай сав, 8x12 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий 2 ширхэг уут, 5,5x7,5 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий 3 ширхэг уут, “QC PASS” гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн цахилгаан жин зэрэг эд зүйлс хураагдан ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.М-  гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхнаасаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би хэдийгээр хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа боловч “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж аваагүй. Тунгалаг гэдэг өөрийн танил эгчтэй утсаар ярьж уулзахад “25 грамм “мөс”-ийг аваад ир” гэж зааварчилгаа өгч замын зардал өгсөн. Захиалагчийн үгээр Алтанхуяг гэдэг хүнтэй уулзаж “мөс”-ийг олж авсан. Би өөрөө худалдаж аваагүй нь үнэн болно. Надад ямар ч худалдаалах зорилго байгаагүй, барааг нь авч ирсний төлөө хөлсөнд өөрөө хэрэглэх 3 грамм “мөс” авах байсан.  Иймд би өөрөө худалдаж авах, худалдаалах зорилго байгаагүй учир хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ..

 

Шүүгдэгч Л.Ш  гаргасан давж заалдах гомдолдоо:  “...Баригдах үед миний биеэс сэтгэцэд нөлөөлөх бодис буюу “мөс” илрээгүй, биедээ хадгалаагүй, хууль бусаар олох, зарах гэж завдаагүй. Э.М- ийн биед хар тамхи тээвэрлэж байгааг би мэдээгүй. Хот орох замдаа таксинд хэрэглэсэн нь үнэн. Намайг хилээр хар тамхи хууль бусаар гаргаагүй гэдгийг Э.М-  анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Прокурор Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Э.М- , Л.Ш  нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, оногдуулсан ял шийтгэл тохирсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Э.М- , Л.Ш  нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт борлуулах зорилгоор биедээ хадгалсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 25.7 грамм бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь:

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 11-12/, хүний бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх 13-14, 22/, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх-15, 23, 24-28/, гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 34-35, 36-37/, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг тандах багаж ашигласан тэмдэглэл /1 хх 38-39/, хураан авсан эд зүйлд үзлэг хийж шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 40-41, 42-47/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 331, 658 дугаартай дүгнэлтийн хамт ирүүлсэн CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 66-67, 68-73, 79, 80, 112-116/, эд мөрийн баримт /1 хх 82-83, 84-85/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... шинжилгээнд ирүүлсэн “Энхбатын Мөнгөнхуяг УШ93021713” уутны гадна хаягласан шээсэнд метамфетамины агууламж илрэв, ... Л.Ш , 2017.12.14” гэж хаягласан шээсэнд метамфетамины агууламж илрэв, ... метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад тус тус багтдаг” гэсэн 318 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 87-89/,  

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай цагаан өнгийн наалдамхай зүйл, цайвар зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн хуванцар, хятад бичиглэл бүхий эм мэт зүйлүүд. “Дээж-1 1.1 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл,

“Дээж-2 2.1 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл,

“Дээж-3 1,1 гp” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл,

“Дээж-4 1,4 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл,

“Дээж-5 0.9 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл,

“Дээж-6 1.7 гр” гэж хаягласан гялгар уутгай мөс мэт зүйл,

“Дээж-8 0.7 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл,

“Роrоrо” гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, хар өнгийн толбо бүхий шилэн гаанс, хар эрээн өнгийн нүдний шилний савтай 3 ширхэг гаанс нь шинжилгээнд тэнцэнэ.

шипжилгээнд ирүүлсэн цайвар зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, цагаан өнгийн хуванцар, “Дээж-1 1.1 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, Дээж-2 2.1 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “Дээж-3 1,1 гp” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “Дээж-4 1,4 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “Дээж-5 0.9 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “Дээж-6 1.7 гр” гэж хаягласан гялгар уутгай мөс мэт зүйл, “Дээж-8 0.7 гр” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, хар өнгийн толбо бүхий шилэн гаанс, хар эрээн өнгийн нүдний шилний савтэй 3 ширхэг гаансанд метамфетамины агууламж илэрсэн. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно, шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай цагаан өнгийн наалдамхай зүйл, хятад бичиглэл бүхий эм мэт зүйлүүд, “Роrоrо” гэсэн бичилт бүхий хуванцар саванд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэсэн 331 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 93-96, 97-98/,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын “Э.М-  нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Э.М-  нь сэтгэцийн өвчингүй байна. Э.М-  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.М-  нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна, одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.М-  ял эдлэх чадвартай байна. Э.М- т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.М-  нь мансуурах донтой эсвэл мансуурах бодисын хамааралтай гэх баримт үгүй байна” гэсэн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 131-133/,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын “Л.Ш  нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Л.Ш  нь сэтгэцийн өвчингүй байна. Л.Ш  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Ш  нь гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна, одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Ш  ял эдлэх чадвартай байна. Л.Ш од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Л.Ш  нь мансуурах донтой эсвэл мансуурах бодисын хамааралтай гэх баримт үгүй байна” гэсэн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-135-137/,

 

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ш.Б-н “... Замын-Үүдээс 50-аас 60 км явж байгаад хойд суудал дээр сууж байсан залуу гялгар уут шажигнуулаад шоколад гаргасан ба би толиндоо харахад “юугаа хараад байгаа юм” гэж уурласан. Тэгснээ удалгүй нэг утаа шиг юм гараад байсан бөгөөд ямар ч өнгөгүй, их өтгөн цагаан утаа байсан. Гэтэл миний хажууд сууж байсан залуу “алив би сорьё” гээд шоколад авахаар нь би харахад бас л “юугаа хараад байгаа юм” гэж уурласан. Хойд суудал дээр суусан залууг Мөнгөө гэж байсан ба тэр залуу шоколадны цаас шажигнуулж дуусаад, зогсоодох гэсэн ба тэр Мөнгөө гэх залуу жин хэмжүүр шиг зүйл гаргаж ирснээ өнгөгүй, ууттай, жамц давс шиг зүйл гаргаж ирээд намайг “цаашаа хар” гээд тэрийгээ савлаад байх шиг байсан. Тэдний утсаар ярихыг сонсоод би ойлгоогүй ба сонин, сонин хэллэгээр яриад байсан. “Дангаа аваад сансарын түнэл ороод буцаад вокзал” орно гэж хэлсэн. Миний ойлгосноор Сансар очоод хүнд юм өгөх гээд байгаа юм уу авах гээд байх шиг байсан /1 хх-148-151/,

гэрч Ш.Болормаа /1 хх-154-155/, Г.Тунгалаг /1 хх-160-161/, Г.Идэржавхлан /2 хх-150-151/, М.Тунгалаг /1 хх-152-153/, Ю.Цэнд /1 хх-158-159/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.М- , Л.Ш  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Э.М- , Л.Ш  нарыг хамтран урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч Э.М- , Л.Ш  нарыг гэмт хэрэг хамтран үйлдэхдээ хэрэгт оролцсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй.

 

            Мансууруулах бодисыг худалдаалах гэдэг нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдсан, хадгалсан гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцдог тул шүүгдэгч Э.М-  “худалдаалах зорилгоор хууль бусаар олж аваагүй тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч Л.Ш  “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргаж байгаа боловч шүүгдэгч Э.М- , Л.Ш  нарын үйлдэл нь хэрэгт цугларсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, тухайн үйл баримтыг үгүйсгэсэн эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М- , Л.Ш  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 638 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М- , Л.Ш  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

     

 

                                                                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МЯГМАРЖАВ

 

                                  ШҮҮГЧИД                                                    Б.ЗОРИГ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ