Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/00985

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/00985

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  НОСКХК/РД: /-д холбогдох,

 

4,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн орон сууц корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нь Ж.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо 10 дугаар хорооллын АОС-ны 1-1 тоотод хаягтай Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017656 дугаартай гэрчилгээтэй 530 м/кв барилгыг нэг жилийн хугацаатай албан байгууллагынхаа хэрэгцээнд оффисын зориулалтаар нэг сарын түрээсийн төлбөр нь 9,000,000 төгрөгөөр түрээслэхээр 2022 оны 04-р сарын 08-ны өдөр 536 дугаар түрээсийн гэрээ байгуулсан.

Гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ юм.

Бүх нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчний улмаас бүх нийтийн хөл хорио, эдийн засгийн хямралаас болоод ус, дулаан, цахилгаанаар түгээх байгууллагуудтай гэрээ байгуулан хэрэглээгээ бүрэн зогсоосон байсан.

Гэтэл Орон нутгийн өмчид, хувьцаат компани гэж ирж уулзан 3 удаа үзэж /тамгын дарга, мэргэжилтэн нарын хамт / судлаад оффисоор ажиллуулах бололцоотой гэж үзээд ус, дулаан, цахилгаанаар хэвийн ханга манайх гэрээгээ хийнэ гэж хэлсэн. Ингээд гэрээгээ байгуулсан. Ж.Б нь хэлсэн хугацаанд хангагч байгууллагуудтай гэрээгээ шинэчлэн хийж, тариф хөлсийг төлж засварчдыг нь ажиллуулж хэвийн болгосон. Ус цахилгаан, дулаанаар бүрэн хангадсан талаар Нийслэлийн орон сууц корпораци ХК-д мэдэгдэхэд харин эсрэгээр манайх өөр газар түрээслэхээр болсон гэж хэлсэн байдаг.

Ингээд гэрээ хийсэн гүйцэтгэх захирал М.Говьсайхантай уулзан өөрийн гаргасан зардлаа нэхэхгүй зөвхөн 2022 оны 04-р сарын 08-ны өдөр 536 дугаар түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасан төлбөрөө өг гэхэд зөвшөөрөөд өгнө гэж ярьсаар өнөөдрийн хүрлээ.

Нэхэмжлэлийн шаардлага Нийслэлийн орон сууц корпораци ХК-тай байгуулсан 2022 оны 04-р сарын 08-ны өдөр 536 дугаар түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасан 1 сарын төлбөрийн 50 хувь болох 4,500,000 төгрөгийг Нийслэлийн орон сууц корпораци ХК-наас гаргуулан Ж.Бод олгуулах шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

 

Хариуцагч НОСКХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гэрэлт-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Ж.Бын нэхэмжлэлтэй НОСКХК-д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байгуулсан 536 тоот түрээсийн гэрээтэй холбоотой 4,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

НОСКХК Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар байгуулагдсан Нийслэлийн иргэдийн түрээсийн олон талт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг орлогод нийцсэн, хямд өртөг бүхий орон сууцанд хамруулах үндсэн зорилготой хаалттай хувьцаат компани юм. Манай байгууллага албан хэрэг явуулах ажлын /оффис/ байрыг түрээсийн байдлаар ашигладаг ба 2021 онд Эрдмийн Ордон ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагааг хэвийн явуулж байсан боловч тус газраас гэрээний хугацааг дуусмагц ажлын байрыг дахин үргэлжлүүлэн түрээслүүлэх боломжгүй тухай мэдэгдсэнээр манай байгууллага нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх, үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулах ажлын байрны хэрэгцээ яаралтай хэрэгтэй болсон.

Дээрх шалтгаанаар шинэ ажлын байр түрээслэхээр НОСКХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нь Ж.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын АОС-ны 1-1 тоотод хаягтай Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205017656 дугаартай гэрчилгээтэй 530 м.кв барилгыг нэг жилийн хугацаатай албан байгууллагын хэрэгцээнд оффисын зориулалтаар нэг сарын 9,000,000/есөн сая/ төгрөгөөр түрээслэхээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 536 дугаартай гэрээ байгуулсан.

Тус түрээсийн байрыг RЕМАХ үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газрын албан ёсны сайтаар дамжуулан RЕМАХ-ын агент Түвшин гэх хүнтэй /Утас:88880981/ холбогдож, түрээслэгч Ж.Бтой холбоо тогтоосон.

Гэрээ байгуулсны дараа НОСКХК-ийн Дулааны хяналтын инженер Н.Ариунтуяа тус байранд очиж үзэхэд, түрээслэгч Ж.Бын хэлж ярьж байсантай, бодит байдалтай нийцэхгүй байсан ба тус барилга нь 4 жил дараалан халаалт аваагүйн улмаас дотроо хөлдсөн, нийтийн ариун цэврийн өрөөтэй, оффисын зориулалтаар ашиглах боломжгүй. 8 машины зогсоолтой гэх боловч машины зогсоолын өндөр стандарт бус, 3-4 машины багтаамжтай байсан тул 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Түрээсийн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл-ийг RЕМАХ-ын агент Түвшингийн Viber программын хаягт илгээж Ж.Бод мэдэгдэхийг хүссэн ба Ж.Б энэ талаар утсаар холбогдон асууж тодруулахад нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний зүйл болох ул хөдлөх эд хөрөнгийн халаалт тавигдаагүй нь түрээсийн байрыг шууд ашиглах боломжгүй, мэдээлэл өгч байсан бодит байдалтай нийцэхгүй байсан тул Түрээсийн гэрээнээс татгалзсан үндэслэл болсон.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.1- дэх хэсэг гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдол нь үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл болсон бол...үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй. гэж заасан байдаг. Түрээслэгч тал гэрээ болон хуульд зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй ашиглалтын шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөх, шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн тухайн түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгийг хүлээн аваагүй болно.

Иймд Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 536 дугаар Түрээсийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 000046194 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан НОСКХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 253 дугаар НОСКХК-ийн Түрээсийн гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл, 2022 оны 10 дугаар 19-ний өдрийн 714 дугаар НОСКХК-ийн лавлагаа хүсэх тухай албан тоот, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1300 дугаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын албан тоотыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч НОСКХК холбогдуулан 4,500,000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч НОСКХК нь түрээсийн байрыг шууд ашиглах боломжгүй, бодит байдалд нийцэхгүй байсан тул Түрээсийн гэрээнээс татгалзсан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр №536 Түрээсийн гэрээ байгуулсан болох нь №536 Түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №536 Түрээсийн гэрээний 1-ийн 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид Баянгол дүүрэг, 6-р хороо, 10 дугаар хороолол, АОС-ны 1-1 тоот хаягт байршилтай 530 м.кв хувийн сууц бүхий талбайг оффиссын зориулалтаар түрээслүүлэх, хариуцагч нь гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №536 Түрээсийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Тус №536 Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул Түрээсийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3Хуульд ... үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар зохигчид Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх тул Гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 1-ийн 1.3, 2-ын 2.1-т зааснаар зохигчид Гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай, сарын түрээсийн төлбөрийг 9,000,000/есөн сая/ төгрөгөөр тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 7-ийн 7.2.1-т заасан үндэслэлээр хариуцагчаас 1/нэг/ сарын төлбөрийн 50/тавь/ хувь болох 4,500,000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 7-ийн 7.2-т Дараах тохиолдлуудын аль нэг бий болсон бол Түрээслүүлэгч нь энэхүү гэрээг цуцлах эрхтэй., 7.2.1-т Түрээслэгч нь түрээсийн хугацаа дуусахаас өмнө энэхүү гэрээг цуцалсан(Энэ тохиолдолд нэг сарын төлбөрийн 50 хувьтай тэнцэх шимтгэл түрээслүүлэгчид төлнө) гэжээ.

 

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн халаалт тавигдаагүй нь түрээсийн байрыг шууд ашиглах боломжгүй Түрээсийн гэрээнээс татгалзсан үндэслэл болсон гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хангагч байгууллагуудтай гэрээгээ шинэчлэн хийж, хэвийн болгосон гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Баянгол дүүрэг, 6-р хороо, 10 дугаар хороолол, АОС-ны 1-1 тоотыг дулаан эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулаагүй болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн № 01/1300 албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 288.1.1хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой ... эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх;, 318 дугаар зүйлийн 318.5Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан.

 

Зохигчид Гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан байх боловч нэхэмжлэгч нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-тай АОС-ны 1-1 тоотыг дулаан эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулаагүй байсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн № 01/1300 албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1, 288.1.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээнд заасны дагуу эзэмшиж, ашиглах боломжтой эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй боловч түрээсийн зүйл болох АОС-ны 1-1 тоотыг оффиссын зориулалтаар эзэмшиж, ашиглах боломжгүй байсан байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2Хүндэтгэн үзэх дараахь шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно:, 294.2.1нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар; гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь АОС-ны 1-1 тоотыг дулаан эрчим хүчээр хангуулах үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.2.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь Гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчтай 5 дугаар сард очиж уулзсан гэх тайлбараар хариуцагч нь Гэрээг 2022 оны 5 дугаар сард цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1Эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой дараахь гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна:, 300.1.2орон сууц хөлслөх гэрээгээр гэрээ цуцлах эрхийг ... хязгаарласан; гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээний 7-ийн 7.2.1-т зааснаар хариуцагч нь Гэрээг хугацаа дуусахаас өмнө цуцалсан тохиолдолд нэг сарын төлбөрийн 50/тавь/ хувьтай тэнцэх шимтгэл төлөх үүрэг хүлээлгэж, хариуцагч нь Гэрээг цуцлах эрхийг хязгаарласан байх тул Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2 дахь заалтад зааснаар Гэрээний 7-ийн 7.2.1-т заасан тохиролцоо нь хүчин төгөлдөр бус байна.

 

Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь Гэрээг цуцалсантай холбоотой нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэггүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2 дахь заалтад зааснаар Гэрээний 7-ийн 7.2.1 дэх заалт хүчин төгөлдөр бус байх ба түүнчлэн уг заалтад түрээсийн төлбөр төлөх тухай заагаагүй байна.

 

Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас 1/нэг/ сарын төлбөрийн 50/тавь/ хувь болох 4,500,000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бын хариуцагч НОСКХК-иас нийт 4,500,000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бын хариуцагч НОСКХК-иас нийт 4,500,000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ