Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01153

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг  даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00985 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б-ын хариуцагч “Н-” ХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Г- нь Ж.Б-ын өмчлөлийн 530 м.кв талбай бүхий барилгыг, нэг жилийн хугацаатай албан байгууллагынхаа хэрэгцээнд оффисийн зориулалтаар, нэг сарын 9,000,000 төгрөгөөр түрээслэхээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Ж.Б- нь тохиролцсон хугацаанд хангагч байгууллагуудтай гэрээгээ шинэчлэн байгуулж, тариф хөлсийг төлж засварчдыг нь ажиллуулж хэвийн болгосон. Ус цахилгаан, дулаанаар бүрэн хангасан талаар “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-д мэдэгдэхэд өөр газар түрээслэхээр болсон гэж хэлсэн. Ингээд өөрийн гаргасан зардлаа нэхэхгүй, түрээсийн гэрээний 7.2.1-д заасан төлбөрөө өг гэхэд өгнө гэж ярьсаар өнөөдрийн хүрсэн. Иймд 1 сарын төлбөрийн 50 хувь болох 4,500,000 төгрөгийг хариуцагч “Нийслэлийн орон сууц корпораци” ХК-аас гаргуулан Ж.Б-од олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай байгууллага ажлын байр түрээслэхээр Ж.Б-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэг жилийн хугацаатай, нэг сарын 9,000,000 түрээслэхээр гэрээ байгуулсан. Тус түрээсийн байрыг Римакс үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газрын албан ёсны сайтаар дамжуулан холбоо тогтоосон. Гэрээ байгуулсны дараа тус байранд очиж үзэхэд 4 жил дараалан халаалт аваагүйн улмаас дотроо хөлдсөн, нийтийн ариун цэврийн өрөөтэй, оффисийн зориулалтаар ашиглах боломжгүй, машины зогсоолын өндөр стандарт бус, 3-4 машины багтаамжтай байсан тул 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг Римаксийн агент н.Түвшингийн вайбераар илгээж, Ж.Б-од мэдэгдэхийг хүссэн ба Ж.Б-той утсаар холбогдсон. Халаалт тавигдаагүй нь түрээсийн байрыг шууд ашиглах боломжгүй байсан тул түрээсийн гэрээнээс татгалзсан үндэслэл болсон. Түрээслэгч тал гэрээ болон хуульд зааснаар эрхийн болон биет байдлын доголдолгүй ашиглалтын шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөх, шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Мөн тухайн түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгийг хүлээн аваагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын хариуцагч “Н- ХК-иас нийт 4,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189. 1 дэх хэсэгт заасны дагуу талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй хэн нэгний шахалт шаардлага дарамтгүйгээр байгуулсан. Анхан шатны шүүх хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1, 300.1.2-т заасныг баримтлан шийдвэрээ гаргасан. Уг түрээсийн гэрээнд гэрээг цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан нэг ч үг үсэг байхгүй. Тухайн цаг үед бүх нийтийг хамарсан цар тахал гарч, бүх нийтийн хөл хорио, эдийн засгийн хямралаас болж ус, дулаан, цахилгаанаар түгээх байгууллагуудтай гэрээ байгуулан, хэрэглээгээ бүрэн зогсоосон байсан. Энэ түрээсийн гэрээг байгуулахаар харилцан тохирч, хэлсэн хугацаанд хангагч байгууллагуудтай гэрээгээ шинэчлэн хийж, тариф хөлсийг төлж засварчдыг нь ажиллуулж хэвийн болгосон. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж хэвийн болгож байгаа талаараа ярилцаж, гэрээний 7.2.1-т талууд өмнө нь гарах бол 50 хувь болох 4,500,000 төгрөг төлнө гэж тохирсон. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй. Гэвч тухайн эд хөрөнгө нь халаалт байхгүй хүйтэн байсан. Энэ нь “Н-” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр тогтоогддог. Үүнтэй холбоотойгоор хариуцагч тал гэрээнээс татгалзах саналыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

            2.Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч “Н-” ХК-д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэргийн 28 дугаар талд авагдсан баримтыг үндэслэл болгосон боловч тус баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

            3.а.Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ...” гэж, мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж тус тус заажээ.

            3.б.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй буюу хариуцагч “Н-” ХК нь өөр байгууллагын баримтад өөрийн хуулбар үнэн тэмдгийг дарсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

3.в.Түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үед тус обьект дулааны эрчим хүчээр хангагдсан эсэх талаар буюу ашиглах боломжтой хөрөнгө хүлээлгэн өгсөн эсэх талаар талууд маргасан. Уг үйл баримтын талаар дүгнэлт өгөхөд ач холбогдол бүхий баримт хуулийн шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй байна.

3.г. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуулийн шаардлага хангаагүй байхад энэ талаар тодруулах, лавлах, хуулийн шаардлага хангуулах, ийнхүү шаардлагад нийцээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагааг хийгээгүйгээс хэргийн оролцогчоос хуульд заасан шаардлага хангасан баримт гаргах боломжгүй болжээ.

4.Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00985 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 86,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.АЛТАНЦЭЦЭГ                         

                                         ШҮҮГЧИД                              Э.ЭНЭБИШ

                                                                             Г.ДАВААДОРЖ