Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/02448

 

 

 

 

 

 

                                2023       05          17

                   101/ШШ2023/02448

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.А /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Х /рд:/-д холбогдох,

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Э.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн Э.А би Бүгд Найрамдах Солонгос Улсад үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэгт зуучлуулахаар 2022.07.25-ны өдөр “И” ХХК-ийн захирал Э.Хтай “БНСУ-ын эмнэлэг зуучлалын гэрээ” байгуулсан. Мөн тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж барьцааны зүйл болох 10,000,000 төгрөгийг Э.Хы “Төрийн банк”-ны ,,, тоот дансанд шилжүүлсэн. Миний бие барьцаагаар хангагдсан гэрээ /БНСУ-ын эмнэлэг зуучлалын гэрээ/-ний аливаа үүргийг зөрчөөгүй бөгөөд барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн барьцааны зүйл болох 10,000,000 төгрөгийг буцаан авах эрхтэй болно. Иймд барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг барьцаанаас чөлөөлж “И” ХХК-ийн захирал Э.Хаас гаргуулан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

1а. Нэхэмжлэгчтэй биечилж уулзаагүй бөгөөд хариу тайлбарыг утсаар л сонссон юм. Шүүх хүсэлтийг хангахгүй гэж захирамж гаргаад гомдол гаргах эрхгүй гэсэн. Хариу тайлбарыг уншаагүй. Өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн зүйл боллоо. Өмгөөлөгч нь хууль зүйн туслалаа үзүүлэх боломжоор хангагдах ёстой байдаг. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээ дагуу шилжүүлсэн 10 саяыг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зохигч эмнэлэг зуучлалын гэрээ байгуулаад үүний дагуу барьцааны гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн. Үүргээ зөрчөөгүй тул барьцааны зүйлийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа юм. Мөнгө шилжүүлсэн баримтыг шүүхэд өгсөн байгаа юм. Өмнөх хурал дээр яригдсан зүйл нь намайг хэрэг танилцсан гэдгийг нотлохгүй. Зохигчдын хооронд яригдсан гээд байгаа зүйл нь хэрэгт нотлох баримтаар байгаа юм уу. Барьцааны гэрээгээр хувь хүн барьцаалагч байгаа юм. Зуучлалын гэрээг хэнтэй байгуулсныг мэдэхгүй. Хэрэв зуучлалын гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан бол барьцааны гэрээг хувь хүнтэй л байгуулсан байна. Тэгэхээр хуулийн этгээдийн өмнөөс хувь хүн барьцааны гэрээ байгуулах эрхтэй юм уу. Өмгөөлөгчийн хувьд эрхээр хангагдаагүй байгаа тул цаашид ч би хэргийн материал танилцсан дээр зурахгүй бөгөөд давах шат энэ талаар дүгнэлт өгнө биз. Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа зүйл эргэлээ төрүүлж байна. Торгууль ногдуулдаг гэсэн баримт хэрэгт байгаа юм уу. Барьцаа гээд байгаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах гээд байгаа нь эрж хайсан зэргээр зардал гарсан баримт байгаа юм уу. Барьцааны гэрээг хувь хүнээр хийж авсан байна. Ямар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь тодорхойгүй байна. Барьцааны гэрээгээр хэзээ монголд ирэхийг заагаагүй. Барьцаагаар хангагдах үүрэг нь тодорхойгүй байна. Үүрэг биелэгдэх боломж байгаа юм уу. Эдгээрээс харахад татгалзал хүчингүй байна. Нэхэмжлэгч нь 52 настай хавдартай группэд байдаг. Ганц хүү нь солонгос улсад байдаг. Энэ ядарсан хүнээс 10 саяыг нь авч байгаа нь хариуцагч нь Солонгосын цагдаа юм уу. Зуучлал нь гадагш яваад л дуусна. Барьцааны талаар Иргэний хуулийн зохицуулалт мөн юм уу гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Э.Ж нь шүүхэд, түүний өмгөөлөгч Д.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Агийн нэхэмжлэлтэй И ХХК-ийн захирал Э.Хд холбогдох “Барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг барьцаанаас чөлөөлж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Зуучлуулагч Э.А зуучлагч “И” ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын эмнэлэг зуучлалын гэрээ байгуулж зуучлагч тал нь БНСУ-д үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэг зуучлах үйлчилгээ авахад туслалцаа үзүүлэн гүүр болон ажиллахаар талууд харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу “И” ХХК нь зуучлагчийн үүргээ биелүүлж, зуучлуулагч Э.Аг эмнэлгийн зуучлалаар виз гаргуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Талууд дээрх зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барьцаалагч Э.Х, барьцаалуулагч Э.А нарын хооронд барьцааны гэрээ байгуулж 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зуучлалын гэрээний барьцаа нь барьцаалуулагч визний хүчинтэй хугацаагаа хэтрүүлсэн, харласан тохиолдолд бүрэн гүйцэт хүлээлгэн олгогдохгүй. Үүнээс компанийн зүгээс гарсан хохирлыг эдийн засгийн үндэслэлтэйгээр хасан тооцохоор харилцан тохиролцсон. Зуучлалын гэрээгээр үйлчлүүлэгч буюу зуучлуулагч нь гэрээний 2.1-д “Үйлчлүүлэгч дараах зөвлөмжийг үүрэг хэмээн хүлээн авна. Солонгос улсад байх хугацаанд зуучлагчтай Солонгос улсад очсон даруй 72 цагийн дотор зуучлагчтай холбогдон мэдэгдэх” 2.1.3-д “БНСУ-ын Визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 10,000,000 төгрөг төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчсөн болно. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зуучлуулагч нь зуучлалын гэрээгээ ноцтой зөрчсөн тул барьцаа хөрөнгийг барьцаалагч буюу зуучлагч буцаах үүрэггүй болно. Талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээ болон барьцаа гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс шагнал төлөх үүргийг хүлээдэг бөгөөд барьцаалуулагч буюу Э.А нь зуучлалын гэрээ болон барьцааны гэрээг ноцтой зөрчиж, эмнэлгийн визний хугацаанд эмнэлэгт очоогүй, Солонгос улсад очсон даруй 72 цагийн дотор зуучлагчтай холбогдох үүргээ биелүүлээгүй тул зуучлуулагч Э.А нь БНСУ-ын Визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 10,000,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул барьцаа хөрөнгийг шаардах эрхгүй болно.

2а. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмнөх хуралд дээр Х гэж өмгөөлөгчтэй уулзсан ярилцсан талаар ярьдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн талаар мэдэж байгаа гэж ойлгож байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Зуучлалын гэрээ байгуулсан талаар маргаагүй. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн талаар маргаагүй юм. Улмаар эмнэлгийг сонгож зуучилсан. Эмнэлэг сонгосны талаар амаар тохиролцоо хийсэн. Ингэхдээ манай байгууллага арыг нь даадаг. Виз гаргуулсан боловч тогтсон эмнэлгээр үйлчлүүлдэггүй. Эмчилгээний виз нь хугацаандаа буцаж ирэх ёстой байдаг. Зайлшгүй үргэлжлүүлэн эмчлүүлэх бол визээ сунгуулах ёстой. Эдгээр асуудлыг талаар яригддаг. Буцаж ирэхгүй бол бидэнд торгууль ноогддог. Эмнэлэгт үйлчлүүлэхгүй бол 2 сая төгрөгийн торгууль тавигддаг. Мөн визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зуучилсан компанид 10 сая орчим төгрөгийн торгууль ноогддог. Энэ нь хэтрүүлсэн хугацаа болон зөрчлөөс хамаарч хэлбэлздэг. Ийнхүү бид хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь тохиролцсон эмнэлэгтээ 72 цагийн дотор очиж үйлчлүүлээгүй. Улмаар визний хугацаандаа буцаж ирээгүй. Зөрчилд холбогдсон бол асуудал үүснэ. Нэхэмжлэгч нь Монголд ирсэн бол гэрээгээ дүгнэх асуудал яригдана. Эргэж ирсний дараа тооцоод торгуулийг хасаад зөрүүг нь олгоход бэлэн байгаа юм. Гэтэл буцаж ирээгүй тул ийнхүү гэрээг дүгнэх боломжгүй байгаа юм. Иргэний хуулийн 410-р зуучлалын гэрээ талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаж барьцааны гэрээний харилцаа үүссэн. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56-д заасан хүчин төгөлдөр бусад хамаарахгүй. Барьцаа гэдэг үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч тэргүүн ээлжид үүргээ гүйцэтгүүлэх эрхтэй байдаг. Мөн барьцааны гэрээ дуусгавар болох талаар зохицуулсан бөгөөд гэрээг дүгнээгүй тул дуусгавар болоогүй байна. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч нь хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан боловч гүйцэтгэх захирлыг хариуцагчаар татсан байна. Гүйцэтгэх захирал нь хувь хүний хувьд компанийн үүргийг хариуцахгүй бөгөөд зөвхөн төлөөлнө. Иймд хариуцвал зохих этгээд биш байна. Нэхэмжлэл болон итгэмжлэлээс харахад хуулийн этгээд болон хувь хүн хамтдаа яригддаг. Нэхэмжлэгч нь өөрөө маргаагүй юман дээр өмгөөлөгч нь маргаж байна. Монгол улсад ирэх огноог барьцааны гэрээнд тохироогүй боловч зуучлалын гэрээ гэж байдаг. Энд дан ганц нэхэмжлэгч материал бүрдүүлдэггүй бөгөөд хариуцагч бусад баримтыг бүрдүүлсний үндсэн дээр виз гаргаж өгсөн. Нэхэмжлэгч өөрөө баримт бүрдүүлээд виз авчихсан биш юм. Зуучлалын гэрээнд 10 саяын торгууль төлөхөөр заасан байдаг. 72 цагийн дотор мэдэгдэх талаар заасан байдаг бөгөөд зуучлалын гэрээгээр хугацааг тогтоосон. Гэрээнд заасан торгуулийн талаар баримтгүй гэх боловч нэхэмжлэгчийг Монголд ирэх үед энэ нь бодогдох тул одоогоор ийм баримт гаргах боломжгүй. Зөвхөн сонгосон эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг талаар тохиролцож сонгосон байдаг. Талуудын тохиролцоо нь хууль зөрчөөгүй юм гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс Голомт банкны мемориалын баримт 2 ширхэг /хх7, 8/, Голомт банк дахь Э.А-н дансны хуулга /хх9/,

3б. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн БНСУ-н эмнэлэг зуучлалын гэрээний хуулбар /хх32-33/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх34-35/

3в. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Хил хамгаалах ерөнхий газраас Э.Агийн Монгол улсын хилээр гарсан талаарх лавлагааг гаргуулсан. /хх28/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 10,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Э.А нь барьцааны гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Э.Х нь эмнэлэг зуучлалын гэрээ байгуулж, улмаар хариуцагчтай барьцааны гэрээ байгуулсан. Улмаар гэрээний үүргээ зөрчсөн тул барьцаа болох 10,000,000 төгрөгөөс бид өөрт учрах хохирол буюу БНСУ талаас ногдуулах торгуулийг хасаад нэхэмжлэгчийг Монгол улсад ирсний дараа тооцоо нийлж, мөнгөн хөрөнгө илүү гарсан тохиолдолд тэр хэсгийг буцаан өгөх боломжтой гэж маргаж байна.

 

4.         Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа өөрийн оршин суугаа хаягийг Хан-Уул дүүрэг гэж тодорхойлсон боловч оршин суугаа газрын хорооны тодорхойлолтыг ирүүлээгүй. Улмаар шүүхийн харьяаллын талаар маргахгүй бөгөөд тус шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн. Иймд зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар шүүхийн харьяаллыг хэлэлцэн өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх43/

 

5.         Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “И” ХХК-тай БНСУ-н эмнэлэг зуучлалын гэх нэртэй гэрээ байгуулсан. /хх32-33/

Улмаар дээрх зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан. /хх34-35/

5а. Дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь Э.Ариунаагийн дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг хариуцагч Э.Хы дансанд шилжүүлсэн болох нь Голомт банкны 2 ширхэг мемориалын баримт, тус банк дахь Э.А-н дансны хуулгаар тогтоогдсон. Эдгээр баримтад гүйлгээний утгыг Э.Агийн барьцаа гэж тусгасныг дурдах нь зүйтэй.

5б. Улмаар нэхэмжлэгч нь эмнэлэг үйлчилгээний виз гаргуулж БНСУ-д зорчсон бөгөөд одоогоор Монгол улсад хүрэлцэн ирээгүй байгаа болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2-4в, дугаар албан тоотоор тогтоогдсон.

Зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

6.         Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс, эсхүл шагнал өгөх үүрэг хүлээнэ.

6а. Нэхэмжлэгч нь БНСУ-д эмнэлгийн үйлчилгээ авахаар виз авч, улмаар зорчсон байх тул зуучлагч хуулийн этгээд нь гэрээний үүргээ биелүүлсэн. Харин зохигчид зуучлалын гэрээний хөлсний талаар маргаагүй. Иймд зуучлалын гэрээний үүрэг биелэгдэж, дуусгавар болсон байна.

 

7.         Зуучлалын гэрээний 2.1.3-т визний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 10,000,000 төгрөгийн торгууль төлөхөөр заасан бөгөөд торгууль гэдэг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийн хангах арга буюу анзад хамаарна. Гэвч зохигчид нэхэмжлэгчийн хөлс, эсхүл шагнал төлөх үүргийн талаар маргаагүй тул зуучлагч буюу “И” ХХК-н өмнөөс хариуцагч нь анз шаардах эрхгүй.

 

8.         Зохигчид дээрх зуучлалын гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулагдсан гэх үйл баримтын талаар маргаагүй.

8а. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаагаар хангагдсан үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлээс үүргийг гүйцэтгүүлэх зохицуулалттай.

Гэвч барьцааны гэрээний талууд болох зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан эрх зүйн харилцаа буюу гэрээний харилцаа үүсээгүй байна.

Учир нь хариуцагч Э.Х нь “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэх тул Компанийн тухай хуулийн 9 болон 59 дүгээр зүйлд зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн бусдын өмнөх хүлээх эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй.

 

9.         Хариуцагч тал барьцааны гэрээнд хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан тул тус гэрээний зүйлийг хуулийн этгээд барьцаалсан гэж маргасан. Гэвч барьцааны гэрээний удиртгал болон гэрээ байгуулсан хэсгээс харахад хариуцагч Э.Х тус гэрээг байгуулсан бөгөөд түүний дансанд 10,000,000 төгрөг бүртгэгдсэн болох нь дээрх Голомт банкны баримтуудаар тогтоогдсон.

 

10.       Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө хуулиар болон гэрээгээр барьцаагаар хангагдах ямар нэг үүрэг хүлээгээгүй байна.

10а. Мөн зуучлалын болон барьцааны гэрээг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бол 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө буюу 22-ны өдөр шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хуулийн этгээдтэй эрх зүйн харилцаанд орохоос өмнө хариуцагч нь 10,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд авчээ.

Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

11.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Э.Хаас 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ад олгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД