Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01367

 

 

2023  07  07  210/МА2023/01367

 

 

Э.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/02448 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.*******д холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонор, хариуцагчийн өмгөөлөгч Д.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Э.******* нь ******* ******* ХХК-ийн захирал Э.*******тай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-д үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэгт зуучлуулахаар зуучлалын гэрээ байгуулсан. Мөн тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг ******* банк ХХК дахь Э.*******ы ******* тоот дансанд шилжүүлсэн. Э.******* нь БНСУ-ын эмнэлэг зуучлалын гэрээний үүргийг зөрчөөгүй бөгөөд барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн барьцааны зүйл болох 10,000,000 төгрөгийг Э.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э.******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын эмнэлэг зуучлалын гэрээ байгуулж, уг гэрээгээр БНСУ-д үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэг зуучлах үйлчилгээ авахад туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу ******* ******* ХХК нь зуучлагчийн үүргээ биелүүлж, Э.*******д эмнэлгийн зуучлалаар виз гаргуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

2.2. Талууд дээрх зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, визний хүчинтэй хугацаагаа хэтрүүлсэн, харласан тохиолдолд барьцааны мөнгө 10,000,000 төгрөг олгогдохгүй байхаар харилцан тохиролцсон. Үүнээс компанийн зүгээс гарсан хохирлыг эдийн засгийн үндэслэлтэйгээр хасан тооцохоор харилцан тохиролцсон. Гэтэл Э.******* нь зуучлалын гэрээ болон барьцааны гэрээг ноцтой зөрчиж, эмнэлгийн визний хугацаанд эмнэлэгт очоогүй, БНСУ-д очсон даруй 72 цагийн дотор зуучлагчтай холбогдох үүргээ биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг шаардах эрхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******аас 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ....барьцааны гэрээний талууд болох зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан эрх зүйн харилцаа буюу гэрээний харилцаа үүсээгүй, ... зуучлалын болон барьцааны гэрээг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бол 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө буюу 22-ны өдөр шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хуулийн этгээдийн эрх зүйн харилцаанд орохоос өмнө хариуцагч нь 10,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлдөө авчээ. Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа зуучлалын болон барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг барьцаанаас чөлөөлж гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Талуудын хооронд зуучлалын гэрээний дагуу барьцааны гэрээ байгуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулахаас өмнө 10,000,000 төгрөгийг зуучлуулагч шилжүүлэхээр харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцаа буюу гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

4.2. Шүүхээс тухайн барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд уг мөнгөн хөрөнгийг барьцаалагч Э.******* өөрийн өмчлөлд шилжүүлж авч захиран зарцуулаагүй бөгөөд захиран зарцуулах эрхгүй юм. Учир нь тус барьцааны зүйл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлд заасан гэрээгээр тохиролцсон харилцаа юм.

Зуучлуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээг зөрчсөн атал шүүхээс нэхэмжлэгчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа нь зуучлагчийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй буюу барьцаагаар хангагдах үүрэг нь зуучлалын гэрээний дагуу биелэгдэнэ. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч Э.*******ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

******* ******* ХХК болон Э.******* нарын хооронд БНСУ-д эмнэлэг зуучлалын гэрээ байгуулагдсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан. Гэтэл тухайн барьцааны гэрээ нь Э.*******, Э.******* нарын хооронд байгуулагдсан. Уг гэрээнд авагдсан дансны дугаар нь ******* ******* ХХК-ийн данс биш бөгөөд Э.*******ы данс юм. Э.*******, Э.******* нарын хооронд эрх, үүрэг болон эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин ******* ******* ХХК, Э.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн учраас уг 10,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан 10,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Э.******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын эмнэлэг зуучлалын гэрээ нэртэй гэрээг ******* ******* ХХК-тай байгуулж, уг компаниас БНСУ-д үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэг зуучлах үйлчилгээ авахаар тохиролцжээ. (хэргийн 32-33 дахь тал)

Мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Э.******* нь зуучлалын гэрээний барьцаанд 10,000,000 төгрөгийг хариуцагч Э.*******д барьцаалуулахаар тохирчээ. Уг гэрээнд барьцаалуулагч нь визний хугацаагаа хэтрүүлсэн, харалсан тохиолдолд барьцааг бүрэн гүйцэд олгохгүй, үүнээс компанийн гарсан хохирлыг хасч тооцох, мөн барьцаалуулагч нь тогтсон эмнэлгээр үйлчлүүлээгүй тохиолдолд эмнэлэгт нөхөн олговор олгох журмын дагуу 2,000,000 төгрөгийг үйлчлүүлэгчээс гаргуулан эмнэлэгт төлөх талаар тусгагджээ. (хэргийн 34-35 дахь тал)

3.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн байна. (хэргийн 7, 8 дахь тал)

3.2. Мөн нэхэмжлэгч нь зуучлалын гэрээгээр БНСУ-д зорчсоныг үгүйсгээгүй ба 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, буцаж ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогджээ. (хэргийн 28 дахь тал)

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч болон ******* ******* ХХК-ийн хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн байх ба дээрх барьцааны гэрээ нь уг зуучлалын гэрээний үүрэгтэй холбоотой компанид учирсан хохирлыг төлүүлэх агуулга бүхий тохиролцоо байна.

Гэвч Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасан ба мөнгөн хөрөнгө нь барьцааны зүйл болохгүй.

Иймээс зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга бөгөөд хуулийн 156 дугаар зүйлд заасан гэрээгээр тохиролцсон харилцаа гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

5. Үүнээс гадна нэхэмжлэгч нь зуучлалын гэрээгээр зуучлуулсан БНСУ-ын визний хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор ******* ******* ХХК-д хохирол учирсан, улмаар нэхэмжлэгчийн байршуулсан 10,000,000 төгрөгөөс хохирлыг суутгах үндэслэлтэй гэж үзэх баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд зуучлуулагч Э.******* нь зуучлалын гэрээгээ зөрчиж, БНСУ-д харалсан ба энэхүү үйлдэлтэй холбоотой БНСУ-ын зүгээс зуучлагч этгээдэд торгууль, төлбөр үүсгэж болзошгүй бөгөөд зуучлуулагч нь ирснээр талууд гэрээг дүгнэж шийдвэрлэхээр тохиролцсоныг шүүх анхаарч үзээгүй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх хуулийн зүйлийн холбогдох хэсгийг бүрэн тусгаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/02448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 492.1... гэснийг 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалангийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА