Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/01237

 

 

 

 

 

 

 

 

 

2023        04          21                                      181/ШШ2023/01237

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДСПВ ХХК /РД:5708338/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 1,180,081,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гэрч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч БК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ц.Г нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь "ДСПВ ХХК -тай төлбөр барагдуулах Гэрээг 2020 оны 06-р сарын 25-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нийт 8 удаагийн төлөлтөөр 1,700,000 ам.доллар төлөх ёстой бөгөөд хариуцагч нь 2020 оны 06 дугаар сараас 10 дугаар cap дуусталх хугацаанд хуваарийн дагуу эхний 5 удаагийн төлөлт буюу нийт 350,000 ам.долларыг манай компанид төлсөн болно. Гэтэл энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300,000 ам.доллар, 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 ам.доллар төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл нийт 700,000 ам.долларыг төлөөгүй байна.

БК ХХК нь Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний талаар авч хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, нийт эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хөрөнгө оруулагч Tucher Group /Florian von Tucher-тэй хамтран "30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэр"-ийн төслийг 2012 оноос эхлэн харилцаж, Эрчим хүчний яамтай 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг солилцон энэхүү төслийн ажлыг эхлүүлж байсан түүхтэй юм. Тухайн үед Tucher Group/Florian von Tucher нь надад хандаж "чи өөрийн БК ХХК -ийн бүхий л үйл ажиллагаагаа зөвхөн энэ Нарны эрчим хүчний төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зориулан ажиллуулах хэрэгтэй байгаа бөгөөд энэхүү төсөл амжилттай хэрэгжих үед нөхөн олговор болгож 2,000,000 ам.долларыг олгоно гэсэн амлалт, анд нөхрийн үгэнд итгэж, тус компанийн хөрөнгө хүч, нөөц бололцоог ашиглан энэхүү төслийн ажлыг улсын комисст оруулах хүртэл ажилласан болно. Уг төслийн хүрээнд шаардагдах зардлуудыг БК ХХК гаргаж байсан бөгөөд нийт 1,910,306,567 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан байсан болох нь Баян сагсай аудит ХХК-ийн тайлангаар тогтоогдсон.

Гэтэл Tucher Group/Florian von Tucher нь ДСПВ ХХК -ийн хувьцааг United Green-д худалдсан бөгөөд БК ХХК -ийн гаргасан зардлыг нөхөн төлөхөөс зайлсхийж эхэлсэн. Иймд манай компани гарсан зардал тооцоондоо үндэслэн гомдол гаргаж ДСПВ ХХК -ийг хариуцагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэг бүртгэлийн 201000708 дугаартай хэрэг нээн хянан шалгагдаж байсан.

Улмаар ДСПВ ХХК -ийн толгой компаниас нь компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад эрүүгийн хэрэг саад болж байна, энэхүү эрүүгийн хэрэг бүртгэлтийг хаалгах хүсэлт гаргахыг манайхаас хүсч, нэхэмжлэгчийн зүгээс уг хүсэлтийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хаалгаж байсан. Түүнчлэн ДСПВ ХХК нь Tucher Group/Florian von Tucher-ийн төлөх ёстой төлбөрийг тэд хариуцаж төлөхөөр амласан байдаг.

Энэ ч үүднээс ДСПВ ХХК нь Tucher Group/Florian von Tucher-ийн нэхэмжлэгчид төлөх ёстой 2,000,000 ам.долларын үлдэгдэл 1,700,000 ам.долларын төлбөрийг барагдуулах гэрээ байгуулсан байдаг.

Иймээс 1,700,000 ам.долларын төлбөрийг төлөх тухай гэрээнд заасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний 300,000 ам.доллар, 2022 оны 1 дүгээр сарын 30-ны 400,000 ам.доллар, нийт 700,000 ам.долларыг хариуцагчаас гаргуулж өгнө үү

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж заасны дагуу мөнгөний ханшийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцон гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ДСПВ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДСПВ ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалтын үндсэн зорилго нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр нарны цахилгаан станц байгуулах Монгол Улсад болон манай компаний үйл ажиллагаанд онц чухал ач холбогдолтой зорилт дэвшүүлэн ажиллаж улмаар Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас баталсан төсөл хөтөлбөрийн дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 30МВт-ын хүчин чадалтай Говь нарны цахилгаан станц барих ажлыг 2013 онд эхлүүлж 2020 онд төсөл амжилттай хэрэгжиж уг нарны цахилгаан станцаа ашиглалтанд оруулсан юм.

ДСПВ ХХК -ийн Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулсан Говь нарны цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр 30МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж тус эрчим хүчээ Монгол Улсын төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх чухал хариуцлагатай үүргийг Эрчим хүчний яам болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК нартай байгуулсан гэрээний дагуу хүлээн ажилладаг бөгөөд дээрхи үүргээ 2020 оноос хойш тасралтгүй биелүүлж үйл ажиллагаа нь тогтворжсон, сэргээгдэх эрчим хүчний салбартаа нэр хүндтэй аж ахуй нэгж болон танигдсан Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо-ны гишүүн байгууллага болсон байна.

ДСПВ ХХК -ийн зүгээс 2013 оноос эхлэн Говь нарны цахилгаан станц барих төслийн хүрээнд олон төрлийн аж ахуй нэгж, иргэдтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд тэдний нэг нь БК ХХК буюу тус компанийн гүйцэтгэх захирал Э.Бболно.

БК ХХК -ийн хувьд Говь нарны цахилгаан станц-ын төсөл боловсруулагдаж эхэлсэн 2012 оны 12 дугаар сараас эхлэн тус төслийг хэрэгжүүлэн ажиллаж байсан ХБНГУ-ын Tucher Group/Florian von Tucher ХХК-тай хамтран ажиллаж байсан гэх боловч манай ДСПВ ХХК -тай харилцаж, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл байгуулж байсан тохиолдол байхгүй юм.

Гагцхүү ХБНГУ-ын Tucher Group/Florian von Tucher ХХК-иас нарны цахилгаан станц барих төслийг манай ДСПВ ХХК -д шилжүүлэн өгч ажил хулээлцэх үед ХБНГУ-ын Tucher Group/Florian von Tucher ХХК нь БК ХХК -д хамтран ажилласан үйл ажиллагааны зардал болгож 2,000,000 ам.доллар төлнө гэж мэдэгдсэн гэх бөгөөд тухайн үйл баримт нь манай ДСПВ ХХК -д ямар ч хамааралгүй зөвхөн тус хоёр аж ахуй нэгж, компаний хамтын ажиллагаа болно.

ХБНГУ-ын Tucher Group/Florian von Tucher ХХК-ийн зүгээс Говь нарны цахилгаан станц төслийн үйл ажиллагааг манай ДСПВ ХХК -д хүлээлгэн өгөх процессын явцад ч төсөлд хөрөнгө оруулалт хийгдсэн учир БК ХХК -ийн хувьд 2,000,000 ам.долларын төлбөр төлнө гэх үүрэг шилжиж ирээгүй бөгөөд төслийн үйл ажиллагааны зардал, төлөвлөгөө болон компаний санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланд ч 2,000,000 ам.долларын төлбөр төлөгдөх талаар тусгагдсан зүйл байгаагүй.

Гэтэл БК ХХК -ийн зүгээс 2020 оны 03 дугаар сараас эхлэн манай ДСПВ ХХК -иас Говь нарны цахилгаан станц-ын төсөлд зарцуулсан гэх 2,000,000 ам.долларын төлбөрийг нэхэмжилж эхэлсэн бөгөөд компанийн зүгээс тухай бүрд нь "... Хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан гэх ХБНГУ-ын Tucher Group/Florian von Tucher ХХК-д дээрхи шаардлагаа тавьж шийдвэрлүүлэх тухай... Шаардлагатай холбоотой Говь нарны цахилгаан станц төсөлд зарцуулсан гэх 2,000,000 ам.долларын зардлыг баримтаар нотлох тухай... мэдэгдэл албан бичгүүдийг хүргүүлж харилцаж байсан бөгөөд 2020 оны 03 дугаар сараас эхлэн БК ХХК -ийн зүгээс төлбөр барагдуулахаар талууд харилцан тохиролцож 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Гэрээ байгуулсан гэх илтэд үндэслэлгүй үйл баримтыг нэр зааж манай компаниас төлбөр нэхэмжлэх болсон.

БК ХХК -иас 2,000,000 ам.долларын төлбөр нэхэмжлэх гол үндэслэл болсон 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ гэх баримттай уншиж танилцахад манай ДСПВ ХХК нь тус гэрээний хавсралтад заасан хувиарын дагуу БК ХХК -д 1,700,000 ам.долларын төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэрээ, хэлцэл байгуулагдсан байх бөгөөд гэрээнд ДСПВ ХХК -ийг төлөөлж гүйцэтгэх захирал Албрехт Фришеншлагер (Albrecht Frischenschlager) гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан гэжээ. Гэтэл ДСПВ ХХК -ийн гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн Албрехт Фришеншлагер (Albrecht Frischenschlager) нь дэлхий нийтээр тархсан Covid-19" цар тахлын улмаас 2019 оноос хойш Монгол Улсад ирээгүй, компаний үйл ажиллагааг хуульд заасан итгэмжлэлийн дагуу дэд захирал гүйцэтгэж байгаа энэ цаг үед гүйцэтгэх захирал Албрехт Фришеншлагер (Albrecht Frischenschlager) нь өөрийн биеэр байсан мэт гэрээг уншиж танилцан гарын үсэг зурж баталгаажуулах ямар ч боломжгүй юм.

БК ХХК -ийн зүгээс урьдын харилцаатай байсан ХБНГУ-ын Tucher Group/Florian von Tucher ХХК-тай үүссэн гэх төлбөрийн асуудлаа хууль ёсны үйл ажиллагаа явуулж буй манай ДСПВ ХХК -тай холбож хууль хяналтын байгууллагад илтэд үндэслэлгүй гомдол гаргаж шалгуулж байсныг мөн тодруулан тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна.

Тодруулбал: БК ХХК -ийн зүгээс 2020 оны 03 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах газарт ДСПВ ХХК нь хөрөнгө оруулалтын 1,700,000 ам.доллар өгөхгүй залилсан... гэх гомдол гаргаж 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэлийн 162 дугаартай тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн.

Улмаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурцын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1219 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор БК ХХК -иас гаргасан гомдол бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд хууль зүйн үндэслэлийн хувьд хэрэг бүртгэлтийн хэргийг ЭХХШТХуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ...Гэмт хэргийн шинжгүй... гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Энэ мэт байдлаар БК ХХК болон тус компаний захирал Э.Бгийн зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчиж илтэд худал хуурмаг гүтгэлэгийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргаж манай ДСПВ ХХК -ийн нэр хүндэд халдаж байгаа үйлдлийг хууль бус гэж үзэх хангалттай үндэслэлтэй юм.

Цаашлаад манай ДСПВ ХХК -тай 1,700,000 ам.долларын төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдсан, гэрээнд гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн Албрехт Фришеншлагер (Albrecht Frischenschlager) гарын үсэг зурж баталгаажуулсан мэтээр шаардах эрх үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

БК ХХК -ийн төлбөр нэхэмжлэх үндэслэл болсон 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ гэх баримттай уншиж танилцахад тус гэрээнд зурагдсан гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн Албрехт Фришеншлагер (Albrecht Frischenschlager)-ийн гарын үсэг нь эх хувь биш өөр бичгийн баримтанд дээр зурагдсан гарын үсгийн бичвэрийг комьпютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн болох нь тодорхой харагдах бөгөөд дээрхи байдлаараа тухайн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсгүүдэд заасан хэлцлийн хэлбэр, хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн хэлцэл гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна.

Иймд нэхэмжпэгч БК ХХК -иас хариуцагч ДСПВ ХХК -д холбогдуулан гаргасан ...Гэрээний төлбөрт 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардпагыг Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг үндэслэн ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ДСПВ ХХК сөрөг нэхэмжлэлдээ:

1. БК ХХК -ийн төлбөр нэхэмжлэх үндэслэл болсон 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ гэх баримттай уншиж танилцахад тус гэрээнд зурагдсан гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн Албрехт Фришеншлагер (Albrecht Frischenschlager)-ийн гарын үсэг нь эх хувь биш өөр бичгийн баримтанд дээр зурагдсан гарын үсгийн бичвэрийг комьпютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн болох нь тодорхой харагдах бөгөөд дээрхи байдлаараа тухайн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсгүүдэд заасан хэлцлийн хэлбэр, хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн хэлцэл гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна. Иймд БК ХХК болон ДСПВ ХХК нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх Гэрээ-г Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү

2. ДСПВ ХХК болон БК ХХК нарын дунд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах үүрэг хүлээсэн агуулга бүхий Гэрээ байгуулагджээ. Тус гэрээнд нэхэмжлэгч ДСПВ ХХК -ийг төлөөлөн тус компанийн гүйцэтгэх захирал Албрехт Фришеншлагер, хариуцагч БК ХХК -ийг төлөөлөн тус компанийн гүйцэтгэх захирал Э.Бнар гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан гэх бөгөөд нэхэмжлэгч ДСПВ ХХК -ийн зүгээс тус гэрээг баталгаажуулж эрх бүхий албан тушаалтан гэрээнд гарын үсэг зураагүй буюу тус гэрээ хуульд заасан үндэслэлээр байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болоогүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж тодорхойлсон.

Учир нь тус гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлөн гарын үсэг зурсан гэх БНАУ-ын иргэн Албрехт Фришеншлагер нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч тус улсад зорчоод тухайн өдрөө буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буцаж Монгол улсын хилээр гарч өөрийн улс руу зорчсон бөгөөд гэрээ байгуулагдсан гэх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад оршин сууж байгаагүй учир БК ХХК -тай аливаа гэрээ, хэлцэл хийж эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй юм.

Дээрхи үндэслэлээр талуудын дунд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх Гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсгүүдэд заасан хууль зүйн зохицуулалтыг зөрчсөн тул Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх хууль зүйн үр дагавар үүсгэж байна. Гэтэл хариуцагч БК ХХК -ийн зүгээс дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч ДСПВ ХХК -ийн удирдлагуудад буруу мэдээлэл өгч, төөрөгдөлд оруулан нийт таван удаагийн үйлдлээр 350,000 ам.долларыг хөрөнгө оруулалтын нөхөн төлбөр мэтээр шаардаж авсан нь талуудын дунд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцлээс үүдэлтэйгээр нэхэмжлэгч ДСПВ ХХК -д учирсан эдийн засгийн бодит хор, хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэгч ДСПВ ХХК -ийн зүгээс талуудын дунд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ-г хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаас үүсэх хууль зүйн үр дагаварт тус гэрээний дагуу хариуцагч БК ХХК -д үндэслэлгүйгээр төлсөн 350,000 ам.долларыг хариуцагч БК ХХК -иас буцаан шаардаж нэхэмжлэх зайлшгүй шаардлагатай юм.

Шаардлагын үнийн дүнгийн хувьд нэхэмжлэгч ДСПВ ХХК -ийн зүгээс хариуцагч БК ХХК -д дараахь байдлаар нийт 350,000 ам.долларын төлбөр төлсөн.

Тодруулбал:

1. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Лихтенштейн улсын SIGMA BANK-aap дамжуулан 100.000 ам доллар.

2. 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Лихтенштейн улсын SIGMA BANK-aap дамжуулан 62.500 ам доллар.

3. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Лихтенштейн улсын SIGMA BANK-aap дамжуулан 62.500 ам доллар.

4. 2020 оны 09 дугээр сарын 30-ны өдөр Лихтенштейн улсын SIGMA BANK-aap дамжуулан 62.500 ам доллар.

5. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монако улсын RICHELIEU BANK-aap дамжуулан 62.500 ам долларыг тус тус хариуцагч БК ХХК -д төлсөн бөгөөд дээрхи 350.000 ам долларыг нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны вальютын ханш 3.371.66 төгрөгт шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлох хууль зүйн зохицуулалттай. Нэхэмжлэл гаргаж буй 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол банкны гадаад вальютын албан ёсны ханш АНУ-ын 1 ам доллар 3.371.66 төгрөг байгаа бөгөөд дээрхи ханшаар хөрвүүлэн тооцвол 350,000 ам доллар нь 1,180,081,000 төгрөг болж байна.

Иймд талуудын дунд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 1,180,081,000 төгрөгийг хариуцагч БК ХХК -иас гаргуулан нэхэмжлэгч ДСПВ ХХК -д олгож өгнө үү гэв.

 

БК ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Анх Э.Бболон Флориан Шмийд /урьдны нэр/ нар нь Хятад Улсад нэг сургуульд суралцаж танилцсан андууд. Монгол Улсад 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулах, бизнес төсөл хэрэгжүүлэхээр хамтран тохиролцож 2 компани үүсгэн байгуулж байсан. Үүний нэг нь ДСПВ ХХК буюу 2013.05.09-ний өдөр үүсгэн байгуулсан компани. Хувьцаа эзэмшигчээр ХБНГУ-ын хуулийн этгээд Thucher and Smith GmbH бүртгүүлж байсан. ХБНГУ-ын хуулийн этгээд Thucher and Smith GmbH нь Герман Улсдаа нэр хүндтэй, байгаль хамгааллын, сэргээгдэх эрчим хүчний болон барилгын гэх мэт олон салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг салбартаа тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд 700 жилийн түүхтэй гэр бүлийн компани юм. Тус компанийн хувьцаа эзэмшигчдээр нь 1) Thomas Freiherr Tucher von Simmelsdorf /Флорианы хойд эцэг/ 2) Annemaria Freiherr Tucher von Simmelsdorf /Флорианы төрсөн эх/ 3) Florian Schmied /Флоиран Шмийд/ нар байдаг.

ХБНГУ-ын хуулийн этгээд Thucher and Smith GmbH буюу Thucher & Smith Group компани нь доороо M&P Group буюу М&Р ingeneieurgesellschaft Holding GmbH & Co.KG болон охин компаниудыг, ESI буюу Euro Sino Invest Group болон охин компаниудыг, DSP буюу Desert Solar Power GmbH компаниудыг тус бүр байгуулсан байдаг.

Монгол Улсад үүсгэн байгуулсан Дезерт Солар Пауэр Вуан XXK/Desert Solar Power One LLC компанийнхаа хувьцаа эзэмшигч ХБНГУ-ын хуулийн этгээд Thucher and Smith GmbH-ийг 2016.05.10 өдөр сольж, ХБНГУ-ын хуулийн этгээд DSP GmbH-ийг бүртгүүлсэн. ДСПВ ХХК -ийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээдүүд солигдож байгаа хэдий ч эцсийн хувьцаа эзэмшигчид хэвээрээ байсан юм. Өөрөөр хэлбэл тус хувьцаа эзэмшигч байгууллагын эцсийн эзэмшигчид 1) Thomas Freiherr Tucher von Simmelsdorf /Флорианы хойд эцэг/ 2) Annemaria Freiherr Tucher von Simmelsdorf /Флорианы төрсөн эх/ 3) Florian Schmied/Флоиран Шмийд/ нар юм.

2018 онд Florian Schmied /Флоиран Шмийд нь өөрийн овгийг солиулж, Florian von Tucher/Флориан Фон Тухар болсон буюу Freiherr Tucher von Simmelsdorf /Фрайхэрр Тухэр фон Зиммэлсдорф/ овгийг авсан.

Монгол улсад Нарны цахилгаан станц байгуулах төслийн үйл ажиллагааны хүрээнд ДСПВ ХХК -ийн гүйцэтгэх захиралаар Флориан Шмийд бүртгэлтэй боловч 2013 оноос хойших өдөр тутмын үйл ажиллагааг Э.Борлон гүйцэтгэж, гүйцэтгэх захирлын өмнөөс албан бичиг, гэрээ, контракт бүрд төлөөлөн гарын үсэг зурж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Э.Бнь энэ Нарны цахилгаан станцын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн хүн бөгөөд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨХК, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ гэх зэрэг холбогдох бүх байгуулагатай гэрээ хэлцлийг хийж байсан болно.

Э.БФлориан хоёрын хооронд Нарны цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлсэний төлбөрт 2,000,000 ам.долларыг төлөх тухай хэлцэлийн асуудал байсан бөгөөд Флориан нь өөрийгөө төлөөлөх эрх, зөвшөөрлийг Э.Бд олгож, Э.Бнь иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудтай ажил гүйцэтгүүлэх гэрээ хэлцэл хийж явсаар ашиглалтанд оруулах болсон юм. Энэхүү Нарны цахилгаан станцыг төсөл хөгжүүлэлтэнд Э.Бнь өөрийн БК ХХК -ийн бүх ажиллагсадыг татан оролцуулсан бөгөөд компанийхаа мөнгөн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэн ажилласан болно. 2013 оноос хойш Э.Бнь өөрийнхөө БК ХХК -ийн өмнөөс Нарны цахилгаан станцын төсөлд зориулан нийт 1,910,306,567 төгрөгийн зардал гаргасан байсан бөгөөд ДСПВ ХХК -д 2020.04.02-ний 18/20 албан тоотоор мэдэгдэж байсан бөгөөд хөрөнгө оруулагч United Green компаниас Флорианы амлалтыг зөвшөөрч баталгаажуулсан албан хариуг ирүүлж байсан.

Энэ цаг үеэс эхлэн ДСПВ ХХК -ийн ажиллагсад тусдаа оффисс түрээслэн БК ХХК -иас холдож эхэлсэн бөгөөд 2,000,000 ам.долларын төлбөрөөс илт зугтаах болсон тул 2020 оны 04 сарын 08-нд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газарт БК ХХК -ийн зүгээс 2013 оноос хойш БК ХХК -иас гаргасан 1,910,306,567 төгрөгөөр залилуулсан хэмээн гомдол гарган хэрэг бүртгэлийн хэрэг нээлгэн шалгуулж эхэлсэн. Хэрэг хянан шалгах явцад ДСПВ ХХК -ийн дансыг хаасан. Гэтэл ДСПВ ХХК -ийн төлөөлөгч Д.Чингис нь ...Компанийхаа хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэнд БК ХХК -д төлөх ёстой 2,000,000 ам.долларын төлбөрийг төлөе. Шууд төлөх боломжгүй тул гэрээ байгуулан графикын дагуу хэсэгчлэн төлнө. Энэ Эрүүгийн хэрэг маргаан болоод Эрчим хучний яам болоод бусад газруудад өгсөн албан бичгээ татаж ав. Нарны цахилгаан станцыг ашиглалад оруулахад дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Цаашид ДСПВ ХХК -иас шууд бус хувьцаа эзэмшигч Тухар групп буюу Флориан Фон Тухараас авлага нэхэмжлэх үед шүүхэд гэрчлэх, нотлох баримтыг гаргаж өгөхийг хүссэн. Э.Бч үүнийг нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрсдийнх нь бэлдэж өгсөн гэрээнд гарын үсэг зурцгааж баталгаажуулсан. Энэ гэрээний үүргийн дагуу 2020 онд төлөх ёстой төлбөрөө төлж байгаад 2021 он гарснаас хойш дахин төлбөрт үүргээ гүйцэтгэхгүй гэснээр маргаан болсон.

Аливаа гэрээ, итгэмжлэл, албан бичигт тус компанийн гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурахдаа харилцаа холбооны WhatsApp программ хангамжийг ашиглан мэдээлэл дамжуулж, харилцан ярилцдаг байсан. Өөрөөр хэлбэл гадаадад байгаа гүйцэтгэх захирлаас аливаа зөвшөөрөл, албан бичгийг авахдаа тус компанийн албан бланк дээр Монгол хэлээр бичиж гаргаад тус бичгээ сканердаж явуулдаг бөгөөд явуулсан бичгээ орчуулан тайлбарладаг. Үүнтэй гүйцэтгэх захирал танилцаад сканердсан бичгийг нь хэвлэж гаргаж байгаад гарын үсгээ зурж баталгаажуулан буцаагаад сканердаж явуулна. Ирсэн бичгийг энд хэвлэж гаргаж байгаад огноо дугаарыг тавьж, тамга дарж баталгаажуулан холбогдох газрууд руу нь илгээдэг байсан.

Энэ бол тус компанид тогтсон зөвшөөрөл олгох процесс байсан бөгөөд анхны нэхэмжлэлд хариу тайлбар татгалзал өгөхдөө ийм итгэмжлэл ашигласан гэдгийг шүүхэд өгсөн өөрсдийнх нь баримтаар нотлогдоно. Харин хөрөнгө битүүмжилсэн захирамж гарсны дараа тус захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргасан бөгөөд энэ үеэс Ц.Бахархал миний бие БК ХХК -ийг төлөөлөн гомдлын хуралд орж тухайн итгэмжлэл хуульд нийцээгүй гэдгийг нь тайлбарласнаас хойш албан ёсоор Апостиль гэрчилгээ болон Нотариатын батлах-ын хамтаар хуульд нийцсэн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгөх болсон. Үүнээс өмнө ДСПВ ХХК нь хэзээ ч хэнд ч ийм итгэмжлэл гаргаж байгаагүй юм.

БК ХХК -тай байгуулсан 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ бол яг энэ зарчмын дагуу хийгдсэн гэрээ бөгөөд эцэст нь ДСПВ ХХК -ийн төлөөлөгч Д.Чингис өөрөө гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан гэрээ болно.

Гэрээг хуульд нийцсэн гэрээ гэж үзэж байгаа бөгөөд гэрээний үүрэг хэрэгжиж байсан буюу төлбөр төлөгдөж байсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйл 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр; зааснаар тодорхойлон тооцох нь зүйд нийцнэ.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2020.06.25-ны өдрийн Гэрээ, төлбөрийн хуваарь, Agreement 5 хуудас, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.12.31-ний бдрийн ханшийн мэдээлэл 2х, зураг, БК ХХК -ийн 2021.6.03-ны өдрийн П-2/21 дугаар, 2021.12.20 115/21 дугаар албан бичиг, 2021.05.19-ний өдрийн хүсэлт, ДСПВ ХХК -ийн 2021.12.14-ний өдрийн 148/21, 2022.01.11-ний өдрийн 06/22 дугаар албан бичиг, 2020.04.09-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол, нэхэмжлэх, Florian Schmied /Флоиран Шмийд/-ны паспорт, 1) Thomas Freiherr Tucher von Simmelsdorf-ны паспорт 2х, гадаад хэл дээрх баримт 3 хуудас, Мийсбах хотын анхан шатны шүүх гэр бүлийн шүүх 2 хуудас, БК ХХК -ийн 2020.04.02-ны өдрийн 18/20 дугаар албан бичиг, Цөлийн нарны эрчим хүчний төсөл, Сайншанд 2 хуудас, хувьцаа эзэмшигчид гэх баримт 1 хуудас, 2020.10.12-ны өдрийн бичиг баримт хүлээлэх акт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.03.10-ны өдрийн 181/ШЗ2023/04450 дугаар захирамж, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2020.06.25-ны өдрийн Гэрээ, орчуулагчийн баримт, Хил хамгаалах ерөнхий газрын 2022.07.21-ний өдрийн 2-4в/3275 дугаар албан бичиг, 2020.06.25-ны өдрийн Agreement, attachment 1,2, Төлбөр гэх баримт 2х, 2019.12.21-2020.10.01 дансны хуулга 8 хуудас, 2020.10.01-2020.12.31 Banque Richelieu банкны дансны хуулга 1хуудас, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулга, ДСПВ ХХК -ийн 2021.05.10-ны өдрийн 46/21, 2021.05.21-ны өдрийн 52/21, 2021.06.07-ны өдрийн 61/21, 2021.12.14-ний өдрийн 148/21, 2022.01.11-ны өдрийн 06/22, 2016.10.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах би шилжүүлэх гэрээ, 2016.09.08-ны өдрийн байгууллагын баталгаа, түүний гадаад хэл дээрх хувь, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020.07.21-ны өдрийн 1219 дугаа прокурорын тогтоол зэргийн нотлох баримтаар өгсөн.

Шүүхийн журмаар 2020.06.25-ны өдрийн Agreement, attachment 1,2, БК ХХК -ийн 2020.06.08-ны өдрийн 52/20, 2020.04.02-ны өдрийн 18/20, 2020.05.20-ны өдрийн 40/20, 2020.06.02-ны өдрийн 47/20, 2023.02.08-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл 33х, дугаар албан бичиг, гэрчийн мэдүүлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БК ХХК нь хариуцагч ДСПВ ХХК -д холбогдуулан гэрээний үүрэгт 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 1,180,081,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч БК ХХК нь хариуцагчаас 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг шаардсан бөгөөд хариуцагч нь уг гэрээг хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж, уг хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

1. 2020 оны 06-р сарын 25-ны өдөр Гэрээ-гээр Бату /БК ХХК / нь Tucher Group болон Florian von Tucher компаниас 1,700,000 ам,доллар нэхэмжилсэн бөгөөд Tucher Group ба Florian von Tucher нар нь ДСПВ /ДСПВ ХХК /-ийн шууд бус хувьцаа эзэмшигчдийн тоонд багтдаг тул ДСПВ нь Б....-д 1,700,000 ам,доллар төлөх үүрэгтэй болохыг баталж, ДСПВ нь гэрээний 1-р хавсралтад заасан Төлбөрийн хуваарийн дагуу Бату-д төлөх, ДСПВ компанийн үүрэг амлалт нь Бату-гийн зүгээс Tucher Group эсвэл Florian von Tucher компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц үндэслэл бүхий нотлох баримтыг гаргаж өгөхөөс хамаарна гэж тохиролцжээ. /1-р хавтаст хэргийн 10-14, 89-97, 129-133, 161-164, 200-210 хуудас/

Гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу ДСПВ ХХК нь 2020 оны 06 дугаар сараас 10 дугаар cap дуусталх хугацаанд эхний 5 удаагийн төлөлт буюу нийт 350,000 ам.долларыг БК ХХК -д төлсөн талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч ДСПВ ХХК нь гэрээний 4 дүгээр заалтын дагуу Tucher Group/Florian von Tucher-ийн зүгээс БК ХХК -д Гэрээний дүн 1,700,000 ам,долларын төлбөрийг төлөх ёстой гэдгийг нотолсон албан ёсны баримт бичгийг шаардсан албан бичгүүдийг БК ХХК -д хүргүүлж, төлбөрийг шилжүүлэх үндэслэл болох нотлох баримтуудыг ирүүлээгүй тохиолдолд төлбөрийг төлөхгүй, гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн байна. /хавтаст хэргийн 24-25, 80-84 хуудас/

 

Ингэснээр талуудын хооронд маргаан үүсч, нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 300,000 ам.доллар, 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь Гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

 

2. Хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байдаг. Тодруулбал, гэрээ, хэлцлийг хийх субъектүүдын хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах талуудын дотоод зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцсэн, агуулгын болон хэлбэрийн хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзэх боломжтой байдаг.

 

2.1. Хариуцагч ДСПВ ХХК нь дээрхи гэрээнд компанийн гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн Албрехт Фришеншлагер (Albrecht Frischenschlager)-ийн гарын үсгийн бичвэрийг комьпютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн, компанид ямарч хамааралгүй ХБНГУ-ын Tucher Group компани болон Florian von Tucher нарын амлалт, шагнал гэх мөнгийг төлүүлэхээр ДСПВ ХХК -ийн удирдлагуудад буруу мэдээлэл өгч, төөрөгдөлд оруулан 350,000 ам.долларыг үндэслэлгүй авсан, толгой компанийн хувьцааг шилжүүлэн авахад өр шилжээгүй, Гэрээ гэх баримт нь хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч БК ХХК нь 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-г байгуулах болсон үндэслэлийг БК ХХК -ийн захирал Э.Бгийн найз, ХБНГУ-ын иргэн Florian von Tucher/Флоиран Шмийд нь Э.Бд Сайншандын нарны эрчим хүчний төсөл амжилттай хэрэгжвэл 2,000,000 ам,доллар өгөхөөр амласан, төсөл амжилттай хэрэгжсэн учраас амлалтын мөнгийг ДСПВ ХХК нь төлөхөө баталж Гэрээг байгуулсан, төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд БК ХХК нь хөрөнгө хүч, нөөц бололцоог ашиглан ажиллаж, төслийн хүрээнд шаардагдах 1,910,306,567 төгрөгийн зардлыг гаргаж хөрөнгө оруулалт оруулсан гэж тайлбарласан.

 

2.1.а. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-ний талаар талууд ярилцаж тохиролцсон болох нь гэрч Д.Цэрэнсүрэнгийн мэдүүлэг, талуудын WhatsApp ашиглан харилцсан байдал, и-мэйлээр харилцсан байдал зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч ДСПВ ХХК -ийн гүйцэтгэх захирал Albrecht Frischenschlager (Албрехт Фришеншлагер)-ийн гарын үсгийн бичвэрийг комьпютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. /2-р хавтаст хэргийн 52-81 хуудас, 1-р хавтаст хэргийн 135-165 хуудас/

Харин 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-г Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд заасны дагуу цахим хэлбэрээр хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.2. 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-ний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлавал, БК ХХК нь Tucher Group компани болон Florian von Tucher-ээс 1,700,000 ам,доллар нэхэмжилсэн, Tucher Group ба Florian von Tucher нар нь ДСПВ ХХК -ийн шууд бус хувьцаа эзэмшигчдийн тоонд багтдаг тул ДСПВ ХХК нь БК ХХК -д 1,700,000 ам,долларын төлбөрийг гүйцэтгэх агуулгатай байна.

 

2.2.а. ХБНГУ-ын иргэн Florian von Tucher нь Э.Бд Сайншандын нарны эрчим хүчний төсөл амжилттай хэрэгжвэл 2,000,000 ам,доллар өгөхөөр амласан, төсөл амжилттай хэрэгжсэн учраас амлалтын мөнгийг ДСПВ ХХК нь төлөх үүрэгтэй эсэх талаар,

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу ДСПВ ХХК -д 1,700,000 ам,долларыг БК ХХК -д төлөх үүрэг хууль болон гэрээгээр үүссэн байх ёстой бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд БК ХХК -д шаардах эрх үүснэ.

 

БК ХХК нь 2012 онд ХБНГУ-ын иргэн Florian von Tucher-ийг 2,000,000 ам,доллар өгөхөөр амласан гэдгийг баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4.Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэж заасны дагуу ХБНГУ-ын иргэн Florian von Tucher-ээс Э.Бд 2,000,000 ам,доллар бэлэглэхээр амласан гэх амлалтыг нотариатаар гэрчлүүлээгүй байна.

Иймд Сайншандын нарны эрчим хүчний төсөл амжилттай хэрэгжвэл 2,000,000 ам,доллар өгөхөөр амласан гэх үндэслэлээр үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч БК ХХК нь Tucher Group компани болон Florian von Tucher нар 1,700,000 ам,долларыг Бату констракшн ХХК-д төлөх үүрэг хууль болон гэрээний дагуу үүссэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Бату констракшн ХХК болон иргэн Э.Б, Tucher Group болон Florian von Tucher нарын хооронд үүссэн 1,700,000 ам,доллар төлөх үүргийг гүйцэтгүүлэхээр 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-г байгуулсан байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна.

 

2.2.б. ДСПВ ХХК нь 2013.05.09-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Schmied овогтой Florian-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байх бөгөөд 2016.05.10-ны өдөр Хувь нийлүүлэгч 1 нэмэгдэж, 1 хасагдаж, үүсгэн байгуулагч 1 болж өөрчлөгдсөн, 2017.03.07-ны өдөр захирлаар Albrecht овогтой Frischenschlager (Албрехт Фришеншлагер)-ийг томилсныг бүртгэсэн байна. Мөн шинэчилсэн дүрмээр үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь DSP GmbH байна. /хавтаст хэргийн 35-38 хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь ДСПВ ХХК -ийн одоогийн хувьцаа эзэмшигч нь Арабын нэгдсэн эмират улсын Дубай хотод үйл ажиллагаа явуулдаг United Green FZE компани бөгөөд 2016.10.06-ны өдөр Thucher and Smith GmbH болон DSP GmbH компаниудаас ДСПВ ХХК -ийн толгой компани болох DSP GmbH-ийн хувьцааг 2,000,000 ам,доллараар худалдан авсан. /хавтаст хэргийн 93-107 хуудас/

Ийнхүү компанийн эрх худалдан авах болон эрх үүрэг шилжүүлэх гэрээгээр DSP GmbH компани болон ДСПВ ХХК -иуд нь хөрөнгө оруулалтын зардалд БК ХХК -д 2,000,000 ам,доллар төлөх үүрэг шилжиж ирээгүй гэж тайлбарлаж байна.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Tucher Group болон Florian von Tucher нар нь 1,700,000 ам,долларыг БК ХХК -д төлөх үүрэг үүссэн болох нь тогтоогдоогүй тул хариуцагч ДСПВ ХХК -д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан Өр шилжих харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.2.в. БК ХХК нь нарны эрчим хүчний үйлдвэрийн төсөлд 1,910,306,567 төгрөгийн зардлыг гаргасантай холбоотойгоор хариуцагч ДСПВ ХХК -иас 1,700,000 ам,долларыг шаардах эрхтэй эсэх талаар,

Нэхэмжлэгч БК ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд 30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төсөлд ДСПВ ХХК -тай хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу ДСПВ ХХК нь 1,700,000 ам,доллар төлөх үүрэг үүссэн гэх тайлбар, баримтыг гаргаагүй тул гэрээний дагуу нарны эрчим хүчний үйлдвэрийн төсөлтэй холбоотой 1,700,000 ам,долларыг төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч БК ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийн хүрээнд шаардагдах зардлуудыг гаргаж, нийт 1,910,306,567 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан гэж тайлбарлан, Баян сагсай аудит ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн 02/20 Баримтаар ирүүлсэн зүйлийн тайлан-г нотлох баримтаар гаргасан. /2-р хавтаст хэргийн 172-174 хуудас/

Уг тайланд ...нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой 1,344,000,000 төгрөгийн цалингийн зардал, 51,030,000 төгрөгийн түрээсийн зардал, 515,276,567 төгрөгийн бусад зардал, нийт 1,910,306,567 төгрөгийн зардал гаргасныг нэгтгэж, ...Дээрхи горимууд нь Аудитын Олон Улсын Стандарт эсвэл Нягтлах ажлын Олон Улсын Стандартын дагуу хийгдсэн аудит, нягтлах ажил биш учир 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаарх компанийн санхүүгийн тайланд ямар нэг батлагаа гаргаж дүгнэлт илэрхийлэхгүй. ...Тайлан нь зөвхөн дээр дурдсан тайлангуудад хамаарагдах бөгөөд компаниудын санхүүгийн тайланд бүхэлд нь хамаарахгүй болно гээд хавсралт 1-д Цалингийн зардлыг 7 мэргэжилтэн сарын цалин 1,0-4,0 сая төгрөгийг 2012-2019 он 96 сараар үржүүлэн 1,344,000,000 төгрөг гэж тооцоолжээ. /2-р хавтаст хэргийн 172-174 хуудас/

Иймээс уг тайланд тодорхойлсон зардлыг БК ХХК -иас бодитоор гарсан зардал гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн уг зардлаар хариуцагч ДСПВ ХХК -д хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.3. Хэлцэл нь хүчин төгөлдөр байхын тулд агуулгын хувьд хууль тогтоомжийн хүрээнд, түүнд нийцсэн байх шаардлагатай. Олон нийтийн ашиг сонирхолыг хамгаалах зарчмын дагуу хэлцэл хийгч талуудад хэлцлийн агуулгыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр тодорхойлохыг хориглох үзэл санааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт тусгасан.

 

Хариуцагч ДСПВ ХХК нь компанид ямарч хамааралгүй ХБНГУ-ын Tucher Group компани болон Florian von Tucher нарын амлалт, шагнал гэх мөнгийг төлүүлэхээр ДСПВ ХХК -ийн удирдлагуудад буруу мэдээлэл өгч, төөрөгдөлд оруулан 350,000 ам.долларыг үндэслэлгүй авсан, Гэрээ гэх баримт нь хэлцэл хийсэн гэж үзэх хууль зүйн зохицуулалтуудыг ноцтой зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.

 

2.3.а. 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-ний 2 дугаар зүйлд гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр эсхүл гэрээний хавсралт Төлбөрийн хуваарийн дагуу ДСПВ ХХК -ийн зүгээс урьдчилгаа төлбөр шилжүүлсэн өдрөөс хойш БК ХХК нь ДСПВ ХХК , United Green Group болон тэдгээрийн удирдлага, ажилтан, зөвлөх, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, мөн Сайншандын нарны цахилгаан станцтай холбогдуулан Цагдаагийн байгууллага, Авилгатай тэмцэх газар, Richwell Engineering LLC гэх гүйцэтгэгчид, Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв болон аливаа гуравдагч этгээдэд гаргасан одоогийн болон ирээдүйд гаргаж болзошгүй аливаа нэхэмжлэлээс татгалзана, БК ХХК нь ДСПВ ХХК нарын хоорондох бүх үл ойлголцол маргааныг зохицуулж шийдвэрлэсэн тухай албан тоотыг дээрхи бүх байгууллагад явуулах, Сайншандын нарны цахилгаан станцыг нэгдсэн сүлжээнд холбох, улсын комисст хүлээлгэн өгөх, цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх гэж талууд тохиролцжээ.

 

Хариуцагч ДСПВ ХХК нь 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-г байгуулах болсон үндэслэлийг Дорноговь аймгийн Сайншанд сумын 30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийн баримт бичгүүд БК ХХК -д байсан, хариуцагч ДСПВ ХХК -ийн удирдлагууд 2016-2017 онд солигдож, 2012-2016 оныг хүртэлх хугацааны төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй байсан, БК ХХК -ийн захирал Э.Бгаас ДСПВ ХХК -ийг нарны цахилгаан станцын төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохирч, өөрсдийн зардлаар ажлыг хийсэн боловч мөнгө өгөхгүй залилсан гэх гомдлыг Цагдаагийн байгууллагад гарган Мөрдөгчийн тогтоолоор 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 201000708 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн зэрэг нөхцөл байдлуудын улмаас компанийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор гэрээг байгуулсан гэж тайлбарласныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч БК ХХК нь Гэрээ-ний 2 дугаар зүйлд урьдчилгаа төлбөр авснаар нэр бүхий байгууллагуудад гаргасан гомдол, нэхэмжлэлээсээ татгалзана гэж тохиролцсон, Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 201000708 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор нээсэн хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2020.07.21-ний өдрийн 1219 дугаар тогтоолоор хаасан, БК ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт баригдаж буй 30 МВт-ын нарны цахилгаан станцын төслийн ажил гүйцэтгэлтэй холбоотой баримт бичгүүдийг 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-ний хүрээнд ДСПВ ХХК -д 2020.10.12-ны өдөр хүлээлгэж өгсөн байна. /2-р хавтаст хэргийн 108-110, 159-167 хуудас/

Иймд хариуцагчийн ДСПВ ХХК -ийн удирдлагуудад буруу мэдээлэл өгч, төөрөгдөлд оруулан Гэрээ-г байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

2.3.б. БК ХХК нь хууль болон гэрээгээр ДСПВ ХХК -иас 1,700,000 ам,долларыг шаардах эрхгүй мөртлөө төөрөгдүүлэх, цагдаа болон эрх бүхий байгууллагуудад гомдол гаргаж шалгуулах замаар 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

3. Дээрхи үндэслэлүүдээр 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч БК ХХК -ийн уг гэрээний үүрэгт 700,000 ам,доллар буюу 1,994,602,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

Хариуцагч ДСПВ ХХК нь БК ХХК -д холбогдуулан 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлсөн 350,000 ам,доллар буюу 1,180,081,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.1. Шүүх талуудын байгуулсан 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн.

Мөн хариуцагчийн 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж тодорхойлсон шаардлага нь үндэслэлгүйгээр төлсөн 350,000 ам,долларыг гаргуулах шаардлагын үндэслэл тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй юм.

 

4.2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд, 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан.

 

Батуконстаркшн ХХК-д 5 удаагийн төлөлтөөр шилжүүлсэн 350,000 ам,долларыг хариуцагч ДСПВ ХХК -ийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, Батуконстаркшн ХХК-д гадаад улсын банкаар дамжуулан төлбөрийг шижүүлсэн байх бөгөөд харилцагчийн нэрийг M.M.P FZE гэж тодорхойлсон байна. /1-р хавтаст хэргийн 211-222 хуудас/

Иймд дээрхи хуульд заасны дагуу хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул хариуцагч ДСПВ ХХК нь Батуконстаркшн ХХК-иас 350,000 ам,доллар буюу 1,180,081,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар БК ХХК нь 1,994,602,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 10,130,960 төгрөгийг, ДСПВ ХХК нь 1,180,081,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 6,058,355 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч /сөрөг нэхэмжлэл гаргагч/-ээр төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Хариуцагч ДСПВ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 28,803,537 төгрөгийг илүү төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасны дагуу буцаан олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1-д зааснаар 2020 оны 06-р сарын 25-ны өдрийн Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч БК ХХК -ийн хариуцагч ДСПВ ХХК -д холбогдуулан гаргасан 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч ДСПВ ХХК -ийн Батуконстаркшн ХХК-д холбогдуулан гаргасан 1,180,081,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Батуконстаркшн ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,130,960 төгрөгийг, хариуцагч ДСПВ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,058,355 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 28,803,537 төгрөгийг буцаан гаргуулж ДСПВ ХХК -д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА