Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01326

 

 

2023 07 03 210/МА2023/01326

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01237 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан,

гэрээний үүрэгт 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани "Д ХХК-тай төлбөр барагдуулах гэрээг 2020 оны 06 сарын 25-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нийт 8 удаагийн төлөлтөөр 1,700,000 ам.доллар төлөх ёстой бөгөөд 2020 оны 06 сараас 10 cap дуусталх хугацаанд хуваарийн дагуу нийт 350,000 ам.доллар төлсөн. Хуваарийн дагуу 2021 оны 12 сарын 31-ний өдөр 300,000 ам.доллар, 2022 оны 01 сарын 30-ны өдөр 400,000 ам.доллар төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Б " ХХК хөрөнгө оруулагч T-тай хамтран "30МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэр"-ийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн харилцаж, Эрчим хүчний яамтай 2012 оны 12 сарын 04-ний өдөр хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг солилцон энэхүү төслийн ажлыг эхлүүлж байсан. Тухайн үед T нь "...энэхүү төсөл амжилттай хэрэгжих үед нөхөн олговор болгож 2,000,000 ам.долларыг олгоно... гэсэн амлалт өгсөн. Үүнд итгэж, тус компанийн хөрөнгө, хүч, нөөц бололцоог ашиглан энэхүү төслийн ажлыг улсын комисст оруулах хүртэл ажилласан. Уг төслийн хүрээнд шаардагдах зардлуудыг Б ХХК гаргаж байсан бөгөөд нийт 1,910,306,567 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан. Энэ нь Б ХХК-ийн тайлангаар тогтоогдсон. Гэтэл T нь Д ХХК-ийн хувьцааг U-д худалдсан бөгөөд Б ХХК-ийн гаргасан зардлыг нөхөн төлөхөөс зайлсхийж эхэлсэн. Иймд Д ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэг бүртгэлийн *** дугаартай хэрэг нээн хянан шалгаж байсан. Улмаар Д ХХК-ийн толгой компаниас компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад эрүүгийн хэрэг саад болж байна гээд энэхүү эрүүгийн хэрэг бүртгэлтийг хаалгах хүсэлт гаргахыг манайхаас хүсч, нэхэмжлэгчийн зүгээс уг хүсэлтийг хүлээн авч, эрүүгийн хэргийг хаалгаж байсан. Түүнчлэн, Д ХХК нь T -ийн төлөх ёстой төлбөрийг хариуцаж төлөхөөр амласан. Энэ ч үүднээс Д ХХК нь T -ийн нэхэмжлэгчид төлөх ёстой 2,000,000 ам.долларын үлдэгдэл 1,700,000 ам.долларын төлбөрийг барагдуулах гэрээ байгуулсан. Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөний ханшийг 2023 оны 04 сарын 19-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцон нийт 700,00 0 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Б ХХК-ийн хувьд 2012 оны 12 сараас эхлэн тус төслийг хэрэгжүүлэн ажиллаж байсан ХБНГУ-ын T компанитай хамтран ажиллаж байсан гэх боловч манай Д ХХК-тай харилцаж, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, гэрээ, хэлцэл байгуулж байсан тохиолдол байхгүй. Гагцхүү T компаниас нарны цахилгаан станц барих төслийг манай Д ХХК-д шилжүүлэн өгч ажил хүлээлцэх үед T компани нь Б ХХК-д хамтран ажилласан үйл ажиллагааны зардал болгож 2,000,000 ам.доллар төлнө гэж мэдэгдсэн гэх бөгөөд тухайн үйл баримт нь манай Д ХХК-д ямар ч хамааралгүй зөвхөн тус хоёр аж ахуй нэгж, компанийн хамтын ажиллагаа болно. T компанийн зүгээс Г нарны цахилгаан станц төслийн үйл ажиллагааг манай Д компанид хүлээлгэн өгөх процессын явцад ч төсөлд хөрөнгө оруулалт хийгдсэн учир Б ХХК-ийн хувьд 2,000,000 ам.долларын төлбөр төлнө гэх үүрэг шилжиж ирээгүй. Гэтэл Б " ХХК-ийн зүгээс 2020 оны 03 сараас эхлэн манай Д ХХК-аас Г нарны цахилгаан станц төсөлд зарцуулсан гэх 2,000,000 ам.долларын төлбөрийг нэхэмжилж эхэлсэн. Компанийн зүгээс тухай бүрд нь хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласан гэх T компанид дээрх шаардлагаа тавьж шийдвэрлүүлэх тухай, шаардлагатай холбоотой Г нарны цахилгаан станц төсөлд зарцуулсан гэх 2,000,000 ам.долларын зардлыг баримтаар нотлох тухай мэдэгдэл, албан бичгүүдийг хүргүүлж харилцаж байсан. Б ХХК-аас 2,000,000 ам.долларын төлбөр нэхэмжлэх гол үндэслэл болсон 2020 оны 06 сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ гэх баримттай уншиж танилцахад манай гэрээнд Д ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А (A) гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан гэжээ. Гэтэл Д ХХК-ийн гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн А (A) нь дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын улмаас 2019 оноос хойш Монгол Улсад ирээгүй, өөрийн биеэр байсан мэт гэрээг уншиж танилцан гарын үсэг зурж баталгаажуулах ямар ч боломжгүй. Б ХХК-ийн зүгээс урьдын харилцаатай байсан T компанитай үүссэн гэх төлбөрийн асуудлаа манай Д ХХК-тай холбож, хууль хяналтын байгууллагад илтэд үндэслэлгүй гомдол гаргаж шалгуулж байсан. Тодруулбал, Б ХХК-ийн зүгээс 2020 оны 03 сард Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах газарт гомдол гаргаж, 2020 оны 05 сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын *** дугаартай тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар 2020 оны 07 сарын 21-ний өдрийн *** дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Б ХХК-аас гаргасан гомдол бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Б ХХК-ийн төлбөр нэхэмжлэх үндэслэл болсон 2020 оны 06 сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ гэх баримттай уншиж танилцахад тус гэрээнд зурагдсан гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн А (A)-ийн гарын үсэг нь эх хувь биш өөр бичгийн баримтад зурагдсан гарын үсгийн бичвэрийг компьютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн байна. Иймд нэхэмжлэгч Б ХХК-аас хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: 2020 оны 06 сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ гэх баримттай уншиж танилцахад тус гэрээнд зурагдсан гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн А (A)-ийн гарын үсэг нь эх хувь биш өөр бичгийн баримтад зурагдсан гарын үсгийн бичвэрийг компьютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн болох нь тодорхой харагдах бөгөөд дээрх байдлаараа тухайн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд Б ХХК болон Д ХХК нарын хооронд 2020 оны 06 сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх Гэрээ-г Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Мөн тус гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлөн гарын үсэг зурсан гэх БНАУ-ын иргэн А (A) нь гэрээ байгуулагдсан гэх 2020 оны 06 сарын 25-ны өдөр Монгол Улсад оршин сууж байгаагүй учир Б ХХК-тай аливаа гэрээ, хэлцэл хийж эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй юм. Гэтэл хариуцагч Б ХХК-ийн зүгээс дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч Д ХХК-ийн удирдлагуудад буруу мэдээлэл өгч, төөрөгдөлд оруулан нийт таван удаагийн үйлдлээр 350,000 ам.долларыг хөрөнгө оруулалтын нөхөн төлбөр мэтээр шаардаж авсан нь талуудын дунд 2020 оны 06 сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцлээс үүдэлтэйгээр Д ХХК-д учирсан эдийн засгийн бодит хор, хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд 2020 оны 06 сарын 25-ны өдөр байгуулагдсан Гэрээ-г хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаас үүсэх хууль зүйн үр дагаварт "Б " ХХК-д үндэслэлгүйгээр төлсөн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Д XXK нь хувьцаа эзэмшигч ХБНГУ-ын хуулийн этгээд T-ийг 2016 оны 05 сарын 10 өдөр сольж, ХБНГУ-ын хуулийн этгээд DSP GmbH-ийг бүртгүүлсэн. Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч хуулийн этгээдүүд солигдож байгаа хэдий ч эцсийн хувьцаа эзэмшигчид хэвээрээ байсан. Өөрөөр хэлбэл, тус хувьцаа эзэмшигч байгууллагын эцсийн эзэмшигчид 1) Т /Ф ы хойд эцэг/, A/Ф ы төрсөн эх/, F /Q/ нар юм. 2018 онд F /Q нь өөрийн овгийг солиулж F/Ф  болсон буюу F /Ф/ овгийг авсан. Монгол улсад Нарны цахилгаан станц байгуулах төслийн үйл ажиллагааны хүрээнд Д ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ф.Ш бүртгэлтэй боловч 2013 оноос хойших өдөр тутмын үйл ажиллагааг Э.Б орлон гүйцэтгэж, гүйцэтгэх захирлын өмнөөс албан бичиг, гэрээ, контракт зэрэгт төлөөлөн гарын үсэг зурж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Э.Б нь энэ Нарны цахилгаан станцын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн хүн бөгөөд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨХК, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ гэх зэрэг холбогдох бүх байгууллагатай гэрээ хэлцлийг хийж байсан болно. Э.Б, Ф хоёрын хооронд Нарны цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлсний төлбөрт 2,000,000 ам.долларыг төлөх тухай хэлцлийн асуудал байсан бөгөөд Ф нь өөрийгөө төлөөлөх эрх, зөвшөөрлийг Э.Б д олгож, Э.Б нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх гэрээ хэлцэл хийж явсаар ашиглалтад оруулах болсон. 2013 оноос хойш Э.Б нь өөрийнхөө Б ХХК-ийн өмнөөс Нарны цахилгаан станцын төсөлд зориулан нийт 1,910,306,567 төгрөгийн зардал гаргасан бөгөөд Д ХХК-д 2020 оны 04 сарын 02-ны 18/20 албан тоотоор мэдэгдэж байсан. Хөрөнгө оруулагч U компаниас Ф ы амлалтыг зөвшөөрч баталгаажуулсан албан хариуг ирүүлж байсан. Аливаа гэрээ, итгэмжлэл, албан бичигт тус компанийн гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурахдаа харилцаа холбооны W программ хангамжийг ашиглан мэдээлэл дамжуулж, харилцан ярилцдаг байсан. Өөрөөр хэлбэл, гадаадад байгаа гүйцэтгэх захирлаас аливаа зөвшөөрөл, албан бичгийг авахдаа тус компанийн албан бланк дээр Монгол хэлээр бичиж гаргаад тус бичгээ сканердаж явуулдаг бөгөөд явуулсан бичгээ орчуулан тайлбарладаг. Үүнтэй гүйцэтгэх захирал танилцаад сканердсан бичгийг нь хэвлэж гаргаж, гарын үсгээ зурж баталгаажуулан буцаагаад сканердаж явуулна. Ирсэн бичгийг энд хэвлэж гаргаад, огноо, дугаарыг тавьж, тамга дарж баталгаажуулан холбогдох газрууд руу илгээдэг байсан. Б ХХК-тай байгуулсан 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ бол яг энэ зарчмын дагуу байгуулагдсан гэрээ бөгөөд эцэст нь Д ХХК-ийн төлөөлөгч Д.Ч өөрөө гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан гэрээ болно. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1-д зааснаар 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч Д ХХК-д холбогдуулан гаргасан 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д ХХК-ийн Б ХХК-д холбогдуулан гаргасан 1,180,081,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,130,960 төгрөгийг, хариуцагч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,058,355 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 28,803,537 төгрөгийг буцаан гаргуулж Д ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэж, материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн өөр хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй дүгнэлтийг хийж, нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн байна. Шүүхээс Б ХХК болон иргэн Э.Б, Т болон F нарын хооронд үүссэн 1,700,000 ам.доллар төлөх үүргийг гүйцэтгүүлэхээр 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ-г байгуулсан байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж хууль зүйн хувьд алдаатай дүгнэлтийг хийсэн байна. Хуульд зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 06 сарын 25-ны өдрийн гэрээний талаар талууд ярилцаж тохиролцсон болох нь Д.Ц гийн мэдүүлэг, W ашиглан харилцсан байдал, и-мэйлээр харилцсан байдалд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал A /А/-ийн гарын үсгийн бичвэрийг компьютер, фотошопын аргаар хуулбарлан тавьж хэвлэсэн гэх тайлбар үндэслэлгүй гэж талуудыг хэлцэл хийсэнд тооцсон атлаа дээрх гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу цахим хэлбэрээр хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

6.2. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ-г талуудын хооронд хэлцэл хийсэн гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, Б ХХК-д хууль буюу гэрээгээр үүрэг үүсээгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх гэрээний үндэслэл болсон Б ХХК болон Т болон ХБНГУ-ын иргэн F нарын харилцааг шүүх өөрийн санаачилгаар хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт гэж Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт заасан Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол үүрэг үүснэ гэх илт буруу дүгнэлтээр талуудын харилцааг дүгнэжээ. Энэ нь шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйн зэрэгцээ талуудын тайлбарт огт дурдаагүй, хөрөнгө бэлэглэсэн талаар огт яригдаагүй байхад хөрөнгө бэлэглэх" эрх зүйн харилцаа гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай дүгнэлт болсон.

6.3. Шүүхээс Б ХХК болон Д ХХК-ийг хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх тайлбар, баримт гаргаагүй, Д ХХК гэрээний дагуу нарны эрчим хүчний төсөлтэй холбоотой 1,700,000 ам.долларыг төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж хэргийн үйл баримтыг үл ойлгосон, ташаа дүгнэлтийг хийсэн.

6.4. Анхан шатны шүүх Б ХХК хууль болон гэрээгээр Д " ХХК-аас 1,700,000 ам.долларыг шаардах эрхгүй атлаа төөрөгдүүлэх, цагдаа болон эрх бүхий байгууллагуудад гомдол гаргаж шалгуулах замаар гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн нь мөн хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болсон. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57 дугаар зүйлд заасан сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл хоёрыг хольж хутган, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

6.5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасан Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул хууль хэрэглээний хувьд байж боломгүй алдаатай дүгнэлтийг хийсэн.

6.6. Анхан шатны шүүх Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Т болон ХБНГУ-ын иргэн F нар 1,700,000 ам.долларыг Б ХХК-д төлөх үүрэгтэй болох нь тогтоогдоогүй тул хариуцагч Д ХХК-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан Өр шилжих харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж, нотлох баримтуудыг дутуу буюу буруу үнэлсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан тайлбартаа Т болон F нартай харилцан тохиролцсоны дагуу 1,9 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх тайлбар, Д ХХК-ийн дэд захирал Д.Ч болон гүйцэтгэх захирал A /А/-тэй и-мэйлээр харилцсан тухай бичгийн баримт, үзлэгийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсаар байхад эдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нарийвчлан тодруулалгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

6.7. Түүнчлэн, шүүхээс Нэхэмжлэгчийн *** сумын 30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийн хүрээнд шаардагдах зардлуудыг гаргаж, нийт 1,910,306,567 төгрөгийн зардал гаргасан болохыг тайлбарлан, Б ХХК-ийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 02/20 дугаар Баримтаар илрүүлсэн зүйлийн тайлан 1-г нотлох баримтаар шүүхэд ирүүлснийг, уг тайланд тодорхойлсон зардлыг Б ХХК-аас бодитоор гарсан зардал гэж дүгнэх боломжгүй, уг хөрөнгө оруулалтыг хариуцагч Д ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

6.8. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбараар Б ХХК *** сумын 30МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт бичгүүдийг 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ-ний хүрээнд Д " ХХК-д 2020 оны 10 сарын 12-ны өдөр хүлээлгэж өгсөн байна гэж дүгнэжээ. Гэтэл шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан ямар баримтуудыг үндэслэж байгаагаа нэрлэн заахгүйгээр, зөвхөн хариуцагчийн удирдлагуудад буруу мэдээлэл өгч, төөрөгдөлд оруулан гэрээ байгуулсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэж, хэт нэг талыг баримталсанд гомдолтой байна.

6.9. Түүнчлэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тайлбар, мэтгэлцээн болон нотлох баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байтал эрүүгийн журмаар авагдсан зарим баримтыг илт нэг талд ашигтайгаар үнэлж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

6.10. Анхан шатны шүүх хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч "Д ХХК-ийн эцсийн өмчлөгч нь хэн болохыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад үнэн зөв, бодитой дүгнэлт өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

7.1. Нэхэмжлэгч Б ХХК анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ...Гэрээний үүрэгт 1,994,602,000 төгрөг гаргуулах... гэж тодорхойлдог боловч бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ...Гэрээний үүрэг бус Б ХХК буюу тус компанийн захирал Э.Б нарт ХБНГУ-ын хуулийн этгээд болох Т болон ХБНГУ-ын иргэн F нараас 2,000,000 ам доллар өгөхөөр тохирсон амлалт... мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмждэг. Нэхэмжлэлийн үндэслэлээ дэмжиж буй үйл баримтуудыг дүгнэж анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 2.2.а-д Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсгүүдэд заасан хууль зүйн зохицуулалтыг хэрэглэж, үйл баримтыг дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадсан.

7.2. Нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тайлбарын 1 дэх хэсэгт дурдсан Анд найзын амлалт бус бодитой оруулсан хөрөнгө оруулалт болж хувирна. Гэвч нэхэмжлэгч Б ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ...1,910,306,567 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан... гэх үйл баримтаа нотлох үүргээ хэрэгжүүлдэггүй бөгөөд шүүхээс хариуцагч Д ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу ...Хөрөнгө оруулалт оруулсан гэх 1,910,306,567 төгрөгийн санхүүгийн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах шүүгчийн захирамж гаргасан боловч нэхэмжлэгч тухайн баримтыг Байхгүй гэх үндэслэлээр гаргаж өгөхөөс татгалзсан. Мөн нэхэмжлэгч нь тус санхүүгийн баримтуудыг Б ХХК-ийн гаргасан гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэж тайлбарладаг боловч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн салбар архивт хадгалагдаж буй хэрэг бүртгэлтийн *** дугаар хэргийн материалтай танилцахад тус баримтууд хэрэгт байдаггүй бөгөөд тус хэрэг нийтдээ 98 хуудас материалтай хэрэг байгааг хариуцагчийн зүгээс танилцаж мэдсэн. Нэхэмжлэгчийн тухайн нөхцөл байдалтай холбогдуулан 2.2.в-д дүгнэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7.3. АНЭУ-д бүртгэлтэй U FZE ХХК Монгол Улсад бүртгэлтэй Д ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмших эрхийг T ХХК-аас 2016 оны 10 сарын 06-ны өдөр байгуулсан *** дугаартай гэрээний дагуу 2,000,000 ам доллароор худалдан авсан. Тус компани уг эзэмших эрхээ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад бүртгэлтэй Лондон хотод үйл ажиллагаа явуулдаг DХХК-ийн дүрмийн дагуу хэрэгжүүлдэг бөгөөд давуу эрхийн буюу 51 хувийн хувьцаа эзэмшигч U FZE ХХК-ийн зүгээс 2016 оны 03 сараас эхлэн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж гүйцэтгэх захирлаар БНАУ-ын иргэн А /A/-ийг томилон ажиллуулж байна. Талуудын дунд 2016 оны 10 сарын 06-ны өдөр байгуулагдсан *** дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээ-ний хүрээнд Д ХХК-ийн эрх, үүрэг бүхэлдээ U FZE ХХК-д шилжиж ирсэн бөгөөд тухайн гэрээний хүрээнд бусад иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөр, ялангуяа Б ХХК-д хөрөнгө оруулалтын зардалд тооцуулж 17,000,000 ам.доллар төлөх өр төлбөр шилжиж ирээгүй. Дээрх үйл баримтыг нотлох *** дугаартай гэрээг хариуцагчийн зүгээс Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин Сайдын Яаман дахь Консулын газраар баталгаажуулж баталгаат орчуулгын хамт хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх үйл баримтын хүрээнд анхан шатны шүүхээс ...Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Т болон F нар 1,700,000 ам долларыг Б ХХК-д төлөх үүрэг үүссэн болох нь тогтоогдоогүй тул хариуцагч Д ХХК-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан Өр шилжих харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн нь тухайн харилцаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт болжээ.

7.4. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтууд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээс дүгнэн үзвэл талуудын хооронд хөрөнгө оруулалтын болон бусад эрх зүйн зохицуулалтад хамаарах харилцаа үүсэж байгаагүй болох нь тогтоогдоно. Гагцхүү ХБНГУ-ын T болон F нарын зүгээс Б ХХК болон тус компанийн захирал Э.Б нарын хооронд үүссэн Анд найзын амлалт-аас үүдэлтэй харилцааг хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэлээр няцааж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль хэрэглээний алдаа болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна. /1хх 1-3, 114-117, 167-171, 2хх 12-18/

 

3.   Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэх 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ авагдсан, уг гэрээний 1-д ...Б ХХК нь Тучер групп болон Ф фон Т-ийн эсрэг 1,700,000 ам.долларын санхүүгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд Т групп болон Ф фон Т нь Д ХХК-ийн шууд бус хувьцаа эзэмшигч болохынхоо хувьд Б ХХК-д 1,700,000 ам.долларыг төлөх үүргээ баталж байна... гэсэн агуулга тусгагджээ. /1хх 200-204, 205-210/

 

4.   Нэхэмжлэгч дээрх Гэрээ-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...Б ХХК нь Т групп болон Ф фон Т-тэй нарны эрчим хүчний төслийг хэрэгжүүлсэн, Т групп болон Ф фон Ту нь төсөл амжилттай хэрэгжсэний дараа 2,000,000 ам.доллар өгөх амлалт өгсөн, уг амлалтын хүрээнд Д ХХК нь 1,700,000 ам.долларыг Б ХХК-д төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

Хариуцагч нь өөрийн татгалзал болон сөрөг шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээнд гарын үсэг зурсан гэх А (A) нь 2020 оны 06 сарын 25-ны өдөр Монгол улсад байгаагүй учир гарын үсэг зурах боломжгүй, нэхэмжлэгч уг гэрээг фотошоп ашиглан хийсэн тул хүчин төгөлдөр бус, үүний улмаас 350,000 ам.доллар төлж хохирсон, уг дүнгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

5.   Б ХХК-ийн захирал Э.Б , Д ХХК-ийн захирал А (A), дэд захирал бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нар 2020 оны 06 сарын 25-ны өдрийн гэрээний санал, нөхцөл, төслийн талаар цахим шуудан, цахим зурвас ашиглан өөр хоорондоо харилцаж тохиролцсон болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх 16-арын нүүр, 35-арын нүүр, 101-110, 135-164, 2хх 52-81/

Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, дээрх хэлцлийн дагуу хариуцагч нь нийт 350,000 ам.долларыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болох нь хэргийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсоныг дурдах нь зүйтэй. /1хх 48-54/

 

6.   Иймд 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагчийн сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй, ...гэрээнд гарын үсэг зурсан гэх этгээд нь гэрээ байгуулагдах үед Монгол улсад байгаагүй, гэрээг фотошоп ашиглан хийсэн... гэх хариуцагчийн тайлбар ач холбогдолгүй.

Хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн 350,000 ам.доллар буюу 1,180,081,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлагын тухайд хариуцагч нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар төлбөрийг гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн байх тул буцаан шаардах эрхгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

7.   Гэрээний дагуу 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй. Тодруулбал:

7.1. 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ-ний 4-т ...Д ХХК-ийн үүрэг амлалт нь Б ХХК-ийн зүгээс Т групп, эсвэл Ф фон Т компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг баталж чадахуйц үндэслэл бүхий нотлох баримтыг (үүнд Ф фон Т компанийн хугацаа хэтэрсэн өр төлбөртэй холбоотой нотлох баримт, шаардлагатай бол гэрчийн мэдүүлэг, эсвэл баттай мэдээлэлтэй тухай мэдэгдэл) гаргаж өгөхөөс хамаарна гэж дурджээ. /1хх 200-204, 205-210/

Дээрхийг мөн Гэрээ-ний 1-т заасантай харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Б ХХК нь Т групп, эсвэл Ф фон Т-аас бодитоор 1,700,000 ам.долларын авлагатай болохоо нотлох баримтаар нотолсны дараа Д ХХК уг төлбөрийн үүргээ гүйцэтгэхээр байна.

2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ-ний 4-т заасан нөхцөл хангагдаагүй, уг нөхцөлийг хангасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

7.2. Хариуцагч нь 2020 оны 06 сарын 25-ны өдрийн Гэрээ-ний 4-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд төлбөр төлөх боломжтой талаар удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байжээ. /1хх 24, 25, 80, 81, 82, 83, 84, 232, 233, 236, 237, 238, 239, 240/

7.3. Нэхэмжлэгч нь нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс 1,910,306,567 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбар гаргаж байх боловч уг тайлбар нь хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

Хэрэгт авагдсан Б ХХК-ийн тайлангаар дээрх нөхцөл байдал нотлогдохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /2хх 171-174/ Учир нь, уг аудитын тайлан санхүүгийн анхан шатны баримтуудад үндэслэгдээгүй байхаас гадна нэхэмжлэгч талаас санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

 

8.   Дээрхийг дүгнэвэл нэхэмжлэгч Б ХХК-д 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөгийг төлөх үүрэг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-д үүсээгүй гэж үзэхээр байна.

 

9.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Мөн үүнтэй холбоотой шийдвэрт найруулгын өөрчлөлтийг оруулна.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/01237 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 700,000 ам.доллар буюу 1,994,602,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дугаар зүйлийн *** дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 10,130,960 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР