Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
Хэргийн индекс | 128/2019/0233/З |
Дугаар | 128/ШШ2023/0156 |
Огноо | 2023-02-16 |
Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2023/0156
2023 02 16 128/ШШ2023/0156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хардун ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Баасанжав
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Нарангоо
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батжаргал
Гуравдагч этгээд: Дун-Өргөө ХХК
Маргааны төрөл: Төрийн болон орон нутгийн өмчийн маргаан.
Шүүх хуралдаанд: хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хүсэлдэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Хардун ХХК нь Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 тоот Жагсаалт батлах тухай тогтоолын 2-р хавсралтын 5 дахь хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2.Нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий захирамж тогтоолын хуулбар хувийг авах гэтэл Танайх шүүхэд өгөх гэж байгаа бол шүүхийн журмаар гаргуул гэсэн тайлбар хэлж өгөөгүй хэмээн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байх ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандаж байсан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19/01 тоот албан бичгийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлжээ. Улмаар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Хардун ХХК нь нийслэлийн өмчийн оролцоотой Дун-Өргөө ХХК-ийг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 550 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 188 тоот тогтоолуудыг үндэслэн хэн нэгний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчихгүйгээр Дун-Өргөө ХХК-ийн 25%-ийг нийслэл, 75%-ийг Хардун ХХК хамтран эзэмшихээр 5214696 тоот регистрийн дугаартай үүсгэн байгуулсан.
Хардун ХХК нь нийслэлтэй хамтран байгуулсан Дун-Өргөө ХХК-ийн дүрэм болон Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Өргөө зочид буудлын үйл ажиллагааг сайжруулах түүний барилга байгууламжид засвар хийж өөрчлөх зэрэг нийт 1,504,130,480 /нэг тэрбум таван зуун дөрвөн мянга зуун гучин сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийн үйл ажиллагаа хэвийн явуулж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас томилогдсон ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 12-нд хөрөнгө оруулалтын асуудалтай танилцан Хардун ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтыг мэргэжлийн шинжээчид хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гаргасан юм. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн 2 дахь хэсгээр хөрөнгө оруулалтын хэмжээг хүлээн зөвшөөрсөн байна.
Дун-Өргөө ХХК-ийн зүгээс жилийн эцсийн санхүүгийн тайланг үндэслэн 25%-тай тэнцэх ногдол ашгийг нийслэлийн төсөвт тогтмол төвлөрүүлж байсан.
Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 81 дугаар тоот нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай тогтоолоор Хардун ХХК-ийн 75%-ийн өмчлөлийн Дун-Өргөө ХХК-ийн хөрөнгө болох Өргөө зочид буудлын барилга байгууламж, амралтын газрын барилга байгууламж зэргийг тус тус нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай шийдвэр гаргасан. Энэ нь Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болоод байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай захирамж гарсан байна.
Тус захирамжид засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж буй нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:
Нэгдүгээрт Дун-Өргөө ХХК нь дан ганц нийслэлийн өмч биш бөгөөд Хардун ХХК-тай хамтран байгуулсан хуулийн этгээд юм. Дун-Өргөө ХХК-ийг хамтран байгуулсан талаар ямар нэгэн маргаан захиргааны болон иргэний хэргийн шүүхэд байхгүй бөгөөд компани үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж байна.
Гэтэл тус компанийн үүсгэн байгуулагч хөрөнгө оруулагч Хардун ХХК-ийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг зөрчиж компанийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай захирамж гарсан нь Нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гарсан байна.
Хоёрдугаарт Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ гэж тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан Дун-Өргөө ХХК-ийн дүрэмд компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шүүхийн шийдвэр, компанийн хувь нийлүүлэгч болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр татан буулгана гэж заасан байхад Нийслэлийн Засаг дарга хамтарсан компанийн дүрмийг баримтлалгүйгээр бие дааж шийдвэр гаргаж байгаа үйлдэл нь хууль зөрчиж байгаа юм.
Гуравдугаарт Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал гэж заасан байна. Гэтэл компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэр гараагүй түүнийг гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэлгүйгээр компанийн өмчийг хураан авч буй үйлдэл мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй. 3.3.Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ гэж заасныг харвал Нийслэлийн Засаг даргад Дун-Өргөө ХХК-ийн эзэмшлийн Өргөө зочид буудал болон Дүнжингарав амралтын газрын барилга байгууламжийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансад бүртгэн авахыг тус газрын дарга Ч.Однасанд зөвшөөрсөн шийдвэр хууль ёсны эрх олгогдоогүй байна.
Дөрөвдүгээрт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамж нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн үндсэн зарчмыг зөрчиж шийдвэр гарсан байна.
Ийнхүү хууль зөрчиж шийдвэр гаргаж байгаа тухай манай зүгээс удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч бидэнд хариу өгөөгүй.
Мөн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус захирамж тогтоолын хуулбар үнэн авах гэтэл шүүхэд өгөх гэж байгаа бол шүүхийн журмаар гаргуул гэх тайлбар өгсөн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 тоот Жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай захирамж гарсан юм.
Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өгч байсан албан бичгийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн бөгөөд мөн Хардун ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг хавсарган өгсөн болно. гэжээ.
4.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хардун ХХК-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна:
4.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 555 тоот захирамжаар Өргөө зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, нийслэлийн өмчийн 25%, Хардун ХХК-ийн 75%-ийн оролцоотой хамтарсан Дун-Өргөө ХХК-ийг байгуулан ажиллуулсан.
4.2.2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоолоор Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд уг шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, магадлалын тогтоох хэсгийн 2-т ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай ... гэж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн хуралдаанаар хянан хэлэлцээд магадлалын тухайн хэсгийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн юм.
4.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр магадлал, тогтоолыг биелүүлэх зорилгоор Өргөө зочид буудал НӨҮГ-ын үйл ажиллагааг сэргээх тухай шийдвэр гарсан. Энэхүү тогтоол одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно.
4.4.Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хөрөнгийн жагсаалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 тоот тогтоолоор баталсан. Үүнд: Өргөө зочид буудал НӨҮГ-ын барилга, Дүнжингарав амралт-ын барилгыг хувьчлахаар шийдвэрлэсэн. Хардун ХХК нь Өргөө зочид буудлын барилгад оруулсан өөрийн хөрөнгө оруулалтын ажлыг баталгаажуулж өгөх талаар 2010 оноос эхлэн удаа дараа Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт ирүүлж байсан ба уг оруулсан хөрөнгийг буцаан олгох асуудал тулгарч байсан учир тус компанийн хүсэлтийг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 дугаар захирамжаар Хардун ХХК-ийн Өргөө зочид буудлын барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан.
Иймд Өргөө зочид буудлын барилгыг 2019 онд хувьчлахаар шийдвэр нэгэнт гарсан учир уг 1 504 130 480 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувьчлалын үнийн дүнд оруулж тооцон, хувьчлалын орлогоос хасаж тооцох, буцаан олгох зорилготой гарсан тогтоол шийдвэр юм. Энэ тухай Хардун ХХК-ийн төлөөлөгч н.Буяннэмэх нь мэдэж, зөвшилцөж байсан болно.
Энэ үндэслэлээр дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр магадлал, тогтоол болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул нийслэлээс уг тогтоол шийдвэрүүдийг биелүүлэх зорилгоор гаргасан тогтоол, захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. гэжээ.
5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 83 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү 83 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,425,478,127 /нэг тэрбум дөрвөн зуун хорин таван сая дөрвөн зуун далан найман мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн үнэ бүхий Өргөө зочид буудлын барилга, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны 74,053,076 /далан дөрвөн сая тавин гурван мянга далан зургаа/ төгрөгийн үнэ бүхий Дүнжингарав амралтын газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн тогтоол гарсан. Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан 775 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны Өргөө зочид буудлыг татан буулгаж нийслэлийн өмчийн оролцоотой компани байгуулах 555 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгасан хүчингүй болгуулах тухай 83 дугаар тогтоол нь хууль тогтоомж зөрчөөгүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж гарсан гэж үзэж байна. Дараагийн хүчингүй болгуулах тухай тогтоол нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/21 тоот жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Үүнд Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2019 онд хувьчлах эрхийн эд хөрөнгийн жагсаалт болон Дүнжингарав амралтын газар болон Өргөө зочид буудлын барилга байгууламжийг оруулсан жагсаалт байдаг. Тус тогтоол нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Нэр дурдсан 2 газрын барилга байгууламж нь нийслэлийн өмчид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 83 дугаар тогтоолоор бүртгэгдсэн. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн өмчийг хувьчлах жагсаалтад оруулсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын өмчлөгчийн эрх нь холбогдох хуулиудаар баталгаажсан байдаг. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулах дараагийн шаардлагад Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 дугаар захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Тус захирамжийн 1 дүгээр заалт нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 83 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэж нийслэлийн өмчид Өргөө зочид буудал, Дүнжингарав амралтын газрын барилга байгууламжийг бүртгэсэн Засаг даргын захирамж гарсан бөгөөд энэхүү захирамж нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
6.Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын зүгээс 2007 оны 01/1386 дугаар албан бичгээр нийслэлийн өмчид барилгуудыг хувьчлах санал ирүүлсэн. Тухайн үед хурлын тэргүүлэгчид хэлэлцэж 2007 оны 09 дүгээр сарын 06-ны 159 дугаар тогоол гаргаж Өргөө нийслэлийн өмчит газар, Дүнжингарав зочид буудлын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тогтоол гаргасан. Төсөл сонгон шалгаруулах байдлаар Өргөө зочид буудал, Дүнжингарав зочид буудлыг хувьчлах тогтоол гаргаж тухайн үеийн Засаг даргад үүрэг өгсөн. 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1724 дүгээр албан бичгээр энэ асуудлын талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барьсан. 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоолоор хамтарсан компани байгуулж хувьчлалын ажил явагдсан. Тухайн ажил явагдахдаа 2007 оны 159 дугаар тогтоолд тусгасан төсөл сонгон шалгаруулж хувьчлах тухай хэсгийг зөрчсөн. Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэх байдлаар хувьчлалын ажил хийгдсэн гэж үзэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн үеийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Х.Болормаа, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга орлогч дарга Д.Дуламсүрэн нарыг иргэн н.Энхбаяр, н.Батбаяр нартай хуйвалдаж нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн тухай шүүхийн шийдвэр гарч холбогдох этгээдүүд нь ял шийтгэл авсан. Тухайн үеийн яллагдагч нар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс нэмэлт заалт оруулсан. Үүнд шийтгэх тогтоолд Өргөө нийслэлийн өмчит газрыг татан буулгаж хамтарсан компани байгуулах тухай тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 550 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох тухай давж заалдах шатны шүүхийн нэмэлт заалт тусгагдсан. Манай зүгээс хамтарсан компани байгуулсан тогтоол нь Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны 729 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байдаг. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 2018 оны 83 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
6.1.Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал: 2007 онд анх хувьчлаад Дун-Өргөө ХХК үйл ажиллагаагаа явуулсан. Тухайн үеийн хөрөнгө оруулалт нь Өргөө зочид буудлын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн засвар үйлчилгээний хөрөнгө оруулалт байсан. Иймд тухайн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Дун-Өргөө ХХК нь үйл ажиллагаа явуулж ашиг гаргаж авсан. Тухайн хөрөнгө оруулалтын хувьд нийслэл хариуцлага хүлээх тухай хууль зүйн зохицуулалт байхгүй.
Тухайн үеийн ажиллаж байсан албан хаагчид, архивын баримтуудыг үндэслэж байгаа. Авагдсан баримтуудад сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгдсэн тухай баримт огт байхгүй.
Маргаан бүхий актуудыг хүчингүй болгосноор эрх зүйн үр дагавар байхгүй. Шүүхээс шийдвэр гарсан бөгөөд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Иймд 83 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор эрх зүйн үр дагавар бий болохгүй. гэв.
7.Гуравдагч этгээд Дун-Өргөө ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Дун-Өргөө ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 555 тоот захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 тоот тогтоолоор нийслэлээс 25 хувь, Хар дун ХХК-аас 75 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаас хойш тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Гэтэл Дун-Өргөө ХХК-ийн 75 хувийг эзэмшигч Хардун ХХК болон манай Дун-Өргөө ХХК-д огт мэдэгдэлгүйгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 83 тоот тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20/21 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/42 тоот захирамжаар Дун-Өргөө ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Өргөө зочид буудал болон Дүнжингарав амралтын газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх, 2019 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан байдаг. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хардун ХХК болон манай Дун-Өргөө ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах шийдвэр гаргасан юм.
Тус шүүхэд Хардун ХХК-ийн зүгээс гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 тоот тогтоол, Жагсаалт батлах тухай 20/21 тоот тогтоолын 2-р хавсралтын 5 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай А/42 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг манай Дун-Өргөө ХХК-ийн зүгээс бүрэн дэмжиж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хардун ХХК болон манай Дун-Өргөө ХХК-ийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Хардун ХХК-аас Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 тоот Жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 50 минутад шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн тухайд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй гээд өвчний J12.8+J03.8 оношийн код бүхий Энэр-Ази өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадалгааг хүсэлтдээ хавсарган ирүүлсэн байна.
2.1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Журам, жагсаалт, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 23 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх өдрийн эмчилгээний оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг баталсан байх ба өвчний бүлгийн 2-т Амьсгалын тогтолцооны өвчин/2.2.Уушгины үрэвсэлт өвчин[1]/, 10-т Чих, хамар, хоолойн үрэвсэл/10.3Гүйлсэн булчирхайн үрэвсэл[2]/ гэжээ. Өөрөөр хэлбэл өрхийн эрүүл мэндийн төвийн өдрийн эмчилгээний өвчний оноштой хүнийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй хэмжээний хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
2.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн тухайд, шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:30.4.7.хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх. гэж заасны дагуу шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй байна. Түүний хүсэлтэд дурдсан ... итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох ... асуудал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй буюу шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл биш байна.
2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирцтэй холбоотойгоор Хардун ХХК-ийн нэхэмжлэлээр 2019 оны 03 дугаар сарын 26-нд анх захиргааны хэрэг үүсэж байсан. Хэрэг үүссэнээс хойш нийт 18 удаа шүүх хуралдаан хойшилсон. Үүнээс 10 удаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж байсан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд гуравдагч этгээд хариу тайлбар өгсөн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. гэсэн хүсэлт, саналыг шүүх хуралдаанд гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно., 91.5. Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын саналаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг харгалзан хэргийг хэлэлцсэн болно. Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч талын удаа дараагийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, энэхүү хэрэг маргаан 4 жилийн хугацаанд шийдвэрлэгдээгүй байсныг дурдах нь зүйтэй.
3.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр болон хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Жагсаалт батлах тухай 20/21 тоот тогтоолын 2-р хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан үлдэх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий актуудыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 тоот Жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Жагсаалт батлах тухай 20/21 дугаартай тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах арга хэлбэр нь тодорхой хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, Хувьчлалын арга хэлбэрийг судалж, тодорхойлон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. гээд хоёрдугаар хавсралтын хүснэгтийн 5-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Өргөө зочид буудлын барилга гэжээ.
4.2.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно., 37.2.Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. гэж тус тус заасан.
4.3.Дээрх маргаан бүхий 20/21 дүгээр тогтоолоос үзвэл ... Хувьчлалын арга хэлбэрийг судалж, тодорхойлон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт-ыг хоёрдугаар хавсралтаар баталсан байх ба энэ нь гадагш чиглээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй, харин дотооддоо хийх захиргааны байгууллагын үйл ажиллагаа буюу судалж, танилцуулах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан байна. Өөрөөр хэлбэл захиргааны актын зургаан шинжийг хангаагүй тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; гэж үзэх үндэслэлтэй, захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй гэж дүгнэв.
5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.3 дахь хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 775 дугаар тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 749 дүгээр магадлал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01/ 1801 тоот албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,425,478,127 /нэг тэрбум дөрвөн зуун хорин таван сая дөрвөн зуун далан найман мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн үнэ бүхий Өргөө зочид буудлын барилга, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74,053,076 /далан дөрвөн сая тавин гурван мянга далан зургаа/ төгрөгийн үнэ бүхий Дүнжингарав амралтын газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэсүгэй. гэжээ.
5.2.Нэхэмжлэгч Хардун ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19/01 тоот албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар хандсан байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, хэргийг хянан хэлэлцсэн болно.
5.2.1.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна., 43.2.Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна. гэж заасан байх ба маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 81 дүгээр тогтоолыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, мэдэгдсэнээ баримтжуулах үүрэг нь хариуцагчид хадгалагддаг болохыг дурдах нь зөв байна.
5.2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий актыг мэдэгдсэн, гардуулсан баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.
5.3.Маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянан үзэхэд:
5.3.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 он/-ийн 9 дүгээр зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог хуульчилсан байх ба 9.2.Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ. гэж заасан, мөн хуулийн 25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална. гэсний дагуу нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тогтоолыг баталжээ.
5.3.2.Тус хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2020 он/-ийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн, энэ хуулийн 4.1.5.нутгийн өөрөө удирдах байгууллага гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн шууд оролцоо бүхий иргэдийн Нийтийн Хурлыг гэж заасан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэх ойлголт үгүй болсон, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Хардун ХХК нь хариуцагчаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг тодорхойлсон, шүүхээс нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн зэргээс үзвэл хуулийн өөрчлөлттэй холбогдуулан эрх залгамжлагч томилох шаардлагагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
5.3.3.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/2006 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй. гэж заажээ. Хэргийн материалаас үзэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан байх ба төлөвлөгөө, хурлын огноо, цагийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр баталж, тогтоолын төсөл, танилцуулгыг урьдчилан бэлтгэж хэлэлцүүлсэн байх ба Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар тогтоолыг төслийг баталсан байна./хэргийн 2 дугаар хавтас, 149-163 дахь тал/
5.3.4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна., 3.Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын дарга шийдвэрлэнэ. гэж заасан бөгөөд хуулийн эдгээр хэм хэмжээг үндэслэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,425,478,127 /нэг тэрбум дөрвөн зуун хорин таван сая дөрвөн зуун далан найман мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн үнэ бүхий Өргөө зочид буудлын барилга, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74,053,076/далан дөрвөн сая тавин гурван мянга далан зургаа/ төгрөгийн үнэ бүхий Дүнжингарав амралтын газрын барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэсүгэй. гэжээ.
5.3.5.Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 749 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар Өргөө НӨҮГ-ыг татан буулгаж, Дун-Өргөө ХХК хамтарсан компани байгуулах тухай Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай гэсэн нэмэлт заалт оруулсугай. гэсний дагуу Дун-Өргөө ХХК-ийг байгуулах үндэслэл болсон шийдвэр хүчингүй болсонтой холбогдуулан маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 83 дугаар тогтоолоор нийслэл өөрийн өмчийг бүртгэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
5.3.6.Учир нь дээр дурдсан шүүхийн магадлалаар Дун-Өргөө ХХК-ийг байгуулах үндэслэл болсон шийдвэрүүдийг хүчингүй болгон улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Өргөө зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээхээр шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан Өргөө зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, хэвийн үйл ажиллагааг хангах, хөрөнгө хүлээн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасан байх боловч энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаагүй, тодруулбал гуравдагч этгээд Дун-Өргөө ХХК нь Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр/хэргийн 5 дугаар хавтас, 46-128 дахь тал/, түүнчлэн балансаас нийслэл өөрийн өмч гэж үзэж бүртгэсэн объектууд хасагдсан баримт байхгүй, Өмчийн харилцааны газрын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 6/4182 дугаартай албан бичгээр ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Өргөө зочид буудал НӨҮГ-ын үйл ажиллагааг сэргээсэн тул Дун-Өргөө ХХК-ийн дүрэм болон дүрмийн санд өөрчлөлт оруулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэсэн атлаа шууд нийслэлийн өмчид бүртгэсэн нь буруу гэж үзлээ.
5.3.7.Шүүхээс үйл ажиллагааг нь сэргээсэн гэх Өргөө зочид буудал ОНӨААТҮГ-ын мэдээллийг шаардсан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11/7281 дугаартай албан бичгээр/хэргийн 2 дугаар хавтас, 60 дахь тал/ лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, холбогдох баримтуудыг ирүүлснээс үзвэл өөрийн хөрөнгийн хэмжээ 235,606,000 төгрөг/хэргийн 2 дугаар хавтас, 62 дахь тал/ буюу Дун-Өргөө ХХК-д шилжүүлсэн хөрөнгийг буцаан өөрийн хөрөнгөдөө бүртгээгүй гэж үзэхээр байна[3].
5.3.8.Гуравдагч этгээд Дун-Өргөө ХХК-ийн дүрмийн сангийн тухайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Хардун ХХК-ийн хамтарсан Дун-Өргөө ХХК-ийн дүрэм/хэргийн 1 дүгээр хавтас, 19 дэх тал/-ийн 7.1.Компанийн дүрмийн сан нь оролцогч талуудын оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх бөгөөд нэг бүр нь 10000/арван мянган/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 187200 ширхэг хувьцаа /цаашид хувьцаа/-аас бүрдэнэ.
-А талаас компанийн дүрмийн санд оруулах хөрөнгө нийт хувьцааны 25% буюу 46800/дөчин зургаан мянга найман зуу/ ширхэг хувьцаа буюу 468,000,000 /дөрвөн зуун жаран найман сая төгрөг/
-Б талаас компанийн дүрмийн санд оруулах хөрөнгө нийт хувьцааны 75% буюу 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ ширхэг хувьцаа буюу 1,404,000,000 /нэр тэрбум дөрвөн зуун дөрвөн сая/ төгрөг байна.
Мөн дүрмийн 7.2.Үүсгэн байгуулагч талууд компанид оруулах өөрийн хувь хөрөнгийг дараах байдлаар оруулна. Үүнд:
-А тал өөрийн хөрөнгийн нийт 25% буюу 468,000,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хөрөнгийг дахин үнэлэгдсэн үнэ болох Өргөө зочид буудал НӨҮГ-ын нийт хөрөнгийн хууль ёсны өмчлөлийг шилжүүлнэ. гэж тус тус зааснаас үзвэл төрийн захиргааны байгууллагын шийдвэр хоорондоо зөрчилтэй, дүрмийн санд өөрчлөлт оруулахгүй талаар мэдэгдсэн боловч тэрхүү дүрмийн санд бүртгэлтэй өмч хөрөнгийг шууд нийслэлийн өмчийн зүйл хэмээн үзсэн нь ойлгомжгүй байна.
5.3.9.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчмыг баримтлах ба нэгэнт тухайн үедээ хууль ёсны дагуу бүртгэгдсэн хуулийн этгээдийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэж өмч, хөрөнгийг нь буцаан авахдаа хуульд заасан журмын дагуу бүртгэлээс хасуулсны үндсэн дээр нийслэл өөрийн өмчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан үндэслэлээр бүртгэн авах ёстой байжээ.
5.3.10.Шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тодруулахад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэхээс өөрөөр шийдвэр гаргахаас өмнө хэрэгжүүлэх ёстой байсан процесс чухам хэрхэн явагдсан талаар тайлбарлаж чадаагүй, холбогдох баримтаа ирүүлээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэхдээ захиргааны эрх зүйн оролцогчдын гаргаж өгөх боломжгүй баримтыг цуглуулах зорилгод нийцүүлэх нь зөв гэж үзлээ.
5.3.11.Хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь зөв боловч хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагаа хийгээгүй бөгөөд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагчаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар актын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.
6.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн 1 дүгээр хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай А/42 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1 425 478 127 /нэг тэрбум дөрвөн зуун хорин таван сая дөрвөн зуун далан найман мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Өргөө зочид буудлын барилга, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 053 076 /далан дөрвөн сая тавин гурван мянга далан зургаа/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Дүнжингарав амралтын газрын барилга байгууламжийг тус газрын балансад бүртгэн авахыг Нийслэлийн өмчийн харилцааны газар/Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй. гээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 83 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэжээ.
6.2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2.Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:1/иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах; гэж заасан бөгөөд нэгэнт энэхүү актын үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 83 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар шүүх дүгнэж, актын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн болон маргаж буй актаар бүртгэж авсан барилга, байгууламжийн бүртгэл, өмчлөх эрхийн талаар нийслэлийн өмч гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй, улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд хүчин төгөлдөр улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна.
6.3.Иймд маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчимд тус тус нийцээгүй, харин хуульд заасан журмын дагуу процессыг зөвтгөсний дараа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх нь тэдгээрийн эрхийн асуудал болохыг дурдах нь зүйтэй.
6.4.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч Хардун ХХК-д зөвхөн Өргөө зочид буудал /барилга/ хамааралтай, Дүнжингарав амралтын газрын асуудал хамаарахгүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 14-р тогтоолоор Өргөө зочид буудал НӨҮГ, Дүнжингарав өргөө НӨҮГ-уудын бүтэц үйл ажиллагааг нэгтгэсэн/хэргийн 1 дүгээр хавтас, 81 дэх тал/, Нийслэлийн Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 389 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар Дүнжингарав өргөө компанийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийг Өргөө зочид буудал компанид балансаас балансад шилжүүлэхийг даалгасан зэргээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар үгүйсгэгдэж байна.
7.Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20/21 тоот Жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх хэсэг буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн 1 дүгээр хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Жагсаалт батлах тухай 20/21 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 78 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хардун ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоолыг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтуудыг хариуцагч байгууллагуудаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч байгууллагуудаас шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай 83 дугаар тогтоолыг болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 тоот захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтууд хүчингүй болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА