Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1070

 

 

 

 

 

 

 

 

 

 “Х А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

 

106 822 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарзаяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Загдсүрэн

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х А” ХХК нь “А” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 103 013 200 төгрөгийн 51 360 литр дизелийн түлшийг тус компанид худалдсан.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 03-р сарын 09-ний өдөр 6908 УБТ улсын дугаартай. HOWO.ZZ4257 маркийн тээврийн хэрэгсэл, 5 улсын дугаартай. JHK 9390 маркийн тээврийн хэрэгсэл, 4 улсын дугаартай. НСН9400CXV маркийн тээврийн хэрэгслүүдийг барьцаалан гэрээ байгуулсан.

“А” ХХК нь түлшний үндсэн үнээс 65 952 000 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сард өгсөн түлшний үнэ 1 720 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард өгсөн түлшний үнэ 810 000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сард өгсөн түлшний үнэ 4 306 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сард өгсөн түлшний үнэ 3 760 000 төгрөгийг нийт 76 548 000 төгрөгийг төлөөгүй байна.

Шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4.2, 4.3, 11.4-т зааснаар сар бүрийн 30-ны дотор төлбөрийг төлөх, төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон.

Хариуцагч нь шатахууны үндсэн төлбөр 65 952 000 төгрөг, алданги 33 095 340 төгрөг ба үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байгаа тул алданги 32 976 000 төгрөг, нийт  98 928 000 төгрөгөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 8 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 90 928 000 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаан төлөгдөөгүй төлбөр 10 596 000 төгрөг, алданги 5 298 000 төгрөг, нийт 15 894 000 төгрөгийг тус тус төлөөгүй болно.

Иймд нийт 106 822 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х А” ХХК нь манай байгууллагатай 2018 оны 02-р сарын 28-ны өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээг байгуулан хамтран ажилласан бөгөөд нийт 100 733 200 төгрөгийн шатахуун худалдан авч 44 061 200 төгрөг төлж, 56 672 000 төгрөгийн өр төлбөр урьдчилсан байдлаар үүссэн.

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл шаардлагад 98 928 000 төгрөгийг төлүүлэхээр тусгасан нь буруу, талууд тооцоо нийлж баталгаажуулах хэрэгтэй. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг хасаагүй, алдангид тооцож нэмж нэхэмжилсэн.

“Х А” ХХК-ийн нэхэмжилсэн дүн “А” ХХК-ийн авсан түлшний жагсаалтаас зөрүүтэй байна. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн интернетээр явуулсан жагсаалтад 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бичсэн 8226 УБО тээврийн хэрэгслийн 390 литр түлшний нэхэмжилсэн дүн байхгүй.

Талуудын байгуулсан гэрээний 4.2, 4.4-т зааснаар сар бүрийн сүүлд тооцоо нийлж, тулгалт хийгээгүй. Манай компанийн нягтлан бодогч тооцоо нийлэх хүсэлт хэд хэдэн удаа гаргаж байсан боловч тооцоо нийлээгүй. Иймд дээрх үнийн дүнд алданги төлөх боломжгүй. Нийт 100 733 200 төгрөгийн шатахуун аваад 44 061 200 төгрөг төлж, 56 672 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас бүгд 85 008 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х А” ХХК-д олгож, үлдсэн 21 814 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 849 910 төгрөгөөс 692 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157 850 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “А” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 582 990 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Х А” ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. “Х А” ХХК нь “А” ХХК-д нийт 112 509 200 төгрөгийн үнэ бүхий 56 1118 литр шатахуун нийлүүлсэн ба хариуцагч 44 061 200 төгрөгийг төлж 68 448 000 төгрөгийг төлөөгүй.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...100 733 200 төгрөгийн түлш нийлүүлсэн болох нь зарлагын баримт болон нэхэмжлэх, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна” гэсэн нь үндэслэлгүй.

            Бодит байдал дээр 112 509 200 төгрөгийн 56 118 литр түлш нийлүүлсэн болохыг нотлох зарлагын баримтыг эх хувиар хавсаргаж сар сараар дүнг тооцон гаргасан. Талуудын хооронд гэрээний 3.2-т “худалдсан шатахууны тоо хэмжээг зарлагын баримтаар тодорхойлно” гэж заасан ба энэ баримтад сар, өдөр тоо, хэмжээ, жолоочийн нэр бүгд байгаа. Нэхэмжлэгч зарим төлбөрийг интернетээр дутуу нэхэмжилсэн хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрэн тооцож нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч байгууллагаас шатахууны үндсэн төлбөр 68 448 000 төгрөг, алданги 34 224 000 төгрөг нийт 102 672 000 төгрөгийг гаргуулах ёстой байтал 85 008 000 төгрөг гэж дутуу тооцсон тул нэмж 17 664 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд харилцан тохиролцож шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан ба гэрээнд сар бүрийн тооцоо нийлж дуссанаар дараа сарын түлш олгоно гэх заалтыг баримтлаагүйгээс 56 672 000 төгрөгийн өр төлбөр үүссэн ба энэ төлбөрийг манай байгууллага төлөх үүрэгтэй. Тухайн үед хариуцан ажиллаж байсан нягтлан, түгээгчтэй баримтаа тулгаагүйн улмаас цаг хугацааны хувьд аль аль байгууллага нь хохирсон.

Нэхэмжлэгч байгууллагын тооцооны алдаанаас болж гарсан алданги 28 336 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага төлөх төлбөрөө график гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой.

 

            Нэхэмжлэгч “Х А” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу 76 548 000 төгрөг, алдангид 30 274 000 төгрөг, нийт 106 822 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Х А” ХХК нь “А” ХХК-ийн захиалгын дагуу чанар стандартын шаардлагад нийцсэн дизель түлш нийлүүлэх, “А” ХХК нь худалдан авсан шатахууны төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ. / 1хх 8-12/

 

Нэхэмжлэгч “Х А” ХХК нь 1 литр дизель түлшний үнийг 2 000 төгрөг гэж тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй, мөн “А” ХХК нь “Х А” ХХК-д шатахууны үнэ 44 061 200 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, хариуцагч “А” ХХК нь 56 672 000 төгрөгийн өр төлбөр үүссэн, энэ төлбөрийг “Х А” ХХК-д төлөх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл нийт 49 072 литр дизель түлш нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх зарлагын баримтаар нотлогдож байна. / 1хх 68-250, 2хх1-3 /

 

Гэрээний 4.3-т зааснаар худалдан авагч тал болох “А” ХХК нь нэхэмжлэлд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үндсэн төлбөр болон алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК нь “Х А” ХХК-д 102 069 760 төгрөгийг гэрээний үүрэгт төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн төлсөн 44 061 200 төгрөгийг хасаж тооцвол 58 008 560 төгрөг, алданги 29 004 280 төгрөг, нийт 87 012 840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч “Х А” ХХК-аас “А” ХХК-д хандан 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3 415 литр дизель түлшийн нэхэмжлэх, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4 478 литр дизель түлшийн нэхэмжлэх тул тус авагдсан байгаа бараа бүтээгдэхүүнийг “А” ХХК-д бодитойгоор нийлүүлсэн гэдгийг нотлохгүй юм. /1хх 25, 27/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00808 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “85 008 000,” гэснийг “87 012 840” гэж, “21 814 000” гэснийг “19 809 160” гэж өөрчлөн

2 дахь заалтын “582 990” гэснийг “593 014” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 246 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 308 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                          

                              ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА