Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2023/00007/И |
Дугаар | 181/ШШ2023/01317 |
Огноо | 2023-05-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2023/01317
2023 05 02 181/ШШ2023/01317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МЭ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СБДЗДТГ холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,689,946 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би СБДЗДийн газрын даргын 2017.04.05-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.09.05-ны өдрийн 305 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.28-ны өдрийн 01260 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 00602 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.04-ны өдрийн 01162 дугаар шийдвэр, 2022.03.16-ны өдрийн 181/ШШ2022/00518 дугаар шийдвэр зэргээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг шүүхээс хариуцагч байгууллагад даалгасан.
Иймд шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй, намайг ажилд аваагүй тул 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 12 сар 6 хоног, үндсэн цалин 545,107 төгрөг, нийт 6.689.946 төгрөгийг хариуцагч СБДЗДын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч СБДЗДын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь ажилдаа орохгүй, шүүхийн шийдвэрээр урьд ажиллаж байсан хугацааны цалинтай тэнцэх олговороо аваад явах сонирхолтой байгаа. Өөр ажилд ажиллаж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байснаар нь тогтоогддог. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон эсэхийг мэдээгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 518 дугаар шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас нотлох баргимт гаргаж өгөөгүй. Шүүхийн журмаар УДШ-ийн тамгын газраас Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.29-ний өдрийн 7106 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2018.10.29-ний өдрийн 0294 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 196 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 29-ны өдрийн 300 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаар тогтоол, М.Эын 2020.09.11-ний өдөр НШШГГ-т гаргасан хүсэлт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2020 оны 9 сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, М.Эын гараар бичсэн НШШГГ-т гаргасан хүсэлт, СБДЗДын газрын даргын 2018 оны 12 сарын 26-ны өдрийн А/151 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаал, 2018 оны 12 сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлт №2750, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлсэн баримт, 2020 оны 03 сарын 06-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №244, 2020 оны 9 сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 9 сарын 17-ны өдрийн 20/09-749 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, СБДЗДТын газраас СБДЗДТГ-ын даргын 2022 оны 04 сарын 20-ны өдрийн А/49 дүгээр Батлагдсан бүтэц, орон тооны дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилж, сэлгэн ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт 9 хуудас зэргийг бүрдүүлсэн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч СБДЗДТГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,689,946 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч СБДЗДТын газар нь нэхэмжлэгч ажилд орох сонирхолгүй шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор аваад яваад байх сонирхолтой байдаг, өөр байгууллагад ажилладаг болох нь тогтоогдсон, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч М.Э нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Учир нь: СБДЗДТын газар нь хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулаагүй, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Э нь СБДЗДТын газар ажилд томилоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.2-д заасан 90 хоногийн дотор гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.27-ны өдрийн 196 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.09-ний өдрийн 300 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаар тогтоол зэргээр нэхэмжлэгч М.Эын нэхэмжлэлээс СБДЗДТын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, СБДЗДын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар ажилд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, СБДЗДТын газрын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэний албан тушаалд М.Э, Б.Б нарыг хуульд зааснаар шалгаруулан томилохыг болон захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролд 6.207.186 /зургаан сая хоёр зуун долоон мянга нэг зуун наян зургаа/ төгрөг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус СБДЗДТын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 38-70, 98-123 хуудас/
3. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
Дээрхи шүүхийн шийдвэрээр СБДЗДТын газарт Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэний албан тушаалд М.Э, Б.Бт нарыг хуульд зааснаар шалгаруулж томилохыг даалгасан бөгөөд хариуцагч СБДЗДТын газар нь шүүхийн шийдвэрийн дагуу М.Э, Б.Бт нарыг хуульд зааснаар шалгаруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.29-ний өдрийн 7106 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээрхи шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн шүүхийн 2018.10.29-ний өдрийн 0294 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хавтаст хэргийн 93-132 хуудас/,
4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийн дагуу СБДЗДТын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/151 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаал гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь М.Эт захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол 6.207.186 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг зохих журмын дагуу хийсэн болох нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлт №2750, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлсэн баримт, 2020 оны 03 сарын 06-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №244 зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 125-128 хуудас/
4.2. М.Э нь 2020.09.11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж ...ажилдаа томилогдохгүй харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан авах хүсэлтэй байна гэх хүсэлтийг гаргажээ. /хавтаст хэргийн 129 худас/
Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэлд ...төлбөр авагч М.Э нь 2019 оны 05 сараас 2020 оны 08-р сарын байдлаар нийгмийн даатгалын лавлагаа авахад Уул уурхайн яаманд ажилладаг болох нь тогтоогдсон, мөн өөрөө ажилдаа эргэж орохгүй талаар илэрхийлдэг боловч бичгээр хүсэлт гаргадгүй 2020.09.11-ний өдөр шийдвэр биелэгдэхгүй өдий хүрсэн тул ажилдаа томилогдохгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгов гэжээ.
Мөн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 20/09-749 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэх заалтыг үндэслэн төлбөр төлөгч СБДЗДын газарт холбогдох 18281174 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /хавтаст хэргийн 132 хуудас/
Нэхэмжлэгч М.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд гомдол гаргаагүй тул уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн М.Э нь 2019 оны 05 сараас 2020 оны 10 сарыг дуустал Уул уурхай хүнд үйлвэрийн яаманд, 2022 оны 05 дугаар сараас хойш Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт ажилласнаар шимтгэл төлөгдсөн болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 90-92 хуудас/
5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 20/09-749 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол хүчин төгөлдөр болсноор, М.Э нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэний албан тушаалд М.Э, Б.Батцэцэг нарыг хуульд зааснаар шалгаруулж томилохыг даалгасан шүүхийн шийдвэрийн биелэлтээс татгалзсан тул хариуцагч СБДЗДын газрыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэний албан тушаалд М.Э, Б.Б нарыг хуульд зааснаар шалгаруулж томилохыг даалгасан дээрхи Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч М.Э нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.27-ны өдрийн 196 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.09-ний өдрийн 300 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаар тогтоолыг хариуцагч биелүүлээгүй, намайг ажилд аваагүй гэх үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, шаардах эрхгүй байна.
6. Нэхэмжлэгч М.Эын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1260 дугаар шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1162 дугаар шийдвэр, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 955 дугаар шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 518 дугаар шийдвэр зэргээр ажилгүй байсан хугацааны цалинтай танцэх хэмжээний олговор гаргуулсан гэх тайлбар нь түүнд нэхэмжлэлээр шаардсан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг дахин олгох хууль зүйн үндэслэл болохгүй юм. /хавтаст хэргийн 26-30 хуудас/
Тодруулбал, М.Э нь ажилдаа томилогдохгүй гэх хүсэлтийг гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч СБДЗДТын газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг дуусгавар болох юм.
7. Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч М.Эын хариуцагч СБДЗДТын газарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,689,946 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 122,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Э төлсөн ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.Эын хариуцагч СБДЗДТын газарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,689,946 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА