Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2023/00169

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01931

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, *******,*******,*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих ангид холбогдох,

******* ХХК-ийн гаргасан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ҮХХ-822/4781 дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Г.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь миний 115 метр квадрат элит орон сууцыг метр квадратыг 1,950,000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн үнийн ханштай тэс зөрж байна. Хамаагүй доогуур үнээр үнэлсэн. Би өөрөө барилгын инженерээр ажилладаг. Би Монгол Улс дахь бүх үнэлгээ судалгааг маш нарийн судалдаг. ******* хотод метр квадрат байрны хамгийн доод хэмжээ 2,220,000 төгрөг, дээд хэмжээ нь 3,600,000 төгрөгийн ханштай байна. Зах зээлийн судалгааг би хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үнэлсэн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн ханшаас хамаагүй хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Миний 115 метр квадрат орон сууцыг өнөөгийн ханшаар бодоход 322,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Би метр квадратыг хамгийн багаар 2,800,000 төгрөгөөр бодсон. 120 метр квадрат хаусаа хамгийн бага ханшаар бодоход 386,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тэгтэл миний эд хөрөнгийг 47,000,000 гаран төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. ******* ХХК надад 20,000,000 төгрөг л өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь хүү дээр гаргаж ирсэн байх. Өнөөгийн зах зээлээс хэт доогуур үнэлсэнд үнэхээр гомдолтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагч ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих анги шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...

******* аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийдвэрээр Г.Оаас 47,748,000 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул өмчлөлийн хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын *******, метр квадраттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хурааж, талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулсан. Талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй тул ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнийн дүнгээр 226,507,566 төгрөгөөр тогтоосон талаар тайлбар ирүүлснийг талуудад ажлын 3 хоногийн дотор албан бичгээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээгээр ******* ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцож хөгжлийн хандлага болон зах зээлийн жишиг үнээр хууль нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Төлбөр хураагдсан хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын *******, 5-10 дугаар байрны 602 тоот орон сууц нь 2015 онд ашиглалтад орсон барилга бөгөөд нэхэмжлэгч Г.О нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримтаар ирүүлсэн орон сууцны зах зээлийн ханшийг 2022 оны 4 дүгээр улирал, 2023 онд ашиглалтад орох барилгуудтай өөрийнхөө 2015 оны барилгыг жишиж харьцуулж үзсэн байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 822/4781 дугаартай ******* ХХК-ийн үнэлгээний тайлан, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фейсбүүкээс татаж авсан орон сууцны үнэ ханшны зураг, нэхэмжлэгч Г.Оын шүүхэд гаргасан хүсэлт, Мэдэгдэл хүргүүлэх тухай гээд 10 дугаар сарын 21-ийн өдрийн мэдэгдэл, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, шүүгч, даргалагч томилсон ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* дугаар нээлттэй хорих ангиас Б.Х*******д олгосон итгэмжлэл, шүүхийн баримтууд, хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, хүсэлт, дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн баримт, хариуцагчийн хариу тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, эвлэрүүлэн зуучлахын дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* дугаар нээлттэй хорих ангиас үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, ******* ХХК-ийг үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл, ******* ХХК-ийн үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, шинжээчийн эрх, үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Г.От мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, шүүгчийн захирамж, шүүхийн баримт, Г.Оын шүүхэд гаргасан хүсэлт, эмнэлгийн магадалгаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасан шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд зэрэг хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2021/01 дугаартай Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2022 оны 04 дүгээр сарын ******* ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 822/4781 дугаартай ******* ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Г.О нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч ******* ХХК-ийн үнэлгээчин нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшийг тогтоож дүгнэлт гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй, бага үнэлсэн учир хүчингүй болгуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилж барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн... гэж тайлбарлан маргасан.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоол, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, битүүмжлэгдсэн болон хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 15ы өдрийн дугаар захирамжаар уригдагч тал Г.О нь 47,748,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор графикийн дагуу төлөхөөр эвлэрч өргөдөл гаргагч ******* ББСБ-д төлөхийг зөвшөөрч эвлэрсэн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэжээ.

4.2.Шүүгчийн дээрх захирамжийг уригдагч тал сайн дураар биелүүлээгүйн улмаас ******* ББСБ-ын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2399 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж,  дугаар гүйцэтгэх хуудас  бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

4.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 07ы өдрийн 15070517/01 Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15070517/06 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд ******* аймгийн ******* сумын 10-р баг, 5 хороолол, 10 байр, 602 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураажээ.

4.4.Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцож үнэлгээ тогтоогоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаж, хөндлөнгийн шинжээчээр ******* ХХК-ийг томилон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод мэдэгдэн, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна.

4.5.Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 04ий өдрийн 10/16 дугаар тогтоолоор томилогдсон шинжээч ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн ҮХХ-822/4781 дугаар дүгнэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан Г.Оын өмчлөлийн 115 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 226,507,566 /хоёр зуун хорин зургаан сая таван зуун долоон мянга таван зуун жаран зургаан/ төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт албан бичгээр 2022 оны 10 дугаар сарын 21ий өдөр мэдэгджээ.

4.6.Нэхэмжлэгч Г.О нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдлын шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр ******* ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна. 

6.Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч ******* ХХК нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна.

 

8.Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, би өөрөө барилгын инженерээр ажилладаг, Монгол Улс дахь бүх үнэлгээ судалгааг маш нарийн судалдаг, ******* хотод метр квадрат байрны хамгийн доод хэмжээ 2,220,000 төгрөг, дээд хэмжээ 3,600,000 төгрөгийн ханштай байна... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байна.

Харин нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...Зах зээлийн судалгааг би хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн... гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нүүр номын ******* аймаг гэх хуудасны орон сууцны үнэ ханш гэсэн 1 хуудас баримтыг гаргасан өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм.

 

9.Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Капитал зууч ХХК, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* ХХК-ууд тус тус үнэлж байсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож тогтоогджээ.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

10.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Оын хариуцагч ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн ҮХХ-822/4781 дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС