Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2023/00033

 

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

     Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн 169 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашид билгүүн ХХК-ийн гаргасан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ҮХХ-822/4781 дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар миний бие “Болор зоос ББСБ” ХХК-д 47,748,000 төгрөг төлөхөөр болж миний өмчлөлийн орон байрыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж битүүмжлэн хураан дуудлага худалдаанд оруулахаар үнэлүүлсэн. Миний өмч 2 ширхэг оо өрөө, хувцасны өрөө бүхий 3 өрөө 115 м.кв орон сууцыг 1 м.кв 1,950,000 төгрөгөөр буюу 226,507,566 төгрөгөөр өнөөгийн зах зээлийн ханшаас хамгийн доогуур үнэлсэн тул дахин үнэлгээ гаргуулах шаардлагатай байна. одоогийн зах зээлийн ханш нь 1 м.кв 2,800,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа байр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Дархан-Уул аймгийн сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр *******аас 47,748,000 төгрөгийг гаргуулж, Болор зоос ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул өмчлөлийн хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5-10 дугаар байрны ******* тоот 115 метр квадраттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хурааж, талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулсан.

Талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй тул Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон. Ашид билгүүн ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнийн дүнгээр 226,507,566 төгрөгөөр тогтоосон талаар тайлбар ирүүлснийг талуудад ажлын 3 хоногийн дотор албан бичгээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээгээр Ашид билгүүн ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцож хөгжлийн хандлага болон зах зээлийн жишиг үнээр хууль нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Төлбөр хураагдсан хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5-10 дугаар байрны ******* тоот орон сууц нь 2015 онд ашиглалтад орсон барилга бөгөөд нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, нотлох баримтаар ирүүлсэн орон сууцны зах зээлийн ханшийг 2022 оны 4 дүгээр улирал, 2023 онд ашиглалтад орох барилгуудтай өөрийнхөө 2015 оны барилгыг жишиж харьцуулж үзсэн байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Ашид билгүүн ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн ҮХХ-822/4781 дугаартай үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулж, дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж хэргийг шийдвэрлэж чадсангүй.

            Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Үнэлгээ гаргасан Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр харин Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргажээ. 1-2 жилийн дараа барилгын материалын үнэ өссөнөөр орон сууцны үнэ хэд дахин өссөн байхад өмнөх он жилүүдийн үнэлгээгээр маш доогуур үнэлсэнд гомдолтой байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ гаргуулах хүсэлтээ гаргасаар байтал хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

             5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч *******ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшийг тогтоож дүгнэлт гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг бодитоор тогтоогоогүй, бага үнэлсэн учир хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч байгууллага нь  эс зөвшөөрч  шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуулийн дагуу явагдсан  хэмээн  маргасан  байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 162 дугаар захирамжаар уригдагч тал ******* нь 47,748,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийн хамт 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор графикийн дагуу 6 удаагийн давтамжтайгаар төлөхөөр эвлэрч өргөдөл гаргагч Болор зоос ББСБ-д төлөхийг зөвшөөрч тохиролцон эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

4.а.Хариуцагч нь дээрх шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч буюу төлбөр авагч Болор зоос ББСБ-н  хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 2399  дүгээр  “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 325 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн./ хх-41, 42, 43 тал/

4.б. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15070517/01 Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 15070517/06 дугаар Эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 5 хороолол, 10 байр, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураажээ. /хх-44, 47/

4.в. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдэд мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж 2022 оны 10 дугаар  сарын 04-ний өдрийн 10/16 дугаар тогтоолоор Ашид билгүүн ХХК-г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй, шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 226,507,566 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгдэн, шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна. /хх- 53, 54, 56, 57, /

           4.г. Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            5. Нэхэмжлэгч *******ын үнэлгээний талаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо ...шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн, үнэлгээ гаргасан 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Капитал зууч ХХК, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ашид билгүүн ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. ...үл хөдлөх эд хөрөнгийг маань зах зээлийн үнээс хэт багаар үнэлснийг зөвшөөрөөгүй /гомдолд бичсэнээр тусгав/ хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ, цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

5.а. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг сонгож, үнэлгээ тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нар нь хөрөнгийг харьцангуй бага үнэлгээгээр  үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй,

Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Капитал зууч ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээгээр тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 178,250,000 төгрөг /хавтаст хэргийн 71-77 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээгээр тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 218,766,425 төгрөг /хавтаст хэргийн 78-99 тал/, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээгээр зах зээлийн үнэ цэнэ нь 226,507,566 төгрөг /хавтаст хэргийн 100-106 тал/ гэж  тус тус үнэлж байсан болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсанаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн жишиг үнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ гаргуулах хүсэлтийг хүлээн аваагүй гэх давж заалдах гомдлыг үгүйсгэж байна.

5.б. Мөн  “Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, би өөрөө барилгын инженерээр ажилладаг, Монгол Улс дахь бүх үнэлгээ судалгааг маш нарийн судалдаг, Дархан хотод метр квадрат байрны хамгийн доод хэмжээ 2,220,000 төгрөг, дээд хэмжээ 3,600,000 төгрөгийн ханштай байна... гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байна,

Харин нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...Зах зээлийн судалгааг би хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн... гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нүүр номын Дархан-Уул аймаг гэх хуудасны орон сууцны үнэ ханш гэсэн 1 хуудас баримтыг гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН                                            

                                                ШҮҮГЧИД                                         Я.ТУУЛ

                                                                                                         Л.АМАРСАНАА