Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2023/00124

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2023/00124

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01812/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Парк таун 47 дугаар байр, 6 тоотод оршин суух, утас: 77******, 99******, 42***** регистрийн дугаартай, Х********* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 41 тоотод оршин суух, утас: 99******, ГЭ75****** регистрийн дугаартай, Товогт, Б.Ү,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 41 тоотод оршин суух, утас: 99******, ТЗ79****** регистрийн дугаартай, Ц овогт Т.Ц нарт холбогдох,

86,453,955.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

НГ2018****/030, НГ2028****/031 дугаартай зээлийн нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Хариуцагч Б.Ү, Т.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч З.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ихэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х********* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Хариуцагч нартай 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ү2003****** тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 15,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Барьцаат зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6-р хороолол, 16-** тоот, 2 өрөө орон сууц нэмж 4*** ДАХ улсын дугаартай kamaz маркийн ачааны машиныг нэмж барьцаалан 4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 28,000,000 төгрөгийг нэмж зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлээ төлөөгүй. Хугацаа хэтрүүлсэн. Зээлийн төлөх үүргийг хариуцагч нар удаа дараалан зөрчсөн. 2018 оны 11, 12 сар, 2019 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэлх хугацааны зээл чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээн авч зээлийг чөлөөлж өгсөн. Уг зээлийн гэрээний хугацаа аль хэдий дууссан. Хариуцагч нарт удаа дараа зээлээ эргэн төлөх талаар албан мэдэгдэл өгдөг боловч гэрээний үүргийг ерөөсөө биелүүлээгүй. Эхний 021 тоот гэрээний дагуу гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,164,213.83 төгрөг. 011 тоот гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 51,636,941.68 төгрөг. Нийт 72,801,155.51 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,956 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Б.Ү нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

2017 оноос хойш ямар ч төлөлт хийгээгүй юм шиг яриад байна. Хүүгээ зогсоогоод өгчих гэж зөндөө гуйсан. Хоёр зээлийн гэрээний анхны хугацаа дуусаагүй байхад зээлийн нэмэлт гэрээг байгуулж зээлийн гэрээний хугацааг 36 сар болгосон. Би зээлийн гэрээг сунгуулах хүсэлт гаргаагүй байхад миний нэрийн өмнөөс өөр хүний нэрийг бичүүлж, энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хууран мэхэлсэн үйлдэл байна. Надад зээлийн хугацааг сунгах ямар ч ашиг сонирхол байгаагүй. Хугацаа сунгах талаар хүсэлт илэрхийлээгүй байхад 36 сарын хугацаагаар гэрээг сунгасан нь хууран мэхэлж хийсэн гэрээ байх тул энэхүү хоёр гэрээний нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ү нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөгийн, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 28,000,000 төгрөгийг зээл авсан. Сэлэнгэ аймгийн Хүдэр уурхайд гэрээ хийж түлш тээвэрлэлтийн ажил эрхэлдэг. 2017 оноос автомашин худалдаж авч түлш худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Цар тахал гарсантай холбогдуулан ажил хийх боломжгүй нөхцөл байдалд хүрч үндсэн болон хүү төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад мэдэгдэл ирсэн. Төлж чадахгүй байна яах вэ? гэсэн чинь ирээд уулз гэхээр нь би очиж уулзсан. Яаж болгох уу цар тахал гарчихсан байсан. Би зээлийг төлж чадахаа байчихлаа ямар боломжтой байна. Ямар арга хэмжээ авах вэ гэхэд үнэндээ ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй гэсэн. Зээлийн хүүг зогсооё гэхэд нь зээл зогсоох ямар ч боломжгүй гэж хэлсэн. Би өөрөө Х********* ХХК-тай 2, 3 удаа очиж уулзсан. Төлбөрийг төлж чадахгүй байхад цар тахал гарсан. Түлш зөөвөрлөх боломжтой машин байсан учраас өөр ямар нэгэн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжгүй байсан. Мэдэгдэл шууд өгөөд ярилцаад нэмэлт зээлийн гэрээ байгуулаагүй байсан бол энэ мөнгийг тухайн цаг хугацаанд төлөх бүрэн боломжтой байсан. Зээлийн хүүг зогсоосон бол 24,000,000 төгрөгийн гэрээг аль хэдийн дуусах байсан. Би огт төлөөгүй биш төлсөн. Хүсэлтийг эдийн засагч ирж уулзаж бичүүлсэн гэв.

Хариуцагч Т.Ц нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2017 онд 15,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөрийг төлөөгүй биш төлсөн. Хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлөлт хийсэн. Дахиад 28,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөн дүнгээс боломжтой хэрээр төлөлт хийгээд л явсан. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлбөрийг сар сард нь төлөөд явчихсан. Цар тахалтай холбоотой бид нараас үл хамааран хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотой ажил зогссон учраас төлөлт хийгдээгүй. Өвчин гаргаагүй байсан бол төлбөр төлөх боломж хангалттай байсан. Тухайн зээлийн гэрээ дуусах үед хэлсэн бол бид машинаа зараад зээлээ төлөх бүрэн боломжтой байсан. Машин зараад өр төлбөрийг төлж барагдуулахаар байраа барьцаанд өгөх шаардлагагүй болох байсан гэв.

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар Х********* ББСБ, Б.Ү, Т.Ц нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан БЗГ-2018****/011 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дэх тал/, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ФГ2018****/004 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал/, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НГ2018****/031 дугаартай Зээлийн нэмэлт гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/, Т.Цгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 41 тоот, Ү-2003****** дугаарт бүртгэлтэй эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 7, 17 дахь тал/, 45-85*** дугаартай барьцаалбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 8 дахь тал/, Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 9, 20 дахь тал/, 4*** ДАХ улсын дугаартай Камаз 4310 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БЗГ-2017****/021 дугаартай Барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 11-13 дахь тал/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БИГ-2017****/021 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал/, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн НГ2018****/030 дугаартай Зээлийн нэмэлт гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/, 45-76*** дугаартай барьцаалбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 18 дахь тал/, Т.Цгоос Б.Үөд олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/, зээлийн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дэх тал/, Б.Үийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/, Б.Үийн Х********* ХХК-д гаргасан хүсэлтүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 26-29 дэх тал/, Х********* ХХК-аас Б.Ү, Т.Ц нарт явуулсан албан мэдэгдлүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 30-33 дахь тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 190 дэх тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/, зээлийн тооцоо бүхий хүснэгт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, зээлийн бүртгэлийн карт /1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дахь тал/ зэргийг,

Хариуцагч тал хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Ононы гаргасан шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-179 дэх тал/-ийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х********* ХХК нь хариуцагч Б.Ү, Т.Ц нарт холбогдуулан БЗГ-2017****/021 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,164,213.83 төгрөг, БЗГ-2018****/11 тоот гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 51,636,941.68 төгрөг, нийт 72,801,155.51 төгрөг гаргуулах шаардлагыг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БЗГ-2017****/021 тоот 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 10,000,001 төгрөгийн зээлийн хүүд 3,576,986.82 төгрөг, БЗГ-2018****/011 тоот гэрээний дагуу 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 25,454,546 зээлийн хүүд 10,075,815.91 төгрөг нийт 13,652,802.73 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.

Хариуцагч Б.Ү, Т.Ц нар нь БЗГ-20171227/021 тоот зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, БЗГ-2018****/11 тоот гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37,492,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, нэмэлт гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч Б.Ү нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасан төөрөгдлийн улмаас гэрээ байгуулсан үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын сарын 16-ны өдөр байгуулсан НГ2018****/030, НГ2018****/031 тоот Зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дахь тал/

Хариуцагч Б.Ү, Т.Ц нар нь Х********* ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр БЗГ-2017****/021 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар,

Мөн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БЗГ-2018****/011 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийг бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар сарын 4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, 41 тоот, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 4*** ДАХ улсын дугаартай Камаз маркийн ачааны автомашин зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ФГ2018****/004 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 3-5, 11-15 дахь тал/

Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаанд хариуцагч Б.Ү, Т.Ц нар нь БЗГ-2017****/021 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4,999,998 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,234,321.57 төгрөг,

БЗГ-2018****/011 тоот гэрээний дагуу үндсэн зээлд 2,545,454 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,544,346.67 төгрөг тус тус төлсөн ба энэ талаар талууд маргаагүй.

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БЗГ-2017****/021 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний хугацаанд талууд тохиролцон 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн БЗГ-2018****/030 тоот дугаартай Зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний хугацааг гэрээ байгуулсан өдрөөс хойш 36 сарын хугацаагаар сунгаж, зээлийн гэрээний бусад заалтууд хэвээр үйлчлэхийг,

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн БЗГ-2018****/011 тоот Барьцаат зээлийн гэрээ гэрээний хугацааг, 36 сарын хугацаатай болгон өөрчилж талууд 2018 оны 11 дүгээр сарын сарын 16-ны өдөр НГ2018****/031 тоот Зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулжээ. /хавтаст хэргийн 6-9, 16-18 дахь тал/

Талуудын хооронд Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1171 дугаартай захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар БЗГ-2017****/01 тоот болон БЗГ-2018****/011 тоот гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сараар тооцон дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Санхүүгийн зохицуулах хороог томилсон. /1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал

Шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр ...БЗГ-2017****/01 тоот зээлийн гэрээний дагуу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар сар бүрээр тооцож үзэхэд үндсэн зээл 10,000,001.45 төгрөг, зээлийн хүү 10,012,183.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 395,165.49 төгрөг, нийт 20,407,350.19 төгрөг,

...БЗГ-2018****/011 тоот зээлийн гэрээний дагуу 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,454,546 төгрөг, зээлийн хүү 22,559,933.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856,102.31 төгрөг, нийт 48,870,581.95 төгрөг тус тус болж,

...шинжээчийн тооцоолсон дүн нийт 69,277,932.14 төгрөг... гэж дүгнэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 145-179 дэх тал/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х********* ХХК нь хариуцагч нараас БЗГ-2017****/021 тоот зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 21,164,213.83 төгрөгийг, БЗГ-2018****/011 тоот зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 51,636,941.68 төгрөгийг, нийт 72,801,155.51 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтэд тооцоолсноос 3,523,223.37 төгрөгөөр илүү нэхэмжилсэн байна.

Талууд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан БЗГ-2017****/021 тоот, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан БЗГ-2018****/011 тоот Барьцаат зээлийн гэрээ-нүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй боловч хариуцагч Б.Ү нь ...2018 оны 11 дугээр сарын 26-ны өдөр дээрх зээлийн гэрээг анхны 24 сарын хугацаа дуусаагүй байхад Зээлийн нэмэлт гэрээ гэгчийг байгуулж хугацааг 36 сар болгон өөрчилсөн. Би зээлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байтал миний нэрийн өмнөөс өөр хүнээр хүсэлт бичүүлж энэ зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан дээр гарын үсгээ төөрөгдлийн улмаас зурсан. Надад зээлийн хугацааг сунгах сонирхол шаардлага байгаагүй, харин банк гэрээнд заасны дагуу төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах ёстой байсан, би санхүүгийн чадваргүй болсноо мэдэгдэж байсан гэсэн тайлбарыг гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын сарын 16-ны өдөр байгуулсан НГ2018****/031 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болохоор зохицуулсан.

Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын Х********* ХХК-д хандаж ...зээлийн хугацааг сунгаж... өгнө үү гэсэн хүсэлтийг хариуцагч Б.Үийн өмнөөс түүний эхнэр болох хариуцагч Б.Ц бичсэн гэх тайлбарыг гаргасан.

Гэвч талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн БЗГ-2018****/030 тоот дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын сарын 16-ны өдөр НГ2018****/031 тоот Зээлийн нэмэлт гэрээнүүдэд гарын үсэг зурснаа хариуцагч Б.Ү хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд гэрээ сунгах хүсэлт нь дан ганц эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан, хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн зэрэг нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д Хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй, 58.6-д Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч Б.Ү нь төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж маргаж байгаа боловч төөрөгдсөн болохоо хэлцлийн нөгөө талд хэрхэн мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэлцлийг хийснээс хойш зээлийн төлбөрийг төлж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Мөн хариуцагч Б.Ү нь санхүүгийн чадваргүй болсон буюу Засгийн газрын тогтоолоор уурхайг ажиллуулах боломжгүй болсон талаар мэдэгдсэн гэж маргаж байгаа боловч тус Х********* ХХК-нд 2019 оны 5 дугаар сар, 2020 оны 9 дүгээр сарын 22, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тус тус бичгээр зээл төлөх хугацаа олгох талаар хүсэлтийг удаа дараа гаргаж байсан зэрэг үйл баримтаар хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна. /1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дэх тал/

Өөрөөр хэлцэл зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, хүсэлт гаргасан эсэх нь тогтоогдохгүй байна.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн  453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Т.Ү, Б.Ц нар нь гэрээний хугацаа дууссан ч дээрх хоёр зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нараас БЗГ-2017****/01 тоот зээлийн гэрээний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 10,000,001.45 төгрөг, зээлийн хүү 13,589.255 төгрөг /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны хүү 10,012,183.24 төгрөг, энэ хугацаанаас хойш 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хүү 3,577,072 төгрөг/ нэмэгдүүлсэн хүү 395,165.49 төгрөг, нийт 23,984,421.94 төгрөг,

БЗГ-2018****/011 тоот зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25,454,546 төгрөг, зээлийн хүү 31,664,776.61 төгрөг /2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хүү 22,559,933.65 төгрөг, энэ хугацаанаас хойш 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хүү 9,104,842.96 төгрөг/ нэмэгдүүлсэн хүү 856,102.31 төгрөг, нийт 57,975,424.92 төгрөг, бүгд 81,959,846.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х********* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,494,108.38 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нар нь зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, ** тоот, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэжээ.

Хариуцагч нар нь фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгч талын өмчлөлд шилжсэн 4*** ДАХ улсын дугаартай Камаз маркийн ачааны автомашин нь бидний эзэмшилд байгаа уг машиныг авч худалдан борлуулж, зээлийн төлбөрийн үүргийг биелүүлэхийг зөвшөөрч байгаа гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд шилжсэн барьцааны зүйлийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийн хангуулах эрх нь нээлттэй, талууд энэ талаар маргаангүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ү, Т.Ц нараас зээлийн нийт төлбөр 81,959,846.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х********* ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,494,108.38 төгрөгийн шаардлагыг, Зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1-д тус тус зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 16 дугаар байр, ** тоот, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, 4*** ДАХ улсын дугаартай Камаз маркийн ачааны автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,170 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ү, Т.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 567,749 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х********* ХХК-д олгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА