Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2022/00092

 

“Херо финанс ББСБ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2022/00925 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Херо финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “86,453,955.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“НГ20181116/030, НГ20281116/031 тоот Зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай

Иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагч *******, *******, хариуцагч нарын өмгөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Харилцагч *******, ******* нар нь “Херо финанс ББСБ” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БЗГ-20171227/021 тоот барьцаат зээлийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003001139 тоот дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум ******* 2 өрөө орон сууцыг барьцаалан 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

2018 оны 05 сарын 30-ны өдөр БЗГ-20180530/011 тоот барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2003001139 тоот дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* 2 өрөө орон сууц, ******* улсын дугаартай, 5897 арлын дугаар бүхий Kamaz маркийн ачааны машин тус тус барьцаалан 28,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлсэн.

Зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд заагдсан зээл, зээлийн хүү төлөх графикийг удаа дараа зөрчиж байсан ба 2018 оны 10 сард зээлдэгчээс ирүүлсэн зээлийн хугацаа сунгах, эргэн төлөлтийг хуваарийг өөрчлөн үндсэн зээл төлөлтөөс 2018 оны 11, 12, 2019 оны 1-5 сарыг дуусталх хугацаанд чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээн авч 2018 оны 11 сарын 16-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулан дээрх 2 зээлийн хугацааг тус бүр 12 сараас сунган сард төлөх дүнг зээлдэгчид төлөх боломжтой дүнгээр зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчилсөн.

*******, ******* нарын БЗГ-20171227/021, БЗГ-20180530/011 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаж дээрх хугацаанаас хойш нэг ч төлөлт хийгдээгүй байна. Зээлийн гэрээний заалт удаа дараа зөрчигдөж, ББСБ-ын зүгээс албан мэдэгдэл хүргүүлэн зөрчлөө арилгахыг сануулан хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй.

Зээлдэгч нь БЗГ-20171227/021 тоот гэрээний дагуу үндсэн зээлд 4,999,998.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,234,321.57 төгрөг, БЗГ-20180530/011 тоот гэрээний дагуу үндсэн зээлд 2,545,454 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,544,346,67 төгрөг тус тус төлсөн.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар БЗГ-20171227/021 тоот гэрээний үндсэн өрийн үлдэгдэл 10,000,001.45 төгрөг, хүүгийн үлдэгдэл 10,787,510.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 376,701.76 төгрөг,

2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар БЗГ-20180530/011 тоот гэрээний үндсэн өрийн үлдэгдэл 25,454,546 төгрөг, хүүгийн үлдэгдэл 25,402,875.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 779,519.95 төгрөг буюу нийт 51.636,941.68 төгрөгийн өр төлбөр төлөгдөлгүй хуримтлагдаад байна.

Ийм хариуцагч нараас нийт 72,801,155.51 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд, үл хөдлөх эд хөрөнгийн 000051360 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003001139 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол 16-41 тоот 2 өрөө орон сууц, ******* улсын дугаартай камаз маркийн ачааны авто машиныг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Зээлдэгч иргэн Б.Үүрд-Мөнх миний бие 2017 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр сумдад алтны бичил уурхай эрхлэгчдэд шатахуун буюу түлш нийлүүлэхээр зориулалтын автомашин худалдан авч түлш нийлүүлэн ажиллаж байсан. Энэхүү бизнесийн үйл ажиллагаа явуулахад зориулан эхнэр *******гийн нэр дээрх орон сууцыг барьцаалан “Херо финанс ББСБ” ХХК-д хандсан.

Зээлдэгч нар нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр БЗГ-20171227/021 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг, жилийн 48 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БЗГ-20180530/011 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулан 28,000,000 төгрөгийг, жилийн 48 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлж авсан.

Барьцаанд *******гийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 41 тоот, Ү-2003001139 дугаартай, 2 өрөө орон сууцыг БЗГ-20171227/21 тоот болон БЗГ-20180530/011 тоот барьцаанд гэрээнд, KAMAZ маркын, түлш тээвэрлэлтийн зориулалттай, 47-884 ДАХ улсын дугаартай, ачааны автомашиныг БЗГ-20180530/011 барьцааны гэрээнд тус тус барьцаалсан.

Дээрх зээлүүдээс БЗГ-20171227/021 тоот гэрээний үндсэн зээл 10,000,001.45 төгрөг, БЗГ-20180530/011 тоот гэрээний үндсэн зээл 25,454,546,00 төгрөг нийт 35,454,547.45 төгрөгийг төлнө. Бусад үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй ба бид тухайн үед буюу ковидын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн дүнгээс 37,346,608.06 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын агуулга:

 Зээлдэгч нар нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул бид 2021 оны 08 сарын 11-ний өдөр Дархан уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул

БЗГ-20171227/021 тоот 2021 оны 07 сарын 03-ны өдрөөс 2022 оны 04 сарын 01-ний өдрийн хүртэлх 10,000,001 төгрөгийн зээлийн хүүнд 3,576,986.82, БЗГ-20180530/011 тоот гэрээний дагуу 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний хүртэлх 25,454,546 зээлийг хүүнд 10,075,815.91 төгрөг, нийт 13,652,802.73 төгрөгийг нэмж нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

4. Хариуцагч нарын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбарын агуулга:

Бид 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр БЗГ-20171227/21 тоот гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр БЗГ-20180530/011 тоот БЗГ-гэрээ байгуулан 28,000,000 төгрөг 24 сарын хугацаатай авсан.

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Херо Финанс ББСБ” ХХК-аас нэмэгдүүлэн нэхэмжилсэн 13,652,802.73 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн агуулга:

******* миний бие анх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Херо финнанс ББСБ” ХХК-аас БЗГ 20171227/021 тоот зээлийн гэрээг байгуулж 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар зээлж авсан. Энэхүү зээлээ хугацаанд нь төлж явж байгаад 5 сарын дараа дахин БЗГ-20180530/011 тоот зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү зээлсэн мөнгөөр түлш тээвэрлэх зориулалтай автомашин худалдан авч Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдад алтны бичил уурхай эрхлэгчдэд шатахуун нийлүүлж орлого олж байтал Засгийн газраас бичил уурхайн үйл ажиллагааг зогсоосноос үйл ажиллагаа зогсож алдагдалд орсон. Зээлийн хүү төлж чадахгүй болж “Херо финанс ББСБ” ХХК нь удаа дараа зээлээ төл гэсэн шаардлага өгч эхэлсэн.

Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дээрх зээлийн гэрээг анхны 24 сарын хугацаа дуусаагүй байхад зээлийн нэмэлт гэрээ гэгчийг байгуулж хугацааг 36 сар болгон өөрчилсөн. Би зээлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байтал миний нэрийн өмнөөс өөр хүнээр хүсэлт бичүүлж, энэ зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан нь хууран мэхэлсэн үйлдэл байна. Надад зээлийн хугацааг сунгах сонирхол, шаардлага байгаагүй.

Зээлийн хүүг зогсоолгох хүсэлт байсан. Тухайн үед “Херо финанс ББСБ” ХХК нь зээлийн гэрээнд заасны дагуу гэрээгээ цуцлах байтал намайг хууран мэхэлж хугацаа нь дуусах болоогүй байсан гэрээг 36 сар болгож өөрчилсөн байх тул энэхүү 2 гэрээний нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

Дархан-Уул аймаг, Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 16-41 тоот хаягт орших Б.Үүрд-Мөнх, ******* нараас БЗГ2017227/021 тоог гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21,164,213.83 төгрөг, БЗГ-20180530/011 тоот гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 51,636,941.68 төгрөг нийт 72,801,155.51 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,956 төгрөгийн хамт гаргуулах,

2018 оны 11 дүгээр сарын 16 өдрийн НГ/20181116/030 тоот зээлийн гэрээний 1.1 дэх хугацаанаас эхэлж 2018 оны 11 дүгээр сарын 16 өдрийн НГ20181116/030 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулсан, дээрх гэрээг байгуулахад зээлдэгч нарын удаа дараагийн хүсэлтэд үндэслэн зээлдэгчид ашигтай давуу боломж олгон гэрээг байгуулсан нь гэрээг хүчингүйд тооцуулах үндэслэл болохгүй.

Зээлдэгч нар зээлийн нэмэлт гэрээ байгуулсан боловч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн нийт төлбөр 81,959,846.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Херо финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,494,108.38 төгрөгийн шаардлагыг, “Зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 16 дугаар байр 41 тоот, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003001139 дугаарт бүртгэгдсэн 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ******* улсын дугаартай Камаз маркын ачааны автомашин зэрэг хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,170 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураам 567,749 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Херо финанс ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  1.  Хариуцагч *******, ******* нар давж заалдах гомдолдоо:

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

          2020 оноос дэлхий нийт ковид-19 цар тахалд нэрвэгдэж, цаашид ажил хийх боломжгүй болсон талаар анхан шатны шүүх хуралдаан дээр удаа дараа дурдсан боловч шийдвэрт энэ талаар тусгаагүй байна.

            Дээрх 20171227/021 тоот гэрээний дагуу авсан 15,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 4,999,998 төгрөг, зээлийн хүүд 8,234,321.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,804.48 төгрөг, 20180530/011 тоот гэрээний дагуу авсан 28,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 2,545,454 төгрөг, зээлийн хүүд 14,544,346.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 40,455.74 төгрөг, нийт 30,367,390.46 төгрөг тус тус төлсөн.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт 20171227/021 тоот гэрээний дагуу 15,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 10,000,001.45 төгрөг, зээлийн хүү 10,012,183.24 төгрөг, /2019.07.01-2021.07.01 хүртэл/ зээлийн хүү 3,577,072 төгрөг /2022.07.02-2022.04.01 хүртэл/, нэмэгдүүлсэн хүү 395,165.49  төгрөг, нийт 23,984,422.18 төгрөг,   

20180530/011 тоот гэрээний дагуу 28,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээл 25,454,546 төгрөг, зээлийн хүү 22,559,933.65 төгрөг, /2019.08.08-2021.06.03 хүртэл/, зээлийн хүү- 9,104,842.96 төгрөг, /2021.06.04-2022.04.01 хүртэл/, нэмэгдүүлсэн хүү- 856,102.31 төгрөг, нийт 57,975,424.92 төгрөг, бүгд 81,959,846.86 төгрөгийг нэхэмжлэгч “Херо финанс ББСБ” ХХК-д төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

           а. Дээрх 2 зээлийн хүүг “Херо финанс ББСБ”-ын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжилсэн дүнг санхүүгийн зохицуулах хороогоор шалгуулахад 3,523,223.37 төгрөг илүү нэхэмжилсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн нийт 13,652,802.73 төгрөгийг зээлийн хүүг нэмж нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг бид хүлээн зөвшөөрөхгүй байхад уг шүүх нь хүүг дахин Санхүүгийн зохицуулах хороогоор дүгнүүлэхгүйгээр  хүү шууд тооцож төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

           б. Цар тахлын үеийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгуулах / Санхүүгийн зохицуулах хороогоор зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дахин хянуулж ашигт малтмал олборлолт хаасан үеэс /МУЗГазрын тогтоолын баримттай/ эхлэн ковидын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссон үеийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцуулах/

           в. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хүүг хасуулах,

           Бид дээрх зээлүүдээс №БЗГ-20171227/021 тоот гэрээний үндсэн зээл 10,000,001.45 төгрөг, №БЗГ-20180530/011 тоот гэрээний үндсэн зээл 25,454,546.00 төгрөг, нийт 35,454,547.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

           Бусад үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй ба тухайн үед буюу ковидын улмаас үйл ажиллагаа бүрэн зогссоноос төлөх боломжгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрээс 46,505,299.41 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “Херо финанс ББСБ” ХХК нь хариуцагч нараас нийт 72,801,155.51 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн 000051360 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003001139 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол 16-41 тоот 2 өрөө орон сууц, ******* улсын дугаартай камаз маркийн ачааны автомашиныг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 13,652,802.73 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 86,453,958.24 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 35,454,547.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, “зээлийн гэрээнд заасны дагуу гэрээгээ цуцлах байтал намайг хууран мэхэлж хугацаа нь дуусах болоогүй байсан гэрээг 36 сар болгож өөрчилсөн гэж 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “Херо финанс ББСБ” ХХК нь хариуцагч *******, ******* нартай  2017 оны 12 сарын 27-ны өдрийн БЗГ-20171227/021 тоот барьцаат зээлийн гэрээгээр 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018 оны 05 сарын 30-ны өдөр БЗГ-20180530/011 тоот барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ -ээр улсын бүртгэлийн Ү-2003001139 тоот дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* 2 өрөө орон сууц, ******* улсын дугаартай, 5897 арлын дугаар бүхий Kamaz маркийн ачааны машин тус тус барьцаалан 28,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, улмаар 2018 оны 11 сарын 16-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан дээрх 2 зээлийн хугацааг тус бүр 36 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд хариуцагч ******* нь зээлийн гэрээ сунгах хүсэлт бичиж өгөөгүй гэж маргаж, улмаар бичгийн харьцуулсан шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргажээ.

5. Анхан шатны шүүх хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 1171 дугаартай шүүгчийн захирамжаар “...шүүх хуралдаан дээр хариуцагч ******* нь *******ийн өмнөөс 2018 оны 10 дугаар сард зээлийн гэрээ  сунгах хүсэлтийг гаргасан гэж тайлбар гаргасан тул шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагч нар нь нэхэмжлэгч ББСБайгуулагаас тооцсон зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүүг хүлээн зөвшөөрнө гэж маргасан гэх үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилсон байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу шинжээч томилж, дүгнэлт гаргуулах асуудлыг хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсвэл шүүхийн санаачлагаар шийдвэрлэх асуудал бөгөөд Хэргийн 1-р боть  140-142-р талд авагдсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1171 тоот шүүгчийн захирамжаас үзэхэд хариуцагч нарыг зээлийн хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан гэж тодорхойлж бичсэн боловч талууд шүүх хуралдаан дээр зээлийн тооцооллыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, маргасан болохыг тодруулах гэтэл 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэрэгт авагдаагүй байна.

а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т  “хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж хуульчилснаас үзвэл шүүх хуралдааны тэмдэглэл нь хавтаст хэрэгт заавал авагдсан байх учиртай.

7. Мөн  хариуцагч ******* нь  зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг өөрөө бичиж өгөөгүй тул уг бичвэрийн харьцуулсан шинжилгээг хийлгэх хүсэлт гаргасан байтал хариуцагч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр “*******ийн өмнөөс “Херо финанс ББСБ” ХХК-нд 2018 оны 10 дугаар сард зээлийн гэрээг сунгах хүсэлтийг гаргасан” гэх тайлбарыг үндэслэн шинжээч томилж, гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. 

8. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  06 дугаар сарын 15-ны өдрийн 925 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,476 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

       

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.БАЙГАЛМАА

                                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА

                                                    ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ