Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1231

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01074 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ХБ” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 62 267 432 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оргилбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Содном-Иш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Ч 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 94 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийх зорилгоор “ХБ” ХХК-аас зээлсэн.

Б.Ч уг гэрээний батлан даагчаар орсон. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч Ө.Ч нас барсан. Нас барах хүртлээ нийт 100 000 000 орчим төгрөг эргэн төлсөн ба үлдсэн төлбөр нь 58 000 000 төгрөг байдаг.

Ө.Ч нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Чнь эдийн засаг, санхүүгийн хувьд энэ өндөр дүнтэй зээлийн гэрээг төлж барагдуулах боломжгүй болсон.

Тэрээр одоогийн байдлаар бичиг хэрэг, архивын ажилтай, сард 650 000 төгрөгийн цалинтай, бага насны охинтойгоо амьдардаг.

Зээлийн гэрээний үүрэгт  хамтран хариуцагч тул Б.Ч29 377 880 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг үндсэн зээлдэгчийн өв залгамжлагч тогтоогдсоны дараа шаардах эрх нь “ХБ” ХХК-д нээлттэй байгаа.

Зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар зээлийн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 01928 тоот захирамж дээр зээлийн эргэн төлөлтийг зогсоосон байгаа тул энэ хугацаанаас хойш зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах нь үндэслэлгүй.

Барьцааны гэрээг зөвхөн Ө.Чбайгуулсан. Ө.Чнас барснаар түүний өв залгамжлагч тодорхойлогдоогүй тул эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд өмчлөгчгүй байгаа. Иргэний хуульд хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, мөн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэсэн заалт байдаг. Ө.Ч-ийн өв залгамжлагч тодорхойгүй тул барьцааны хөрөнгөөр хангуулах үндэслэлгүй.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29 377 880 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг цуцлахыг дэмжиж байгаа.

Зээлдэгч Ө.Ч болон Б.Ч нар “ХБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 14/267 тоот зээлийн гэрээ байгуулж, 94 000 000 төгрөгийг 84 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй зээлж, барьцаа хөрөнгөнд Ү-22010 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 22 дугаар гудамж, 06 тоот хаягт байрлах 192 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн хаягт байрлах Г-22010 дугаартай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалсан.

Нэхэмжпэгч Б.Ч-ээс зээлийн гэрээг цуцлахтай холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 58 755 763.36 төгрөг, үндсэн хүү 3 465 593.15 төгрөг, нэмэгдүүлсэн 46 075.65 төгрөг, нийт 62 267 432.16 төгрөг зээлдэгч Б.Чулуунцэцэгээс шаардаж байна.

Учир нь зээлийн гэрээнд зээлдэгч Ө.Ч, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ч гэж тусгасан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчтэй адил эрх үүрэг хүлээнэ гэж заасан.

Зээлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийг цаашид төлөх санхүүгийн боломжгүй, үндсэн зээлдэгч нь нас барсан гэсэн шалтгаанууд зээлийн үлдэгдэл төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өвийн хувьд Ө.Ч нас барахаас өмнө тухайн үл хөдлөх хөрөнгүүд “ХБ” ХХК-ийн барьцаа хөрөнгөд бүртгэгдсэн, Улсын бүртгэлд барьцааны хөрөнгүүдийг бүртгүүлсэн. Тухайн эд хөрөнгийн өвлөгч хэн байхаас үл хамаараад үүргийн гүйцэтгэлд хамааруулах боломжтой.

Иймд 62 267 432 төгрөг зээлдэгч Б.Ч ээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар “ХБ” ХХК, Ө.Ч нарын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-14/267 тоот зээлийн гэрээг цуцалж,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ч ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 59 019 569.85 төгрөгийг гаргуулж “ХБ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 247 862.31 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Ү-22010 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 22 дугаар гудамж, 06 тоот хаягт байрлах 192 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн хаягт байрлах Г-22010 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 539 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХБ” ХХК-иас 453 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч т олгож, Б.Ч ээс 453 048 төгрөгийг гаргуулж “ХБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар хангаж шийдвэрлэсэн нь бүхэлдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой байсан. Учир нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч Д.Чт холбогдолгүй байхад анхан шатны шүүх хүчээр хэргийг шийдвэрлэсэн.

Д.Ч нь ЗГ- 14/267 дугаартай зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч БГ-14/267 дугаартай барьцааны гэрээний нэг тал биш. Гэрээний эрх зүйд үүргийн харьцангуй байх зарчим буюу зөвхөн гэрээний нөгөө талаас үүргийн гүйцэтгэлийг шаардах зарчим үйлчилдэг.

Энэ талаар шүүх хуралдаанд удаа дараа тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тэмдэглээгүй, хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага нарангийн 22-р гудамж, 06 тоот, хаягт байршилтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 192.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө болон 700 м.кв талбай бүхий газрын өмчлөгч нь Ө.Чагсан болох нь Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог.

Ө.Ч 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан бөгөөд өв нэгдэх хугацаа дуусаагүй.

Түүний нэгдүгээр зэргийн гурван өвлөгч эхнэр, хүү, охин нар юм. Гэтэл шүүх тэдгээр өвлөгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөх шийдвэрийг гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Ч хариуцагч “ХБ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 62 267 432 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

ХБ болон Ө.Ч, Д.Ч нар 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-14/267 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нь 94 000 000 төгрөгийг 84 сарын хугацаатай, жилийн 23.4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан байна.   /хх 5-14/

 

Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.Чийг тодорхойлсон ба тэрээр уг гэрээнд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар тэрээр зээлдэгч Ө.Ч хамт хамтран үүрэг гүйцэтгэгч мөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд “ХБ” ХХК болон Ө.Ч, Д.Ч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар  зээлийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ө.Ч2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсныг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний бүртгэлд бүртгэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ч нь зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлснийг илэрхийлж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “ХБ” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч зээлийн гэрээ цуцалсантай холбогдуулж, зээлийн гэрээний үүргийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан. Үүнд үндсэн зээл 58 755 763 төгрөг, зээлийн хүү 3 465 593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 075 төгрөг нийт 62 267 432 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч тодорхойлсон.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлдэгчийн үүргийг тодорхойлж үндсэн зээл 58 755 763 төгрөг, зэлийн хүү 263 806 төгрөг нийт 59 019 569 төгрөгийг нэхэмжлэгч Д.Чээс гаргуулж хариуцагч “ХБ” ХХК-д олгосон, энэ шийдвэрт талууд давж заалдах гомдол гаргаагүй.

 

Барьцааны гэрээг “ХБ” ХХК болон Ө.Чнар  2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулж,  дээрх дурдсан зээлийн барьцаанд Ө.Чийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220101 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 22 дугаар гудамж, 06 тоот хаягт байрлах 192 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-220100 дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг  барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар Ө.Чулуун-Эрдэнийн нас барсан өдөр болох 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өв нээгдсэн бөгөөд мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан өв залгамжлагч нарт өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн хугацаанаас хойш 1 жил өнгөрсний дараа олгох бөгөөд уг хугацаа дуусаагүй байна. Иймд нас барагчийн өвийг хүлээн авсан өвлөгч тодорхой бус тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч ХБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргах үндэслэлгүй гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад Д.Чийн нэрийг орхигдуулсан болон хариуцагчийн нэрийг буруу бичсэнийг залруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ын өдрийн 183/ШШ2019/01074 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “ХБ" ХХК, Ө.Чнарын” гэснийг “ХБ”ХХК, Д.Ч, Ө.Чнарын” гэж өөрчилж,

3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Д.Ч холбогдох барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “ХБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4 дэх заалтыг “3” гэж, 5 дахь заалтыг “4” гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ИЧИНХОРЛОО

                                                         

                              ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА