Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01074

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр                  Дугаар 183/ШШ2019/01074                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ...... тоотод оршин суух, Д.Ч /РД:..... /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..... тоот хаягт байрлах, Х ХХК /РД: ...../-д холбогдох,

ЗГ-14/267 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 62,267,432.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 14/267 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай, анх зээлийн гэрээг 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан. 94,000,000 төгрөгийг хөрөнгө оруулах зорилгоор Хнаас авсан. Үндсэн зээлдэгч нь иргэн Ө.Ч гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тухайн зээлдэгч зээлсэн хөрөнгийг өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор авсан. Энэ зээлийн гэрээний төлөлтийг өөрийн олсон орлогоор буцааж төлдөг байсан. Б.Ч энэ гэрээний батлан даагчаар орсон. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч Ө.Ч нас барсан. Нас барах хүртлээ нийт 100,000,000 орчим төгрөг эргэн төлж байсан. Үлдсэн төлбөр нь 58,000,000 төгрөг, Ө.Ч нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ч нь эдийн засаг санхүүгийн хувьд энэ өндөр дүнтэй зээлийн гэрээг төлж барагдуулах боломжгүй болсон. Тэрээр одоогийн байдлаар бичиг хэрэг, архивын ажилтай, сард 650,000 төгрөгний цалинтай, бага насны охинтойгоо хамт амьдардаг. Ийм учраас энэ зээлийг төлж барагдуулах боломжгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж заасан байдаг. Хүндэтгэн үзэх шалтгаан нь тухайн зээлийг Ө.Ч орлогыг үндэслээд анх олгосон боловч энэ хүн нь нас барсан. Зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Чт эдийн засгийн хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзсэн, хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн зөвшөөрсөн учраас энэ гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүссэн болно” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа, нэхэмжпэгч нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг цуцлахыг дэмжиж байсан” гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч Ө.Ч болон Б.Ч нар Хтай 2014 оны 12 дугаар сарынх 04-ний өдөр 14/267 тоот зээлийн гэрээ байгуулж, 94,000,000 төгрөгийг 84 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй зээлж, барьцаа хөрөнгөнд Ү-2201013718 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 22 дугаар гудамж, 06 тоот хаягт байрлах 192 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн хаягт байрлах Г-2201000099 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Нэхэмжпэгч Б.Чийн зүгээс зээлийн гэрээг цуцлахтай холбогдуулан гэрээг цуцлах хүртэлх хугацааны төлөгдөөгүй үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах хүсэлтэй байна. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 58,755,763.36 төгрөг, үндсэн хүү 3,465,593.15 төгрөг, нэмэгдүүлсэн 46,075.65 төгрөг, нийт 62,267,432.16 төгрөг зээлдэгч Б.Чээс шаардаж байна. Шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан байдаг. Мөн хамгийн гол нотлох баримт бол зээлийн гэрээ, зээлийн хүсэлт, эдгээр баримтууд дээр зээлдэгч Ө.Ч, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ч гэж заасан. Эдгээр баримтууд дээр Б.Ч өөрөө гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчтэй адил эрх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Зээлийн үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийг цаашид төлөх санхүүгийн боломжгүй, үндсэн зээлдэгч нь нас барсан гэсэн шалтгаанууд зээлийн үлдэгдэл төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн барьцаа хөрөнгөнд 2 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Хны зүгээс зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргаж үүнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд Хны нэхэмжилсэн 62,267,432.16 төгрөг зээлдэгч Б.Чээс гаргуулж өгнө үү. Мөн хэрэгт зээлийн карт хавсаргасан байгаа. Энэхүү картаар нэхэмжпэгчийн төлсөн төлөлт, огноо нар харах боломжтой, зээлийн үлдэгдэл төлбөрийг хамтран хариуцагч Б.Ч төлөх үүрэгтэй. Зээлийн тооцооны хувьд зээлийн гэрээ жилийн 23.4 хүү хувь гэж тооцож, 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан байдаг. Өвийн хувьд Ө.Ч нас барахаас өмнө тухайн үл хөдлөх хөрөнгүүд Хны барьцаа хөрөнгөнд бүртгэгдсэн, Улсын бүртгэлд барьцааны хөрөнгүүдийг бүртгүүлсэн. Тухайн эд хөрөнгийн өвлөгч хэн байхаас үл хамаараад үүргийн гүйцэтгэлд хамааруулах боломжтой” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан. Иргэний хуулийн 201-д стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан. Энэ заалтыг үндэслэх юм бол зээлийг хэн хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байна. Зээлдэгч болон хамтран хариуцагч нар хоёулаа 94,000,000 төгрөг төлөх юм шиг адил эрх үүрэг хүлээнэ гэдэг нь тодорхойлох боломжгүй тул үүргийг тэнцүү хуваах ёстой. Иймд Б.Ч 29,377,880 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг үндсэн зээлдэгчийн өв залгамжлагч тогтоогдсоны дараа шаардах эрх нь Хинд нээлттэй болно. Зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар зээлийн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 01928 тоот захирамж дээр зээлийн эргэн төлөлтийг зогсоосон байгаа тул энэ хугацаанаас хойш зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Барьцааны гэрээ Иргэний хуульд зааснаар үүргийн харьцангуй байх зарчим буюу гэрээний талууд үйлчлэх зарчим үйлчлэнэ. Барьцааны гэрээг зөвхөн Ө.Ч байгуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй байсан, хариуцагч Ө.Ч нас барсанаар түүний өв залгамжпагч тодорхойлогдоогүй тул эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд өмчлөгчгүй байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 4.2-т барьцаалуулагч нь гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулсан иргэн байна, мөн хуулийн 9 дүгээр зүйлд барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй. Мөн хуулийн 88.2-т хууль буюу гэрээгээр өв болон эрх залгамжлах, түүнчлэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны улмаас барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд нь тухайн гэрээгээр барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна гэж тус тус заасан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531,2-т хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасан. Иймд Ө.Чөв залгамжлагч тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны хөрөнгөөр хангуулах үндэслэлгүй, харин сөрөг нэхэмжлэлээс 29,377,880 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь ЗГ-14/267 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 62,267,432.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл тус тус гаргажээ.  

 

Хариуцагч Х үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, харин нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд Х, Ө.Ч нарын хооронд 2014.12.04-ний өдөр ЗГ-14/267 тоот зээлийн гэрээ, мөн өдөр БГ-14/267 тоот барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд 94,000,000 төгрөгийг 84 сарын хугацаатай, сарын 23.4 хувийн хүүтэй зээлж, барьцаа хөрөнгөнд Ү-2201013718 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 22 дугаар гудамж, 06 тоот хаягт байрлах 192 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн хаягт байрлах Г-2201000099 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна.

 

 Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч нь 94,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв. 

 

           Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Чгарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхойлсон, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”,  242.2-т “хамтран хүлээх  үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж тус тус заажээ.

 

        Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “барьцааны гэрээг бичгээр байгуулах”, 156.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн шаардлагад нийцсэн байна.

 

       Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан байна.

            Х ХХК зээлийн гэрээний үүрэгт 2019.03.28-ны байдлаар тооцож,  үндсэн зээлд 58,755,763.36 төгрөг, зээлийн хүүд 3,465,593.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 46,075.65 төгрөг нийтдээ 62,267,432.16 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шаардсан боловч нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийг шүүхэд гаргасанаас хойшхи тооцсон зээлийн хүүг хасч болохыг шүүх хуралдааны явцад тайлбарласан тул үндсэн зээлийн үлдэгдэл 58,755,763.36 төгрөг, зээлийн бүртгэлий картыг үндэслэн 2019.01.02-ны байдлаарх зээлийн хүүд 263,806.49 төгрөгийг нэмж нийтдээ 59,019,569.85 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

           Зээлдэгч Ө.Ч, Б.Чнар нь 1992.12.05-нд гэр бүл болсоныг 1994.02.28-нд иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэсэн, зээлдэгч Ө.Ч 2018.10.29-нд эмнэлэгт нас барсныг 2018.10.30-нд  бүртгэсэн гэрчилгээнүүд тус тус хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Чзээлийн төлбөрийг төлөх боломжгүй байдал үүссэн гэх үндэслэлээр Хтай байгуулсан 2014.12.04-ний өдрийн ЗГ-14/267 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэсэн заалтыг үндэслэсэн байх боловч энэ нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна”, зээлийн гэрээний 4.3-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заасны дагуу Д.Чулунцэцэгийг хариуцагчаар татаж, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү  төлүүлэхээр шаардсан нь үндэсэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон       

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Х, Ө.Ч нарын хооронд байгуулсан 2014.12.04-ний өдрийн ЗГ-14/267 тоот зээлийн гэрээг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Чээс зээлийн гэрээний үүрэгт нийт 59,019,569.85 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,247,862.31 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Ү-2201013718 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 22 дугаар гудамж, 06 тоот хаягт байрлах 192 м.кв талбай бүхий хувийн орон сууц, мөн хаягт байрлах Г-2201000099 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 539,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 453,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Чт олгож, Б.Чээс 453,048 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                          

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ