Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2023/00172

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2023/00172

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01600/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байр, ** тоотод оршин суух, утас: 99******, ЧЛ67****** регистрийн дугаартай, Д овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 13 дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 99******, ТЯ77****** регистрийн дугаартай, Бовогт Д.Н-д холбогдох,

Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /цахимаар/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б /цахимаар/,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Д.Б нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаарт бүртгэгдсэн 10а байрны ** тоот орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон №00069**** тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна. Тухайлбал, Д.Б дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн барилгын компани болох Л************** ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Бгийн эрхийг зөрчсөөр байсан тул Д.Б шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл Д.Н гэх хүн Д.Бгийн өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, уг орон сууцанд амьдран сууж байгаагийн улмаас Д.Б өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна. Мөн Д.Н нь Д.Бгийн өмчлөлийн дээрх орон сууцны улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003****** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж, Д.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Д.Нийг Д.Бгийн хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, 10а байр, ** тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой харилцааг иргэний хуулиар зохицуулсан байдаг. Хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч Д.Б хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Маргаантай холбогдуулж захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие нь Л************** ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 0**-тоот Орон сууц захиалах барих тухай гэрээг байгуулсан бөгөөд мөн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ажил үүрэг гүйцэтгэх гэрээг давхар байгуулсан. Манай тал уг гэрээнд заасан үүргээ бүрэн хүлээсэн бөгөөд тус гэрээний 2.2-т заасны дагуу /1.8-т заасан төлбөрийг захиалсан тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцны холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ/. Мөн тус гэрээний 3.2-т заасан /гүйцэтгэгчийн дансанд 100% төлбөр орж ирсний дагуу өмчлөх эрхийг захиалагч талд шилжүүлнэ/. Тус заалтуудыг үндэслэн иргэн Д.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь тус орон сууцны барилгын ажилд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 3 жил 6 сарын хугацаанд авто кранаар тус орон сууцны 2 блок барилгын 5-9 дүгээр давхар хүртэлх барилга угсралтын ажил болон шаланз машинаар барилгын материал бас бус зүйлсийг татан тээвэрлэх ажлыг тус тус гүйцэтгэсэн. Энэ хугацаанд машин механизмын засвар үйлчилгээ, түлш шатахуунд зарцуулсан зардлыг 100% өөрөөсөө гарган, хүч хөдөлмөр цаг хугацаагаа зарцуулан ажиллаж дуусгасан. Уг ажлыг хүрээнд Л************** ХХК-тай байгуулсан бартерын гэрээний үнийн дүн болох 85,000,000 төгрөгийг бүрэн барагдуулж дууссан. Иймд миний бие Л************** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шударга эзэмшигч мөн болно. Нэхэмжлэл гаргасан Д.Б гэх иргэнийг урьд өмнө нь харж байгаагүй, харьцаж зээгүй, танихгүй бөгөөд уг Орон сууц захиалгаар барих гэрээ болон Ажил үүрэг гүйцэтгэх гэрээг зөвхөн Л************** ХХК-тай байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Одоогоор тус байранд миний өндөр настай ээж, аав болон дүү маань 3 бага насны хүүхдийн хамт амьдарч байгаа. Миний бие өөрөө Улаанбаатар хотод гэр бүлийн хамт түрээсийн орон сууцад амьдарч байна. Хэрэв тус байрын чөлөөлөх тохиолдолд миний 3 жил 6 сарын хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг хэн барагдуулах вэ? Энэ хохирлыг барагдуулаагүй тохиолдолд уг байрыг чөлөөлж өгөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч маргаан бүхий байрыг цаг хугацааны хувьд гэрээ байгуулж төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн болох нь тооцоо нийлсэн актаас харагдаж байна. Маргаан бүхий байрны төлбөрийг Д.Н төлсөн. Д.Б болон Л************** ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож гэрээ байгуулах үед мэдэж байсан. Д.Б 2,5 тэрбум төгрөгийг гаргуулах талаар шүүхэд хандаж шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүрдэл хэсэгт иргэний хууль хэрэгжинэ гэж тусгаж өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэний эрх зүйн харилцаа үүсдэг. Төгрөгөөр гаргах нэхэмжлэлийг Л************** ХХК 44 айлын орон сууцны үнээр шилжүүлэн өгөхөөр тохирсон байдаг. Д.Б ** тоотод хүн амьдарч байгааг мэдэж байсан. Д.Б хүн амьдарч байсан гэдгийг мэдэж байсан нь иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасны дагуу Д.Бг өмчлөгч биш гэж үзэж болно. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зөрүүтэй болохыг мэдэж байсан бол шударгаар өмчлөх эрхийг олж аваагүй болох нь тогтоогддог. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн талуудын тэмдэглэлд илэрхий харагддаг. Тухайн тэмдэглэлд бид байранд хүмүүс амьдарч байгааг мэдэж байна. Байрыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авна. Гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд хариуцан гэж хэлэлцэн тохиролцон талууд хэлцлийг байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн хэлцэл гэж үзнэ. Д.Б бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бус этгээдтэй гэрээ байгуулсан. Маргаан бүхий байрны өмчлөгч нь Д.Н мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Л************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Л************** ХХК-тай 01 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Д.Б хөрөнгө оруулалтын гэрээгээр Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг 13-р хороолол баригдаж байсан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцанд тэргүүн ээлжид ашиг авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Н нь 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Л************** ХХК-тай 0** тоот орон сууц захиалан бариулах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээг давхар байгуулсан байдаг. Анхдагч нь хариуцагч Дашдоржийн Н болох нь тодорхой байна. Д.Б ** тоотод хүн амьдарч байсныг мэдэж байсан. Д.Нийн авто кран байхгүй байсан бол барилга босохгүй байсан. Д.Нийг дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 3 дахь тал/, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 4 дэх тал/, итгэмжлэл /хавтаст хэргийн 5 дахь тал/, үлд хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-200****** дугаарт бүртгэлтэй 00069**** дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, А.Л, Д.Б нарын иргэний үнэмлэх, Л************** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 11, 16, 20, 23 дахь тал/, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 19 дэх тал/, Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 21-22 тал/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/0**** дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний дөрийн ** дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 26-35 дахь тал/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 36-39 дэх тал/, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны *** дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 40 дэх тал/, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШЗ2022/0**** дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1*** дугаартай шийдвэр /хавтаст хэргийн 52-57 дахь тал/ зэргийг,

Хариуцагч нь хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтаар иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 69 дэх тал/, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Ажил үүрэг гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 70 дахь тал/, Л************** ХХК, кран Нтой Орон сууц захиалгаар авах бартерын гэрээний дагуу краны ажилласан цагийн бүртгэл болон тээврийн зардлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 71-75 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Нид холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр, ** тоотод байрлах, Ү-2003****** улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

2. Хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Д.Б нь Л************** ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлах, Л************** ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 1500 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос ашиг авах, гүйцэтгэгч тал нь хөрөнгө оруулагч талын оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг буцаан өгөхөөр харилцан тохиролцсон ба гэрээний хугацааг сунгасан байна. /хавтаст хэргийн 7-23 дахь тал/

3. Улмаар гүйцэтгэгч тал дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Д.Б нь Л************** ХХК-д холбогдуулан 3,000,000,000 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр өргөдөл гаргагч Д.Б нь алданги болох 500,000,000 төгрөгөөс татгалзаж, уригдсан тал Л************** ХХК нь үлдэх 2,500,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/0**** дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Л************** ХХК нь өөрийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн Д.Бгийн төлбөрт нийт 44 айлын орон сууцыг өгөх байрны жагсаалт гарч А блокоос маргаан бүхий ** тоот, 71,46 мкв, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 972,850 төгрөгөөр нийт 69,519,861 төгрөгөөр тооцож шилжүүлэхээр хөрөнгийн үнэлгээ тогтоож, улмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байна. /хавтаст хэргийн 101-113 дахь тал/

5. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх хүсэлтийн дагуу А блокоос маргаан бүхий ** тоот, 71,46 мкв, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /хавтаст хэргийн 6 дахь тал/

6. Хариуцагч Д.Н нарын нэр бүхий иргэд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн Д.Бгийн нэр дээр гэрчилгээ олгосон Ү-2003******, Ү-2003****** дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн **, **, **, ** тоотууд, 10Б блокийн **, **, **, ** тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16/20** дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай хэргийг Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ** дугаартай шийдвэрээр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 26-35 дахь тал/

7. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ** дугаартай магадлалаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хавтаст хэргийн 36-39 дэх тал/

8. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1** дугаартай тогтоолоор нэхэмжлэгч О.О-ийн өмгөөлөгч Л.С, нэхэмжлэгч Д.Н, Я.Б, П.Т нарын өмгөөлөгч Л.О, нэхэмжлэгч Л.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. /хавтаст хэргийн 40 дэх тал/

9. Д.Нийн Л************** ХХК-д холбогдуулан маргаан бүхий 10а блокийн ** тоот, 71.46 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1*** дугаартай шийдвэрээр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 52-57 дахь тал/

10. Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг ...тус орон сууцны барилгын ажилд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 3 жил 6 сарын хугацаанд автокранаар тус орон сууцны 2 блок барилгын 5-9 давхар хүртэлх барилга угсралтын ажил болон шланз машинаар барилгын материал, бас бус зүйлсийг татан тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд машин механизмын засвар үйлчилгээ, түлш шатахуунд зарцуулсан зардлыг 100% өөрөөсөө гарган, хүч хөдөлмөр цаг хугацаагаа зарцуулан ажиллаж дуусгасан. Уг ажлын хүрээнд Л************** ХХК-тай байгуулсан бартерын гэрээний үнийн дүн болох 85,000,000 төгрөгийг бүрэн барагдуулж дууссан. Иймд миний бие Л************** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шударга эзэмшигч, нэхэмжлэл гаргасан Д.Б гэх иргэнийг урьд өмнө нь харж байгаагүй, харьцаж үзээгүй, танихгүй бөгөөд уг Орон сууц захиалгаар барих гэрээ болон Ажил үүрэг гүйцэтгэх гэрээг зөвхөн Л************** ХХК-тай байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

11. Хариуцагч нь татгалзалтай холбогдуулан Л************** ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Орон сууц захиалгаар авах бартерийн гэрээний дагуу краны ажилласан цагийн бүртгэлүүдийг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 71-75 дахь тал/

12. Хариуцагчаас ирүүлсэн дээрх баримтууд болон хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1074 дугаартай шийдвэрээр Д.Н, Л************** ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан, улмаар талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж ажлын нийт хөлсийг орон сууцны үнэд суутгахаар тохирсон байна. Дээрх хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Л************** ХХК нь Д.Нийг тухайн орон сууцны өмчлөгч мөн болох талаар зөвшөөрч байгаа боловч үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үйл баримт баримт тогтоогдож, Д.Бгийн нэр дээр бичигдсэн улсын бүртгэл хүчинтэй үндэслэлээр Д.Нийн гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр, ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй ба хариуцагч Д.Нийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч буюу шударга эзэмшигч гэж үзэхээргүй байна.

13. Харин хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.Б болох нь тогтоогдож байх тул өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр, ** тоот орон сууцыг хариуцагч Д.Нийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Д.Нийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр, ** тоот орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ноос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА