Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 209/МА2023/00038

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн 135/ШШ2023/00172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцнаас албадан гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон №******* тоот гэрчилгээний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай 10а байрны 47 тоот орон сууцыг өмчилж байна.

******* дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн “*******” ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч *******гийн эрхийг зөрчсөөр байсан тул ******* шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл ******* гэх хүн *******гийн өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, уг орон сууцанд амьдран сууж байгаагийн улмаас ******* өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна.

Мөн ******* нь *******гийн өмчлөлийн дээрх орон сууцны улсын бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж, *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд *******ийг *******гийн хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, Ласти таун хотхон, 10а байр, 47 тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нь “*******” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 039-тоот Орон сууц захиалах барих тухай гэрээг байгуулсан бөгөөд мөн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ажил үүрэг гүйцэтгэх гэрээг давхар байгуулсан.

Манай тал уг гэрээнд заасан үүргээ бүрэн хүлээсэн бөгөөд тус гэрээний 2.2-т заасны дагуу /1.8-т заасан төлбөрийг захиалсан тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцны холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ/. Мөн тус гэрээний 3.2-т заасан /гүйцэтгэгчийн дансанд 100% төлбөр орж ирсний дагуу өмчлөх эрхийг захиалагч талд шилжүүлнэ/. Тус заалтуудыг үндэслэн иргэн *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие нь тус орон сууцны барилгын ажилд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх 3 жил 6 сарын хугацаанд авто кранаар тус орон сууцны 2 блок барилгын 5-9 дүгээр давхар хүртэлх барилга угсралтын ажил болон шаланз машинаар барилгын материал бас бус зүйлсийг татан тээвэрлэх ажлыг тус тус гүйцэтгэсэн. Энэ хугацаанд машин механизмын засвар үйлчилгээ, түлш шатахуунд зарцуулсан зардлыг 100 хувь өөрөөсөө гарган, хүч хөдөлмөр цаг хугацаагаа зарцуулан ажиллаж дуусгасан. Уг ажлыг хүрээнд “*******” ХХК-тай байгуулсан бартерын гэрээний үнийн дүн болох 85,000,000 төгрөгийг бүрэн барагдуулж дууссан.

Иймд миний бие “*******” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шударга эзэмшигч мөн болно. Нэхэмжлэл гаргасан ******* гэх иргэнийг урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй бөгөөд уг Орон сууц захиалгаар барих гэрээ болон Ажил үүрэг гүйцэтгэх гэрээг зөвхөн “*******” ХХК-тай байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй. Одоогоор тус байранд миний өндөр настай ээж, аав болон дүү маань 3 бага насны хүүхдийн хамт амьдарч байгаа.
            Миний бие өөрөө Улаанбаатар хотод гэр бүлийн хамт түрээсийн орон сууцад амьдарч байна. Хэрэв тус байрын чөлөөлөх тохиолдолд миний 3 жил 6 сарын хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг хэн барагдуулах вэ энэ хохирлыг барагдуулаагүй тохиолдолд уг байрыг чөлөөлж өгөхгүй гэжээ.

3. Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “*******” ХХК-тай 01 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. ******* хөрөнгө оруулалтын гэрээгээр Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг 13-р хороолол баригдаж байсан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцанд тэргүүн ээлжид ашиг авахаар тохиролцож гэрээ байгуулсан.

Хариуцагч ******* нь 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “*******” ХХК-тай 036 тоот орон сууц захиалан бариулах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээг давхар байгуулсан байдаг. ******* нь 47 тоотод хүн амьдарч байсныг мэдэж байсан. *******ийн авто кран байхгүй байсан бол барилга босохгүй байсан. Хариуцагч *******ийг дэмжиж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр, 47 тоот орон сууцыг албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангавал үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хамтад нь шийдвэрлэх нь маргааныг түргэн шуурхай, шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөвөөр тодорхойлж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

            Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд нь нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамаарал бүхий шүүхийн шийдвэр.

Анхан шатны шүүх маргааныг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг өмчлөх эрх шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх... дахин нотлох шаардлагагүй гэж хуулийг буруу тайлбарласан.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.1-т заагдсан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх тул өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй учир бүртгэлийн үнэн зөв гэж үзэх хамгаалалт энэ тохиолдолд хамаарахгүй. Маргааны зүйлийн шүүх зөв тодорхойлж чадаагүй.

            Байрны эзэмшигч, өмчлөгч нар нь шаардах юм бол эрсдэлээ бүрэн хүлээх тухай харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байдаг тухай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлуулахад тусгайлан уншуулж судлуулсан боловч энэ үйл баримтад ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй өмчлөх эрх шилжүүлсэн харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.  Өмчлөх эрх олж авсан хэлцэл, үндэслэл, үйл баримтыг авч хэлэлцэлгүй зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн өмчлөгчөөр *******г томилж байгаа нь үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан. Хариуцагч *******ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

         2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            3.Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10а байр, 47 тоот орон сууцнаас *******ийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч ******* эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* нь анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй,   хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн харьцуулж үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэжээ.

Хэргээс судлан үзэхэд:

4. Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажилласан боловч тус компани нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол, 10А байрны 47 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон боловч тус орон сууцыг ******* хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан чөлөөлүүлнэ гэж, хариуцагч ******* нь “*******” ХХК-тай орон сууц захиалах барих тухай гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн, тус компанитай байгуулсан гэрээний дагуу шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх нь маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол, 10А байрны 47 тоот орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* болох нь тогтоогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй ба хариуцагч *******ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч буюу шударга эзэмшигч гэж үзэхээргүй байна гэж дүгнэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол, 10А байрны 47 тоот орон сууцыг албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Хариуцагчийн өмгөөлөгч ******* нь давж заалдах гомдолдоо“...******* нь “*******” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан өмчлөх эрх шилжүүлэх тухай хэлцэл хийхдээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол, 10А байрны 47 тоот үл хөдлөх хөрөнгийн захиалагч, өмчлөгч болохыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасны дагуу тодорхой мэдэж байсан тул тус хэлцлийг өмчлөгч биш этгээдтэй хийсэн гэж үзэж дээрх эд хөрөнгөнд ноогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, үр дагаврыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг хоорондоо тооцогдох харилцан шаардлага биш байна гэж хүлээн авахаас татгалзсан нь талуудын хооронд үүсэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй болохыг нотолж байна.

Анхан шатны шүүх маргааныг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг өмчлөх эрх шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудлыг шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж, дахин нотлох шаардлагагүй гэж хуулийг буруу тайлбарласан.
         
           Байрны эзэмшигч, өмчлөгч нар нь шаардах юм бол эрсдэлээ бүрэн хүлээх тухай харилцан тохиролцож, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байдаг тухай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлуулахад тусгайлан уншуулж судлуулсан боловч энэ үйл баримтад ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй өмчлөх эрх шилжүүлсэн харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэжээ.

6. Хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээс хариуцагчийн өмгөөлөгч *******гийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд:

6.1 Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлах, “*******” ХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1500м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууц худалдан борлуулснаас олсон орлогоос ашиг авах, гүйцэтгэгч тал нь хөрөнгө оруулагч талын оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж буцаан өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг сунгасан болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 7-23 /

“*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ******* нь Хан-Уул дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж талууд эвлэрлийн гэрээ байгуулж тус гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаартай захирамжаар баталгаажуулсан байна. /хх-ийн 24-25/

“*******” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн *******гийн төлбөрт 44 айлын орон сууцыг өгөх байрны жагсаалт гарч , А блокоос маргаан бүхий 47 тоот орон сууцыг шилжүүлэхээр тогтож, нэхэмжлэгч *******гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2******* дугаартай гэрчилгээ олгож, өмчлөгч болжээ. /хх-ийн 6, 101-104/

Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримт болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзнэ.

6.2 Хариуцагч ******* нь “*******” ХХК-тай байгуулсан орон сууц захиалах барих тухай гэрээний 2.2-т  “1.8-д заасан төлбөрийг захиалсан тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцны холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж, 3.2-т гүйцэтгэгчийн дансанд 100хувь төлбөр орж ирсний дагуу өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлнэ” гэж тус тус  заасны дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан тул маргаан бүхий байрны шударга эзэмшигч болсон гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар өмчлөгчөөр бүртгүүлээгүй байна.

 Хариуцагч ******* нь маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1074 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 52-57/

Мөн хариуцагч ******* нарын нэр бүхий иргэд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулан улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн *******гийн нэр дээр гэрчилгээ олгосон Y-2*******, Y-******* дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13, 14, 16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэргийг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 26-35/

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн 135/ШШ2023/00172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                      

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Я.ТУУЛ                                               

                                          ШҮҮГЧИД                                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                Г.МЯГМАРСҮРЭН