Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2023/00265

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2023/00265

Дархан-Уул аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01739/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 3 дугаар хэсэг, 10 дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 89******, ДН86****** регистрийн дугаартай, Х овогт Ө.Дийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багт байрлах, утас: 75******, 95******, 20***** регистрийн дугаартай, Д*********************** ТӨХК-д холбогдох,

Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай Ө.Дийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Д нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай Дийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил буюу тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ө.Д миний бие Д*********************** ТӨХК-ийн Т************ уурхайд баяжуулах үйлдвэрийн ээлжийн мастераар 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр анх ажилд орж түүнээс хойш шат дэвшин тасралтгүй 12 жил ажиллаж ирсэн. Үүнд Т************* уурхайд баяжуулах үйлдвэрийн ээлжийн мастераар 2010-2013 он хүртэл 3 жил, Т************* уурхайд баяжуулах үйлдвэрийн технологи инженерээр 2013-2018 он хүртэл 3 жил, Т************** уурхайд баяжуулах үйлдвэрийн технологийн инженерээр 2015-2017 он хүртэл 2 жил, Т************* уурхайд уурхайн даргаар 2018-2020 он хүртэл 2 жил, Үйлдвэр технологийн хэлтэст 2020-2022 он хүртэл 2 жил тус тус ажилласан. Тус үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт бусад холбогдох дүрэм журамд заасны дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэж ирсэн. 2022 оны 04 дүгээр сард Д*********************** ТӨХК-ийн удирдлага төрд шилжсэнээс хойш шахалт дарамт ихсэж дарга инженерүүдийг жижиг шалтаг шалтгаан гаргаж ажлаас үндэслэлгүй халж эхэлсэн. Гэтэл гэнэт намайг үндэслэлгүйгээр Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, намайг ажлаас халсан. Ажилгүй байх хугацааны цалинг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 22,300,217.183 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж байна. Миний нэг сарын дундаж цалин 3,222,113 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 153,433 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл дундаж цалин 15,957,212 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын дундаж цалин 3,544,324 төгрөг, жилийн үр дүнгийн нэмэгдэл 13 дэх сарын цалин 2,257,000 төгрөг, 2022 оны 10, 11, 12 сар KPI буюу урамшуулалт цалин нийт 8 хувиар тооцож 180,560 төгрөгийг 3 сараар үржүүлээд 541,680 төгрөг, нийт өнөөдрийн байдлаар 22,300,217 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.О нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Д***************************** ТӨХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай тушаалаар Ө.Дийг үйлдвэр технологийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд зөрчил гаргасан гэж үзэж ажлаас нь халсан. Үйлдвэр технологийн дарга 2022 оны 6 дугаар сарын 10-нд өөрийн ажил үүргээ гүйцэтгэсэн байсан. Үйлдвэрлэл технологийн хэлтэс төлөвлөгөө, төлөвлөлт гаргадаг хэлтэс. Бараа, материал татаж авах нь дараагийн нэгж хэсгийн ажил үүрэг. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа няцааж байгаа үндэслэл нь Ө.Д төлөвлөгөөг гаргаж өгөх байсан боловч гаргаж өгөөгүй амаар материал хэрэгтэй гэж хэлээд байсан гэж байна. Бичгээр гаргаж өгөх ёстой байсан гэсэн баримтаа нотлох баримтаар хариуцагч тал гаргаж өгөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй журмууд дээр бараа материалыг нэн яаралтай, яаралтай, энгийн гэж хуваасан байсан. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн бараа материал татаж авах жагсаалт дээр нэн яаралтай бараа материал байсан. Энэ нь Ө.Дийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Ө.Дийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж байгаа боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, нэмэлт гэрээ байгуулаагүй. Ноцтой зөрчил дээр үйлдвэрлэл технологийн даргын үүргийг чанаргүй гүйцэтгэсэн гэж Ө.Дийн үндсэн албан тушаалын хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тушаалд заасан үндэслэл шалтгаан хоорондоо тохирохгүй байна. Хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлтэй. Цалин хөлсийг хоёр янзаар тооцсон. 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл учир нь 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үндсэн цалин нь 10 хувиар нэмэгдсэн цалин нэмэгдэхээс өмнөх 6, 7, 8 сарын цалингийн дунджаар авсан. Хариуцагч талын тайлбар нь 6, 7, 8 сарын дунджаар авсан гэж тайлбарласан. Хариуцагч тал 18,492,272 төгрөг гэсэн цалин хөлсний задаргааг гаргасан. KPI, болон урамшуулалт цалин ороогүй байна гэж үзэж байна. 2022 оны 11, 12 сард бүх ажилчид KPI цалинг 8 хувиар тооцож авсан гэдэгт маргахгүй байна. KPI цалинг олгох үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Үйлдвэр технологийн хэлтсийн Металлургийн ахлах инженер Өлзийбатын Д нь Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд нь ажил үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа 2022 оны 8, 9 дүгээр сард шаардлагатай түүхий эд материалын жагсаалт гаргаж өгсөн ч үйлдвэрлэл зогсоход хүргэх аргоны массыг нэн тэргүүнд шаардлагатай гэж ангилж Худалдан авах ажиллагааны хэлтэс-т гаргаж өгөөгүй. 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын үйлдвэрлэл эхлэх үе Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдэж импортоор нийлүүлэгдэхэд их хугацаа ордог феррохром, электрод, гэх мэт материалуудыг удаа дараа цагийг нь тулгаж үйлдвэрлэл, тээвэрлэх хугацааг нарийн тооцоогүйн улмаас үйлдвэрлэлийн тасралтгүй жигд ажиллагаа тасалдахад хүргэж нийт 2050 тонн бэлдэц үйлдвэрлэх боломжгүй болгож, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг доголдуулсан байна. Үйлдвэр технологийн хэлтсийн Металлургийн ахлах инженер Ө.Д нь Үйлдвэрийн технологийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт 2.1.3-т ...Үйлдвэрлэлийн явцад шаардлагатай түүхий эд материал, сэлбэгийн захиалгыг урьдчилан төлөвлөх, танилцах, хянах, зааварчлах...,

Металлургийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолтын 1.2-т ...Материал түүхий эдээр тасалдуулахгүй явуулах нөхцөлийг хангуулах, технологийн түүхий эд материалын зарцуулалт, орц нормын гүйцэтгэлд хянах тавих, гүйцэтгэлийг хангуулж ажиллахад оршино... 2.2-т ...тухайн жилийн үйлдвэрлэлийг төлөвлөж, түүнд шаардлагатай материал түүхий эд, сэлбэг хэрэгслийн нөөц, татан авалтыг тооцон үйлдвэрлэлийг сааталгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, 3.4-т технологийн түүхий эд материалын зарцуулалт, орц, нормын гүйцэтгэлд хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах, Материал түүхий эдийн татан авалтыг төлөвлөж үйлдвэрлэлийг материал түүхий эдээр тасалдуулахгүй явуулах нөхцөлийг хангуулах...,

2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гүйцэтгэх захирлын Үйлдвэрлэл технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд хослон ажиллах Ахлах металлурги инженер Ө.Дийн ажлын удирдамжийн 3-т Үйлдвэрийн нэгж хэсгүүдийн түүхий эд материалын захиалга, шаардах хуудсыг үйлдвэрлэлтэй уялдуулан хянах, баталгаажуулах..., 12-т ...Удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгөгдсөн үүрэг даалгавруудыг тухай бүрд нь чанартай гүйцэтгэж, танилцуулж байх... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол гэж Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Компаний хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Ө.Д нэн шаардлагатай материалыг цаг тухайд нь захиалаагүй. Хурлын тэмдэглэлийн сиди-гээр баталгаажуулж авсан. Үйлдвэр зогссоноос болж 2000 тонн бэлдэц үйлдвэрлэж чадаагүй. Ө.Д ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалинг 22 сая төгрөг гэж нэхэмжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын цалингийн дундаж хэмжээ бодох аргачлалаар бодож үзвэл Ө.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс бодоход 9 сард 19 хоног, 10 сард 21 хоног, 11 сард 21 хоног, 12 сард 21 хоног, 01 сард 22 хоног, 02 дугаар сард 17 хоног, өнөөдрийн 1 хоног нийт 122 хоног ажиллах ёстой байсан. Ө.Дийн 1 сарын дундаж цалинг 6, 7, 8 сарын дунджаар бодоход 3,183,100 төгрөгийг 01 дүгээр сарын дундаж цалин гарч байна. Үүнээс нэг өдрийн цалин 162,403 төгрөгийн цалинтай байна. Нийт 122 хоногийг тооцож үзвэл 18,492,272 төгрөг гарч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 3 дахь тал/, Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Гэ2*** дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 5-9 дэх тал/, 000050*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дэх тал/, Д***************************** ХК-ийн металлургийн инженер ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 12-18 дахь тал/, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 9-20 дахь тал/, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 7-403/9** тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал/, Ө.Дийн металлурги инженер мэргэжлээр мэргэшсэн инженерийн зэргийн хугацааг сунгасан батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал/ зэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэен-Ойдов нь хариу талбартаа холбогдуулан Д*********************** ТӨХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Анхбаатарын бичсэн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь тал/, Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд хослон ажиллах ахлах металлурги инженер Ө.Дийн ажлын удирдамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал/, Д***************************** ХК-ийн Үйлдвэр технологийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 37-41 дахь тал/, Д***************************** ХК-ийн металлурги ахлах инженер ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 42-45 дахь тал/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/, Цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 554 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал/, Д*********************** ТӨХК-ийн ерөнхий захирал М.Отгонбаярын баталсан Өөр ажил албан тушаал хослон гүйцэтгэх, ажил үүрэг гүйцэтгүүлэх ажилтны тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/, Д***************************** ХК-ийн металлургийн инженер ажлын байрны тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 63-69 дэх тал/, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Гэ2549 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/, Англи хэл дээр бичигдсэн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 73-83 дахь тал/, Гангийн үйлдвэрийн технологийн материал, сэлбэгийн захиалга /нэн шаардлагатай 6-9 сар/-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 84-91 дэх тал/, бараа материалын худалдан авалтын баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал/, Гангийн үйлдвэрлэлийн 2022 оны 8 дугаар сарын үйл ажиллагааны тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 93-145 дахь тал/, Д*********************** ТӨХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/49 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 157-161 дэх тал/, Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/6** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 164-168 дахь тал/, Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/9* дугаартай Журам батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 169-181 дэх тал/, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 182 дахь тал/, англи хэл дээрх хүснэгт бүхий бичгийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал/, гадаад гуйвуулгын даалгавар, шилжүүлгийн мэдээллийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал/, түүхий эд материалын чанарын актуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 186-226 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 237-242 дахь тал/, Д*********************** ХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/3** дугаартай Ө.Дийн ажлын байрыг өөрчлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/, Д*********************** ХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/2* дугаартай Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал/, Д*********************** ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 3-30 дахь тал/, Худалдаа хангамжийн албаны үйл ажиллагааны журмын батлуулаагүй хувь /2 дугаар хавтаст хэргийн 31-38 дахь тал/, Худалдаа хангамжийн албаны үйл ажиллагааны журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 39-48 дахь тал/, Д*********************** ТӨХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/2** дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 50-58 дахь тал/, Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/1* дугаартай Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/, Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/2* дугаартай Цалин нэмэгдүүлэх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 83-84 дэх тал/, Ө.Дийн цалингийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 85-86 дахь тал/, Ө.Дийн цалингийн задаргаа /2 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал/, Д*********************** ТӨХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/3** дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал/ зэргийг,

хариуцагч талын хүсэлтээр Д*********************** ТӨХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.А-аас хууль сануулж авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/ зэргийг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгч Ө.Дийн 2021, 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 87-88 дахь тал/-ыг тус тус шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Д нь хариуцагч Д*********************** ТӨХК-д холбогдуулан Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай Ө.Дийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 22,300,217 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ...Би Үйлдвэр технологийн хэлтсийн дарга н.Ц-ын ажлыг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд хослон гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх удирдамжийн дагуу гүйцэтгэсэн. Түүхий эд материалгүйгээс 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэр бүрэн зогссон. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа зогсоход би нөлөөлөөгүй. Түүхий эд материалын захиалгыг 2022 оны 6 дугаар сард өгсөн. Үйлдвэрийн бүх албан тушаалтнууд танилцаж гарын үсэг зурсан. Шаардлагатай түүхий эд материалыг гаргаж өгөх үүрэг худалдан авах ажиллагааны хэлтэс зохион байгуулдаг. Би үйлдвэрт шаардлагатай материал авахаар шахаж хурал дээр хэлж байсан. Тухайн хуралд хурлын тэмдэглэл хөтлөөгүй учраас энэ талаар баримт байхгүй, худалдан авах ажиллагааны хэлтсээс үйлдвэрт мөнгө байхгүй, хил гааль хаалттай байна гээд хариу өгдөг байсан. Иймд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад миний буруу байхгүй, ажлаас үндэслэлгүй халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 22,300,217.183 төгрөг гаргуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлийг ...Ө.Д нь нэн шаардлагатай материалыг цаг тухайд нь захиалаагүй. Хурлын тэмдэглэлийг сиди-гээр баталгаажуулж авсан. Үйлдвэр зогссоноос болж 2,050 тонн бэлдэц үйлдвэрлэж чадаагүй. Ө.Д ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалинг 22,000,000 төгрөг гэж нэхэмжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын цалингийн дундаж хэмжээ бодох аргачлалаар бодож үзвэл Ө.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс бодоход 9 дүгээр сард 19 хоног, 10 дугаар сард 21 хоног, 11 дүгээр сард 21 хоног, 12 дугаар сард 21 хоног, 01 дүгээр сард 22 хоног, 02 дугаар сард 17 хоног, өнөөдрийн 1 хоног нийт 122 хоног ажиллах ёстой байсан. Ө.Дийн 1 сарын дундаж цалинг 6, 7, 8 сарын дунджаар бодоход 3,183,100 төгрөг буюу нэг сарын дундаж цалин гарч байна. Үүнээс нэг өдрийн цалин 162,403 төгрөгийн цалинтай байна. Нийт 122 хоногийг тооцож үзвэл 18,492,272 төгрөг гарч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д*********************** ТӨХК-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ...Үйлдвэр технологийн хэлтсийн металлургийн ахлах инженер Ө.Д нь үйлдвэр технологийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд ажил үүргийг нь хавсран гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдийн түүхий эд материалын төлөвлөлт, захиалга, татан авалтын төлөвлөлтийг хангалтгүй гүйцэтгэж, зохион байгуулалт хийгээгүйн улмаас үйлдвэрлэлийг материал, түүхий эдийн нөөцийг тасалдуулахад хүргэж, үйлвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 8.11.9, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.3.4, ажилтантай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №Гэ2549 тоот хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.19 дэх заалтыг тус тус үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ө.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхийг хуульчилсан байна.

Нэхэмлэгч Ө.Д нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлээгүй боловч түүний сонгох эрхийг хуулиар зохицуулсан байх тул шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн ба хуулийн хугацаанд гомдол гаргасан тул гомдлыг хянан шийдвэрлэв.

1 дүгээр хавтаст хэргийн 63-69, 70-72, 2 дугаар хавтаст хэргийн 91 дэх талд авагдсан Ажлын байрны тодорхойлолт, Металлургийн инженер мэргэжлээр мэргэшсэн инженер зэргийн хугацааг сунгасан батламж, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №Гэ2*** дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр нэг талаас Д*********************** ХК, нөгөө талаас Ө.Д нар харилцан тохиролцож Ө.Д нь Д*********************** ХК-ийн Т*************н уурхайн менежер албан тушаалд ажлын хэвийн бус нөхцөлд ажиллахаар, сарын үндсэн цалин 1,700,000 төгрөг байхаар, ажил амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл зэрэг талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцон байгуулсан байх ба ажлын байрны тодорхойлолтод Үйлдвэр технолгийн хэлтэс металлурги инженер, шууд харьяалагдах албан тушаалтан хэлтсийн дарга, ахлах инженер гэж дурдаж, ажиллаж байх хугацаанд нь Д*********************** ТӨХК-ийн захирлын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/3** дугаартай тушаалаар 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Үйлдвэр технологийн хэлтсийн металлурги инженерээр ажлын байрыг нь өөрчилсөн байна. /2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/

Нэхэмжлэгч Ө.Д нь Д*********************** ТӨХК-ийн Үйлдвэр технологийн хэлтсийн металлурги инженерээр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 27-ны хооронд Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд уг албан тушаалыг удирдамжийн дагуу хослон гүйцэтгэж байсан байх ба үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж нэн шаардлагатай материалыг цаг тухайд нь захиалаагүй, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахыг хуульчилсан байна.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.5.19-д хууль тогтоомж, энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдлыг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.3.4-д Хөдөлмөрийн болон бусад төрлийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хууль тогтоомж, хэм хэмжээний акт, дотоод дүрэм журамд заагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлсэн, чанарын алдаа дутагдал гаргасан, удирдах болон захиргааны албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүйн улмаас компанийн хэвийн үйл ажиллагааг гажуудуулсан, бодит хохирол учруулсан, хохирол учруулахуйц нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус зохицуулжээ.

Хариуцагч нь дээрх хууль, дүрэм журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж нотлох баримтаар Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд хослон ажиллах ахлах металлурги инженер Ө.Дийн ажлын удирдамж, Үйлдвэр технологийн хэлтсийн даргын Ажлын байрны тодорхойлолт, Металлургийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолт, Үйлдвэрлэлийн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаварууд буюу СД-нд үзлэх хийсэн тэмдэглэл, СД бичлэг, Цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн тойм тооцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Анхбаатарыг гэрчээр асуусан мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгсэлүүд ирүүлсэн байна.

Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч талаас ирүүлсэн 1 дүгээр хавтаст хэргийн 73-83 дугаар талд авагдсан англи хэл дээр хийгдсэн гэрээ бүхий баримтын огноог нэхэмжлэгч шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан ба 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хонконгийн Санвай Сэйки компани, Д*********************** ХК-тай №20220106-UB дугаар бүхий Түүхий эд материал худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэсэн уг баримтыг хариуцагч тал үгүйсгээгүй. Уг гэрээний дагуу Үйлдвэр технолгийн хэлтсийн дарга В.Ц нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 6-9 сард хэрэглэгдэх нэн шаардлагатай Гангийн үйлдвэрийн технологийн материал, сэлбэгийн захиалга өгсөн ба уг Бэлдэц үйлдвэрлэх цех нь галд тэсвэртэй 413 тонн материалыг захиалсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 84-91 дэх тал/

Хариуцагч Д*********************** ТӨХК нь № 20220106-UB дугаар гэрээний дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлбөр шилжүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 92, 182-185 дахь тал/

Дээрх төлбөр шилжүүлсэний дагуу Санвай Сэйки компаниас 2022 оны 02 дугаар сарын 28, 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд вагоноор ирүүлсэн түүхий эд материалуудад чанарын акт тогтоосон байна. /1 дүгээр хавтаст хэргийн 186-226 дахь тал/

Хариуцагчийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалын үндэслэл болсон Ө.Д нь Д*********************** ТӨХК-ийн Үйлдвэр технологийн хэлтсийн металлурги инженерээр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 27-ны хооронд Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд уг албан тушаалыг удирдамжийн дагуу хослон гүйцэтгэж байсан байх ба үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж нэн шаардлагатай материалыг цаг тухайд нь захиалаагүй, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн үндэслэл нь дээр дурдсан баримтууд болон Гангийн үйлдвэрлэлийн 2022 оны 8 дугаар сарын үйл ажиллагааны тайлангийн Бизнес төлөвлөгөө тасарсан шалтгаан хэсэгт 2022.07 ...Түүхий эд материал нийлүүлэгдээгүй тул үйлдвэрийн удирдлага нийт ажилчдыг амраахаар шийдвэрлэсэн. Ээлжийн амралтаа эдлэх боломж бүрдээгүй 12 ажилтанд их засварын ажлын төлөвлөгөө гаргаж бэлдэц үйлдвэрлэх цехийн барилгын 6,468 м.кв дотор ханыг шохойдох ажлыг зохион байгуулсан... гэсэн нотолгооны хэрэгсэлүүдээр үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл Үйлдвэр технологийн хэлтсийн дарга нь ажиллаж байх хугацаандаа бэлдэц үйлдвэрлэх цехэд 6-9 сард нэн шаардлагатай хэрэглэгдэх түүхий эд материалын захиалгыг худалдан авах ажиллагааны хэлтэст гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгч Ө.Дийг Үйлдвэр технологийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хослон гүйцэтгэхээс өмнө нийт ажилтнуудын 90 гаруй хувийг амраасан болох нь тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч А.А-ын 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/6** дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 164-168 дахь тал/

Хэдийгээр хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамдаа ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар шууд цуцлахаар зохицуулсан боловч Ө.Д нь Үйлдвэр технологийн хэлтсийн даргын үүргийг хослон гүйцэтгэж байхдаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд хийгдсэн үйлдвэрлэлийн шуурхай хурал дээр удаа дараа Үйлдвэр технологийн хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч Ө.Дид түүхий эд материалаас болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байгаа талаар сануулж байсан гэж хэрэгт хавсаргасан СД-д бичигдсэн шуурхай хурлын тэмдэглэлийн хуулбар, гэрчээр М.А-ыг асуулгасан боловч нэн шаардлагатай түүхий эд материалын захиалгыг 2022 оны 6 дугаар сард гаргаж өгч Худалдан авах ажиллагааны хэлтэст гаргаж өгсөн баримт, төлбөр шилжүүлүүлсний дагуу түүхий эд бараа материал орж ирсэн зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байх ба уг нотолгооны хэрэгсэлүүдээр Ө.Дийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай Ө.Дийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Ө.Дийг тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ө.Д нь ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/1* дугаартай Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/2* дугаартай Цалин нэмэгдүүлэх тухай тушаал, KPI урамшуулалт цалин, жилийн эцэст олгодог 13 дахь сарын цалин зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шүүхэд хүсэлт гаргаж хариуцагчаас Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/1* дугаартай Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох тухай тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/2* дугаартай Цалин нэмэгдүүлэх тухай тушаал, Д*********************** ТӨХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/3** дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг гаргуулж, хэрэгт хавсаргасан байна. /2 дугаар хавтаст хэргийн 82-84, 94 дэх тал/

Гэвч KPI урамшуулалт цалинг олгоогүй талаар болон жилийн эцсийн 13 дахь сарын цалин олгосон эсэх нь тодорхойгүй байх ба хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн цалин орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай Журам батлах тухай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын дундаж /3,367,165 + 3,635,835 + 3,201,354/ = 10,204,354 төгрөг, 10,204,354 : 3 = 3,401,451 төгрөг - нэг сарын дундаж/, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж 3,401,451 : 21 = 161,974 /нэг өдрийн цалин/ төгрөг болно.

Ажилгүй байсан 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 122 х 161,974 = 19,760,828 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээрх цалин олговороос Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр Ажлын хэсгийн дүгнэлт, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/99 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Компанийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, тайлагнах журам, /1 дүгээр хавтаст хэргийн 158-161, 169-181/ зэргийг ирүүлсэн боловч тухайн хэрэгт хамааралгүй талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан, Худалдаа хангамжийн албаны үйл ажиллагааны журам, Технологийн бэлэн байдлыг хангах журам, цалингийн задаргааны хүснэгт /2 дугаар хавтаст хэргийн 31-38, 51-58, 93 дахь тал/ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Худалдаа хангамжийн албаны үйл ажиллагааны журам, Худалдаа хөгжлийн банкны мэдэгдэл /2 дугаар хавтаст хэргийн 39-48, 90 дэх тал/ зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй, СД бичлэгийг талууд шинжлэн судлуулах шаардлагагүй гэх тайлбарыг гаргасан зэрэг үндэслэлүүдээр дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар Д*********************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/8** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Ө.Дийг тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 19,760,828 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,539,389.183 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Д*********************** ТӨХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д*********************** ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 256,754 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА