Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2023/00040

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2023/00265 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/898 дугаартай *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* миний бие “*******” ТӨХК-ийн Төмөртолгой уурхайд баяжуулах үйлдвэрийн ээлжийн мастераар 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр анх ажилд орж, түүнээс хойш шат дэвшин тасралтгүй 12 жил ажилласан. Үүнд:

 Төмөртолгой уурхайд баяжуулах үйлдвэрийн ээлжийн мастераар 2010-2013 он хүртэл 3 жил, Төмөртолгой уурхайд баяжуулах үйлдвэрийн технологи инженерээр 2013-2018 он хүртэл 3 жил, Төмөртэй уурхайд баяжуулах үйлдвэрийн технологийн инженерээр 2015-2017 он хүртэл 2 жил, Төмөртолгой уурхайд уурхайн даргаар 2018-2020 он хүртэл 2 жил, Үйлдвэр технологийн хэлтэст 2020-2022 он хүртэл 2 жил тус тус ажилласан.

Тус үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт бусад холбогдох дүрэм журамд заасны дагуу ажил үүргээ хийж гүйцэтгэж ирсэн. 2022 оны 04 дүгээр сард “*******” ТӨХК-ийн удирдлага төрд шилжсэнээс хойш шахалт дарамт ихсэж, дарга инженерүүдийг жижиг шалтаг шалтгаан гаргаж ажлаас үндэслэлгүй халж эхэлсэн. Гэтэл гэнэт намайг үндэслэлгүйгээр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/898 дугаартай тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад: Миний 1 сарын дундаж цалин хөлс 3,222,113.33 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 153,433.96 төгрөг. Үүнээс тооцвол 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 1 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15,957,212.52 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 01-15-ний өдрийг хүртэл цалин 2,531,661.9 төгрөг, жилийн үр дүнгийн нэмэгдэл 1 сарын үндсэн цалин буюу 2,257,000 төгрөг, 2022 оны 10, 11, 12 сар KPI буюу урамшуулалт цалин сар бүр үндсэн цалингийн 8 хувиар тооцож 180,560 төгрөгийг 3 сараар үржүүлээд 541,680 төгрөг, нийтдээ 21,287,554.42 төгрөг болж байна.

Иймд “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/898 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 21,287,554.42 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Үйлдвэр технологийн хэлтсийн Металлургийн ахлах инженер ******* нь Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд нь ажил үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа 2022 оны 8, 9 дүгээр сард шаардлагатай түүхий эд материалын жагсаалт гаргаж өгсөн ч үйлдвэрлэл зогсоход хүргэх аргоны массыг нэн тэргүүнд шаардлагатай гэж ангилж Худалдан авах ажиллагааны хэлтэст гаргаж өгөөгүй. 2022 оны 7, 8, 9 дүгээр сарын үйлдвэрлэл эхлэх үе Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдэж импортоор нийлүүлэгдэхэд их хугацаа ордог феррохром, электрод гэх мэт материалуудыг удаа дараа цагийг нь тулгаж үйлдвэрлэл, тээвэрлэх хугацааг нарийн тооцоогүйн улмаас үйлдвэрлэлийн тасралтгүй жигд ажиллагаа тасалдахад хүргэж нийт 2050 тонн бэлдэц үйлдвэрлэх боломжгүй болгож, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг доголдуулсан байна.

Үйлдвэр технологийн хэлтсийн Металлургийн ахлах инженер ******* нь Үйлдвэрийн технологийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт 2.1.3-т Металлургийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолтын 1.2, 2.2, 3.4, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гүйцэтгэх захирлын Үйлдвэрлэл технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд хослон ажиллах Ахлах металлурги инженер *******ийн ажлын удирдамжийн 3, 12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан бол гэж Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Компаний хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь баримтаар нотлогдож байгаа тул “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/898 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

******* нэн шаардлагатай материалыг цаг тухайд нь захиалаагүй. Хурлын тэмдэглэлийн сиди-гээр баталгаажуулж авсан. Үйлдвэр зогссоноос болж 2000 тонн бэлдэц үйлдвэрлэж чадаагүй. ******* ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалинг 22 сая төгрөг гэж нэхэмжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын цалингийн дундаж хэмжээ бодох аргачлалаар бодож үзвэл ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс бодоход 9 сард 19 хоног, 10 сард 21 хоног, 11 сард 21 хоног, 12 сард 21 хоног, 01 сард 22 хоног, 02 дугаар сард 17 хоног, өнөөдрийн 1 хоног нийт 122 хоног ажиллах ёстой байсан. *******ийн 1 сарын дундаж цалинг 6, 7, 8 сарын дунджаар бодоход 3,183,100 төгрөгийг 01 дүгээр сарын дундаж цалин гарч байна. Үүнээс нэг өдрийн цалин 162,403 төгрөгийн цалинтай байна. Нийт 122 хоногийг тооцож үзвэл 18,492,272 төгрөг гарч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/898 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, *******ийг тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 19,760,828 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,539,389.183 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “*******” ТӨХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256,754 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс *******ийг үйлдвэр технологийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хослон гүйцэтгэхээс өмнө нийт ажилчдыг амраасан нь үйлдвэрлэл зогссон гэж дүгнэжээ. Харин ******* нь 7,8 дугаар сард галд тэсвэртэй аргоны масс феррохром, электрод зэрэг галд тэсвэртэй түүхий эдийг салгаж захиалаагүйгээс үйлдвэрлэл зогсоосон болох нь гангийн үйлдвэрийн технологийн материал, сэлбэгийн захиалгад галд тэсвэртэй материал 413 тонн гэсэн захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шаардлагатай гэж захиалсан байна.

            Мөн 2022 оны 8, 9 дүгээр сард шаардлагатай түүхий эдийн захиалга гаргаж өгсөн ч аргоны массыг нэн тэргүүнд шаардлагатай гэж ангилж өгөөгүй, хэрэв ******* нь тухайн үеийн нөхцөл байдлаа дүгнэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд худалдан авах ажиллагааны хэлтэст нэн шаардлагатай бараа материал болох зуухны электрод болон бусад түүхий эд материалыг эхний ээлжид ачуулах талаар бичгээр мэдэгдсэн бол үйлдвэрлэл эхлэхээс өмнө авах боломжтой байсан.

            *******ийн дундаж цалин хөлсийг 19,76,828 төгрөг гэж шийдвэрлэсэн байна.  ******* нь 8 дугаар сард Үйлдвэр технологийн даргын албан тушаалыг хослон гүйцэтгэж байсан, 9 дүгээр сард ээлжийн амралтын цалин бодогдсон гэж байгаа учраас ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө бүтэн цалин бодогдсон саруудын дунджаар бодох ёстой.

Үйлдвэр технологийн хэлтсийн Металлургийн ахлах инженер ******* нь Үйлдвэрийн технологийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт 2.1.3-т Металлургийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолтын 1.2, 2.2, 3.4, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гүйцэтгэх захирлын Үйлдвэрлэл технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд хослон ажиллах Ахлах металлурги инженер *******ийн ажлын удирдамжийн 3, 12 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Шаардлагатай түүхий эд материалын жагсаалт гаргаж өгсөн ч нэн шаардлагатай гэсэн ангилал гаргаж өгөөгүй. Үйлдвэрлэлийн тасралтгүй жигд ажиллагаа тасалдахад хүргэж нийт 2050 тонн бэлдэц үйлдвэрлэх боломжгүй болгож, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг доголдуулсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             5.  Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-д холбогдуулан “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/898 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хэргээс үзэхэд:

3. Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажилтантай байгуулсан №Гэ2549 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр “*******” ХК-ийн Төмөртолгойн уурхайн менежер албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд  “*******” ХК-ийн ерөнхий захирлын  2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/398 дугаартай тушаалаар 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын байрыг нь өөрчлөн Үйлдвэр технологийн хэлтсийн металлурги инженерээр ажиллуулж байгаад “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/898 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 4, 36, 70-72, 2 дугаар хавтаст хэргийн 1/

4. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №Гэ2549 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6.5.19-д “хууль тогтоомж, энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн”, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.3.4-т “Хөдөлмөрийн болон бусад төрлийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хууль тогтоомж, хэм хэмжээний акт, дотоод дүрэм журамд заагдсан ажил үүргээ гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлсэн, чанарын алдаа дутагдал гаргасан, удирдах болон захиргааны албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүйн улмаас компанийн хэвийн үйл ажиллагааг гажуудуулсан, бодит хохирол учруулсан, хохирол учруулахуйц нөхцөлийг бүрдүүлсэн” гэх тохиолдлуудыг тус тус  ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 70-72, 2 дугаар хавтаст хэргийн 4-30/

Ажил олгогч этгээд болох “*******” ТӨХК нь нэхэмжлэгч *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд нь ахлах металлурги инженер *******ийг хослон ажиллуулахаар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлын удирдамж гаргаж өгсөн бөгөөд уг удирдамжийн 3-т “үйлдвэрийн нэгж хэсгүүдийн түүхий эд материалын захиалга, шаардах хуудсыг үйлдвэрлэлтэй уялдуулан хянах, баталгаажуулах”, 12-т “удирдлага, ТУЗ-өөс өгөгдсөн үүрэг даалгавруудыг тухай бүрт нь чанартай гүйцэтгэж, танилцуулж байх” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас  үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдийн түүхий эд материалын төлөвлөлт, захиалга, татан авалтын төлөвлөлтийг хангалтгүй гүйцэтгэж, зохион байгуулалт хийгээгүйн улмаас үйлдвэрийн материал, түүхий эдийн нөөцийг тасалдуулахад хүргэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 8.11.9, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.3.4, ажилтантай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №Гэ2549 тоот хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.19 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж мэтгэлцэж байна.

5. Хариуцагч “*******” ТӨХК нь нэхэмжлэгч *******ийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 27-ны хооронд Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд хослон ажиллахдаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж нэн шаардлагатай материалыг цаг тухайд нь захиалаагүй, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь холбогдох нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Учир нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хонконгийн хуулийн дагуу байгуулагдсан “Санвай Сэйки трэйдинг” компани, “*******” ХК-тай №*******-UB дугаар бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээг монгол хэл дээр орчуулаагүй боловч нотариатаар баталгаажуулжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 73-83/

Тухайн гэрээний дагуу 2022 оны 6-9 дүгээр саруудад хэрэглэгдэх гангийн үйлдвэрийн технологийн материал, сэлбэгийн захиалгыг “нэн шаардлагатай” гэж ангилан, төмөр бэлтгэх цех, бэлдэц үйлдвэрлэх цех, цувимал үйлдвэрлэх цех, үйлдвэр шугам сүлжээний цех зэрэгт шаардлагатай түүхий эд материалыг нэг бүрчлэн жагсааж, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр захиалга өгч, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Г.Эрдэнэсүхээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд хянан баталгаажуулсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 84-91/

Хариуцагч “*******” ТӨХК нь № *******-UB дугаар гэрээний дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 819,951,761.20 америк доллар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,624,154,232 америк доллар тус тус шилжүүлж, төлбөр шилжүүлсний дагуу “Санвай Сэйки трэйдинг” компаниас ирүүлсэн түүхий эд материалуудад  2022 оны 02 дугаар сарын 28, 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01, 10 дугаар сарын 25, 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус чанарын акт тогтоож, үйлдвэрлэлд хэрэглэжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 92, 206, 186, 194, 203, 223/

6. Нэхэмжлэгч *******ийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 27-ны хооронд Үйлдвэр технологийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд хослон ажиллахдаа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж нэн шаардлагатай материалыг цаг тухайд нь захиалаагүйн улмаас үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж мэтгэлцэж байгаа боловч 2022 оны 6-9 дүгээр саруудад хэрэглэгдэх гангийн үйлдвэрийн технологийн материал, сэлбэгийн захиалгыг “нэн шаардлагатай” гэж ангилан, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр захиалга өгсөн байх тул “...******* нь 2022 оны 08, 09 дүгээр сард шаардлагатай бараа материалыг нийтээр нь 2022 оны 07 дугаар сарын сүүл, 08 дугаар сарын эхээр гаргаж өгсөн...” гэх гэрч *******ын мэдүүлэг үндэслэлгүй,  гангийн үйлдвэрлэлийн 2022 оны 8 дугаар сарын үйл ажиллагааны тайлангийн бизнес төлөвлөгөө тасарсан шалтгаан хэсэгт “2022 оны 07 дугаар сард түүхий эд материал нийлүүлэгдээгүй тул үйлдвэрийн удирдлага нийт ажилчдыг амраахаар шийдвэрлэсэн. Ээлжийн амралтаа эдлэх боломж бүрдээгүй 12 ажилтанд их засварын ажлын төлөвлөгөө гаргаж бэлдэц үйлдвэрлэх цехийн барилгын 6,468 м.кв дотор ханыг шохойдох ажлыг зохион байгуулсан..., 2022 оны 08 дугаар сард гол түүхий эд материал болох зуухны электрод төлөвлөгөөний дагуу нийлүүлэгдээгүйгээс бизнес төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийг явуулах боломжгүй болсон...” гэж тус тус тусгаснаас үзвэл нэхэмжлэгч ******* нь Үйлдвэр технологийн хэлтсийн даргын үүргийг хослон гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна. / 1 дүгээр хавтаст хэргийн  110, 234 тал/

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******ийг тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т  заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ёстой бөгөөд нэхэмжлэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хурал дээр намайг зөрчил гаргасан гэж танилцуулсан” гэж тайлбарлаж, энэ талаар талууд маргахгүй байх тул хуулийн энэ зохицуулалтыг ажил олгогч хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Харин ажил олгогчийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд энэ нь цаашид ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй учир шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан тус үйлдвэрийн Үйлдвэр технологийн хэлтэст металлургийн ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан түүнд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тооцохдоо “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталж, уг журам 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

 “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно.”, 2.1.2-т “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тодорхойлно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ******* нь ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2022 оны 08 дугаар сард 3,635,835 төгрөг, 07 дугаар сард 3,367,165 төгрөг, 06 дугаар сард 2,663,340 төгрөгийн цалин авсан ба энэ хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сард 20 хоног, 07 дугаар сард 16 хоног, 08 дугаар сард 23 хоног буюу нийт 59 хоног ажилласан байх тул тухайн хугацаанд ажилласан хоногт хуваахад тухайн ажилтны 1 өдрийн цалин 163,836.27 төгрөг байна. /3,635,835+3,367,165+2,663,340=9,666,340, 9,666,340:59= 163,836.27 төгрөг байна. / 2 дугаар хавтаст хэргийн 88 тал/

Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 122 хоног ажилгүй байсан ба 163,836.27x122=19,988,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2,312,192 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2023/00265 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/898 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож” гэснийг хасаж,

“...хариуцагчаас 19,760,828 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,539,389.183 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг, “...хариуцагчаас 19,988,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, 2,312,192 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын

“...хариуцагч “*******” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 256,754 төгрөг гаргуулж” гэснийг, “...хариуцагч “*******” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 257890 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,754  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.       

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.БАЙГАЛМАА                                               

                                      ШҮҮГЧИД                                         Г.МЯГМАРСҮРЭН

                                                            Я.ТУУЛ