Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0170

 

2023 02 28 128/ШШ2023/0170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: ******* ХХК/РД:*******/

Хариуцагч: ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Маргааны төрөл: Татварын зөрчил

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У*******, хариуцагч ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хүсэлдэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З******* 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК/РД:*******/ нь Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д заасны дагуу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.Гомдол гаргагч ******* ХХК гомдлын шаардлагадаа: ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З*******гийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

3.Гомдол гаргагч ******* ХХК гомдлын шаардлагын үндэслэлдээ: ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У******* миний бие тус компанийг төлөөлөн Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн ******* дүүргийн татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З******* нь тоот шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр манай компанийг 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:

Татварын улсын байцаагч Ц.З******* нь иргэний гаргасан гомдол болох U money картыг цэнэглэсэн 5000 төгрөгт төлбөрийн баримт олгоогүй байна гэх үндэслэлээр дээрх шийтгэлийг оногдуулж байна.

Тус компани нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, тэр хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээ картын системд шилжиж, ард иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаар төлбөр тооцоог хийж нийтийн тээврийг ашигладаг болсон.

Иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд цахим карт болох U money-г цэнэглэж, картанд цэнэглэгдэж орсон мөнгөөр /өөрөөр хэлбэл цахим мөнгө/ нийтийн тээвэрт үйлчлүүлэх тухай бүрд үйлчилгээнд төлсөн 500 төгрөг U money картан дахь цахим мөнгөнөөс хасагдах байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлэх тухай бүртээ төлбөр тооцоогоо төлдөг билээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг; хэлнэ гэж тодорхойлсон байдаг бөгөөд U money картыг цэнэглэсэн хэлбэр буюу цахим мөнгө болгон хувиргаж байгаа нь үйлчилгээ үзүүлсэн гэх томъёололд хамаарахгүй юм.

Иймд улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлгүй байх тул энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гээд холбогдох баримтыг хавсаргажээ.

3.1.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* дүүргийн татварын улсын байцаагч Ц.З******* нь тоот шийтгэлийн хуудсаар Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзэж ******* ХХК-ийг 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт татварын улсын байцаагч Ц.З******* нь иргэний гаргасан гомдол буюу U money картыг цэнэглэсэн 5,000 /таван м*******/ төгрөгт төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр тус шийтгэлийг оногдуулсан.

Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2209001502 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд иргэн Я.А******* 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр талбайн автобусны буудалд байрлах сонин борлуулах цэгээс 5,000 /таван м*******/ төгрөгийн карт худалдаж авахад цахим төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлыг шалгахад баримт олгоогүй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн нь хоорондоо зөрүүтэй байна. Байцаагчийн шийтгэлийн хуудаст тусгагдсан гол үндэслэл нь 5,000 /таван м*******/ төгрөгийн карт цэнэглэсэн тухай байсан боловч зөрчлийн хэрэг нээсэн тогтоол дээр 5,000 /таван м*******/ төгрөгийн карт худалдан авах тухай гэсэн нь хоорондоо зөрүүтэй байна. Зөрчлийн хэрэг 5,000 төгрөг худалдан авсан хэрэгт үндэслэж нээсэн тохиолдолд шийтгэлийн хуудсыг 5,000 /таван м*******/ төгрөгийн карт худалдан авсан гэх байдлаар шийтгэлийн хуудас оногдуулах ёстой гэж үзэж байна. Карт худалдан авах болон карт цэнэглэх нь хоёр өөр асуудал тул тухайн шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр бус байна. Хоёрдугаарт ******* ХХК нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ картын системд шилжиж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаар төлбөр тооцоо хийж нийтийн тээврээр үйлчлүүлдэг болсон. Иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд цахим карт буюу U money буюу картыг цэнэглэж орсон мөнгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх тухай бүрд төлбөр тооцоо төлөгдөх журмаар явагддаг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 тус тус зааснаар U money картыг цэнэглэсэн хэлбэр буюу цахим мөнгө болгож хувиргаж байгаа нь үйлчилгээ үзүүлсэн борлуулалтын орлого гэх томьёололд хамаарахгүй. U money картыг цэнэглэж буй хэлбэрийг борлуулалт гэж үзсэн тохиолдолд 5,000 /таван м*******/ төгрөгөөр цэнэглээд төлбөрийн баримт аваад тухайн цэнэглэсэн 5,000 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлээд дахин төлбөрийн баримт авна.

Тэгэхээр нэг удаагийн цэнэглэлт хийсэн 5,000 /таван м*******/ төгрөгөөр хоёр удаа баримт авах буюу байгууллагын хувьд нэг орлогыг хоёр орлого олсон тухай давхар бүртгэх хэрэгтэй болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн холбогдох хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Иргэдийн карт цэнэглэсэн мөнгийг манай компани хадгалах үүрэгтэй бөгөөд үүний дагуу картын үлдэгдэл буцаан олгох журмыг боловсруулан мөрдөх ажиллагаа явуулдаг. U money карт ашигладаг иргэн хүссэн үедээ картад байршуулсан мөнгийг буцаан авах боломж нээлттэй байдаг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийн баримтыг нийтийн тээврээр үйлчлүүлсэн тухайн үед өгдөг бөгөөд гуравласан гэрээг Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх тээвэрлэгч компаниуд хийсэн байдаг. Энэхүү гэрээний зорилго нь сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгох болон тээвэрлэгч компани болон манай компанийн хувьд үзүүлсэн үйлчилгээ борлуулалтыг нэгдсэн системд илгээхтэй холбоотой. 2020 оны 04 дүгээр сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр тооцоо бүрэн цахим хэлбэрт шилжсэн. Нийтийн тээврийн үйлчилгээнд төлж буй төлбөрийн 9,9%-ийг ******* ХХК нь гэрээнд заасны дагуу авдаг. Үлдсэн 90,1% орлогыг нийтийн тээврийн аж ахуй нэгж авдаг.

Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй картыг дотор нь бүртгэлтэй болон бүртгэлгүй гэж 2 ангилдаг. Бүртгэлгүй картын хувьд том хүн, хүүхдийн карт багтдаг. Бүртгэлтэй картад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутны карт хамаарна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутны карт нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн үйлчилгээний төлбөрийг нийслэлээс төлж байдаг. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2,8 сая ширхэг картыг зах зээлд нийлүүлсэн. Бүртгэлгүй картын хувьд хэрэглэгч нь бүртгэлгүй учраас и-баримт аппликейшнд бүртгэл хийлгэснээр дата холбогдож тухайн иргэний төлбөрийн баримт олгогдоно. Бүртгэлгүй картын хэрэглэгчид цаасаар төлбөрийн баримт олгох боломж байхгүй. Гэрээний 4.3.3, 4.4.4, 4.4.12 заалтуудаас харахад ******* ХХК-ийн хувьд нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг хэрэгжүүлж байгаагийн хувьд үүргийн дагуу асуудал гаргалгүй ажиллаж байна. гэв.

4.Хариуцагч ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй ******* ХХК-ийн гаргасан ******* дүүргийн татварын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Татварын удирдлагын нэгдсэн системд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг 15 минутад ******* ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол ирснийг хүлээн авч танилцаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй. ******* ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно. гэж заасны дагуу төлбөрийн баримт олгох үүргийг хуулиар хүлээсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийг дуудан ирүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг танилцуулан мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах зэргээр шаардлагатай ажиллагааг хийж, холбогдох баримтыг цуглуулахад холбогдогч нь гомдол гаргагч иргэний нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх картыг 5000 төгрөгөөр цэнэглэх үйлчилгээнд төлбөрийн баримт олгоогүй болох нь өөрийнх нь болон гэрчийн мэдүүлэг, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвөөс ирүүлсэн холбогдох нотлох баримтаар тогтоогдсон болно.

Холбогдогч ******* ХХК нь хуульд заасан шаардлага хангуулах, төлбөрийн баримтыг хялбар аргаар бүртгэж эцсийн хэрэглэгчид олгох үүднээс Татварын ерөнхий газар болон Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газартай гуравласан гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл тус компанийн үзүүлсэн үйлчилгээнд олгох төлбөрийн баримтыг олгох хуулиар хүлээсэн үүргийг хялбар аргаар бүртгэх, хэрэглэгчид олгох боломжтой болсон.

Гэтэл холбогдогч ******* ХХК-ийн Санхүү удирдлагын газрын дарга Н.У******* ... төлбөрийн баримтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиар борлуулсан бараа, үйлчилгээнд л олгох ёстой, автобусны картыг цэнэглэнэ гэдэг бол үйлчилгээ авч байгаа хэлбэр биш өөрийнх нь мөнгийг нэг картнаас нэг карт руу шилжүүлж байгаа ... гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн нь үндэслэлгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлэхээр хуульчилсан байх бөгөөд автобусны картыг цэнэглэх, автобусаар үйлчлэх нь үйлчилгээнд хамаарна.

Иймээс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасны дагуу өмнөх сарын тайлант сарын борлуулалтын орлогыг тодорхойлох зорилгоор ******* ХХК-ийн Санхүү удирдлагын газрын дарга Н.У*******ас өмнөх сарын буюу 8 дугаар сарын борлуулалтын орлогыг ирүүлэхээр шаардсан боловч ирүүлээгүй учир прокурорын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зөвшөөрлөөр холбогдогчийн Худалдаа хөгжлийн банкны дансны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны мэдээллийг гаргуулан авсан.

Банкны дансны хуулгаар өмнөх сарын борлуулалтын орлого 7,000,086,865.17 төгрөг Татварын удирдлагын нэгдсэн систем дэх мэдээллээр 592,132,658.84 төгрөг байгаа нь зөрүүтэй, түүнчлэн холбогдогч баримт тайлбар өгөөгүй учир бусад орлогыг ялгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-д Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг м******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасны дагуу ******* ХХК-ийг 15000 /арван таван м*******н/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000.00/арван таван сая/ төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн болно.

Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү. гэжээ.

4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн удирдлагын нэгдсэн системд ******* ХХК-д холбогдох төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол ирснийг хүлээн авч танилцаад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт татвар төлөгч борлуулалт хийх, тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэж өгөх эсвэл цахимаар илгээх үүрэгтэй. ******* ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт бараа ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж заасны дагуу төлбөрийн баримт олгох үүргийг хуулиар хүлээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийг дуудан ирүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх үүргийг танилцуулан мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах зэрэг шаардлагатай ажиллагаа хийж холбогдох баримтыг цуглуулахад холбогдогч иргэнийг нийтийн тээврээр үйлчлүүлэх картыг 5,000 /таван м*******/ төгрөгөөр цэнэглэх үйлчилгээнд төлбөрийн баримт олгоогүй болох нь өөрийн болон гэрчийн мэдүүлэг, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвөөс ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар автобусны картыг цэнэглэх, автобусаар үйлчлүүлэх нь үйлчилгээнд хамаарна. Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Гомдол гаргагч ******* ХХК-аас ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З*******д холбогдуулан ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З*******гийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

2.Шүүх гомдол гаргагчийн гомдол, түүний үндэслэл, гомдолдоо хавсаргасан баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3.Иргэн Я.А*******ээс Татварын удирдлагын нэгдсэн системд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол ирснийг ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З******* хүлээн авч тэмдэглэл/хэргийн 24 дэх тал/ үйлдсэн байх ба мөн оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 2209001502 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК/РД:*******/ нь Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу 15,000,000/арван таван сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

4.Гомдол гаргагчаас ... ******* ХХК нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ картын системд шилжиж иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ картаар төлбөр тооцоо хийж нийтийн тээврээр үйлчлүүлдэг болсон. Иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд цахим карт буюу U money буюу картыг цэнэглэж орсон мөнгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх тухай бүрд төлбөр тооцоо төлөгдөх журмаар явагддаг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 тус тус зааснаар U money картыг цэнэглэсэн хэлбэр буюу цахим мөнгө болгож хувиргаж байгаа нь үйлчилгээ үзүүлсэн борлуулалтын орлого гэх томьёололд хамаарахгүй... гэж маргаж байна.

5.Харин хариуцагчаас ... Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт хэвлэж өгөх эсвэл цахимаар илгээх үүрэгтэй. ******* ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт бараа ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж заасны дагуу төлбөрийн баримт олгох үүргийг хуулиар хүлээсэн...

... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар автобусны картыг цэнэглэх, автобусаар үйлчлүүлэх нь үйлчилгээнд хамаарна... хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

6.Өөрөөр хэлбэл талууд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасан борлуулалт хийх тухай бүр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт заасан бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр гэх ойлголтыг хууль зүйн үүднээс хэрхэн тайлбарлаж, ойлгох тал дээр зөрүүтэй байр суурьтай буюу автобусаар үйлчлүүлэхээр U money картыг цэнэглүүлээд тэрхүү картаа ашиглаж автобусанд зорчих үед картын мөнгөн дүнгээс хасагдсанаар үйлчилгээ үзүүлсэн гэж үзнэ гэж гомдол гаргагч тал, харин хариуцагчийн зүгээс иргэн мөнгөө төлж U money картыг цэнэглүүлэх нь үйлчилгээ авч буй хэлбэр мөн гэж тус тус дээрх хуулийн зохицуулалтыг тайлбарлан маргаж байна.

7.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь; гэж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5.Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.үйлчилгээ гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;, 4.1.14.төлбөрийн баримт гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаа, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;, 17 дугаар зүйлийн 17.3.Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно; гэж тус тус заажээ.

7.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ, ******* ХХК болон А******* ХХК-ууд Багц баримт олгох эрхийн харилцааг зохицуулах, хамтран ажиллах гэрээг байгуулсан байх ба энэхүү гэрээний зорилго/гэрээний 1.2 дахь заалт/ нь НӨАТУС-ийг зах зээлд нэвтрүүлэх, борлуулагч талын кассын системээр дамжуулан борлуулалт хийх дамжуулан борлуулагч компани хоорондын энэхүү гэрээг үндэслэн сугалааны дугаар бүхий баримт олгох тухайн гүйлгээний мэдээллийн багцыг POSAPI-аар дамжуулан нэгдсэн системд илгээх, Үйлдвэрийн газар болон борлуулагчийн хоорондын системийн холболт, бэлэн байдлыг хангах, түүнийг баталгаажуулах, мэдээлэл солилцохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршиж байна.

7.2.Мөн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК нь гэрээний борлуулагч тал байх ба борлуулагч гэдэг нь багц баримт илгээх эрх эзэмшигч байгууллага[1] бөгөөд 4.3.3.Борлуулагч байгууллагын кассаар хийгдсэн борлуулалтын мэдээллийг дамжуулан борлуулагчийн өмнөөс нэгдсэн системд илгээх эрхтэй. гэснийг гомдол гаргагчаас байгууллагын кассаар хийгдсэн борлуулалт гэдгийг ... Нийтийн тээврийн үйлчилгээ авах буюу автобусанд карт уншуулахыг ... ойлгоно гэж тайлбарласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, тодруулбал U money картыг цэнэглэх гэдэг нь үйлчилгээгээ борлуулж байгаа хэлбэр биш харин энэхүү картыг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлснийг борлуулалт гэж үзэхээр байна.

7.3.Учир нь энэ хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ******* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх 57 дугаартай гэрээнээс үзвэл тус гэрээний 1.1.Энэхүү гэрээний зорилго нь, Гэрээт борлуулагч нь УБСК-с нийлүүлсэн цахим картыг тогтоосон үнийн дагуу борлуулах, УБСК-с олгосон электрон мөнгөн хэлбэрийг үйлчлүүлэгчийн цахим картанд нийтийн тээвэрт зорчих эрх болгон олгох, үүнтэй холбоотойгоор УБСК болон Гэрээт борлуулагчийн хооронд үүсэх аливаа харилцааг зохицуулахад оршино., 2.2.Карт цэнэглэх гэж бэлэн мөнгө зэрэг төлбөрийн хэлбэрийг ашиглаж электрон мэдээллийн хэрэгслээр үйлчлүүлэгчийн картанд мөнгөн дүнг байршуулах, мөнгөн дүнг өсгөх үйл явцыг хэлнэ. гэж заасан, нийтийн тээврийн үйлчилгээний онцлог, цахим шинэчлэлээс хамаарч зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ төлбөр тооцоог бэлэн мөнгөөр биш харин цахим карт ашиглан төлдөг болох нь нийтэд илэрхий үйл баримт мөн гэж үзлээ.

7.4.Үг зүйн утгаар нь авч үзэх юм бол үйлчилгээ[2] гэдгийг алив хэрэгцээг хангахын тулд ажиллах ажиллагаа гэж, борлуулах[3] гэдгийг бараа таваар зарах, худалдах гэж тус тус тайлбарлажээ.

7.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зорилтыг нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах[4] гэж хуульд тодорхойлсон, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ. гэж тус тус заасан, хэргийн үйл баримтын тухайд U money цахим картыг мөнгөн дүнгээр цэнэглэх нь борлуулалт биш, харин нийтийн тээврээр зорчиж үйлчилгээ худалдан авсан буюу нөгөө талаас үйлчилгээгээ борлуулсан тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу төлбөрийн баримтыг олгох үүргийг хүлээлгэх нь зөв, ингэснээр хуулийн зорилт, үйлчлэх хүрээнд нийцэхээр байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дийн Үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь заавал татвар ногдох орлого байх шаардлагагүй... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

7.6.Нөгөөтэйгүүр Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ/хэргийн 112 дахь талын ард/-ний 6.1-д гэрээт борлуулагч нь УБСК-ийн нэрийн өмнөөс үйлчлүүлэгчид U money карт цэнэглэх үйлчилгээ үзүүлсний хөлсөнд авах шимтгэлийн зохицуулалт байх ба шимтгэл олгох журмыг гэрээт борлуулагчийн дансанд сар бүрийн 01-ний өдрөөс тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцож шимтгэлийг дараа сарын 5-ны дотор УБСК-аас бэлэн бусаар шилжүүлэхээр тогтоосон, гомдол гаргагч шүүх хуралдаанд ... Карт цэнэглэлт хийхэд ямар нэгэн байдлаар шимтгэл авдаггүй. Сарын эцэст гэрээт цэгүүд болон байгууллагуудад 1-2 хувийн шимтгэл өгдөг. Нийтийн тээврийн орлогын 9,9 хувийг ******* ХХК хүлээн авдаг бөгөөд энэ дүнгээс бодож шимтгэл гаргаж өгдөг... хэмээн тайлбарласан зэргээс дүгнэвэл иргэн нийтийн тээврийн үйлчилгээ авч, автобусанд U money карт уншуулж цугларсан орлого болох мөнгөн дүнгээс карт цэнэглэсний шимтгэлийг тооцож, дараа сард олгодог байхад гэрээт цэгүүд U money карт цэнэглэсэн-ийг нийтийн тээврийн үйлчилгээнээс тусдаа бие даасан үйлчилгээ үзүүлсэн, борлуулсан гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагч талаас мөн үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаж ирээгүй, хэрэгт хуулийн дагуу цугларсан баримтуудаар дээрх нөхцөл байдал үгүйсгэгдсэнгүй.

7.7.Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу баримт цуглуулсан, үүний дунд Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн УҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/409 дугаартай албан бичиг байх ба ******* ХХК /РД:*******/-аас 12465856-нэвтрэх нэртэй иргэн Я.А******* /РД:ЦЗ*******/ рүү 2022 оны 09 дүгээр сард хялбар бүртгэлээр баримт шивээгүй байна. гэх хариуг Нийслэлийн ******* дүүргийн Татварын хэлтэст ирүүлснийг дурдах нь зөв байна.

7.8.Нэгэнт хариуцагч автобусаар зорчсон байхад төлбөрийн баримт олгоогүйтэй холбоотойгоор зөрчлийг шалган шийдвэрлээгүй, гагцхүү U money карт цэнэглэсэн атлаа төлбөрийн баримт олгоогүй нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг тус тус зөрчсөн гэж шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч маргаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заасны дагуу зөвхөн цахим карт цэнэглэсэн нь Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад заасан төлбөрийн баримт олгох үйлчилгээ, борлуулалт мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

7.9.Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтаар торгох шийтгэл нь ... хуулийн этгээдийг арван таван м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэсэн байхад ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З******* 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтаар 15 000 000 төгрөгийн шийтгэл оногдуулсугай гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2.Торгох шийтгэлийн хэмжээ нь ... хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун м*******н торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна. Гэж заасантай нийцэхгүй байгааг дурдаж, цаашид анхаарахыг дурдах нь зүйтэй.

8.Иймд дээрх үндэслэлүүдээр ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З*******гийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 17 дугаар зүйлийн 17.3.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З*******гийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200/далан м*******н хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.З*******гаас гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА